A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 68 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

АРДЫН УЛАМЖЛАЛТ УРЛАГИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг.Хөтөлбөрийн үндэслэл
Аливаа улс орны үндэсний уламжлалт урлаг нь үндэстэн, ястны амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болдог бөгөөд өргөн утгаараа тухайн улс, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж байдаг учраас дэлхийн олон орон үндэсний уламжлалт урлагаа өвлөн уламжлуулах, дэмжихэд ихээхэн анхаарч байна. Мөн үндэстний уламжлалт урлагийг хамгаалах, уламжлан өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлахын чухлыг ЮНЕСКО, түүний салбар байгууллагууд онцлон үзэж, энэ талаар дэлхий нийтэд хандсан уриалга, удирдамж, зөвлөмж, тунхаглал гаргасан билээ.
Үндэсний уламжлалт урлагаа хойч үедээ өвлүүлэх, түүнийхээ судалгаа, сурталчилгааг эрчимжүүлэх, давтагдашгүй дэг сургууль, арга барилыг уламжлуулах асуудлыг тусгасан ойрын болон хэтийн чиглэлийг боловсруулах нь соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой юм.
Уламжлалт урлагийг судлах, түүнийг өвлүүлэх бодитой судалгаа, шинжилгээний ажил төдийлөн хийгдэж чадахгүй байгаа нь угсаатнуудын урлагийн зарим төрөл мартагдах, уламжлагдах байдал нь алдагдахад хүрч байна. Түүнчлэн зарим угсаатнуудын уламжлалт урлагийн төрлүүд нийлж саармагжих явдал гарч байгаа нь анхаарал  татсан асуудал болж байна. Ялангуяа монголчуудын  авьяас билгээр уламжлагдаж ирсэн үлгэр туулиас эхлээд уртын дуу, хөөмий, уран нугаралт, морин хуурын татлага, дүрслэх урлагийн давтагдашгүй ур хийц бүхий ардын урлалын бүтээлүүд нь суртчлагдаж хүн төрөлхтөнд танил болсон билээ.Үндэсний урлагийн бүхий л төрлүүдийг судлан шинжлэх, сэргээн сурталчлах, өвлүүлэн уламжлуулах асуудлыг төрөөс дэмжих нь иргэдийг уламжлалт урлагаараа бахархах, өвлөн уламжлах сонирхол, санаачилгыг өрнүүлэхэд бодитой алхам болох юм.
Хоёр.Хөтөлбөрийн  зорилго, зорилт
1.Хөтөлбөрийн зорилго
Монгол Усын төрөөс соёлын талаар баримтлах бодлогод монголын угсаатан, ястны өв соёл, түүх, ёс заншлыг хадгалан хамгаалах, харилцан баяжуулж хөгжүүлэх нөхцөл бололцоог хангах талаар тусгагдсан асуудлууд, Монголын төрт ёс, соёл, зан заншлын дэвшилттэй бүхнийг өвлөн авч, хүн төрөлхтний соёлын дээжистэй хослуулан хөгжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
П.Хөтөлбөрийн зорилтууд
Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:
1.үндэсний уламжлалт урлагийг өвлөсөн билиг авьяастны үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн авьяас билиг, арга барил, дэг сургуулийг хамгаалах, өвлүүлэх;
2.үндэсний уламжлалт урлагийн төрөл, зүйлийн ангилал, шинж чанарын талаар судалгаа, сурталчилгааг эрчимжүүлэх, уламжлалт урлагийг өвлүүлэх зорилгоор улсын болон орон нутгийн хэмжээнд явагдах уралдаан, наадмыг зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
3.үндэсний уламжлалт урлагийг өвлүүлэх, язгуур урлагийг дэмжих орчин бүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэдийн гүйцэтгэх үүрэг, хариуцлагын шинж тогтолцоо бүрдүүлэх;
4.үндэсний уламжлалт урлагийн талаархи бүртгэл-мэдээлэл, сургалт, сурталчилгаа, аудио, видео санг бүрдүүлэх ажлыг боловсронгуй болгох.
 
