- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИРГЭНИЙ ХАМГАЛАЛТЫН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
/2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./
Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 27 дугаар тогтоолын 1-р хавсралт
ИРГЭНИЙ ХАМГАЛАЛТЫН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
ИРГЭНИЙ ХАМГАЛАЛТЫН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.Иргэний хамгаалалтын улсын хяналтын зорилго нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс иргэний хамгаалалтын тухай хууль тогтоомж, тэдгээрийг үндэслэн төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулахад оршино.
2. Хяналтыг улсын иргэний хамгаалалтын газарт мэргэжлийн ажилтнууд нь хавсран ажиллах үндсэн дээр байгуулагдсан хяналтын алба, иргэний хамгаалалтын улсын албад болж зохион байгуулагдсан яам, тусгай газарт болон аймаг, нийслэлд дээрх зарчмаар ажиллах улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
3.Иргэний хамгаалалтын улсын хяналтын албаны дарга нь улсын ерөнхий байцаагч байна. Иргэний хамгаалалтын улсын ерөнхий байцаагчийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлөх ба ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.
4.Хяналтын албаны ахлах байцаагч, улсын байцаагчийг ерөнхий байцаагчийн санал болгосноор батлан хамгаалах асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлөн байцаагчийн эрх олгоно.
5.Аймаг, нийслэлд ажиллах улсын байцаагчийг аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын албанд ажиллах байцаагчийг албаны дарга нар томилж, чөлөөлөх бөгөөд улсын байцаагчийн эрхийг иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга олгоно.
6.Ажил төрлийн онцлогоос шалтгаалан иргэний хамгаалалтын албад болж зохион байгуулагдаагүй зарим яам, тусгай газар иргэний хамгаалалтын улсын байцаагч ажиллуулж болно.
Дээрх яам, тусгай газарт ажиллах иргэний хамгаалалтын улсын байцаагчийг сайд, тусгай газрын дарга нар нь томилж, чөлөөлөх бөгөөд байцаагчийн эрхийг нь иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дарга олгоно.
7.Иргэний хамгаалалтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч /энэ дүрэмд "байцаагч" гэх/ нь тухайн асуудлаар мэргэшсэн байна.
8.Хяналтын алба, улсын байцаагчид нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
9.Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
10.Аймаг, нийслэл, бусад байгууллагад ажиллаж байгаа улсын байцаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлыг нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар авах арга хэмжээний санал боловсруулж, шийдвэрлүүлэхийг Иргэний хамгаалалтын улсын хяналтын алба хариуцан хэрэгжүүлнэ.
ХОЁР.Иргэний хамгаалалтын улсын хяналт явуулах чиглэл
11. Иргэний хамгаалалтын улсын хяналтыг доорхи чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/иргэний хамгаалалтын тухай хууль тогтоомжид нийцүүлэн, иргэний хамгаалалтын асуудлаар гаргасан дээд шатны иргэний хамгаалалтын даргын шийдвэрийн хэрэгжилт;
б/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын шинж байдал, учирч болзошгүй хохиролын хэмжээг тодорхойлох, тэдгээрийн аюулаас хамгаалах, аврах ажил явуулах арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжилт;
в/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын хөнөөлийн үед иргэний хамгаалалтын зарлан мэдээллийн дохиог холбоо мэдээллийн байгууллага өмчийн хэлбэрээс үл хамааран үнэ төлбөргүй, саадгүй дамжуулах бэлтгэл;
г/нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйл ажиллагааны онцлогт тохирсон иргэний хамгаалалтын штаб, алба, мэргэжлийн ангийн зохион байгуулалт, сургалт, тэдгээрийн бэлэн байдал;
д/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга ажиллагаанд удирдах албан тушаалтан, ажилтан иргэдийн сургалтын зохион байгуулалт, хэрэгжилт;
е/хот, тосгон байгуулах, барилга байгууламж барих, өргөтгөх, шинэчлэх зураг төсөлд тавигдах иргэний хамгаалалтын шаардлагын мөрдөлт;
ж/өмчийн бүх төрөлд хамраагдах аж ахуйн нэгж, байгууллагын мэдэлд байгаа иргэний хамгаалалтын багаж, хамгаалах хэрэгслийн ашиглалт, хадгалалтын журмын биелэлт;
з/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослоос үүссэн хөнөөлийн голомтод аврах ажил гүйцэтгэхэд иргэний хамгаалалтын мэргэжлийн ангиас гадна албан тушаалтан, иргэн, шаардлагатай материал, техник, багаж, хэрэгслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу татан оролцуулах ажлын бэлтгэл, хэрэгжүүлэлт;
и/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, учирсан хор уршгийг арилгахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр гаргах, материал, техник, багаж, бусад хэрэгслийн нөөц бүрдүүлэх, нөхөн сэлбэх талаар авсан арга хэмжээний биелэлт;
к/гамшиг, осол тохиолдсон нөхцөлд хөнөөлийн голомтод аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг явуулах шийдвэр гаргах болон шаардлагатай байгууллага, аж ахуйн нэгжийг онцгой дэглэмд шилжүүлэх бэлтгэл;
л/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, аврах, учирсан хор уршгийг арилгах зохион байгуулалттай сургалтад иргэдийн оролцсон байдал;
м/хөнөөлийн голомтод нэрвэгдсэн хүмүүст туслах, өртөгдсөн эд хөрөнгйиг аврах, хамгаалах ажилд оролцох талаар тргэний үүргийн биелэлт;
н/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюул учирсан нөхцөлд нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон журмын биелэлт;
о/иргэний хамгаалалтын эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг иргэн хэрхэн биелүүлж байгаа байдал.
