- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЗОРИЛГООР МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ АШИГЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2003 оны 196 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт
ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЗОРИЛГООР МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ АШИГЛАХ ЖУРАМ
ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЗОРИЛГООР МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ АШИГЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
Хоёр. Шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглах мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг импортлох
2.1. Шинжилгээ, судалгаанд ашиглагдах мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын импортлох зөвшөөрлийг жилийн хэрэгцээний урьдчилсан тооцоог үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухай бүр олгоно.
2.2. Импортлогч байгууллага нь экспортлогч талтай урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг шинжилгээ, судалгааны зориулалтаар импортлох тухай гэрээ байгуулсан байна.
2.3. Энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтад заагдсан байгууллага эдгээр байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис импортлох тусгай зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллага шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглах мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг импортолж болно.
2.4. Импортлогч байгууллага нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр оруулж ирсэн тухайгаа улсын мэргэжлийн хяналтын байгууллага болон зөвшөөрөл олгогч байгууллагад хуульд заасан хугацаа /7 хоног/-ны дотор мэдэгдэнэ.
Гурав. Шинжилгээ, судалгаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглах
3.1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг судалгааны зорилгоор ашиглах байгууллага нь эрдэм шинжилгээний арга зүйг боловсруулан холбогдох эрдмийн зөвлөлөөр батлуулсан байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрхэн хэрэглэх талаар тайлбарыг арга зүйд тусгасан байна.
3.2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглан эмнэл зүйн туршилт хийх тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Ёс зүйн хорооноос дүгнэлт гаргуулна.
3.3. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ашиглан судалгаа хийж буй байгууллага нь ажлын явц, үр дүнгийн талаар харьяа удирдах байгууллагад тайлагнаж байна.
3.4. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ашиглан шинжилгээ, судалгаа явуулж буй байгууллага нь байгууллага, ажилтны нэрсийг Эрүүгийн цагдаагийн газарт урьдчилан мэдэгдэнэ.
3.5. Эдгээр бодисыг шинжилгээ, судалгаанд ашиглаж буй шат дамжлага бүрт бэлтгэсэн, тэдгээрийг хүлээн авсан, хэрэглэсэн хэмжээ, зарцуулалтын дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
3.6. Шинжилгээ, судалгааны байгууллагад эдгээр бодисын ашиглалт, зарцуулалтад байгууллагын захиргааны зүгээс дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж байна.
3.7. Улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээ, судалгааны зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашигладаг байгууллагыг тогтмол хянаж байна.
Дөрөв. Шинжилгээ, судалгааны зориулалтаар мансууруулах үйлчилгээ бүхий ургамал тарималжуулах, ашиглах
4.1. Шинжилгээ, судалгааны зориулалтаар мансууруулах үйлчилгээ бүхий ургамал тарималжуулах, ашиглах тохиолдолд дараахь шаардлага тавигдана:
4.1.1. ургамлыг тарималжуулах газар, талбайн хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар тогтоолгосон байх;
4.1.2. тухайн ургамлыг ашиглаж болох тухай болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, дүгнэлт гаргуулсан байх.
Тав.Тайлан гаргах
5.1. Шинжилгээ, судалгааны зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ашиглах байгууллага нь дараа онд импортлох шаардлагатай эм, бодисын нэр төрөл, тоо хэмжээг тооцон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 1 дүгээр улиралд багтаан ирүүлнэ.
5.2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглаж буй байгууллага нь импортлосон, хэрэглэсэн бодисын талаархи тайланг улирлаар гарган улирал бүрийн эхний сарын 10-ны дотор зөвшөөрөл олгогч байгууллагад ирүүлнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A