Гурав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам
1.Хөтөлбөрийн үйл ажиллагааны нэгдүгээр зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
-утга соёлын өвийг өвлөсөн билиг авьяастны талаар судалгаа хийж, мэдээллийн санд төвлөрүүлэн, авьяастан, урчуудын талаархи бүртгэл, мэдээллийг боловсронгуй болгох;
-утга зохиолын өвийг өвлөсөн билиг авьяастны авьяас билиг, арга барил, дэг сургуулийг нийтэд сурталчлах, өвлүүлэх;
-утга соёлын өвийг өвлөсөн авьяастны мэдлэг, ур чадварыг хойч үедээ өвлүүлэн үлдээх үйл ажиллагааг улс, орон нутгийн хэмжээнд санаачлан зохион байгуулах, шавь сургалт зохион явуулахад нь мэргэжлийн болон зохион байгулалтын туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
-билиг авьяастны ур чадвараар хэлбэржсэн бүтээлүүдийг дуу, дүрс бичлэгээр баримтжуулж, хадгалах, сурталчлах;
-авьяастан, урчуудын хөдөлмөр зүтгэл, авьяас чадварыг бодитой үнэлэх, тэдгээрийг төрийн болон бусад шагнал урамшуулалд хамруулах, алдаршуулах, сурталчлах ажлыг зохион байгуулах.
2.Хөтөлбөрийн үйл ажиллагааны хоёрдугаар зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
-үндэсний уламжлалт урлагийн төрлүүдийн хоорондын ялгааг нийтэд ойлгомжтой болгох талаархи судалгааг өргөжүүлэх;
-үндэсний уламжлалт урлагийн төрлөөр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран улс, орон нутгийн хэмжээнд уралдаан, наадам, үзэсгэлэнг зохион байгуулах, тэдгээрт шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг төсөвт тусгах;
-үндэсний уламжлалт урлагийг сурталчлахад шаардагдах баримтат кино, дуу, дүрс бичлэгийг бүтээх, үзэсгэлэнгийн цомог, сурталчилгааны товхимол, ил захидал, марк хэвлүүлэх, радио, телевизийн нэвтрүүлэг хийх, уулзалт ярилцлага зохион байгуулах;
-үндэсний уламжлалт урлагийг өвлүүлэх зорилгоор түүнийг цэцэрлэг, бүх шатны сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах, зайны болон шавь сургалтаар хэрэгжүүлэх;
-судлаачид, мэргэжилтэнг бэлтгэж, гадаад, дотоодод гэрээгээр ажиллуулах;
-утга соёлын өвийг хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх чиглэлээр олон улсын байгууллага, гадаад орон болон гадаадын байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах;
-гадаад орнуудад ардын уламжлалт урлагийн тоглолт хийх, үзэсгэлэн гаргах;
-монголчуудын зан заншил, уламжлалт өв соёлын талаархи сурталчилгааг өргөжүүлэх, түүнтэй уялдсан ажил, арга хэмжээнүүдийг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах.
3.Хөтөлбөрийн үйл ажиллагааны гуравдугаар зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэд дараахь үүрэг, хариуцлага хүлээнэ:
Монгол Улсын Засгийн газар:
-үндэсний уламжлалт урлагийг үндэстэн угсаатны түүх, уламжлал, ёс заншил, ахуй нөхцөлтэй нь салшгүй уялдаатайгаар судлан сурталчлах, өвлөн уламжлуулах, хамгаалах талаархи төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх;
-хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төвлөрсөн төсөвт тусгах;
-хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх;
-хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих.
Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
-салбарын хэмжээнд үндэсний уламжлалт урлагийг өвлүүлэн уламжлуулах, сурталчлах ажлыг эрчимжүүлэх, үндэсний  урлагийг дэмжих орчин бүрдүүлэх асуудлыг мэргэжлийн удирдлагаар хангах;
-хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа, түүнд зарцуулах хөрөнгийг жил бүр төсөвт тусган хэрэгжүүлэх.
Төрийн захиргааны орон нутгийн байгууллагууд:
-хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засаг даргын захирамжаар батлан хэрэгжилтэд нь хяналт тавих;
-хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
-хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагууд орон нутгийн хэвлэл, мэдээлэл, соёл, боловсрол, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж удирдлагаар хангаж ажиллах;
-хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нутаг дэвсгэртээ язгуур, уламжлалт урлагийн бага, бэсрэг наадам, урчуудын бүтээлээр үзэсгэлэн, дуудлага худалдаа, сурталчилгааны аян, сургалт зохион байгуулах.
Хэвлэл, мэдээллийн байгууллагууд:
-үндэсний болон орон нутгийн хэвлэлийн нийтлэлийн болон радио, телевизийн нэвтрүүлгийн бодлого, хөтөлбөрт үндэсний уламжлалт урлагт холбогдох нийтлэл, сурталчилгаа, нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлэх, чанарыг дээшлүүлж, арга хэлбэрийг боловсронгуй болгох;
-утга зохиолын өвийг өвлөсөн билиг авьяастныг дэмжих, алдаршуулах, тэдний бүтээл, авьяас чадвар, аргачлалыг нарийвчлан заасан сургалтын нэвтрүүлэг бэлтгэж нийтэд сурталчлах.
Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж:
-төв, орон нутгийн соёл урлагийн байгууллага, сонирхогчдын нэгдэл, утга соёлын өвийг өвлөсөн сод авьяастнуудтай хамтран ажиллах;
-үндэсний уламжлалт урлагийг дэмжих орчин бүрдүүлэх талаар жил бүр тодорхой ажил төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг тооцож байх;
-үндэсний уламжлалт урлагийг өвлөн уламжлуулах талаар үр дүнтэй ажил зохион байгуулдаг хамтлаг, нэгдэл, ажилтан, авьяастнуудыг урамшуулан дэмжих;
-хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар бусад байгууллагуудаас зохиож байгаа ажилд идэвхтэй оролцох, дэмжлэг туслалцаа үзүүлэх.
Гэр бүл, иргэдийн оролцоо:
-үр хүүхэд, гэр бүлийнхээ гишүүдийн авьяас чадварыг түшиглэн үндэсний уламжлалт урлагийг өвлөн уламжлах талаар санаачилга гаргах, тэднийг энэ чиглэлийн сургалтад хамруулах, өөрсдийнх нь идэвхтэй үйл ажиллагааг дэмжих;
-хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулж буй ажилд идэвхтэй оролцох, өөрсдийн өвлөсөн авьяас чадвараа өвлүүлэх, уламжлуулах талаар үлгэр дууриалал үзүүлэх.
4.Хөтөлбөрийн үйл ажиллагааны дөрөвдүгээр зорилтыг хэрэгжүүлэх талаархи ажлын чиглэл:
-үндэсний уламжлалт урлагийн суурь болон хавсарга судалгааг өргөжүүлэн, судалгааны түвшинг дээшлүүлэх;
-үндэсний уламжлалт урлагийг үндэстэн, угсаатан, ястны түүх, уламжлал, ёс заншил, ахуй нөхцөлтэй нь уялдуулан судлах;
-язгуур болон дүрслэх урлагийн төрлүүдээр явуулах нарийвчилсан судалгаар эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд хамтран зохион байгуулах, оюутны диплом, магистрантур болон докторантурын ажлын сэдэвт хамруулах;
-язгуур урлаг, дүрслэх урлагийн утга соёлын өвийн судалгааны асуудлаар судалгааны экспедиц зохион байгуулах;
-улс үндэстний соёлын өвийг хөгжүүлэх, хамгаалахад чиглэсэн олон улсын арга хэмжээнд мэргэжилтнүүдээ оролцуулах;
-монгол орны нутаг дэвсгэрийг уугуул хүн ам, угсаатны бүтэц, зан заншил, нийтлэг ба өвөрмөц байдал, түүх уламжлалаар судалгааны бүсүүдэд хувааж, тэдгээрийн язгуур урлаг, дүрслэх урлагийн өвийг сурвалжлан цуглуулах, аудио, видео бичлэгээр баримтжуулах, судалгааны тодорхойлолтыг хийх судлаачдыг томилон тогтвортой ажиллуулах;
-язгуур урлаг, дүрслэх урлагийн утга соёлын өвийн хосгүй ховор төрлийг өвлөсөн билиг авьяастнууд болон ястан угсаатан, үндэстний цөөнхийн ёс заншил, зан үйлийн онцлогийг язгуур шинжээр нь тусгасан цуврал баримтат кино бүтээх төслийг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх;
-хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад цуглуулсан материал хэрэглэгдэхүүнд тулгуурлан судалгаа, сурталчилгаа, сургалтын ажлыг үе шаттай зохион байгуулах, сурвалжлан цуглуулсан материалыг утга соёлын өвийн бүртгэл-мэдээллийн сүлжээнд оруулж, дуу, дүрс бичлэгийн архив бүрдүүлэх;
-язгуур урлаг, дүрслэх урлагийн утга соёлын хосгүй ховор өвийг өвлөсөн билиг авьяастнуудыг судлан тогтоож, цол  өргөмжлөл олгох, билиг авьяасыг нь хойч үед уламжлуулах чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлэх;
-язгуур урлагийн чуулга, хамтлагууд, ардын билиг авьяастнуудын урын сангийн үзлэг шалгаруулалт явуулах, дуу, дүрс бичлэг хийх;
-утга соёлын өвийг дуу, дүрс бичлэгээр баримтжуулах явцад цуглуулсан материал, хэрэглэгдэхүүнийг түшиглэн аман зохиол, угсаатны дуу хөгжмийн музей байгуулах;
-үндэсний уламжлалт урлагийн утга соёлын өвийг сурталчлах, хойч үедээ уламжлан үлдээх албан бус төрөлжсөн сургалтыг зохион байгуулж, ардын авьяас билигтнийг дагалдуулан сургах, шавь сургалт, гадаад орны сонирхогчид, судлаачдад зориулсан семинар зохиох, хөгжмийн зэмсэг, ноот хэрэглэгдэхүүнийг нийтэд худалдаалах цэг ажиллуулж ажил үйлчилгээг явуулах   
 
