A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 83 дугаар тогтоолын хавсралт

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Эрчим хүчний зохицуулах газар нь /цаашид "Газар" гэх/ холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, эрчим хүчээр хангах, диспетчерийн зохицуулалт хийх зэрэг үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий байгууллага мөн.
2. Газрын үндсэн зорилго нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хэрэглэгчдийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, үйлдвэрлэгч, хангагчийн хүрээнд шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхэд  оршино.
3. Газар нь үйл ажиллагаандаа Эрчим хүчний тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгох бөгөөд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх  үндсэн чиглэл, үндэсний аюулгүй байдал, төрөөс байгаль орчин болон эрчим  хүчний үйлдвэрлэл, хангамжийн талаар  баримталж буй бодлогод нийцсэн үйл ажиллагаа явуулна.
4. Газар нь Засгийн газарт үйл ажиллагаа, төсвийн гүйцэтгэлээ жил бүр тайлагнана.
5. Газар нь аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдэд  өөрийн эрх, үүрэгт хамаарах асуудлаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.
6. Газар нь билгэдэл, тогтоосон журмаар хийлгэсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
 
Хоёр. Газрын удирдлага, зохион байгуулалт
7. Газрын удирдлага нь гурван зохицуулагчаас бүрдсэн Зохицуулагчдын зөвлөл байх бөгөөд тэдгээрийн нэг нь зөвлөлийн дарга байна. Зөвлөлийн дарга, зохицуулагчдыг Дэд бүтцийн сайдын саналыг үндэслэн Ерөнхий сайд  томилж, чөлөөлнө.
8. Газар нь Тусгай зөвшөөрлийн алба, Үнэ тарифын алба, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба гэсэн албатай байна.
9. Газрын өдөр тутмын үйл ажиллагааг Зохицуулагчдын зөвлөлийн дарга удирдах бөгөөд дараахь эрх,  үүрэгтэй байна:
1/ газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх;
2/ зохицуулагчдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлох, хуралдааныг товлох, удирдах;
3/ газрын ажилтнуудын ажил, үүргийн хуваарийг тогтоох, тэдгээрийг томилох, чөлөөлөх, тэдэнд хариуцлага хүлээлгэх, ажилтнуудын цалин хөлсийг  холбогдох хууль тогтоомжийн  дагуу тогтоох;
4/ батлагдсан цалингийн санд багтаан газрын орон тоог тогтоох, эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;
5/ шаардлагатай бол тодорхой асуудал боловсруулах, дүгнэлт гаргах, магадлан шинжилгээ хийлгэхэд шинжээч, мэргэжилтнийг татан оролцуулах, гэрээгээр ажиллуулах, тэдгээрт цалин хөлс олгох асуудлыг шийдвэрлэх;
6/ зохицуулагчдын зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах арга хэмжээ авах, бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээ, хэлэлцээрийг батлах.
10. Зохицуулагчдын зөвлөлийн даргын эзгүйд түүнийг зохицуулагчаар хамгийн олон жил ажилласан, хэрэв зохицуулагчдын ажилласан жил адил бол насаар ахмад зохицуулагч нь орлоно.
11. Газар нь шаардлагатай гэж үзвэл Зохицуулагчдын зөвлөлд зөвлөх үүрэг бүхий хэрэглэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тэнцүү тооны төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл (цаашид "Зөвлөх зөвлөл" гэх)-ийг байгуулан ажиллуулж болох бөгөөд түүний үйл ажиллагааг зөвлөлийн дарга удирдана.
 
Гурав. Газрын үйл ажиллагаа
А. Зохицуулагчдын зөвлөл
12. Зохицуулагчдын зөвлөл нь дараахь эрх, үүрэгтэй байна:
1/ газрын чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх;
2/  батлагдсан төсвийг захиран зарцуулах;
3/ газрын дотоод үйл ажиллагаанд мөрдөх болон өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар дүрэм, журам, заавар баталж, биелэлтэд нь хяналт тавих;
4/ газрын албаны даргыг томилох, чөлөөлөх, албадын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх;
5/ Зохицуулагчдын зөвлөлийн шийдвэрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд мэдээлэх.
