A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 116 дугаар тогтоолын хавсралт

АЛБАН БУС БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
                      Хэрэгжүүлэх хугацаа 1997-2004 он
            Нэг.Хөтөлбөрийн үндэслэл, зорилго 1.1. Өнөөгийн байдал
      "Боловсролын тухай" Монгол Улсын хуулинд "Монгол Улсад Монгол Улсын боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх. . ." гэж заажээ.
      Сургуулиар боловсрол олгох албан боловсролын тогтолцоо Монгол оронд 1960-аад онд үндсэндээ бүрэлдэн тогтсон байна. Харин хүн амд сургуулиас гадуур боловсрол олгох албан бус боловсролын зарим хэлбэр үүсэж, үйлчилж байсан боловч тогтолцоо болж төлөвшиж чадаагүй байгаа юм.
      Иргэдэд боловсролыг зөвхөн сургуулиар олгож ирсэн дэлхий нийтийн чиг хандлага сүүлийн 20 гаруй жилд өөрчлөгдөж, зах зээлийн эдийн засаг бүхий орнуудад хүн амынхаа боловсролын түвшинг тэдний хэрэгцээ бололцоонд нь тулгуурлан дээшлүүлэх, иргэдээ хөгжүүлэх чиглэлээр боловсролынхоо тогтолцоог өөрчилж, сургуулиас гадуур боловсрол олгох олон арга, хэлбэр бий болжээ.
      Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, манай өрх гэр, хүн бүр үйлдвэрлэгч болж, зах зээлд бие даан оролцох хүрээ нь өргөжихийн хэрээр тэдэнд олон талын мэдлэгтэй байх боловсролын шинэ хэрэгцээ шаардлага гарч байна. Энэхүү шинээр бий болсон боловсролын хэрэгцээг хангах гол хэлбэр нь албан бус сургалт юм. Албан бус боловсролын тогтолцоо нь иргэдэд хэрэгцээтэй боловсролыг нь өөрт нь тохиромжтой хэлбэрээр бололцоотой хугацаанд нь олгох, түүнийг сургуулиас гадуур тасралтгүй эзэмших нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
      Иймд албан бус боловсролын тогтолцоог бүрэлдүүлж төлөвшүүлэх, үйлчлүүлэх явдал зайлшгүй болж байна.
      Манайд одоогоор насанд хүрсэн 1 сая 200 мянга гаруй хүний 100 гаруй мянга нь ямар нэгэн сургуульд суралцаж байгаа бөгөөд үлдсэн сая гаруй хүнд нийгмийн шинэ орчинд амьдрахад нь хэрэгцээтэй боловсрол олгох, боловсролын нь түвшинг дээшлүүлэх, тэдний боловсролын олон талт хэрэгцээг хангах цэгцтэй бодлого, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоо байхгүй байна.
1.2. Эрхэм зорилго
      Хүн амд хэрэгцээтэй боловсролыг нь сургуулиас гадуур өөрт нь тохиромжтой хэлбэрээр бололцоотой хугацаандаа тасралтгүй эзэмших тогтолцоо бүрдүүлж, үйлчлүүлэхэд оршино.
1.3.Гол зорилго
      Монгол Улсад албан бус боловсролын тогтолцоо бүрдүүлэх, ялангуяа насанд хүрэгчдийн хэрэгцээ, сонирхол, бололцоонд тулгуурласан сургалтын агуулга, хэлбэр, арга зүйг тогтоох, албан бус боловсролын боловсон хүчин, материаллаг бааз бий болгоход оршино.
1.4. Ойрын зорилго
      Бий болсон тогтолцооны үндсэн дээр албан бус боловсролыг хөгжүүлэх ажлыг орон даяар зохион байгуулах, хүн амын боловсролын хэрэгцээг хангах сүлжээ бий болгон үйлчлүүлэх.