Дөрөв.хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
1.Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, мэргэжлийн удирдлага,  зохицуулалт, мэдээллээр хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргийг Үндэсний зөвлөл эрхэлнэ. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжлийн түвшинд зохион байгуулах үүргийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.
3.Орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохицуулах, хяналт тавих үүрэгтэй аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөл ажиллана.Үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажлын чиг үүргийг Засаг дарга батална.
4.Аймаг, нийслэл, сум, дүүрэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж зохион байгуулах үүргийг нийслэлийн соёлын газар, аймгийн боловсрол, соёлын төв, судалгаа, сургалт, сурталчилгаа явуулах үүргийг орон нутгийн соёл, урлагийн байгуллагууд эрхлэн гүйцэтгэнэ.
5.Үндэсний болон орон нутгийн салбар зөвлөл нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн явцтай уялдуулан ажлаа жилээр төлөвлөн хэрэгжүүлж, жил бүрийн 4 дүгээр улиралд орон нутгийн зөвлөл үндэсний зөвлөлд, Үндэсний зөвлөл Засгийн газарт тус тус тайлагнаж байна
6.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтлана:
а/Монгол Улсын соёл, урлагийн талаар гарсан хууль тогтоомж болон стратегийн баримт бичиг, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нийцүүлэх;
б/боловсрол, соёл, хүүхдийн байгууллагуудын сургалт хүмүүжлийн ажлаар дамжуулан уламжлалт урлагийг өвлөн уламжлуулах чиглэлээр зохион байгуулах үйл ажиллагааны арга барил, уялдаа холбоог өөрчлөн шинэчлэх.
 