13. Газрын шийдвэрлэх асуудлыг Зохицуулагчдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэнэ.
14. Зохицуулагчдын зөвлөлийн хуралдаан сард нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд шаардлагатай тохиолдолд зөвлөлийн дарга ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.
15. Зохицуулагчдын зөвлөлийн хуралдааныг 3 зохицуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр хийх бөгөөд саналаа илээр гаргаж, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хэрэв аль нэг зохицуулагч хуралдаанд оролцох боломжгүй бол хэлэлцэх асуудлын талаархи саналаа бичгээр гарган битүүмжилж зөвлөлийн нарийн бичгийн даргад урьдчилан ирүүлнэ.
16. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд  хурлын явцад дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлийг  зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтөлнө.
17. Зохицуулагчдын зөвлөлийн тогтоолд зөвлөлийн дарга, зохицуулагчид, хуралдааны тэмдэглэлд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга тус тус гарын үсэг зурж  баталгаажуулсан байна.
18. Зохицуулагчдын зөвлөл шийдвэр гаргахдаа аль нэг талын болон хувийн ашиг сонирхлын үүднээс хандахгүй байх зарчмыг баримтална.
19. Зохицуулагчид нь өөрийн хариуцсан  чиглэлээр санал боловсруулж,  зөвлөлийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
20. Зохицуулагчдын зөвлөлийн дарга, зохицуулагч нь эрчим хүчний салбарт болон энэ чиглэлээр ажилласан, дадлага туршлагатай, дээд боловсролтой, Монгол Улсын иргэн байна.
21. Зохицуулагчдыг дараахь тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
1/ томилогдсон хугацаа дууссан;
2/  өөрөө хүсэлт гаргасан;
3/ эрүүл мэндийн хувьд цаашид ажиллах боломжгүй болсон нь эрүүл мэндийн байгууллагаар тогтоогдсон;
4/ иргэний харьяалал өөрчлөгдсөн;
5/ хууль тогтоомж зөрчсөн нь эрх  бүхий байгууллагаар тогтоогдсон.
22. Хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн зохицуулагчийн оронд шинээр зохицуулагч томилохдоо өмнөх зохицуулагчийн үлдсэн хугацаагаар томилно.
23. Газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээ материал, баримт бичиг /төрийн болон байгууллагын нууцад хамаарахаас бусад/  нийтэд ил тод байна.
Б. Тусгай зөвшөөрлийн алба
24. Тусгай зөвшөөрлийн алба нь дараахь эрх, үүрэгтэй байна:
1/ тусгай зөвшөөрөл эзэмшихэд тавигдах шаардлагуудыг тогтоох;
2/ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах;
3/ тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг хүлээн авч, хянах, өргөдөл, түүнд хавсаргасан баримтуудыг шаардлага хангаагүй гэж үзвэл өргөдөл гаргагчид буцаах, энэ талаар баримтлах журам тогтоох;
4/ эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээг бүртгэх;
5/ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уг зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа болон Зохицуулагчдын зөвлөлийн тогтоол, холбогдох дүрэм, журмын биелэлтэд хяналт тавих;
6/ хангагчийн "Аж ахуйн харилцааны дүрэм"-д тусгах шаардлагуудыг тогтоож, батлах, түүнд өөрчлөлт оруулах;
7/ эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжид  зүй ёсны монополийг хууль бусаар ашиглах явдлаас урьдчилан сэргийлэх, энэ талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;
8/ эрчим хүчний хангамжийн чанарт тавигдах шаардлагуудыг тогтоох, хэрэгжилтийг хянах;
9/ тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны тайлан, техник, эдийн засгийн үзүүлэлтүүд болон диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан ойрын болон урт хугацааны эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний урьдчилсан таамаглалд дүн шинжилгээ хийх;
10/ эрчим хүчээр зохицуулалтгүй хангалтаар үйлчлүүлэх шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох;
11/ тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоног төхөөрөмж, техник, технологийн ашиглалтын стандартыг дотоодын болон олон улсын шалгуурт нийцүүлэн боловсруулах.
