- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2004 оны 34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Гамшигтай тэмцэх комисс /цаашид комисс гэх/-оос хэрэгжүүлж буй гамшгаас хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
2. Комисс нь Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журмыг удирдлага болгон ажиллана.
3. Комиссын үйл ажиллагаа нь Ерөнхий сайдын шийдвэрээр эхэлж гамшгаас хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч дуусган үр дүнг Ерөнхий сайдад илтгэснээр дуусгавар болно.
4. Комиссыг эрхлэх ажлын хүрээнд нь гамшиг болсон сайд даргална.
5. Комисс нь гамшгийн цагийн байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар шийдвэр гаргана. Шийдвэр нь протоколын хэлбэртэй байна.
Хоёр. Комиссын бүрэн эрх
6. Комисс дараахь үүргийг гүйцэтгэнэ:
6.1. Гамшгийн цагийн байдалтай холбогдуулан авах арга хэмжээ, ажиллах техник хэрэгсэл, материалын болон мөнгөн хөрөнгийн асуудлаар санал, төсөл боловсруулж Ерөнхий сайдад танилцуулан зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;
6.2. Гамшгаас хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах;
6.3. Гамшгийн цагийн байдлын талаар төр, засгийн удирдлагад шуурхай мэдээлэх, тэдний өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх.
7. Комисс дараахь эрхтэй байна:
7.1. Гамшгаас хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд холбогдох мэргэжлийн байгууллага, албан тушаалтан, иргэдийг зохих хууль тогтоомжийн дагуу татан оролцуулах;
7.2. Холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай тайлан, мэдээ, мэдээлэл, судалгааг гаргуулан авах;
7.3. Гамшгийн голомтод хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шалгаж дүгнэлт гаргах, илэрсэн дутагдал, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах.
Гурав. Комиссын чиг үүрэг
8. Комисс нь гамшгаас хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулахдаа дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1. Гамшгийн цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх;
8.2. Хорио цээрийн дэглэмийг сахиулах, харуул, хамгаалалтын ажлыг зохион байгуулах;
8.3. Гамшгийн голомтод ажиллах бүрэлдэхүүнийг тогтоож, дэд бүтцийн асуудлыг зохих байгууллага, албан тушаалтантай хамтран шийдвэрлэж, зохицуулах;
8.4. Гамшгийн голомт, түүний орчинд гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
8.5. Нэрвэгдэгсдэд туслах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах, зохицуулах;
8.6. Гамшгаас хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зохих журмын дагуу тээврийн хэрэгсэл, ажиллах хүчийг дайчлан гаргах ажлыг зохион байгуулан зохицуулах, байршуулах;
8.7. Шаардлагатай гэж үзвэл гамшгийн голомттой харилцах дундын цэгийг байгуулах, гамшгийн голомт болон түүний орчны бүсэд ажиллаж байгаа хүмүүс, автомашин, техникийн хангалт, үйлчилгээний асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах, зохицуулах.
Дөрөв. Бусад
9. Комиссын тухайн үеийн үйл ажиллагааны зардлыг Гамшгаас хамгаалах ерөнхий газраас гаргасан тооцоог үндэслэн гамшгийн эрсдэлийн сангаас санхүүжүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A