- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “МОРИН ХУУР, УРТЫН ДУУ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2005 оны 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
"МОРИН ХУУР, УРТЫН ДУУ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
"МОРИН ХУУР, УРТЫН ДУУ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Хөтөлбөрийн эрх зүйн үндэслэл
Монгол Улсын Yндсэн хууль, Төрөөс баримтлах соёлын бодлого, Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Ардын уламжлалт урлагийг дэмжих Үндэсний хөтөлбөр зэрэг төрийн бодлогын баримт бичигт ардын урлагийг төрийн ивээлд байлган судалж, сурталчлах, хадгалж, хамгаалах, өвлүүлэн хөгжүүлэх талаар заасан.
ЮНЕСКО-гоос 2003 онд Монголын морин хуур хөгжмийг дэлхийн утга соёл, аман өвийн шилдэг дээжист бүртгэн тунхаглаж, батламж олгосон нь манай соёлын түүхэнд чухал үйл явдал боллоо.
"Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 17 дугаар зарлиг, "Уртын дуугаа өвлөн дээдлэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 134 дүгээр зарлигт морин хуур, уртын дууг сурч эзэмших, судлан шинжлэх, сурталчлан даяаршуулах цогц асуудлыг тусгасан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон юм.
Хоёр. Хөтөлбөрийн үндэслэл
Төрөөс баримтлах соёлын бодлогын утга соёлын өвийг хамгаалан хөгжүүлэх, ардын уламжлалт урлагийг төрийн ивээлд байлгах тухай зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 68 дугаар тогтоолоор "Ардын уламжлалт урлагийг дэмжих Үндэсний хөтөлбөр"-ийг батлан гаргаж, хэрэгжүүлж дуусах шатандаа орж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд ардын урлагийн их наадам, уртын дуучдын, морин хуурчдын, хөөмийчдийн, ерөөлч, магтаалчдын, боржигин дуу дуулаачдын, уран нугараачдын уралдаан, буриад үндэстний "Алтаргана" наадам, урчуудын үзэсгэлэн, онол-практикийн бага хурал, симпозиум, сургалт зэрэг соёл, урлагийн 30 гаруй томоохон арга хэмжээг бүс нутаг, улс, олон улсын хэмжээнд төрөлжүүлэн зохион байгуулсан нь ач хобогдолтой болж энэ талаар багагүй туршлага бий болсон юм. ЮНЕСКО-гийн хандив, тусламжаар "Монголын аман өвийг дуу, дүрс бичлэгээр баримтжуулах нь" төслийг амжилттай хэрэгжүүллээ.
2006 онд хэрэгжиж дуусах "Ардын уламжлалт урлагийг дэмжих Үндэсний хөтөлбөр"-ийн агуулга, зорилгын залгамж чанарыг хадгалан, Монгол ардын урлагийн эртний уламжлалт гол төрөл, зүйл морин хуур, уртын дууг хадгалж хамгаалах, өвлүүлэн хөгжүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулав.
Монголчууд үндэстнийхээ түүх, соёлын хосгүй нандин өв, дурсгалуудын дотроос дуу, хуурыг онцгойлон эрхэмлэсээр ирсэн. Монгол ардын уртын дуу, морин хуур хөгжим нь хүйн холбоотой, амин шүтэлцээтэй учир цаашид хамтад нь цогцолбороор хөгжүүлэх зорилгыг эрхэм болгож байна.
Монгол ардын уртын дуу, морин хуур хэмээх энэхүү гайхамшигт бүтээлийг манай ард түмэн олон зуун жилийн өмнөөс бүтээн туурвиж, өвлүүлэн уламжлуулсаар эдүгээ хүрсэн нь манай соёлын үнэт өв сан, үндэсний бахархал мөн. XX зуунд морин хуур, уртын дууг тайз, дэлгэцийн урлагтай хослуулан хөгжүүлснээр олон зуун авьяастан, мэргэжлийн уран бүтээлч төрөн гарч, үндэсний соёл, урлаг, түүний дотор хөгжим, дууны урлагийг олон улсын түвшинд сурталчлан таниулахад чухал шинэчлэл болсон билээ.
Монгол ардын уртын дуу, морин хуурыг хадгалан хамгаалж, хойч үедээ уламжлуулах, судлан сурталчлах үйлсэд үе үеийн уртын дууч, хуурч, судлаачид үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Энэхүү Морин хуур, уртын дуу Үндэсний хөтөлбөр нь "Биет бус соёлын өвийг хамгаалах тухай" олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орох, Монгол ардын уртын дуу болон ардын уламжлалт урлагийн бусад төрөл, зүйлийг "Дэлхийн утга соёл, аман өвийн шилдэг дээжис"-т тунхаглан бүртгүүлэхэд чухал үзүүлэлт, шалгуур болох ач холбогдолтой юм.