25. Тусгай зөвшөөрлийн алба нь дараахь асуудлаар санал боловсруулж,Зохицуулагчдын зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлнэ:
1/ тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
2/ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг тасалдуулахгүй байх үүднээс бусад  тусгай зөвшөөрөл эзэмшигчээр энэхүү үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд түр гүйцэтгүүлэх;
3/ тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрчлөгдөн зохион байгуулагдах, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийг шинэчлэх, өөрчлөх, тэдгээрийг өмчлөх эрхээ шилжүүлэх, барьцаалах нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаанд нөлөөлөхөөр бол тухайн өөрчлөлтийг зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх талаар санал боловсруулах.
В. Үнэ тарифын алба
26. Үнэ тарифын алба нь дараахь эрх, үүрэгтэй байна:
1/ тариф тогтоох аргачлал боловсруулах, тусгай зөвшөөрлийн төрөл тус бүрээр тарифын бүтцийг тодорхойлох, тарифыг Зохицуулагчдын зөвлөлөөр батлуулах, түүнийг хянаж,  энэ талаар баримтлах журам тогтоох;
2/ тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн санхүү, эдийн засгийн байдал, үйл ажиллагааны зардалд дүн шинжилгээ хийх, зардлын бүтцийг тодорхойлох аргачлалыг тогтоох;
3/ тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн санхүүгийн нөөц, чадавхийн өөрчлөлт болон уг өөрчлөлт нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг хянах;
4/ тариф тогтоох аргачлалд ашиглах зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн санхүү, эдийн засгийн болон үйл ажиллагааны зардлын үзүүлэлтийн талаар мэдээллийн системийг бүрдүүлэх, уг  мэдээллийг байнга шинэчлэх;
5/ эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, диспетчерийн зохицуулалт хийх үйл ажиллагаанд техник, технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн зарчмыг мөрдүүлэх;
6/ тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс авах зохицуулалтын үйлчилгээний  хөлсний хэмжээний талаар санал боловсруулах;
7/ тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн  дэмжлэг туслалцаа үзүүлэх;
8/ аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдэд өөрийн эрх, үүрэгт хамаарах асуудлаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
9/ тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээ, эрчим хүчний зохицуулалттай тариф, төлбөр тооцооны болон хангамжийн бусад нөхцөлүүдээр нэг зэрэглэлийн хэрэглэгчдийг үндэслэлгүйгээр ялгаварлахгүй  байх нөхцөлийг бүрдүүлэх болон бусад.
Г. Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
27. Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба нь дараахь эрх, үүрэгтэй байна:
1/ газрын эрх хэмжээнд хамаарах асуудлаар холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын төсөл боловсруулж, газрын дотоод дүрэм, журмын мөрдөлтөд  хяналт тавих;
2/ зөвлөлийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах, төр, засаг, холбогдох дээд байгууллагын тогтоол  шийдвэрийн биелэлтэд хяналт тавих
3/ хэрэглэгчдийн эрх ашгийг хөндсөн асуудал болон хэрэглэгчээс гаргасан  санал, гомдлыг  судалж, зохих журмын дагуу   шийдвэрлэх ;
4/ бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээ, хэлэлцээрийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих, зөвлөлийн шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд сурталчлан тайлбарлах;
5/ олон улсын байгууллага болон гадаад улсын эрчим хүчний зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, туршлага судлах, газрын үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
6/ тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа, техник, эдийн засгийн талаар  дотоод мэдээллийн нэгдсэн сан бий болгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, албадуудаас холбогдох мэдээллийг гаргуулах, төр захиргааны байгууллагуудыг мэдээллээр хангах;
7/ тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд газрын эрх хэмжээний асуудлаар үүссэн маргааныг  шийдвэрлэх арга хэмжээ авах;
8/ газрын хэмжээнд архив, бичиг хэргийг зохих дүрэм, журмын дагуу  хөтлөх;
9/ газрын жилийн төсвийн болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах, төсвийн бүрдэлтэд хяналт тавих;
10/ нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан тэнцэл гарган аудитаар баталгаажуулж нийтлэх;
11/ газрын ажилтнуудыг сургалтад хамруулан мэргэшүүлэх, тэдний   нийгмийн асуудлын  талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх.
-----оОо----