1.5. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, боловсролын багц хуулийн холбогдох заалтыг чанд баримтлан зохион байгуулах;
Төр, засгийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд жигд хамруулан оролцуулах, тэдний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас Ази, Номхон далайн бүсэд бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх талаар баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөрийн агуулгыг энэхүү хөтөлбөртэй уялдуулан зохицуулж, НҮБ-ын мэргэжлийн төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллах;
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хүн амын боловсролын түвшин, хэрэгцээ, сонирхол, бололцоонд тулгуурлан зохион байгуулах;
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан боловсролын арга, туршлагатай нягт уялдуулах.
        Хоёр. Хөтөлбөрийн бүтэц, агуулга 2.1. Албан бус боловсролыг хөгжүүлэх чиглэлүүд:
      1/хүн амын бичиг үсгийн боловсролын түвшинг дээшлүүлэх чиглэл
      2/хүн амын боловсролын ерөнхий түвшинг дээшлүүлэх чиглэл
      3/хүн амд боловсрол нөхөн эзэмшүүлэх чиглэл
      4/хүн амд мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэх мэргэжлийн чадвар олгох, ажиллагсдын мэргэжил, боловсролын түвшинг дээшлүүлэх чиглэл
      5/хүн амыг бүтээлч үйл ажиллагаанд суралцахад нь туслах чиглэл
      6/хүн амын бие дааж боловсролоо дээшлүүлэхэд нь туслах чиглэл болно.
      Чиглэл бүрээр хүн амд боловсрол олгох, боловсролын нь түвшинг дээшлүүлэх сургалтын зохион байгуулалтын хэлбэр, агуулга, арга барил нь өөр өөр байна.
 
2.1.1. Хүн амын бичиг үсгийн боловсролын түвшинг дээшлүүлэх талаар
Насанд хүрэгчдийн дотор бичиг үсэг үл мэдэгч, бага мэдэгч нэмэгдэх хандлагатай байгааг харгалзан үл мэдэгчийг уншиж, бичиж сургах, бага мэдэгчийн бичиг үсгийн чадварыг дээшлүүлэх, бичигтэн болсон хүмүүсийн чадварыг нэмэгдүүлэх, нийт иргэдийг монгол бичигт суралцуулах, тэднийг төрөл бүрийн мэдээлэл хүлээн авч амьдрал ахуйдаа хэрэглэх чадвартай болгоход хүн амын бичиг үсгийн боловсролын түвшинг дээшлүүлэх зорилт оршино. Хүн амын бичиг үсгийн боловсролын түвшинг дээшлүүлэх сургалтыг дараахь арга хэлбэрээр зохион байгуулна:
а/хүн амын бичиг үсгийн мэдлэгийн түвшинг тодорхойлж энэ үндсэн дээр үл мэдэгчдийг уншиж, бичиж сургах, бага мэдэгчийн бичиг үсгийн чадварыг дээшлүүлэх сургалтын оновчтой арга хэлбэрийг тогтоох;
б/сургалтад гэрийн болон түр сургалт, бүлгэм, дугуйлан, орой,эчнээ, зайны сургалтын хэлбэрийг ашиглах;
в/сургалт явуулахдаа суралцагчдын насны ялгавар, ажил мэргэжил, байршил, хэрэгцээ, сонирхол зэргийг харгалзах;
 
г/түвшин бүрт тохирсон сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйг боловсруулж сургалтад нэвтрүүлэх;
д/багшлах боловсон хүчнийг бэлтгэх, сурах бичиг, сургалтын материалаар хангах ажлыг шийдвэрлэх;
е/сургалтын үр дүнг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг боловсруулан практикт нэвтрүүлэх.
