- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ГАДААДЫН ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ”-ИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2000 оны 152 дугаар тогтоолын хавсралт
"ГАДААДЫН ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ"-ИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
1."Гадаадын зээл, тусламжийг зохицуулах Зөвлөл" /цаашид "Зөвлөл" гэх/ нь гадаадын хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар үзүүлж буй хөгжлийн албан ёсны тусламжийг үр дүнтэй ашиглах, гадаадын зээл, тусламжийн талаархи үйл ажиллагааг уялдуулан зохицуулна.
2.Зөвлөлийг Монгол Улсын Санхүү, эдийн засгийн сайд тэргүүлэх бөгөөд зөвлөлийн орлогч дарга нь Гадаад хэргийн дэд сайд байна.
3.Зөвлөлийн ажлын албаны үүргийг Санхүү, эдийн засгийн яам гүйцэтгэнэ.
4.Зөвлөлийн бүрэлдэхүүнд дэд сайд нар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Улаанбаатар хотын ерөнхий менежер орно.. /Засгийн газрын 2002 оны 10 дугаар тогтоолоор орсон нэмэлтийг тусгав./
5.Зөвлөл нь дор дурдсан эрхтэй байна:
а/Монгол Улсын Засгийн газрын шугамаар гадаад, дотоод хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжигдэх төсөл, арга хэмжээний тухай болон шаардлагатай гэж үзсэн бусад асуудлуудаар санал, дүгнэлт гаргаж тухайн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;
б/үндэсний, бүсийн болон орон нутгийн хөгжилтэй холбогдсон эдийн засгийн гадаад харилцааны асуудлыг хэлэлцэх;
в/гадаадын зээл, тусламжтай холбогдсон асуудлаар хууль болон бусад шийдвэрийн тухай саналын төслийг авч хэлэлцэх;
г/гадаад орны Засгийн газар болон олон улсын байгууллагатай эдийн засаг, хөгжлийн талаар хамтран ажиллах зарчмын асуудлыг хэлэлцэх;
д/гадаадын зээл, тусламжийн хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилт, хүрсэн үр дүн зэрэг асуудлаар Засгийн газрын болон төрийн бус байгууллагын тайлан, мэдээллийг сонсож, дүгнэлт гаргах.
6.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан байна. Зөвлөлийн хуралдааныг Зөвлөлийн даргын шийдвэрээр тухай бүр зарлан хуралдуулна. Зөвлөлийн даргын түр эзгүйд Зөвлөлийн орлогч дарга хурал зарлан хуралдуулж болно.
7.Зөвлөлийн хуралдаанд гишүүдээс гадна хэлэлцэж буй асуудал хариуцсан бусад албан тушаалтан оролцоно.
8.Зөвлөлийн гишүүд нь ажлын албаар дамжуулан хуралдаанд асуудал оруулах эрхтэй.
9.Хэлэлцэх асуудлын төслийг холбогдох мэдээллийн хамт зөвлөлийн ажлын алба гишүүдэд урьдчилан тараана.
10.Хэлэлцэж буй асуудлаар эцсийн шийдвэрийг тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана.
11.Зөвлөлийн шийдвэр нь зөвлөмж, протоколын хэлбэртэй байна.
12.Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг Санхүү, эдийн засгийн яам зохицуулах бөгөөд Зөвлөлийн ажил хариуцсан нарийн бичгийн дарга нь Санхүү, эдийн засгийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны удирдлага, зохицуулалтын газрын дарга байна.
13.Ажлын алба нь зөвлөлийн хуралдааны шийдвэрийн биелэлтийн явцад хяналт тавина.
14.Зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдон гарах санхүүгийн зардлыг Санхүү, эдийн засгийн яамны жил бүрийн төсөвт тусгана.
----оОо----
Текст томруулах
A
A
A