ГУРАВ.Иргэний хамгаалалтын улсын байцаагчийн үүрэг, эрх
12.Улсын байцаагч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/энэ дүрмийн 11 дүгээр зүйлд заасан чиглэлээр хяналтыг зохион байгуулж явуулах;
б/илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авахдаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
в/аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, технологийн нууцыг чанд хадгалах;
г/хууль тогтоомжийг чанд сахих хөндлөнгийн нөлөөнд үл автах, албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх;
д/хийсэн шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах.
13.Байцаагч нь дор дурдсан эрх эдлэнэ:
а/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, учирсан хор уршгийг арилгахтай холбогдсон асуудлаар хяналт явуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагад шаардлагатай үедээ саадгүй нэвтрэх;
б/хяналт, шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах, шинжилгээ хийлгэх;
в/гамшиг, ослын нөхцөл, шалтгаан, тэдгээрт холбогдох гэм буруутай этгээдийг тогтоох зорилгоор иргэдээс тайлбар гаргуулж авах;
г/гамшиг, осол тохиолдож болзошгүй нь тодорхой болсон ба тохиолдсон үед иргэн, байгууллага, аж хауйн нэгжийн холлбооны болон тээврийн хэрэгслийг дараалал харгалзахгүй ашиглаж хөлсийг зохих журмын дагуу төлөх;
д/хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд ба шууд бус хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн гамшиг, осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчилэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлэн цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх. Энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүр мөсөн зогсоох тухай шийдвэр гаргах;
е/холбогдох байгууллагатай нь тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг иргэний хамгаалалтын хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
ж/ноцтой гамшиг, осол гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хохирол учирсан, илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх.
14.Байцаагч нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлага биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Төрийн хяналт шалгалтын тухай, Иргэний хамгаалалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомжийн заалтыг үндэслэн дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
а/энэ дүрмийн 11 дүгээр зүйлийн "а,г, д, е" заалтуудыг зөрчсөн иргэний хамгаалалтын албан тушаалтныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 10000-50000 төгрөгөөр торгох;
б/энэ дүрмийн 11 дүгээр зүйлийн "в" заалтыг зөрчсөн холбоо мэдээллийн байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-75000, албан тушаалтныг 10000-25000, иргэнийг 5000-20000 төгрөгөөр торгох;
в/11 дүгээр зүйлийн "л, м, н, о" заалтыг зөрчсөн иргэнийг 20000 хүртэл төгрөгөөр торгох;
г/улсын ерөнхий болон ахлах байцаагч нар хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-10000, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн албан тушаалтныг 15000 хүртэл төгрөгөөр торгох;
д/хяналтын алба, улсын байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг 5000-25000, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 35000 хүртэл, хяналт шалгалтын холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч бичиг баримт гаргаж өгсөн албан тушаалтныг 30000-50000 төгрөгөөр торгуулах асуудлыг шүүгчид тавьж шийдвэрлүүлэх.
ДӨРӨВ.Бусад зүйл
15.Иргэний хамгаалалтын улсын хяналтын алба, байцаагчийн шийдвэрийг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд, хугацаанд нь биелүүлж хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
16.Зөрчил гаргасан этгээд түүнд ногдуулсан тогууль, нөхөн төлбөрийг тогтоосон хугацаанд нь улсын төсвийн орлогод оруулна.
Торгууль, нөхөн төлбөрийг буруутай тал 15 хоногийн дотор төлөөгүй бол холбогдох хууль, тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
17. Шалгагдсан байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногт багтаан гаргана.
Гомдлыг хүлээн авсан байгууллагын эрх баригч түүнийг хүлээн авсан өдрөөс хаойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Хэрэв энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
18.Иргэний хамгаалалтын улсын байцаагч энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон хууль тогтоомж зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээнэ.
---------оОо---------
Текст томруулах
A
A
A