2.1.2. Хүн амын боловсролын ерөнхий түвшинг дээшлүүлэх талаар
      Зах зээлийн үед хүн амын боловсролын хэрэгцээг судалж, тэднийг хэрэгцээтэй мэдээллээр хангах, боловсролынх нь ерөнхий түвшинг дээшлүүлэх шаардлагыг харгалзсан сургалтыг ялгавартай зохион байгуулна. Үүний тулд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
а/хүн амын боловсролын хэрэгцээг судалж, сургалтын агуулгыг тодорхойлон, түүндээ хүн амд эрүүл аж төрөх мэдлэг олгох, тэднийг өрхийн орлогоо нэмэгдүүлж, амьдралынхаа  түвшинг дээшлүүлэх арга ухаанд сургах, бүх нийтийн сурган хүмүүжүүлэх боловсрол, соёл, гоо зүй, эдийн засаг, хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, экологийн боловсрол, хүмүүжил олгох, шинэ техник, технологитой танилцуулах зэрэг тулгамдсан асуудлуудыг тусгах;
б/сургалтыг зохион байгуулах оновчтой хэлбэр, арга зүйг тогтоох;
в/гарын авлага, сургалтын материалаар хангах асуудлыг шийдвэрлэх;
г/энэ ажлыг зохион байгуулахад урт, богино хугацааны сургалт, лекц, ярилцлага, уулзалт, зөвлөлгөөн зэрэг зохион байгуулалттай хэлбэрээс гадна зайны сургалтыг өргөн ашиглана. Зайны сургалт явуулахдаа нийтийн мэдээллийн хэрэгсэл эзэмшиж байгаа болон мэргэжлийн, түүнчлэн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана.
2.1.3. Хүн амд боловсрол нөхөн эзэмшүүлэх талаар:                      
а/төрөл бүрийн шалтгаанаар сургуульд сурч чадаагүй буюу суралцаж байгаад завсардсан, боловсрол эзэмших хүсэлтэй насанд хүрэгчдэд цаашид суралцаж, боловсрол эзэмшихэд нь туслахад боловсрол нөхөн олгох сургалтын зорилт оршино. Насанд хүрэгчдэд бичиг үсгийн болон суурь боловсролыг орон нутгийн сургуулиудыг түшиглэн орой, эчнээ, ээлжийн сургуулиар буюу гэрээр шавилан сургах хэлбэрээр эзэмшүүлнэ. Мөн төв, суурин газруудад хүн амд боловсрол нөхөн олгох орой, эчнээ, ээлжийн сургуулиудыг ажиллуулна.Түүнчлэн сургууль завсардсан шалтгаан, цаашид суралцах боломжийг нь харгалзан суралцах хэлбэрийг нь тодорхойлж, сургалтад хамруулна;
б/бүх шатны сургуулиуд дэргэдээ хүн амд боловсрол олгох нээлттэй сургууль, эчнээ сургалт, оройн сургуулийг нээж, хүмүүсийн сурах сонирхол, хэрэгцээг харгалзан мэргэжил олгох ажлыг зохион байгуулж, зохих стандарт хангасан хүмүүст гэрчилгээ олгоно.
2.1.4.Хүн амд сургуулиас гадуур  мэргэжил эзэмшүүлэх,хөдөлмөр эрхлэх мэргэжлийн чадвар олгох,ажиллагсдын мэргэжил дээшлүүлэх талаар
Зах зээлийн нөхцөлд урт, богино хугацааны дамжаагаар мэргэжил эзэмшиж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, хөдөлмөрийнхөө онцлогоос хамааран дагалдах, шавилан суралцах замаар ямар нэг хөдөлмөр эрхлэх мэргэжлийн чадвар эзэмших хэрэгцээ өнөөгийн нөхцөлд түгээмэл болж байгааг харгалзан ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй уялдуулан боловсрол, мэргэжил эзэмшүүлэх, боловсон хүчнийг давтан бэлтгэх, шинэ техник, технологи эзэмшүүлж орчин үеийн мэдээллээр хангахад энэхүү сургалтын зорилго оршино.
