- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБАНЫ ДҮРЭМ
Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 119 дүгээр тогтоолын хавсралт
ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБАНЫ ДҮРЭМ
ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБАНЫ ДҮРЭМ
1.Үндэсний татварын алба /цаашид татварын алба гэх/-ны зорилт нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хяналт тавих, сургалт, сурталчилгаа явуулах, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд оршино.
2.Татварын албаны ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааг татварын хуулиуд болон энэ дүрмээр зохицуулна..
3.Татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна..
4.Татварын алба болон татварын улсын байцаагч нь /цаашид татварын байцаагч гэх/ үйл ажиллагаандаа хууль дээдлэх, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг баримтлахаас гадна татвар төлөгчийн хөрөнгө, үйлдвэрлэл, худалдааны нууцыг хадгална..
5.Татварын алба бие даасан, нэгдсэн төсөвтэй байх бөгөөд зардлыг нь улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлнэ..
6.Монгол Улсын татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан татварын албанаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг татвар төлөгч дагаж мөрдөнө..
7.Төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага нь татварын хяналтын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж, шаардлагатай мэдээллээр ханган татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй..
8.Татварын алба төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагатай хамтран татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж болно.
9.Үндэсний татварын алба нь Үндэсний татварын ерөнхий газар /цаашид ерөнхий газар/ аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын улсын байцаагчаас бүрдэнэ.
10.Ерөнхий газар нь Сангийн сайдын, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтэс нь Ерөнхий газрын удирдлага дор ажиллана.
Дүүргийн татварын хэлтэс, сумын татварын улсын байцаагч нь нийслэл, аймгийн татварын газар, хэлтсийн удирдлага дор тус тус ажиллана.
11.Ерөнхий газар нь бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүй, хяналт, зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.
12.Татварын албыг Ерөнхий газрын дарга толгойлох бөгөөд түүнийг Монгол Улсын Засгийн газар томилно. Ерөнхий газрын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байна.
13.Татварын албаны болон Ерөнхий газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэн зөвшилцөж байх зорилгоор Ерөнхий газрын даргын зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг татварын Ерөнхий газрын даргын тушаалаар батална.
14.Ерөнхий газрын дарга нь аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг, нийслэлийн татварын газрын дарга нь дүүргийн татварын хэлтсийн даргыг, аймгийн татварын хэлтсийн дарга нь сумын татварын улсын байцаагчийг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилно. Ерөнхий газарт татварын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст татварын улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана. Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нь татварын улсын ахлах байцаагч байна. Татварын байцаагчид татварын байцаагчийн эрхийг татварын улсын ерөнхий байцаагчийн тушаалаар олгоно.
15.Ерөнхий газар нь тогтоосон журмаар хийсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас тус тус хэрэглэнэ.
16.Татварын улсын ахлах байцаагч, татварын байцаагч нь эрхийн үнэмлэх, хувийн тэмдэг, торгуулийн хуудас хэрэглэнэ. Уг үнэмлэхэд татварын улсын ерөнхий байцаагч гарын үсэг зурна. Татварын байцаагчийн үнэмлэх, тэмдгийг бусдад шилжүүлж үл болно.
17.Ерөнхий газар, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн бүтцэд татварын хэрэг бүртгэх нэгж байна.
18.Ерөнхий газар, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтэст татвар төлөгчийн гомдлыг захиргааны журмаар шийдвэрлэх маргаан таслах зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Засгийн газар тогтооно..
19.Татварын хууль тогтоомжийг зөрчиж, татвар ногдуулах орлого, эд хөрөнгөө нуусан, санаатайгаар бууруулсан болон бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн тухай мэдээллийг татварын алба үнэлэн авч болох бөгөөд мэдээллийг үнэлэх, хүлээн авч шалган шийдвэрлэх нийтлэг жишгийг Үндэсний татварын ерөнхий газар тогтооно.
20.Татварын бүх шатны алба нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн орлогыг бүрдүүлэх, төсвийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах талаар Сангийн яам, орон нутгийн санхүү-эдийн засгийн байгууллагатай өдөр тутмын үйл ажиллагаагаа нягт уядуулан мэдээлэл солилцох, тайлан мэдээ гаргаж, дүн шинжилгээ хийх зэргээр байнга хамтран ажиллана.
