- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ, АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2004 оны 27 дугаар тогтоолын хавсралт
ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ, АЖИЛЛАХ ЖУРАМ
ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ, АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Үндэсний хороо (цаашид "Хороо" гэх)-ны үндсэн зорилго нь бүсчилсэн хөгжлийн талаар баримтлах Засгийн газрын ерөнхий стратегийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны бүх шатны байгууллага, аймаг, нийслэл, бүсийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, бүс нутгийг хөгжүүлэх талаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагч байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг дэмжин зохион байгуулахад оршино.
1.2. Хороо нь үйл ажиллагаандаа Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
1.3. Хорооны үйл ажиллагааны зардлыг Хороо хуралдаанаараа хэлэлцэн батлах бөгөөд эх үүсвэрийг нь жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.
1.4. Хороо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Хорооны удирдлага, зохион байгуулалт
2.1. Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Хороог байгуулна.
2.2. Хорооны дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
2.2.1. Хороог төлөөлөх;
2.2.2. Хорооны хуралдааныг товлон хэлэлцэх асуудлыг тогтоож, Хорооны хуралдааныг даргалах;
2.2.3. Хорооны хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргах;
2.2.4. Хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх;
2.2.5. Хорооны гишүүдэд үүрэг даалгавар өгч, биелэлтэд нь хяналт тавих;
2.2.6. Хорооны ажлын албаны даргыг томилох;
2.2.7. хууль тогтоомжид заасан болон шаардлагатай гэж үзсэн Хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг Засгийн газар Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх, танилцуулах.
2.3. Хорооны даргын эзгүйд түүний бүрэн эрхийг Хорооны орлогч дарга хэрэгжүүлнэ.
2.4. Хорооны гишүүд нь хариуцсан салбарын хүрээн дэх бүсчилсэн хөгжлийн асуудлыг зохицуулж, ажлын үр дүнг Хороонд тайлагнана.
2.5. Хороо нь бүсчилсэн хөгжлийн тулгамдсан асуудлаар, холбогдох мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд, судлаачдыг оролцуулсан ажлын хэсэг, төслийн баг ажиллуулж, дүгнэлт гаргуулж болно.
Гурав. Хорооны ажиллах журам
3.1. Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
3.2. Хорооны хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
3.2.1. бүсчилсэн хөгжлийн талаар баримтлах Засгийн газрын ерөнхий стратегийн төсөл, бүс-нутгийн болон тухайн бүс дэх салбарын хөгжлийн хөтөлбөр, төслүүд;
3.2.2. бүсчилсэн хөгжлийн төсөл, арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх санал, үндэслэл;
3.2.3. бүс нутгийн хөгжлийг хөрөнгө оруулалт, татвар, зээлийн бодлогоор дэмжих санал;
3.2.4. бүс нутгийн хөгжлийг дэмжих сан байгуулах, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын хэрэгжилтийн явц, байдал;
3.2.5. бүсийн хэлэлцээр байгуулах журмын төсөл боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх санал, үндэслэл;
3.2.6. чөлөөт бүс, аж үйлдвэрийн паркийн хөгжлийн бодлого, зохицуулалтын асуудалд өгөх санал, дүгнэлт;
3.2.7. нийслэлийн болон бүсийн тулгуур төвүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн төсөл, тэдгээрийн хэрэгжилтийн явц, байдлын талаар санал боловсруулах;
3.2.8. бүсүүдэд олон улсын байгууллага, гадаад орны зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний үр дүн, тэдгээрийг уялдуулан зохицуулах санал дүгнэлт;
3.2.9. бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн иргэдийн саналыг үндэслэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох санал, үндэслэлийг Үндэсний хороо хэлэлцэж, Засгийн газарт оруулна;
3.2.10. бүсчилсэн хөгжлийн улсын нэгдсэн бодлогын хүрээнд яам, газар, аймаг, нийслэл, хот болон бүсийн Зөвлөлүүдийн хоорондын ажлын уялдаа, зохицуулалтыг хангах, санал, дүгнэлт;
3.2.11. бүсийн зөвлөлүүдэд хуулиар тогтоосны дагуу гүйцэтгэх засаглалын байгууллагын зарим эрх хэмжээг шилжүүлэх санал;
3.2.12. бүсийн зөвлөлүүдийн жил, хагас жилийн ажлын тайлан, үр дүнгийн талаархи мэдээлэл, санал, тэдгээрийн үйл ажиллагаанд Хорооны ажлын албанаас өгсөн үнэлэлт, дүгнэлт;
3.2.13. Хорооны ажлын албаны эрх, үүргийг тогтоож, жил, хагас жилд гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэх;
3.2.14. Хорооноос байгуулсан ажлын хэсэг, төслийн багийн гүйцэтгэсэн ажлын тайлан, үнэлгээ, санал.
3.3. Хороо нь Хорооны хуралдааны дэгийг баталж, шийдвэрийн биелэлтэд нь тухайн асуудлыг хариуцсан Хорооны гишүүд тус тусын хяналт тавьж ажиллах бөгөөд Хорооны ажил хэргийн гүйцэтгэлийн ерөнхий хяналтыг Хорооны орлогч дарга, Хорооны гишүүн-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нар хэрэгжүүлнэ.
3.4. Хуралдааны шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд хуралдааны явцад тэмдэглэл хөтөлнө.
3.5. Хорооны тогтоолд Хорооны дарга, тухайн асуудал хариуцсан Хорооны гишүүн, хуралдааны тэмдэглэлд Хорооны орлогч дарга, түүний эзгүйд Хорооны ажлын албаны дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
3.6. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн буюу эсхүл зөрсөн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
3.7. Хороо нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай үед Хорооны дарга ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.
3.8. Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Хорооны ажлын алба бэлтгэх бөгөөд хүлээн авч хянаж, хуралд оруулах саналаа Хорооны дарга, орлогч дарга нарт танилцуулна.
3.9. Хорооны даргаас зөвшөөрсний дагуу ажлын алба хурлаар хэлэлцэх асуудлын танилцуулга, холбогдох бусад материалыг хурал эхлэхээс ажлын З өдрийн өмнө Хорооны гишүүдэд тараасан байна.
3.10 Хорооны хуралдаанд холбогдох албан тушаалтнаас гадна шаардлагатай бол аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллагын төлөөлөгчийг байлцуулж тэдний санал, дүгнэлтийг сонсож болно.
----оОо----
Текст томруулах
A
A
A