а/хүмүүсийн хэрэгцээ сонирхлыг харгалзан мэргэжил олгох, тэдний мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг дараахь чиглэлээр зохион байгуулна:
-эчнээ, оройн сургууль
-нээлттэй сургууль
-урт, богино хугацааны мэргэжил олгох дамжаа
-мэргэшүүлэх,мэргэжил дээшлүүлэх сургалт
-тодорхой асуудлаар семинар,зөвлөлгөөн зохиох
-мэргэжлийн нийгэмлэг,холбоодын үйл ажиллагааны чиглэлийн сургалтууд
-хөтөлбөр,аргачлал гаргаж, бие даалган ажиллуулах
-бусад хэлбэрүүд
б/эчнээ, орой, нээлттэй сургуулиар мэргэжил олгох ажлыг боловсролын мэргэжлийн байгууллагын удирдлага, хяналтын дор улсын стандартыг баримтлан явуулна. Богино хугацааны дамжаагаар мэргэжил олгох ажлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас холбогдох яамдтай хамтран гаргасан журмын дагуу зохих материаллаг бааз, багшлах боловсон хүчнээр хангагдсан нөхцөлд мэргэжил эзэмшүүлэх сургууль, боловсролын төвүүд, аж ахуйн нэгж, байгууллагыг түшиглэн зохион байгуулна. Мэргэжил дээшлүүлэх сургалтыг хүмүүсийн хүсэл, сонирхол, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох яамд, агентлагуудын бодлого, чиглэлийн дагуу хамтран зохион байгуулна;
в/мэргэжил дээшлүүлэх сургалтын агуулга нь хүмүүст шинэ технологи эзэмшүүлэх, эдийн засаг, эрүүл мэнд, эрх зүйн болон техник, технологийн шинэ мэдлэг олгох, хувь хүний сонирхлыг харгалзан мэргэжлээр нь гүнзгийрүүлэн сургаж мэргэшүүлэх, судалгаа шинжилгээний болон бүтээлч үйл ажиллагааны арга барил эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Энэ чиглэлд бүх яам, холбогдох агентлагууд оролцон зохион байгуулна.
2.1.5. Хүн амыг бүтээлч үйл ажиллагаанд суралцахад нь туслах талаар
      Зах зээлийн нэг онцлог нь хүн өөрийн үйл ажиллагааг өөрөө удирдан зохицуулах шаардлагатай болдгоос үйл ажиллагаагаа бие дааж төлөвлөх, бие дааж шийдвэрлэх бүтээлч хандлагатай болдог. Иймээс хүн амд бүтээлч үйл ажиллагааны арга барил эзэмшихэд нь олон хэлбэрээр туслахад энэ чиглэлийн ажлын зорилго оршино.
Энэ чиглэлээр дор дурдсан үйл ажиллагаа явуулна:
      -хүмүүсийн сонирхол,хэрэгцээг харгалзан бүтээлч үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний арга барилд сургах сургалт явуулах
      -хүссэн хүмүүст зөвлөлгөө өгөх газар ажиллуулах
      -клуб, хамтлаг байгуулж, хамтран судалгаа хийх, боловсруулах үйл ажиллагаа зохион байгуулах
      -уулзалт, семинар, бага хурал, симпозиум зохион байгуулж туршлага солилцуулах
2.1.6.Хүн амыг бие дааж боловсролоо дээшлүүлэхэд нь туслах талаар
      Энэ чиглэлийн зорилго нь хүмүүсийн өсөн нэмэгдэж байгаа боловсролынхоо хэрэгцээг бие дааж хангахад нь туслахад оршино.
      Энэ талаар дор дурдсан үйл ажиллагаа явуулна:
      -бие дааж суралцах хөтөлбөр, гарын авлага гаргах
      -бие дааж суралцах зөвлөлгөө өгөх газар ажиллуулах, зөвлөлгөө өгөх ажлыг зохион байгуулах.
      -бие дааж суралцахад ашиглах мэдээллийн сан байгуулж ажиллуулах зэрэг болно.
