A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 69 дүгээр тогтоолын хавсралт
ДИЗАЙНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Нэг.Үндэслэл
Хот суурин газар, ахуй орчноо тохижуулах, иргэдийн ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах, хэрэглээний соёлыг нэмэгдүүлэх, гоо зүй, уран сайхны таашаалыг дээшлүүлэх асуудал өсөн нэмэгдэж байна. Эдгээрийг шийдвэрлэхэд дизайныг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх,түүгээр уламжлан хүмүүсийн хандлага, төлөвшилд үзүүлэх нөлөөг дээшлүүлэх явдал чухал үүрэгтэй юм.
Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, бараа болон үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах нь эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдгийг харгалзаж хот байгуулалт, амьдрах орчин, үйлдвэрлэл, сургалтыг хамарсан нэгдсэн бодлого, зохицуулалт бүхий дизайныг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулан хэрэгжүүлэх нь хойшлуулшгүй чухал зорилт болж байна.
Дизайныг хөгжүүлэх үндсэн чиглэл нь улс орны хөгжлийг харуулах барилга байгууламж, ахуй орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, уран бүтээлийг орчин үеийн өндөр шаардлагад нийцүүлэн бүтээн туурвихад шинжлэх ухаан, техникийн ололт, үндэсний уламжлалт болон олон улс орны урлахуй ухааны шилдэг арга хэрэгслийг ашиглах, тэдгээрийг дэлгэрүүлэн түгээх, хойч ирээдүйдээ өвлүүлэхэд чиглэгдэнэ.
Хоёр.Зорилго
Иргэдийн амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэх, хүн бүрийн дизайн, гоо зүйн боловсролыг дээшлүүлэхэд "Дизайныг хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн гол зорилго оршино.
Амьдралын бүхий л хүрээнд дизайныг нэвтрүүлэх нь:
1.Хот, суурин газрын өнгө төрхийг өвөрмөц байдлаар өөрчлөх;
2.Хүн бүр амьдрах, ажиллах орчноо тохилог, уран сайхнаар бүрдүүлэх;
3.Үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлснээр нийт бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
4.Иргэдийн соёл урлагийн талаархи мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, дэлхий дахины болон үндэсний дизайны ололт, арга ухаанд суралцах, орчин үеийн шилдэг арга хэрэгслийг ашиглан бүтээн туурвихад туслах зорилготой юм.
Гурав.Дизайныг хөгжүүлэх үндсэн чиглэл
Монгол улсад дизайныг хөгжүүлэхэд дараахь үндсэн чиглэлийг баримтална:
1.Хот байгуулалтын хүрээнд архитектурын дизайны түвшинг дээшлүүлэх, гоо зүй, уран сайхны таашаалд нийцэхүйц үндэсний агуулгаар баяжуулах, байгалийн тэнцлийг хадгалсан, түүний үр өгөөжийг ашигласан, хүрээлэн буй орчныг иж бүрэн тохижуулсан, бат бөх барилга байгууламжуудыг бүтээн босгох;
2.Тохилог сайхан орчинд ажиллаж, амьдрахын тулд дизайны бүх төрлийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд аж ахуйн нэгж, иргэн бүр идэвхтэй санаачлагч байж, ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй орчинг бүрдүүлэх, ахуйн соёлоо дээшлүүлэх:
3.Үйлдвэрлэлийг хүрээлэн буй орчинтой нь зохицуулах, үйлдвэрлэлд үндэсний уламжлалт болон орчин үеийн тэргүүний технологийг ашиглах, хүний хөдөлмөрлөх нөхцөлийг бүхий л талаар сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанар, үзэмжийг дээшлүүлэх, нэр төрөл, хэв загварыг олшруулах, үйлдвэрлэл, үйлчилгээнд харилцааны соёлыг нэвтрүүлэх;
4.Иргэн бүрийн дизайны болон урлагийн боловсролыг нэмэгдүүлэх, төрөл бүрийн чиглэлээр дизайнерыг бэлтгэх, уран бүтээлчдийн авьяас чадварыг дээшлүүлэх, шилдэг уран бүтээлийг туурвих нөхцөлийг бүрдүүлэх.
