A

A

A

Бүлэг: 1979
 
 
Засгийн газрын 1998 оны 192 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ           
 

Нэг.Ерөнхий зүйл

1.Аялал жуулчлалын бодлого зохицуулах үндэсний зөвлөл (цаашид "Үндэсний зөвлөл" гэнэ)-ийн зохион байгуулалт, ажиллах журмыг энэ дүрмээр зохицуулна.Зөвлөл нь орон тооны бус байна.
2.Үндэсний зөвлөлийн зорилго нь аялал жуулчлалын салбарыг  хөгжүүлэх бодлогыг  хэрэгжүүлэх, аялал жуулчлалын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, үйл ажиллагааг зохицуулахад оршино.
 

Хоёр.Үндэсний зөвлөлийн зохион байгуулалт

З.Үндэсний зөвлөлийн дарга нь Дэд бүтцийн хөгжлийн сайд, орлогч дарга нь Байгаль орчны сайд, нарийн бичгийн дарга нь Дэд бүтцийн хөгжлийн яамны Аялал жуулчлалын газрын дарга байна.Зөвлөлийн даргыг эзгүйд түүний үүргийг орлогч дарга гүйцэтгэнэ.
4.Үндэсний зөвлөлийн алба нь Дэд бүтцийн хөгжлийн яамны Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн нэгж байна.
 

Гурав.Ажиллах журам

5.Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг удирдлага болгоно.
6.Үндэсний зөвлөлийн үндсэн үйл ажиллагаа нь зөвлөлийн гишүүдийн хурал байна.Үндэсний зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд шаардлагатай үед зөвлөлийн дарга хурлыг зарлан хуралдуулж болно.
7.Үндэсний зөвлөлийн хурлыг зөвлөлийн дарга удирдана.
8.Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхи нь хуралд оролцсон тохиолдолд түүнийг хүчинтэйд тооцно.
9.Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэх баримт бичгийг танилцуулга, тооцоо, судалгаа болон шаардлагатай бусад материалын хамт хурал эхлэхээс 7 хоногийн өмнө гишүүдэд тараана.Хэлэлцэх асуудлаар ажлын хэсэг томилон ажиллуулж болно.
10.Үндэсний зөвлөлөөр хэлэлцсэн асуудлаар зөвлөмж, протокол гаргана.
11.Үндэсний зөвлөл нь ажлаа Засгийн газарт тайлагнана.
12.Үндэсний зөвлөлийн хурлын дэгийг Дэд бүтцийн хөгжлийн сайд, Зөвлөлийн дарга батлан мөрдүүлнэ.
 

Дөрөв.Хуралдааны бэлтгэлийг хангах

13.Үндэсний зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцан зохион байгуулна.
14.Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зөвлөлийн дарга тодорхойлж, түүний бэлтгэлийг уг асуудлыг хариуцан оруулж байгаа байгууллага, албан тушаалтан хангана.
15.Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлаар дүгнэлт, санал бэлтгэх үүрэг бүхий шинжээч томилох, ажлын хэсэг зохион байгуулах асуудлыг Дэд бүтцийн хөгжлийн сайдын шийдвэрээр хэрэгжүүлнэ.
16.Мэргэжлийн холбоодын мэргэжилтэн нарыг Зөвлөлийн хуралд оролцуулж, тэдний санал, дүгнэлтийг сонсох асуудлыг нарийн бичгийн дарга зохион байгуулна.
17.Боловсруулсан материалын төслийг Үндэсний Зөвлөлийн нарийн бичгийн дарга хүлээн авч эцэслэн хянаж, хуралдаанд оруулах саналыг зөвлөлийн даргад танилцуулж зөвшөөрөл авна.
 

Тав.Үндэсний зөвлөлийн үүрэг, эрх

18.Үндэсний зөвлөл дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
а/Монгол Улс дахь аялал жуулчлалын салбарын төрийн бодлогын үндсийг боловсруулахад оролцож санал дүгнэлт өгөх;
б/аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх үндэслэлийг боловсруулах;
в/аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагааны чиглэлээр нэгж, байгууллагуудын хоорондын уялдаа холбоог зохицуулах;
г/үндэсний зөвлөл нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг хангах талаар холбогдох  яам, мэргэжлийн холбоодын албан тушаалтанд үүрэг даалгавар өгөх эрхтэй.
----оОо----