 
         Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам
3.1.Агуулга нь стандартаар тогтоогдохоос бусад чиглэлүүдээр явуулах албан бус сургалтын агуулгыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран албан бус боловсролын төв боловсруулна. Сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн комиссоор хянуулж батлуулж мөрдөнө.
Албан бус боловсролын агуулгыг бүс нутаг, орон нутгийн онцлогт тохируулан боловсруулж, сургалтын хөтөлбөрт тусгах ажлыг аймаг, нийслэлийн боловсролын төв хариуцах бөгөөд хэрэгжүүлэх ажлыг сум, дүүргийн захиргаад зохион байгуулна. Албан бус боловсролын агуулгын хэрэгжилтэд Боловсролын улсын хяналтын алба, улсын байцаагчид хяналт тавина.
3.2. Албан бус боловсролын агуулгыг хэрэгжүүлэх арга зүйг "Албан бус боловсролын төв" яам, газрын холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж хэрэгжүүлнэ. Албан бус сургалтын гарын авлага, зөвлөмж, сургалтын материалаар хангах, аймаг, нийслэлийн боловсролын төвд хүргүүлэх ажлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.
   3.3.Албан бус боловсролын боловсон хүчин бэлтгэх, тэдний хөгжлийг хангах асуудлыг дараахь байдлаар шийдвэрлэнэ:
-Албан бус боловсролын төв нь холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллагын захиалга, албан бус сургалтын боловсон хүчин бэлтгэх урт, богино хугацааны сургалтыг эрхлэн зохион байгуулах;
-аймаг, нийслэлийн боловсролын төвийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, тэдгээрт албан бус боловсрол хариуцсан арга зүйчдийг бодлоготойгоор бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах;
-мэргэжлийн дунд, дээд шатны сургууль төгсөгчдийг албан бус сургалт явуулахаар мэргэшүүлэн бэлтгэх;
-гадаад орнуудын мэргэжлийн байгууллагуудтай хамтран албан бус боловсролын туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх сургалтад албан бус боловсролын боловсон хүчнийг хамруулах;
-багш бэлтгэдэг сургууль, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрт албан бус сургалтын арга зүйг тусгаж хэрэгжүүлэх
-албан бус сургалтын гол арга нь зайны сургалт байна.
 
Албан бус сургалтыг зохион байгуулах сүлжээ бий болгоно.Энэ сүлжээ нь:
       -Улсын хэмжээнд хүн амын боловсролын хэрэгцээг судалж тэднийг хэрэгцээтэй мэдээллээр хангах, зайнаас сургалт явуулах "Албан бус боловсролын төв" байна.
       -аймаг, сумын төв, томоохон суурин газруудад хүн амын боловсролын хэрэгцээг судалж, хангах, соёлжуулахад чиглэсэн Гэгээрлийн төвүүдийг байгуулж ажиллуулна.Тэдгээр төвүүд нь албан бус сургалтыг орон нутагт зохион байгуулах байгууллага болно.
       -албан бус сургалтын хэвлэмэл материал, аудио, видео мэдээллийн бусад материал бэлтгэх, хангах ажлыг Албан бус боловсролын төв хариуцан зохион байгуулна.
 
         Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
 
      4.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага удирдах бөгөөд түүнийг зохион байгуулж зохицуулах,арга зүйн удирдлагаар хангах асуудлыг Гэгээрлийн яамны харьяа "Албан бус боловсролын төв" эрхлэн гүйцэтгэнэ.
 
     4.2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, боловсролын төв хариуцан зохион байгуулж, удирдлага, зохицуулалтыг тухайн орон нутгийн Засаг дарга эрхэлнэ.
      4.3.Сум, дүүрэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн Засаг дарга хариуцаж, зохих шатны сургуулиуд оролцоно.
