A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН БАГШ БЭЛТГЭХ, МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Хөтөлбөрийн нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын боловсролын шинэчлэлийг гүнзгий­рүүлэх, боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, сургалтыг иргэд, суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, багш бэлтгэх сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох, тэдний мэргэжлийг дээшлүүлэх оновчтой тогтолцоо бүрдүүлэх шаардлага нийгмийн хөгжлөөс урган гарч байна.
Орчин үед багш хүн сургалтын үр дүнг сайжруулахын төлөө байнга судалгаа шинжилгээ хийж, хүмүүс /сурагч, эцэг эх гэх мэт/-тэй ажиллаж байдаг судлаач байхын зэрэгцээ сургалтын хэрэглэгдэхүүн, заах арга, сургалтын арга зүйг боловсронгуй болгож байдаг технологич, сургалтыг үр ашигтай зохион байгуулагч менежер байх шаардлага тавигдаж байна. Багшид тавигдах эдгээр шинэ шаардлагыг энэхүү үндэсний хөтөлбөрт тусган боловсруулсан болно.
Боловсролын үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргах, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, хот, хөдөөгийн сургуулийг мэргэжлийн чадварлаг багшаар жигд хангах, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах, идэвх санаачилгыг дэмжиж, мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх шаардлагыг хангахад энэхүү Үндэсний хөтөлбөрийн ач холбогдол оршино.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
 2. Бага, дунд боловсролын багш бэлтгэх, тэдний мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх, багш хүн байнга хөгжиж байх шинэ тогтолцоог бүрдүүлэхэд оршино.
 
Гурав. Хөтөлбөрийн зорилтууд
 3. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан зорилтуудыг дэвшүүлж байна:
Багш бэлтгэх тогтолцоог шинэчлэх.
Багш нарын мэргэжил дээшлүүлэх уян хатан, төвлөрсөн бус тогтолцоог түншлэлд тулгуурлан төлөвшүүлэх.
Багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын орчныг бэхжүүлэх, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох.
Багшийн ажлын үнэлгээг боловсронгуй болгох, тэдний идэвхтэй үйл ажиллагааг дэмжих механизм бүрдүүлэх.
 
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  баримтлах зарчим
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлого, нийгмийн хөгжлийн хандлага, суралцагчдын хэрэгцээтэй уялдсан байх.
Боловсролын хууль тогтоомж, эрхэм зорилго, стратегийн зорилт, хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх.
Нээлттэй, хүртээмжтэй, уян хатан байх.
Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд зэрэг сонирхогч бүх талын бодит оролцоог хангасан байх.
Олон улсын жишиг, үндэсний онцлогтой нийцсэн байх.
 
Тав. Зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
5.1 Багш бэлтгэх тогтолцоог шинэчлэх
Багшийн хүрэлцээ, хангамж, тогтвор суурьшилтай ажиллах шаардлага зэргийг харгалзан орон нутгийн захиалгад үндэслэн багш бэлтгэдэг сургуулиудын элсэлтийг төлөвлөх, зохион байгуулах шинэ аргачлал боловсруулан хэрэгжүүлэх.
Багш бэлтгэх загварыг шинэчлэн, хэд хэдэн хичээл заах чадвар бүхий багш бэлтгэх, боловсрол судлалын хичээлийн стандарт, кредит цагийн доод хэмжээг тогтоосон сургалтын цөм агуулга хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх.
Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрт тусгай сурганы боловсролын агуулгыг нэмж тусгах.
Багш бэлтгэдэг их сургууль, коллежид анги нээх замаар тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх.
5.2 Багш нарын мэргэжил дээшлүүлэх уян хатан, төвлөрсөн бус тогтолцоог түншлэлд тулгуурлан төлөвшүүлэх
Багш нарын мэргэжлийг үндэсний хэмжээнд, орон нутагт, ажлын байранд гэсэн 3 түвшинд сургалтын олон хувилбар бүхий хөтөлбөр /модуль/-өөр тэдний сонирхол, хэрэгцээнд тулгуурлан тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх.
Орон нутаг дахь боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагыг түшиглэн багш нарын мэргэжил дээшлүүлэх бүсийн төвүүд байгуулан ажиллуулах.
Зайны болон албан бус сургалтаар багш нарын мэргэжил дээшлүүлэх агуулга, хөтөлбөр, арга зүйг боловсруулан хэрэгжүүлэх.
Багш нарын мэргэжил дээшлүүлэхэд төрийн бус болон олон улсын байгууллага, олон нийт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх.
5.3 Багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх  сургалтын баазыг бэхжүүлэх, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох
Багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын агуулгын болон орчны стандартыг боловсруулан мөрдүүлэх.
Аймаг, нийслэлийн боловсрол, соёлын төв,  мэргэжил дээшлүүлэх бүсийн төв, багш бэлтгэдэг их сургууль, коллежийн сургалт, судалгааны баазыг бэхжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
Багш нарыг мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэхэд зориулж гарын авлага, сургалтын материал боловсруулан хэвлүүлж түгээх, мэргэжлийн мэдээлэл, туслалцаа авах боломж, нөхцөлийг сайжруулах.
5.4 Багшийн ажлын үнэлгээг боловсронгуй болгох, тэдний идэвхтэй арга, үйл ажиллагааг дэмжих механизм бүрдүүлэх
Багшийн ажлыг бодитой үнэлэх нөхцөл бүрдүүлэх:
Багш үйл ажиллагаандаа үнэлгээ өгөх болон багшийн үйл ажиллагаанд мэргэжлийн үнэлгээ өгөх цогцолбор үзүүлэлт боловсруулан мөрдүүлэх,
Багшийн үйл ажиллагааг үнэлэхэд эцэг, эх, сонирхлын бүлгийн оролцоог нэмэгдүүлэх.
Багшийн идэвхтэй үйл ажиллагааг дэмжих арга, хэлбэрийг боловсронгуй болгох:
Үйл ажиллагааны үр дүн, бүтээлч байдал, мэргэжлийн түвшин, ур чадварыг харгалзан багшид нэмэгдэл олгох асуудлыг боловсронгуй болгох.
Багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах асуудал боловсруулж хэрэгжүүлэх.
 
Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналт
Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагаа, арга хэмжээг хэрэгжүүлэхэд багш бэлтгэх, тэдний мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд оролцогч субъектүүд дараахь байдлаар оролцоно. Үүнд:
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах асуудлыг Боловсролын хүрээлэн, Боловсролын хөгжлийн сургууль эрхэлнэ;
Үндэсний хөтөлбөрийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга захиргааны удирдлагаар, боловсрол, соёлын төв мэргэжлийн удирдлагаар хангаж, арга зүйн туслалцаа үзүүлнэ;
Төрийн болон төрийн өмчийн бус их сургууль, коллеж нь багш бэлтгэх, давтан бэлтгэх ажлыг хэрэгжүүлэх бөгөөд багш нарын мэргэжлийг ажлын байранд нь тасралтгүй дээшлүүлэх үйл ажиллагааг сургууль, боловсролын байгууллага зохион байгуулна.
 
Долоо. Хөтөлбөрийн санхүүжилт
Багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүгийн дор дурдсан эх үүсвэрүүдийг ашиглана:
Улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв
Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө
Сургуулийн өөрийн хөрөнгө
Хандивын хөрөнгө
Сургалтын төрийн сангийн зээл
Төслийн санхүүжилтийн хөрөнгө
Бусад эх үүсвэр
Хөтөлбөрт тусгагдсан багш нарын мэргэжил дээшлүүлэх бүсийн төвүүдийн үйл ажиллагааны зардал төсвийн хөрөнгөөр хийгдэнэ.
Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх арга хэмжээнд улсын төсвөөс олгох хөрөнгийг тухайн сургуулийн жилийн төсөвт тусгаж байх тогтолцоонд шилжүүлнэ.
 
Найм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Хөтөлбөрийг 2 үе шаттай хэрэгжүүлнэ.
I үе шат  2001-2004 он
П үе шат  2005-2010 он
 
Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн
Багш бэлтгэх сургуулиудын сургалтын чанар дээшилнэ,
Багшийн мэргэжил дээшлүүлэх төвлөрсөн бус тогтолцоо бүрэлдэж, үйл ажиллагаа нь жигдрэн, үр ашиг нь нэмэгдэнэ,
Багш нарын мэргэжлийн бэлтгэл, ур чадвар дээшилж, суралцагчдын сурлагын амжилт, чанар ахина.
Хөдөөгийн сургуулийн багшийн хүрэлцээ, хангамж сайжирна,
Багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын материаллаг бааз бэхжиж, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй болно.
 
Арав. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур
Боловсролын салбарын тогтвортой хөгжлийг хангах үндэс болсон багш бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх сургалтын чанарын өөрчлөлтийг үнэлэхэд дараахь шалгуур үзүүлэлтийг ашиглана:
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөөс багш бэлтгэх сургуулиудад суралцах хүүхдийн тооны өсөлт, элсэгчдийн чанарын түвшин;
Хэд хэдэн хичээл заах чадвартай багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийн хйэрэгжилтийн түвшин;
Бага, дунд боловсролын мэргэжлийн багшийн хангалт  /хотод 96 хувь, хөдөөд 94 хувьд хүрсэн байна/;
Үйл ажиллагаа нь тогтворжсон бүсийн төвийн тоо;
Багш мэргэжлээр төгсөгчдийн мэргэжлийн ажил эрхлэлтийн түвшин /70 хувьд хүргэнэ/;
Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын мэдлэг, чадварын түвшин ахисан байдал.
 
 
 
----оОо----