A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС, ТЭДГЭЭРИЙН ТҮҮХИЙ ЭД БОЛОН БЭЛТГЭХ ЗОРИУЛАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХАДГАЛАХ, УСТГАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 196 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС, ТЭДГЭЭРИЙН ТҮҮХИЙ ЭД БОЛОН БЭЛТГЭХ ЗОРИУЛАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХАДГАЛАХ, УСТГАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болон бэлтгэх зориулалтын тоног төхөөрөмжийг хадгалах, устгахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
       
Хоёр. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хадгалах
2.1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг эдгээр эм, бодисыг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага (цаашид "тусгай зөвшөөрөл бүхий байгууллага" гэх), шинжилгээ, судалгаа, эрх бүхий хуулийн болон эмнэлгийн байгууллага хадгална.
2.2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хадгалахад дараахь шаардлагыг хангасан байна:
      2.2.1. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг дохиоллын системээр тоноглогдсон байранд буюу цоожтой төмөр шүүгээнд /техникийн хувьд бэхжүүлсэн/ хадгалах;
      2.2.2. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн нэр, хэмжээ, үйлдвэрлэгчийн нэр, цувралын дугаар, хүчинтэй хугацааг заасан хаяг, шошго бүрэн,  үйлдвэрийн савалгааг өөрчлөөгүй байх;
      2.2.3. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бичил биетийн нөлөөгөөр гэмтэх болон харилцан бохирдохоос сэргийлж зохих арга хэмжээг авсан байх;
      2.2.4. байгууллагын захиргаанаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг хадгалдаг байранд нэвтрэх эрх бүхий ажилтныг томилон, өрөө, төмөр шүүгээний түлхүүрийг эд хариуцагч, лацны тэмдгийг хариуцлагатай албан тушаалтан хадгалдаг байх;
      2.2.5. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хүлээж авах, хуваах, жижиглэн савлах зэрэг үйл ажиллагааг байгууллагаас томилсон байнгын комиссын хяналтын дор тодорхой хугацаанд гүйцэтгэж тэр тухай актыг тухай бүр үйлдэж байх;
      2.2.6. өөрийн ашиглаж, хадгалж буй бодисын тооллогыг сар бүр хийж байх;
      2.2.7. байгууллага нь бэлтгэсэн бодис, түүний нөөц, орлого, зарлага болон хүлээн авагчийн тухай дэлгэрэнгүй бүртгэлийг тухай бүрт бүртгэнэ. Энэхүү бүртгэлийг 2 жилээс доошгүй хугацааны турш хадгална.
2.3. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг эмнэлгийн байгууллагад хадгалахдаа 2.2-т заасан журмаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:
      2.3.1. эмнэлэгт шаардлагатай мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг эмнэлгийн эмийн санд хадгалдаг байх;
      2.3.2. эмнэлгийн тасаг хэрэгцээт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 2 өдрийн хэрэгцээнээс ихгүй хэмжээгээр цоожтой шүүгээнд хадгалах;
      2.3.3. мансууруулах эмийг өвчтөнд хэрэглэсэн тухай бүр эмийн тун, цувралын дугаар, хэрэглэсэн аргыг өвчний түүхэнд тодорхой бичиж сувилагч, тасгийн бага эмч, тасгийн эрхлэгч гарын үсэг зурсан байх;
      2.3.4. тасаг нь эмийн зарцуулалтын бүртгэл хөтөлж байх бөгөөд уг бүртгэлийг 2-оос доошгүй жил хадгалах;
      2.3.5. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын зарцуулалтыг эмнэлгийн эмийн сангийн тайланд тусгана.
 
Гурав.Тайлан гаргах
3.1. Тусгай зөвшөөрөл бүхий байгууллага дараа онд импортлох шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр төрөл, тоо хэмжээг тооцон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  1 дүгээр улиралд багтаан ирүүлнэ.
3.2. Тусгай зөвшөөрөл бүхий байгууллага нь импортлосон, хэрэглэсэн бодисын талаархи тайланг улирлаар гарган улирал бүрийн эхний сарын 10-ны дотор зөвшөөрөл олгогч байгууллагад  ирүүлнэ.
 
Дөрөв. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис,  тэдгээрийн түүхий эдийг устгах
4.1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай" хуулийн 7.2-т заасан тохиолдолд устгах арга хэмжээ авна.
4.2. Хууль бус эргэлтээс хураан авсан, эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглах боломжгүй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар устгана. 
4.3. Тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, шинжилгээ, судалгааны байгууллага нь хүчинтэй хугацаа дууссан, химийн болон физикийн үйлчлэлийн улмаас нөхөн сэргээх, дахин боловсруулах боломжгүйгээр шинж чанараа алдсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг устгахдаа дараахь нөхцөлийг хангасан байна:
      4.3.1. улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн байгууллагын даргын шийдвэрээр тусгай комисс томилох;
 
      4.3.2. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг устгахдаа улсын мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг байлцуулах;
      4.3.3. устгасан тухай баримт бичиг үйлдэн улсын мэргэжлийн хяналтын байгууллагад хуулбарыг хүргүүлэх.
4.4. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг устгахдаа түүний шинж чанар, ангиллаас хамаарч  шатаах, саармагжуулсны дараа бохир ус зайлуулах шугамд хаях, булах, булшлах зэрэг аргын аль тохирохыг хэрэглэнэ.
 
Тав. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис,  тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх тоног төхөөрөмжийг хадгалах, устгах
5.1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх тоног төхөөрөмжийг зөвхөн эдгээр эм, бодис, түүхий эдийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж хадгалж ашиглана.
5.2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэхэд ашиглаж байсан тоног төхөөрөмжийг цаашид ашиглах боломжгүй нь улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрийн дагуу тусгай комисс томилон устгаж, нотломж үйлдэн холбогдох газарт танилцуулна.  
 
 
 
 
 
 
----оОо----