      4.4.Албан бус боловсролын зохион байгуулалт, агуулга, арга зүй, чанарын үнэлгээг төслийн хэлбэрээр судлан боловсруулах ажлыг Албан бус боловсролын төв хариуцан гүйцэтгэж, түүний үр дүнг сургалтад нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулна. Үр дүнг нэвтрүүлэх ажлыг орон нутагт бүх шатны Засаг дарга нар хариуцна.
      4.5.Төрийн захиргааны байгууллагууд албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд төрийн бус байгууллага, олон түмнийг өргөнөөр татан оролцуулах зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
      а/албан бус боловсролын асуудлаар төрийн бус байгууллага, олон түмнээс гаргасан санал, санаачилгыг бүх талаар дэмжин дэлгэрүүлэх, тэдний оролцоог идэвхжүүлэхэд чиглэсэн механизмыг боловсруулж хэрэгжүүлэх;
      б/эмэгтэйчүүд, хүүхдийн байгууллагатай хамтран тэдний боловсролын түвшинг дээшлүүлэх ажлыг эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинг сайжруулах, хүүхдийн сургалт, хүмүүжлийн ажлын чанарыг дээшлүүлэх асуудалтай уялдуулан зохион байгуулах.
4.6.Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор гадаадын зээл, тусламжийг зохицуулах алба, яамдаас гадаад хамтын ажиллагааг дараахь чиглэлээр хөгжүүлнэ:
      а/гадаад оронтой байгуулах гэрээ, хэлэлцээрт албан бус боловсролын сургалтын тодорхой чиглэлээр судалгаа, сургалт явуулах талаар тусган хэрэгжүүлэх;
      б/НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, түүний Ази, Номхон далайн бүсийн товчоо, Хүүхдийн сан, Насанд хүрэгчдийн боловсрол, соёлын төв болон мэргэжлийн бусад төрөлжсөн байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлэх, сургалт, семинар зохион байгуулах.
                     Тав.Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр
     5.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад яам, аймаг, нийслэлийн тухайн жилийн төсөвт албан бус боловсролд зарцуулах зориулалтаар тусгагдсан хөрөнгө.
     5.2.Албан бус боловсролыг хөгжүүлэх орон нутгийн хэрэгцээ, салбарын онцлогийг тусгасан тодорхой төсөл хэрэгжүүлэхэд зориулан төв, орон нутгаас гаргах хөрөнгө.
5.3.Албан бус боловсролын зориулалтаар хандивлагч орон болон олон улсын байгууллагаас олгосон зээл тусламжийн хөрөнгө.
                5.4.Дотоод гадаадын байгууллага, хүмүүсийн хандив, тусламжийн хөрөнгө.
                5.5.Аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулах албан бус сургалтад зориулан гаргасан зардал.
5.6.Албан бус боловсролын хүрээнд явуулах сургалт, үйлчилгээг төлбөртэй явуулсны орлого.
 
           Зургаа. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
      Хөтөлбөрийн хэрэгжилтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, "Албан бус боловсролын төв", аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил тутам дүгнэхдээ дараахь шалгуур үзүүлэлтээр тодорхойлно:
      6.1.Албан бус боловсролын тогтолцоо бүрэлдсэн байдал
      6.2.Албан бус боловсролын агуулга, хэлбэр, арга зүйг тогтоосон байдал
      6.3.Сургалтын материал, хэрэглэгдэхүүнийг бэлтгэсэн байдал, түүний хангамж, хүрэлцээ
      6.4.Албан бус боловсролын сургалтад зориулсан материаллаг бааз, сургалтын боловсон хүчний хангамж, хүрэлцээ
      6.5.Хүн амын боловсролын түвшинг үнэлэх хяналтын тогтолцоо бүрэлдсэн байдал
      6.6.Албан бус боловсролын сургалтаар бичиг үсгийн болон суурь, дунд боловсролтой болсон: мэргэжил, ажил хөдөлмөрийн дадлага олгох сургалтад хамрагдаж, хөдөлмөр эрхлэн, амьдралын түвшин нь дээшилсэн, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан хүний тоо, үр дүн.
 
---оОо---