- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2003 оны 10 дугаар тогтоолын хавсралт
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл нь мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж хамтын ажиллагааг дэмжих чиг үүргийг үндэсний хэмжээнд зохион байгуулахад туслалцаа үзүүлэх орон тооны бус байгууллага мөн.
1.2. Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаандаа Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Боловсролын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, мэргэжлийн боловсрол, сургалттай холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
1.3. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Мэргэжлийн боловсрол, сургалтын мэргэжил-арга зүйн төвийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
1.4. Үндэсний зөвлөл нь ажлаа Засгийн газрын өмнө хариуцаж жил бүр тайлагнана.
Хоёр. Үндэсний зөвлөлийн удирдлага, зохион байгуулалт
2.1. Үндэсний зөвлөл нь Засгийн газар, түүний байгууллага, ажил олгогч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй байна.
2.2. Үндэсний зөвлөлийн дарга нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, дэд дарга нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, нарийн бичгийн дарга нь Мэргэжлийн боловсрол, сургалтын мэргэжил-арга зүйн төвийн захирал байна. Зөвлөлийн даргын эзгүйд түүний үүргийг дэд дарга гүйцэтгэнэ.
2.3. Үндэсний зөвлөл нь ажлын албатай байна. Ажлын албаны чиг үүргийг Мэргэжлийн боловсрол, сургалтын мэргэжил-арга зүйн төв гүйцэтгэнэ.
2.4. Үндэсний зөвлөл нь аймаг, нийслэлд салбар зөвлөлтэй, дарга нь аймаг, нийслэлийн Засаг дарга байна. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Үндэсний зөвлөлтэй зөвшилцөн Засаг дарга батална.
2.5. Үндэсний зөвлөл нь тогтоосон журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Гурав. Үндэсний зөвлөлийн ажиллах журам
3.1. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Үндэсний зөвлөл хэлэлцсэн асуудлаараа зөвлөмж гаргана.
3.2. Үндэсний зөвлөл нь улиралд 1-ээс доошгүй удаа хуралдах бөгөөд зөвлөлийн дарга ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
3.3. Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг зөвлөлийн дарга тогтоож, түүний бэлтгэл ажлыг уг асуудлыг оруулж байгаа байгууллага, албан тушаалтан болон зөвлөлийн ажлын алба хариуцан гүйцэтгэнэ.
3.4. Үндэсний зөвлөлийн хурлыг гишүүдийн олонхи оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцож, хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
3.5. Зөвлөлийн бүрэлдэхүүн дэх аль нэг төлөөлөл цөөнх болсон тохиолдолд үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгах эрх эдэлнэ.
3.6. Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлаар дүгнэлт, санал бэлтгэх үүрэг бүхий шинжээч томилох, ажлын хэсэг зохион байгуулах асуудлыг Үндэсний зөвлөлийн даргын шийдвэрээр хэрэгжүүлнэ.
3.7. Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэх төслийг Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга хүлээн авч эцэслэн хянаж, хуралд оруулах саналыг зөвлөлийн даргад танилцуулж зөвшөөрөл авна.
3.8. Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэх баримт бичгийг танилцуулга, тооцоо, судалгаа болон шаардлагатай бусад материалын хамт хурал эхлэхээс 3 хоногийн өмнө гишүүдэд тараана.
3.9. Үндэсний зөвлөлийн дарга зөвлөлийн хурлын дэгийг баталж, удирдан явуулна.
3.10. Шаардлагатай гэж үзвэл хуралд холбогдох хүмүүсийг оролцуулан, тэдний санал, дүгнэлтийг сонсож болно.
Дөрөв. Үндэсний зөвлөлийн бүрэн эрх
4.1. Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх үндэслэлийг боловсруулахад туслалцаа үзүүлэх.
4.2. Төрийн болон төрийн бус мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, аж ахуйн нэгж, ажил олгогч эздийн мэргэжлийн боловсрол, сургалтын хүрээн дэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах.
4.3. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлаар олон улсын мэргэжлийн байгууллагаас гаргасан конвенци, зөвлөмжид Монгол Улс нэгдэн орох асуудлыг судалж, санал гаргах.
4.4. Мэргэжлийн боловсрол, сургалтын холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл, илтгэл гаргах.
4.5. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай асуудлаар санал, дүгнэлт гаргах.
4.6. Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар холбогдох газруудаас мэдээлэл, санал, дүгнэлт гаргуулж авах.
4.7. Үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих.
---оОо---
Текст томруулах
A
A
A