Тав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Хөтөлбөрийг 1999-2006 оны хугацаанд хэрэгжүүлнэ.
  Зургаа.хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээрт улс, орон нутгийн хэмжээнд уралдаан, наадам, үзэсгэлэн зохион байгуулах, хоёрдугаарт уламжлалт урлагийн төрөл зүйлүүд, тэдгээрийг өвлөсөн сод билиг авьяастны судалгааг эрчимжүүлэх, гуравдугаарт сурталчилгааг өргөжүүлэх гэсэн гурван үндсэн хэсэгт хуваан төлөвлөж байна
Олон ястны уламжлалт урлагийн голлох төрлүүдийг хамруулах, нутаг дэвсгэрийн байршил, дэд бүтцийн онцлог, уламжлалт урлагийн зарим уламжлагдах чанар нь алдагдахад хүрч буй төрлийг сэргээн сурталчлах, өвлүүлэх асуудалд дүгнэлт хийж, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, захиалагч байгууллага, хэрэгжүүлэх хугацааг тодорхойлон, шаардагдах хөрөнгийн хэмжээг урьдчилан тогтоож байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухайн жилийн санхүүжилтийг Соёл урлагийн сангаар дамжуулан зарцуулах бөгөөд санхүүжилтийн нөхцөл байдал, үйл ажиллагаанаас хамаарч жил бүр "Ардын уламжлалт урлагийг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн ажлын төлөвлөгөө гаргаж, хөрөнгө, санхүүжилттэй холбогдох тодотгол хийж болно.


Ардын уламжлалт урлагийг дэмжих үндэсний хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд шаардагдах нийт хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
-улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв;
-соёл, урлагийг дэмжих тусгай зориулалт бүхий сан;
-гадаад орон болон олон улсын байгууллагын хөрөнгө;
-дотоод,гадаадын байгууллага, иргэдээс өгсөн хандив, тусламжийн хөрөнгө.
 
Долоо.Хөтөлбөрийн үр дүн
1.Үндэсний уламжлалт урлагийн суурь болон хавсарга судалгаа, сурталчилгааны ажил өргөжиж, нийт хүн амын уламжлалт урлагийн тухай ойлголт, төлөвшилтийн түвшин дээшилнэ.
2.Үндэсний уламжлалт урлагийг өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо сайжирч, хамтын үүрэг, хариуцлагын шинэ тогтолцоо төлөвшинэ.
                3.Үндэсний уламжлалт урлагийг хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийн тогтолцоо бүрдэж, уламжлалт урлагийг дэмжих гадаад, дотоодын байгууллага, хамт олны тоо өсч түүнийг өвлүүлэн уламжлуулахад чиглэсэн тусламж, дэмжлэг нэмэгдэнэ.
                4.Үндэсний уламжлалт урлагийн төрлүүд болон үндэстэн, угсаатны чиглэлээр, улс орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдах урлагийн наадам, уралдаан, үзэсгэлэнгийн арга хэмжээний зохион байгуулалт боловсронгуй болно.
                5.Ардын урлагийг сурталчлах ажлын зохицулалт, үр ашиг дээшилнэ.
 
……… оОо………