A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 22 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ХҮЙСИЙН ТЭГШ БАЙДЛЫН АСУУДЛААРХИ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1. Хүйсийн тэгш байдлын асуудлаархи Үндэсний зөвлөл  /цаашид зөвлөл гэх/ нь улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тэгш байдлыг хангах, эрх ашгийг нь хамгаалахтай холбогдсон төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс гаргасан үүсгэл санаачилгыг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, мэдээллээр хангахад туслах чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
2. Зөвлөлийн үндсэн зорилго нь хүйсийн тэгш байдлыг хангах талаар төрөөс явуулж байгаа бодлого, хууль тогтоомж, манай улсын нэгдэн орсон олон улсын конвенци болон Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, санал дүгнэлт гаргахад оршино.
3. Зөвлөл нь үйл ажиллагаандаа хууль тогтоомж, энэхүү дүрэм болон Монгол Улсын олон улсын гэрээг удирдлага болгоно.
 
Хоёр. Зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт
4. Зөвлөл нь дарга, дэд дарга, зохицуулагчтай байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батлах бөгөөд дарга нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, орлогч дарга нь нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэд сайд бөгөөд тус байгууллагын  хүйсийн тэгш байдлын асуудал хариуцсан ажилтан нь зөвлөлийн зохицуулагч байна.
5. Зөвлөлийн ажлын албаны үүргийг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.
6. Зөвлөл нь ажлаа хагас, бүтэн жилээр төлөвлөх бөгөөд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд жил бүр ажлаа тайлагнана.
7. Зөвлөл нь хагас жил тутам 1-ээс доошгүй удаа хуралдана. Ажлын шаардлагаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
8. Зөвлөл нь тогтоосон журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 
Гурав. Зөвлөлийн эрх, үүрэг
9. Зөвлөл нь дор дурдсан эрхтэй байна:
а/хүйсийн тэгш байдлыг хангах талаар төрөөс явуулж буй бодлого, хууль тогтоомж, энэ чиглэлээр тус улсын нэгдэн орсон олон улсын конвенцийн хэрэгжилтийн талаар зөвлөмж гаргах, Засгийн газар, холбогдох бусад байгууллагад санал оруулах;
б/шинээр боловсруулагдаж буй хууль тогтоомж, хөтөлбөрийн төсөлтэй танилцаж хүйсийн тэгш байдлын асуудлаар санал өгөх, холбогдох байгууллагын зөвшөөрлөөр ажлын хэсэгт зөвлөлийн гишүүдээс томилж оролцуулах;
в/хүйсээр ялгаварлан гадуурхсан, эсвэл хүйсийн тэгш байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргасан тохиолдолд уг асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох байгууллага болон олон нийтэд хандаж тайлбар гаргах, Хүний эрхийн комисс, шүүхэд  хандах;
г/холбогдох мэдээ, материалыг зохих байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах;
д/улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд хүйсийн тэгш байдлыг хангах талаар үйл ажиллагаа явуулж, үр дүнд хүрсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх талаар эрх бүхий байгууллагад санал оруулах.
10. Зөвлөл нь дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
а/хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн асуудлаархи хууль тогтоомж, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавихад төрийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэх;
б/ хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн асуудлаархи үндэсний хэмжээний хөтөлбөр, шийдвэрийн хэрэгжилтийн явц, шийдвэрлэвэл зохих асуудлуудын талаар Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газарт мэдээлэл өгөх;
в/олон нийттэй холбоо тогтоох, тэдний санал бодлыг судлах ажлыг холбогдох байгууллагын оролцоотойгоор зохион байгуулах, санал, зөвлөмж боловсруулж, танилцуулах;
г/төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдээс гаргасан үүсгэл санаачилгыг дэмжиж, үйл ажиллагааг нь уялдуулах, арга туршлагаа солилцож хамтран ажиллахад нь туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
д/хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн асуудлаар олон улсын болон гадаад орнуудын холбогдох байгууллагатай харилцаа тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол улсаас НҮБ болон олон улсын бусад байгууллагуудад оруулах илтгэл, тайлан, мэдээллийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.
 
Дөрөв. Зөвлөлийн санхүүжилт
11. Зөвлөл нь дараахь эх үүсвэрээс санхүүжнэ:
а/хөтөлбөр, төслийн санхүүжилт, хандив тусламж;
б/бусад.
 
Тав. Салбар зөвлөл
12. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэд салбар зөвлөл ажиллуулж болно.
13. Салбар зөвлөл нь Үндэсний зөвлөлийн зорилт, эрх үүргийг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлж, Үндэсний зөвлөлөөс гаргасан зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.
14. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг тухайн шатны Засаг дарга батална.
15. Салбар зөвлөл нь ажлаа тухайн шатны Засаг даргад тайлагнана.
16. Салбар зөвлөл нь хагас жил тутам ажлын тайлангаа Үндэсний зөвлөлд ирүүлж байна.
 
---оОо---