Үүний зэрэгцээ морин хуур, уртын дууг залуу үед өвлүүлэн эзэмшүүлэх, хуурдах, дуулах эрдэмд сургаж, бүх нийтээр үндэсний бахархлын зэрэглэлээр дээдлэн дэлгэрүүлж, монгол үндэстэн, монгол хүний нэрийн хуудас, төр ёс, баяр цэнгэл, хэв заншлын журамт шинж болгох өргөн олны хөдөлгөөн өрнүүлэхэд чухал нөлөө болох учиртай.
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт
3.1. Хөтөлбөрийн зорилго
3.1.1. Монгол Улсын Yндсэн хууль, төрөөс баримтлах соёлын бодлого, хууль тогтоомжид монгол үндэстэн, угсаатан, ястны өв соёл, түүх, ёс заншлыг хадгалан хамгаалах, харилцан баяжуулах, уламжлан өвлүүлэх талаар тусгагдсан асуудлын хүрээнд морин хуур хөгжим, уртын дууг хадгалж хамгаалах, уламжлан хөгжүүлэх, судалж сурталчлах ажлыг зохион байгуулах
3.1.2. Монгол ардын уртын дуу, морин хуурыг залуу үед өвлүүлэн эзэмшүүлэх, дуулах, хуурдах эрдэмд сургах ажлыг бүх нийтээр үндэсний бахархлын зэрэглэлээр дээдлэн дэлгэрүүлэх, тэдгээрийг монголын төр ёс, баяр цэнгэл, хэв заншлын журамт шинж болгох өргөн олны хөдөлгөөн өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх
3.2. Хөтөлбөрийн зорилтууд
3.2.1. Морин хуур, уртын дууны уламжлалт урын сан, морин хуурч, уртын дуучдын билиг авьяасыг:
· хадгалж хамгаалах;
· өвлүүлэн хөгжүүлэх;
· морин хуур, уртын дууны сургалт, судалгаа, сурталчилгааг эрчимжүүлэх;
· морин хуурч, уртын дуучдыг тодруулан алдаршуулах.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам
4.1.1. Морин хуур хуурдах, урлах болон уртын дуу дуулах ур чадвар, уламжлалт урын санг өвлөн эзэмшсэн билиг авьяастан, морин хуурч, уртын дуучдыг судлан тогтоох.
4.1.2. Монголын нутаг нутгийн морин хуурчид, морин хуур урлаачид, уртын дуучдын жагсаалт, каталоги бий болгох.
4.1.3. Морин хуур, уртын дууны урлагийн талаар албан бус, зайны болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах.
4.1.4. Үндэсний хөгжмийн урлал, үйлдвэрлэл эрхлэх ажлын хүрээнд морин хуурын урлал, үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааг дэмжих.
4.1.5. Морин хуур, уртын дууны үзлэг, уралдаан, наадам, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах.
4.1.6. Морин хуур, уртын дууны урлагийн талаархи улс, аймаг, нийслэл, байгууллагын бүртгэл-мэдээлэл, аудио, видео сан бүрдүүлэх, сургалт сурталчилгаа зохион байгуулах.
4.1.7. Морин хуурч, уртын дуучдыг тодруулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх, алдаршуулах.
4.2. Морин хуур, уртын дууны судалгааг дараахь чиглэлээр явуулна:
4.2.1. Морин хуур, уртын дууны үүсэл гарвалын судалгаа;
4.2.2. Монголчуудын хөгжмийн соёл, оюун сэтгэлгээнд морин хуур, уртын дууны гүйцэтгэсэн үүрэг, түүхэн ач холбогдол;
4.2.3. Уртын дууны тархалт, орон нутаг дахь нутгийн хувилбарууд, тэдгээрийн харьцуулсан судалгаа, уртын дууг дуулах, хуур хуурдах донж маяг, дэг сургууль, төрөл, зүйл, уртын дууны хөгжим;
4.2.4. Морин хуурт зориулсан хөгжмийн бүтээл /аман болон зохиолын/, морин хуур урлагийн бусад төрлүүдтэй холбогдох нь;
4.2.5. Морин хуур, уртын дууны сургалт, заах арга зүйн уламжлал, шинэчлэл;
4.2.6. Монголын алдарт хуурч, уртын дуучдын түүх, шастир, урлах эрдмийн судалгаа;
4.2.7. Морин хуур, уртын дуу монголчуудын хэв заншил, бэлгэдэл, зан үйл, төр ёсны уламжлал, ардын билигийн бусад төрлүүдтэй холбогдох нь;
4.2.8. Морин хуур урлалын уламжлалт арга, технологи, бэлгэдэл;
4.2.9. Хөрш зэргэлдээ улс орны хөгжмийн соёлд морин хуурын үзүүлсэн нөлөө, харилцан хамаарал.