Дөрөв.Дизайныг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Дизайныг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хот байгуулалт, амьдрах, ажиллах орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалтын чиглэлээр дизайны уралдаан, үзэсгэлэн зохион байгуулах, бүтээл шалгаруулах талаар журам боловсруулахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд дараахь үйл ажиллагааны хөтөлбөр, төсөл боловсруулан үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Үүнд:
1.Хот байгуулалтын хүрээнд /Төрийн захиргааны төв байгууллагууд, хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн байгууллагуудад/;
-бүс нутаг, нийслэл хот, аймаг, сум, дагуул хотуудын архитектур, хот байгуулалтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хөшөө дурсгал, хот чимэглэлийн бүтээлийн хамт цогц боловсруулах;
-шинээр барьж байгуулах иргэний, үйлдвэрийн, нийтийн барилга  байгууламжуудын байршилт, ач холбогдлыг харгалзан нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн үндэсний уран барилгын өвөрмөц хэв загвартай төлөвлөх, тэдгээрийн төсөвт  өртгийн 3-аас доошгүй хувийг чимэглэлийн дизайны бүтээлд зориулах;
-түүхийн дурсгалт болон одоо ашиглаж буй барилга байгууламжуудыг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, ашиглах болон шинэчлэхдээ тэдгээрийн дизайн, чанарт онцгой анхаарах;
-монгол үндэсний орон сууцны "гэр" хорооллын ахуй нөхцөлийг сайжруулах бодлогыг тодорхойлсон иж бүрэн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;
-хотын доторхи сул талбайг үр ашигтай хэлбэрээр тохижуулах /ногоон байгууламж, усан оргилуур г.м/;
-оршуулгын газрын орчин цагийн газар ашиглалтын бодлого, үндэсний өвөрмөц онцлогтой хослуулан шийдэх;
-уран барилгын жижиг хийц болох машины зогсоол, автобусны буудал, шатахуун түгээгүүр, худалдаа, үйлчилгээний цэгүүдийг орчинтой нь уялдуулан өвөрмөц хэв загвар, онцлог таних тэмдэг, өнгө, хэлбэрийн төгс зохицолтой төлөвлөх;
-гудамж, талбайн гэрэлтүүлэг, замын хөдөлгөөний гэрлэн дохио, тэмдэг, хот, аймаг, сум, дүүрэг, гудамж, талбай, байшингийн нэр, дугаарыг олон улсын жишигт нийцүүлж чанар, үзэмжтэй, бүх нийтэд ойлгомжтой дизайнаар шийдвэрлэж байрлуулах;
-автомашины зогсоол, галт тэрэг, нисэх онгоц, тээврийн буудлуудыг дэлхийн жишигт нийцүүлэн үндэсний онцлог хэв загвартай тохижуулах;
-хот, дүүргүүд дэх үйлчилгээний цогцолбор газруудыг нцутаг дэвсгэрийн хүрээлэн буй орчны онцлогт зохицуулан уран сайхнаар иж бүрэн шийдэх;
-иргэд чөлөөт цаг, амралтаа соёлтой, сонирхолтой өнгөрөөхөд зориулагдсан биеийн тамир, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнг сонгомол загвар, зориулалтын бөгөөд шилмэл дизайнтай тоног төхөөрөмж бүхий цогц хэлбэрээр байгуулах;
-нийслэл хотын ойролцоох болон орон нутаг дахь улирлын чанартай аялал жуулчлал, амралт зугаалгын гадруудыг тухайн байрлалын онцлог, байгалийн тэнцвэрийг хадгалсан, орон зайн оновчтой зохион байгуулалттай иж бүрэн тохижуулах.
2.Амьдрах орчны хүрээнд /Төрийн захиргааны төв байгууллагууд, нийслэл, аймаг, сум, дүүргийн засаг даргын тамгын газарт/:
-айл өрх, хүн бүр өөрийн таашаал сонирхолд нийцсэн тохилог сайхан орчинд амьдрахад туслах бүх төрлийн дизайны сурталчилгаа, сургалтыг боловсронгуй болгох;
-аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх бүр эзэмшлийн газраа тохижуулахдаа ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх;
-орон сууц, гэр  хорооллын доторхи зам, талбай, автомашины зогсоолыг хүмүүсийн амгалан тайван аюулгүй байдалд зохицуулан үзэгдэх орчинг тооцоолон төлөвлөх;
-сургууль, цэцэрлэг, орон сууцны дэргэдэх хүүхдийн тоглоомын талбайг танин мэдэхүй, гоо сайхан, бие бялдрын хөгжил олгохуйц тоглоом хэрэгслээр тохижуулахдаа аюулгүй байдал, өнгө үзэмжид онцгой анхаарах;
-гэр хорооллын цахилгаан, холбоо, ус, хог хаягдлыг ахуйн шаардлагын дагуу иж бүрэн шийдвэрлэх;
-гэрийн нөхцөлд болон нүүдлийн байдалд зохицохуйц ахуйн хэрэглээний эд зүйлсийн дизайныг сайжруулах талаар гарсан санаачилгыг тал бүрээр дэмжих, нийтэд түгээн дэлгэрүүлэх;
-санаачилга, идэвх зүтгэл гарган хүрээлэн буй орчноо үлгэр жишээ үзэмжтэй сайхан тохижуулсан албан байгууллага, айл өрх, иргэдийг урамшуулж, туршлагыг бусдад нэвтрүүлэх /машины зогсоол, ногоон байгууламж, хүлэмж, цэцгийн мандал, хашаа, саравч, худаг гэрэлтүүлэг г.м/;
-иргэдийн ахуйн болон хэрэглээний соёлыг дээшлүүлэхэд зориулсан дизайны төрөл бүрийн зөвлөмж, сургалтыг хэвлэл мэдээллээр түгээх;
-бүх төрлийн үйлчилгээний хүрээнд тэргүүний соёл, гоо сайхны мэдрэмж, уран сайхны таашаалыг бий болгох, хэвшүүлэх;
-хот суурин газар, гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, барилга байшин, зам гүүрийн байгууламжийн тохижилтод монголын дүрслэх урлагийн бүтээлээс өргөн хүрээтэй сурталчлах, уран бүтээлчдийн алдар нэрийг мөнхжүүлэх.
