- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2001 оны 138 дугаар тогтоолын хавсралт
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
1. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл (цаашид "Үндэсний зөвлөл" гэх)-ийн зорилго нь хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, ажилгүйдлийг бууруулах, ажилгүйдлийн даатгал болон түүнтэй холбогдох эдийн засаг, нийгмийн бодлогын асуудлаар үндэсний хэмжээнд зөвлөлдөх, энэ талаар төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд нөлөөлөх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого, зарлагын төсөв, түүний гүйцэтгэл, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах, шаардлагатай асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэхэд оршино.
2. Үндэсний зөвлөл нь Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий орон тооны бус үндэсний зөвлөлдөх байгууллага мөн.
3. Үндэсний зөвлөл нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, бусад хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгоно.
4. Үндэсний зөвлөл нь тогтоосон журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
5. Үндэсний зөвлөл нь Засгийн газар, ажил олгогч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
6. Үндэсний зөвлөлийн гишүүдийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, орлогч даргыг мөн хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тус тус батална.
7. Үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэх бөгөөд Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төсөвт тусган баталж байна.
8. Үндэсний зөвлөлийн хуралдаанд талууд төлөөлөгчөө бүрэн оролцуулах үүрэг хүлээнэ. Хуралдааныг нийт гишүүдийн болон тал тус бүрийг төлөөлөх гишүүдийн олонхи оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцно.
9. Үндэсний зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Хуралдааныг Зөвлөлийн дарга, түүний түр эзгүйд орлогч дарга зарлан хуралдуулна. Шаардлагатай үед аль нэг талын санаачилгаар ээлжит бус хуралдааныг хийж болно.
10. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд зөвлөх мэргэжилтэн, шинжээч, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг хуралдаанд оролцуулж болно.
11. Үндэсний зөвлөлийн хуралдаанаас санал, дүгнэлт, зөвлөмж гарах бөгөөд тэдгээрт тал тус бүрээс эрх олгосон нэг төлөөлөгч зөвшөөрөн гарын үсэг зурна.
12. Үндэсний зөвлөл нь дор дурдсан эрхтэй байна:
а/хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар төрөөс явуулж буй бодлого, хууль тогтоомж, энэ чиглэлээр тус улсын нэгдэн орсон олон улсын конвенцийн хэрэгжилтийн байдалд санал, дүгнэлт гаргах, холбогдох байгууллагад санал оруулах;
б/шинээр боловсруулж буй хууль тогтоомж, хөтөлбөрийн төсөлтэй танилцаж, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар санал өгөх, холбогдох байгууллагатай зөвшилцөн ажлын хэсэгт үндэсний зөвлөлийн гишүүдээс томилж оруулах;
в/хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, боловсон хүчний хангалт, санхүүгийн асуудлаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тайлан, мэдээллийг сонсон хэлэлцэж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
г/хөдөлмөр эрхлэлтийн талаархи хууль тогтоомжийн хэрэгжилт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих;
д/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хагас жилийн болон жилийн төсвийн тайланг хэлэлцэж дүгнэлт гаргах;
е/холбогдох мэдээ, материалыг зохих байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах;
ж/хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар зөвлөмж гаргах.
13. Үндэсний зөвлөл дор дурдсан үүрэгтэй байна:
а/хөдөлмөр эрхлэлтийн талаархи хууль тогтоомж, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавихад төрийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэх;
б/хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
в/хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, иргэд, төрийн бус байгууллагын оролцоог идэвхжүүлэх;
г/хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ болон ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөр, төсөл, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажилгүйдлийн даатгалтай холбогдох асуудлыг бусад үндэсний зөвлөлтэй уялдуулан зохицуулах, санал тавьж шийдвэрлүүлэх;
д/хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс гаргасан үүсгэл санаачилгыг дэмжин, үйл ажиллагааг нь уялдуулах, арга туршлагаа солилцож, хамтран ажиллахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
е/хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар олон улсын болон гадаад орнуудын холбогдох байгууллагатай харилцаа тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх.
(Энэ хавсалтыг 2011-12-06-ны 350-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
----оОо----
Текст томруулах
A
A
A