A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 94 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

МОНГОЛ, ХЯТАДЫН УЛСЫН ХИЛИЙН ШУГАМЫГ ШАЛГАХ ХАМТАРСАН КОМИССЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН БАРИМТЛАХ УДИРДАМЖ
Нэг. Үндсэн чиглэл
1. Монгол, Хятадын улсын хилийн шугам, тэмдгийн байршлыг 2001-2003 онд Хятадын талтай хамтран шалгана.
2. Улсын хилийн шугамыг шалгахдаа Монгол Улсын үндэсний эрх ашиг, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй байдлыг хамгаалах, харилцан ашигтай байх зарчим, түүнчлэн олон улсын харилцааны болон эрх зүйн нийтлэг хэм хэмжээг удирдлага болгоно.
Мөн Монгол Улсын Хилийн тухай хууль, хоёр улсын хооронд 1962, 1964 онд байгуулсан хилийн гэрээ, протокол, улсын  хилийн шугамыг 1962-1963 онд газар дээр нь тогтоон тэмдэглэж, 1982-1984 онд анх удаа хамтран шалгасан баримт бичгүүдийг  тус тус үндэслэл болгоно.
3. Улсын хилийн бүх тэмдэг, тэдгээрийн холбоосыг шалгаж сэргээн засварлах, эвдэрч хэмхэрсэн болон байгалийн нөлөөллийн улмаас алга болсон хилийн тэмдгүүдийн байршлыг тогтоох, өөрчлөх, шаардлагатай хэсэгт туслах чанарын тэмдэг босгох зэргээр хилийн шугамын зүг чиг, байршлыг нарийн тодорхой болгож, үр дүнг нь улсын хилийн шугамыг хамтран шалгасан тухай баримт бичигт тусгана.
4. Монгол, Хятадын улсын хилийн шугамыг шалгах хамтарсан  комисс байгуулах бөгөөд улсын хилийн шугамыг 1982-1984 онд хамтран шалгасан жишгийн дагуу хамтарсан салбар комисс 7, хамтарсан техник ажлын групп 17-г байгуулж ажиллуулна.
5. 1962-1963 онд газар дээр нь тогтоон тэмдэглэж, 1982-1984 онд хамтран шалгасан хилийн шугамаас зөрсөн аливаа тохиолдлыг нягтлан үзэж Хамтарсан комиссын  хуралдаанаар хэлэлцүүлнэ.
6. Хамтарсан комиссын хуралдаанаар хэлэлцэх үндсэн асуудлууд болон шалгалтын явцад гарч болох зарчмын асуудлуудыг Гадаад хэргийн сайдад урьдчилан танилцуулж чиглэл авах, зайлшгүй шаардлага гарвал  Засгийн газарт оруулан хэлэлцүүлнэ.
7. Улсын хилийг хамтран шалгах явцад улсын хилийн шугамыг  өөрчилбөл  энэ талаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн, холбогдох хуулиар баталгаажуулна.           
Хоёр. Тодорхой асуудлаар баримтлах чиглэл
1. Хилийн зурвасын 1:100000-ны масштабын зургийг 6 км хүртэл өргөнтэй зурваст 1:50000-ны масштабын зураг болгон шинэчилнэ. Харин Монгол, Хятад, Оросын хилийн баруун уулзвараас хилийн 38 дугаар тэмдэг хүртэлх Алтайн нурууны өндөр уулсын хэсэгт өөрчлөхгүй үлдээж болно,тэгэхдээ хилийн шугамын байршлыг зурагтай нь сайтар тулган шалгаж тодотгоно.
2. Хилийн тэмдэг бүрийг хамтран шалгаж, засан сэргээх ажлыг Хамтарсан комиссоос тогтоосон зааврын дагуу гүйцэтгэнэ. Хоёр талын аж ахуйн үйл ажиллагаа идэвхжсэн хилийн хэсгүүд болон бусад шаардлагатай газарт хилийн шугамын байршлыг тодорхой болгох зорилгоор зохих тооны туслах чанарын тэмдгүүдийг шинээр нэмж босгоно.
3. Булган, Нөмрөг, Шарилж, Халхын голын хил болдог хэсэгт хилийн шугамын байршлыг тодотгоно.  Буйр нуураар дайрч байгаа хилийн шугамыг солбицол тодорхойлохгүйгээр хөвүүр тэмдгээр тэмдэглэж тодорхой болгох чиглэл баримтална.
Голын голдрил өөрчлөгдсөн хэсэгт хилийн усыг  хадгалах чиглэл баримталж, голдрилыг сэргээх. Хуурай голдрилоор /салаа, сайраар/ хил тогтоох саналыг зөвшөөрөхгүй байх, шаардлагатай тохиолдолд ус зүйн ажил явуулж шийдвэрлэнэ.
4. Хилийн шугамын дагуухь огтолсон хуучин ойн зурвасыг сэргээх, шинэчлэх ажлыг гүйцэтгэнэ.
5. Урьдчилсан тооцоогоор хилийн нийт тэмдгийн 20 хүртэл хувийн солбицлыг түүвэрлэн тодорхойлж шалгахын дээр хилийн  1-38 дугаар тэмдгүүдийн солбицлыг шинээр тодорхойлно.
6. Хилийн 12-12/1, 40-44/3, 45/1-47, 71-72, 379-383, 538/2-539, 542-544/2, 545-545/1 дүгээр тэмдгүүдийн хэсэгт хилийн шугамын байршлыг тусгайлан үзэж шалгана.
7. Хилийн шугамын байршлыг зааж баримжаа болж байсан зам харгуй арилж мэдэгдэхгүй болсон зэрэг шалтгаанаар цаашид хос баганатай байх шаардлагагүй хэсэгт дан багана бүхий тэмдэг босгон өөрчилнө.
8. Хилийн тэмдэг, туслах чанарын тэмдгүүдэд 1:10000-ны масштабтай байршлын тойм зураг хийх эсэх талаар Хятадын талтай тохиролцож хэрэгжүүлнэ.
9. Хилийг хамтран шалгахтай холбогдсон ажлын зардлыг  Хятадын талтай  тохиролцоно. Буйр нуурт хөвүүр тэмдгүүд тавьж хилийн шугамын байршлыг тэмдэглэх, хилийн дагуу агаараас зураг авах, хилийн зурвасын газрын зураг хэвлэх ажлыг Хятадын талаар хийлгэх буюу зардлыг нь даалгахыг эрмэлзэнэ.
                                                                ----оОо----