3.Үйлдвэрлэлийн хүрээнд /бүх төрлийн үйлдвэр, үйлчилгээг эрхлэгчдэд/;
-үйлдвэрлэлд мэдээллийн дизайн болон тэргүүний ололт, туршлага, хүрээлэх орчиндоо нийцсэн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх;
-хөдөлмөр хамгааллын талаархи шаардлагатай бүх арга хэмжээг авч тохирсон багаж, зориулалтын хувцсаар хангахдаа өнгө, хийц, үзэмжийг анхаарах;
-нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангах түүхий эдийг дотооддоо боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх;
-үйлдвэрийн болон ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, дахин боловсруулалт хийх төхөөрөмжийг боловсронгуй болгох;
-үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага, чанар, үзэмж, хэв загвар, сав, баглаа боодлыг сайжруулах /хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглэх заавар, хугацааг нарийн заасан, хэлбэр, жинд тохирсон янз бүрийн өвөрмөц хэв загвар бүхий битүүмжилсэн, хайрцаг, сав, ууттай үйлдвэрлэх/;
-мал, амьтан, ургамлын гаралтай болон байгалийн агуулгатай экоматкийн үндэсний өвөрмөц цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг  улам боловсронгуй болгохын сацуу дэлхий нийтэд сурталчлах;
-үйлдвэрийн бүтээгдэхүүний хэв загвар, ур хийц, өнгө үзэмж, уран сайхныг улам бүр нэмэгдүүлэхэд мэргэжлийн уран бүтээлчдийг татан оролцуулах;
-гэрийн тавилга, дүрэмт хувцас, сургалтын материал, сурах бичиг, бэлэг дурсгал, гоёл чимэглэл зэрэг олноор үйлдвэрлэх бүтээгдэхүүний эх загварын уралдааныг нийт уран бүтээлчдийн дунд тогтмол зохион байгуулах замаар нэр төрөл, хэв загвар, ур хийцийг баяжуулах, шилдэг загваруудыг үйлдвэрлэлд нэн даруй нэвтрүүлж байх;
-шинэ бүтээгдэхүүн, шинэчилсэн болон шинээр зохиосон, боловсронгуй болгосон загвар хийцийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх санаачилгыг дэмжиж, урамшуулах эдийн засгийн хөшүүрэг механизмыг амьдралд бодитойгоор хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх;
-монголын эртний болон орчин үеийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг таниулах, сурталчлах үүднээс үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, тэдгээрийн зар сурталчилгаанд зохих журмын дагуу ашиглах.
4.Боловсролын үйлчилгээний хүрээнд /бүх шатны сургуулиуд, мэргэжлийн байгууллагууд, уран бүтээлчдэд/:
-бүх шатны сургуулиудад дизайны болон гоо зүйн сургалтыг үе шаттай явуулах хөтөлбөрийг боловсруулахдаа үндэсний уламжлалт болон орчин үеийн технологийн ололтыг өргөн цар хүрээтэй тусгах;
-сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд  дизайны анхны мэдэгдэхүүн олгох, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд сургалтын үйл ажиллагааг чиглүүлэх;
-ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт ахуйн дизайны чиглэлийг тусгаж, сургалтыг боловсронгуй болгох;
-дүрслэх урлаг, дизайны мэргэжлийн анхан, дунд, дээд шатны боловсролын сургуулиудын сургалтын хөтөлбөрийг дизайныг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй нягт уялдуулах, түүний тодорхой заалтуудаас хэрэгжүүлэхэд оюутны хичээл болон курс, дипломын ажлыг чиглүүлэх;
-дизайны сургалтыг бүх нийтэд экологийн боловсрол, хүмүүжил олгох үндэсний хөтөлбөртэй уялдаатай хэрэгжүүлэх;
-мэргэжлийн сургуулиудын дизайны багш нарын болон уран бүтээлчдийн мэргэжлийг дээшлүүлэх, олон улсын зөвлөлгөөн, уралдаан, үзэсгэлэнд оролцоход тал бүрийн дэмжлэг үзүүлэх;
-дизайнерүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, бүтээлч үйл ажиллагааг дэмжих, хамтарсан сургалт, семинар, уулзалт, зөвлөлгөөн, туршлага солилцох үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй зохион байгуулах;
-дизайны байгууллагуудын үйл ажиллагааг  боловсронгуй болгох үүднээс мэдээллийн дизайныг шуурхай нэвтрүүлэх, тэднийг хилийн чанадын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллахад тал бүрийн дэмжлэг үзүүлэх;
-эртний болон орчин цагийн монгол үндэсний дахин давтагдашгүй дизайны сэтгэлгээ, арга ухаан, ололт амжилтын үзүүлэлттэй зохиогчийн эрхэд хамаарах бүтээлүүдийг улсын санд бүртгэн авч хамгаалах, сурталчлах, өөрийн оронд болон олон улсын хэмжээнд зохиогчийн эрх олгох.
 
 
 
---------оОо--------