4.3. Морин хуур, уртын дууны сурталчилгааг өргөжүүлэх талаар:
4.3.1. Морин хуур, уртын дууны уламжлалт урын сан, хуурчид, уртын дуучдын тухай телевиз, радиогоор сурталчлах, морин хуур, уртын дууны теле хичээл явуулах;
4.3.2. Морин хуур, уртын дууны тухай танилцуулга (CD, DVD) гаргах;
4.3.3. Морин хуур, уртын дууны тухай цуврал баримтат кино бүтээх;
4.3.4. Монгол угсаатны хөгжим, аман өвийн музей байгуулах;
4.3.5. Хуурчид, уртын дуучид болон хуурын уламжлалт урын санг сурвалжлан илрүүлэх, судлан сурталчлах, өвлүүлэн хөгжүүлэх, урамшуулан алдаршуулах зорилгоор төв, орон нутагт морин хуурчид, уртын дуучид, найрын дуучдын үзлэг, уралдаан, наадам, симпозиум, уулзалт, ярилцлага, сургалт, семинарийг үе шаттай зохион байгуулах.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, зохицуулах, мэдээллээр хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам гүйцэтгэнэ.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллага /мэргэжлийн эвлэл, холбоо, төв, студи зэрэг/ гүйцэтгэнэ.
3. Орон нутагт Морин хуур, уртын дуу үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийг нийслэл, дүүрэг, аймаг, сумын Засаг даргын захирамжаар байгуулан ажиллуулна. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажлын чиг, үүргийг Засаг дарга батлан гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллана.
4. Нийслэл, дүүрэг, аймаг, сумын хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зохион байгуулах үүргийг аймаг, нийслэлийн соёл, урлаг, боловсролын асуудал хариуцсан захиргааны байгууллага, театр, чуулга, сумдын соёлын төв эрхлэн гүйцэтгэнэ.
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Морин хуур, уртын дуу үндэсний хөтөлбөрийг 2005-2014 оны хугацаанд хэрэгжүүлнэ.
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт
Морин хуур, уртын дуу үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллага /аймаг, нийслэл, мэргэжлийн эвлэл, холбоо, төв, студи зэрэг/-тай зөвшилцсөний үндсэн дээр жил жилээр төлөвлөн хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт санхүүжилт нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
· соёл, урлагийг дэмжих тусгай зориулалт бүхий сангийн хөрөнгө;
· гадаад орон, олон улсын байгууллагын хандив, тусламж;
· байгууллага, иргэдээс оруулсан хандив, тусламжийн хөрөнгө.
Найм. Хөтөлбөрийн үр дүн
1. Морин хуур, уртын дууны урлагийг өвлөсөн ардын билиг авьяастны үйл ажиллагааг дэмжих, тэдний авьяас билиг, арга барил, дэг сургуулийг хамгаалан, хөгжүүлэх ажлын шинэ тогтолцоо бүрдэнэ.
2. Морин хуур, уртын дууны мартагдаж буй өв уламжлалыг хадгалж хамгаалах, сэргээн өвлөх, хөгжүүлэх үйл ажиллагааны түвшин дээшилж, хамрах хүрээ, далайц, хүртээмж нэмэгдэнэ.
3. Морин хуур, уртын дууны судалгаа, сурталчилгаа эрчимжиж, суурь болон хавсарга судалгааны тоо, чанарт ахиц гарч, олон улсын болон улс, бүс нутаг, орон нутгийн хэмжээнд явагдах үзлэг, уралдаан, наадмын менежмент боловсронгуй болно.
4. Улс, аймаг, нийслэл, холбогдох байгууллага морин хуур, уртын дууны бүртгэл-мэдээллийн сантай болж, сонирхогч, авъяастан, уран бүтээлчдийн эрэлт, хэрэгцээг хангах, тэдэнд үйлчлэх материаллаг болон оюуны орчин бий болно.
5. Морин хуур, уртын дууны урлаг сэргэж, монгол үндэстэн, монгол хүний соёлын хэрэглээ, төр ёс, баяр цэнгэл, хэв заншлын журамт шинж болох орчин бүрдэж, олон улсын түвшинд эзлэх байр суурь дээшилнэ.
Ес. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүд
· Нийслэл, аймгууд "Морин хуур, уртын дуу" дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэн байна.
· Морин хуур, уртын дууны талаархи байгууллага, аймаг, нийслэл, улсын бүртгэл-мэдээллийн сангийн тогтолцоо бүрдсэн байна.
· Ерөнхий боловсролын сургууль бүрт морин хуур, уртын дууны албан болон албан бус сургалт явуулдаг уламжлал тогтсон байна.
· Театр, чуулга, сумын соёлын төвүүд мэргэжлийн болон авьяастан-морин хуурч, уртын дуучтай болсон байна.
· Морин хуур, уртын дууны чиглэлээр бүс нутаг, улс, олон улсын уралдаан, наадмын менежмент сайжирна.
· Морин хуур, уртын дууны урлаг сэргэж, монгол үндэстэн, монгол хүний соёлын хэрэглээ, төр ёс, баяр цэнгэл, хэв заншлын журамт шинж болох өргөн олны хөдөлгөөн өрнөсөн байна.
------оОо------
Текст томруулах
A
A
A