A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 123 дугаар тогтоолын хавсралт

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо /цаашид "Үндэсний хороо" гэнэ/-ны үйл ажиллагааны үндсэн зорилго нь хөдөлмөрийн асуудлаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд нөлөөлөх, эдийн засаг, нийгмийн бодлогын асуудлаар үндэсний хэмжээнд зөвлөлдөх, нийгмийн зөвшлийн тогтолцоог хөгжүүлэх, иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон эдийн засаг, нийгмийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд үүссэн хамтын маргааныг зохицуулах, үндэсний хэлэлцээрийг байгуулах, хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавихад оршино.
2.Үндэсний хороо нь Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий үндэсний зөвлөлдөх /орон тооны бус/ байгууллага мөн.
3.Үндэсний хороо нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, бусад хууль тогтоомж, Монгол улсын олон улсын гэрээ, энэ дүрмийг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
4.Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Аль нэг талын төлөөлөгчид бүгд эсрэг санал өгч цөөнх болсон тохиолдолд үндэслэлээ тайлбарлан дахин санал хураалгах эрх эдэлнэ.
5.Үндэсний хороо нь тогтоосон журмаар хийлгэсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
6.Үндэсний хорооны үйл ажиллагааны зардлыг Засгийн газар тогтоож улсын төсөвт тусгана. Үндэсний хорооны  гишүүдэд  мөнгөн урамшуулал олгоно. /ЗГ-ын 2000 оны 12 дугаар тогтоолоор нэмэлт орсон./
 
Хоёр. Үндэсний хорооны бүрэлдэхүүн
7.Үндэсний хороо нь Засгийн газар, Ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй байна.
8.Үндэсний хорооны дарга, дэд дарга, бүрэлдэхүүнийг Хөдөлмөрийн тухай  хуулийн 138.4-т заасны дагуу  томилно.
9.Үндэсний хорооны дарга нь хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн байна.
10.Үндэсний хороо нь ажлын онцлог, шаардлагыг харгалзан салбар хороо, түр болон байнгын ажлын хэсгийг байгуулан ажиллуулж болно.
Гурав. Үндэсний хорооны үйл ажиллагааны чиглэл
11.Үндэсний хорооны үйл ажиллагааг дарга удирдах  бөгөөд гурван талын төлөөлөлтэй, орон тооны бус ажлын албатай байж болно.
12.Хөдөлмөрийн асуудлаархи төрийн бодлого, эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах асуудлын төслийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж холбогдох байгууллагад оруулна.
13.Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлаар ажилладаг өөрийн салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
14.Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн асуудлаар зөвлөлгөөн, сургалт зохион байгуулах, олон улсын туршлага судлах, хэлэлцээр байгуулан хэрэгжүүлэх асуудлаар зөвлөгөө өгнө.
15.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн биелэлтийг хангуулна.
16.Засгийн газар, Ажил олгогчийн болон ажилтны төлөөллийн улсын хэмжээний байгууллагуудын хооронд гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал боловсруулж холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
17.Үндэсний хороо нь үндсэн зорилгоо хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар, Ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах байгууллагад зөвлөмж гаргана.
18.Хорооны бүрэн эрхийн хүрээний асуудлаар мэргэжилтэн, шинжээч ажиллуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудаас шаардлагатай мэдээлэл, тайлбар, лавлагааг гаргуулж авах, холбогдох байгууллагын төлөөлөгчдийг урьж хуралдаанд оролцуулж болно.
Дөрөв. Үндэсний хорооны хуралдаан
19.Үндэсний хорооны хуралдаанд талууд төлөөлөгчөө бүрэн оролцуулах үүрэг хүлээнэ. Хуралдааныг нийт гишүүдийн болон тал тус бүрийг төлөөлөх гишүүдийн 60-аас доошгүй хувь оролцсон тохиолдолд хуралдуулна.
20.Үндэсний хороо 3 сард нэг удаа хуралдана. Хуралдааныг Үндэсний хорооны дарга, дэд дарга зарлан хуралдуулна. Шаардлагатай үед аль нэг талын санаачилснаар ээлжит бус хуралдааныг хийж болно.
21.Үндэсний хорооны хуралдаанаас шийдвэр, зөвлөмж гаргаж түүнд ажил олгогчийн болон ажилтны төлөөллийн улсын хэмжээний байгууллагын тал тус бүрээс эрх олгосон нэг төлөөлөгч зөвшөөрөн гарын үсэг зурах бөгөөд Үндэсний хорооны дарга  гарын үсэг зурж батална.
Тав. Үндэсний хорооны бүрэн эрх
22.Үндэсний хороо нь Хөдөлмөрийн тухай хуулийн    138.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.            
_____оОо_____
 
/ЗГ-ын 2000 оны 12 дугаар тогтоолоор орсон нэмэлт өөрчлөлтийг тусгав./