21.Татварын албанд орон тооны бус татварын байцаагч ажиллуулж болно. Орон тооны бус байцаагч ажиллуулах журмыг Ерөнхий газар тогтооно.
22.Ерөнхий газар нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ.
а/татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зөвлөмж, аргачлал, заавар, журам гаргах;
б/татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдал, үр дүнг судалж, боловсронгуй болгох;
в/татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж хуулиар тогтоосон албан татвар, төлбөр, хураамжийг хурааж төсөвт оруулах;
г/шинжлэх ухаан, боловсрол, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран иргэд, байгууллагад татварын хууль, тогтоомжийг сурталчлах;
д/бүх шатны татварын албаны үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж дутагдал зөрчлийг арилгах, тэргүүний арга барилыг сурталчлах, орон нутгийн татварын албадын үйл ажиллагааг шалгаж зааварчлах, удирдаж зохион байгуулах;
е/аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчдийн бүртгэл хөтлөх;
ж/татварын албыг эдийн засаг, санхүү, хууль татвар, бүртгэлийн өндөр мэргэжил мэдлэгтэй, үнэнч шудрага, ажлын зохих дадлага туршлагатай боловсон хүчнээр бэхжүүлэх, тэдгээрийн мэргэшлийг дээшлүүлэх;
з/татвар ногдуулах, төлөх, тайлагнах, хураах, хяналт тавихтай холбогдсон мэдээ, тайлан, орлого, татвар тодорхойлох хуудас зэрэг баримт бичгийн загварыг боловсруулж батлах, нийтийн хүртээл болгох;
и/татварын албаны буруугаар учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлөх.
23.Ерөнхий газар нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/татварын хууль тогтоомжид заасны дагуу татвар төлөгчид татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх;
б/анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс орлого, зарлагаа тодорхойлох боломжгүй татвар төлөгчдөд татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай Монгол Улсын хуульд заасан жишгээр татвар ногдуулах;
в/тогтоосон хугацаанд татвар төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагын банкин дахь харилцах зарлагын гүйлгээг татвараа төлж дуустал түр зогсоох;
г/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хугацаандаа төлөөгүй татвар болон нөхөн ногдуулсан татвар, хүү, торгуулийг үл маргах журмаар гаргуулах;
д/татварын албанаас тогтоосон актад заасан татвар, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол татвар, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг хуульд заасан журмын дагуу гаргуулан дуудлагын худалдаагаар борлуулан мөнгийг төсөвт шилжүүлэх;
е/татвар, ногдуулсан хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн, татварын мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж ирүүлээгүй, татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилга арга хэмжээ аваагүй гэм буруутай этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага ногдуулах;
ж/татварын хэрэг бүртгэх ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулах;
з/татварын алба, татварын байцаагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх болон татварын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах;
и/аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсээс гаргасан шийдвэр болон Татварын ерөнхий газрын татварын байцаагчийн тавьсан шалгалтын актыг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх;
к/илүү төлсөн татварыг дараагийн сар, улирал, жилийн татварт суутган тооцох буюу татвар төлөгч хүсвэл тооцоо хийснээс хойш 30 хоногийн дотор эргүүлэн олгох;
л/банкны байгуулага, татвар төлөгчийн татварын төлбөрийг хуульд заасан хугацаанд гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй төлбөрийн дүнд хоног тутамд 0,5 хувийн хүү ногдуулах;
м/татварын хяналт хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ судалгаа, холбогдох бусад баримт бичгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулж авах;
н/дор дурдсан тохиолдолд шүүхэд нэхэмжлэл буюу гомдол гаргах:
1/татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн татвар төлөгчийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг бүрмөсөн зогсоох;
2/татвар төлөгч хууль тогтоомжоор хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж олсон орлого, ашигласан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, түүхий эд, материалыг бүрмөсөн хураах;
3/татвар төлөгч хууль тогтоомжоор хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээг зохих зөвшөөрөлгүй явуулж олсон орлогыг бүрмөсөн хураах;
4/татвар төлөгч хуурамч буюу хүчингүй гэрээ хэлцэл, хууль бус үйлдлээр олсон орлогыг бүрмөсөн хураах;
5/татварын байцаагч албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулсан, эсэргүүцэл үзүүлсэн, түүнийг үйл ажиллагаатай нь холбогдуулан мөрдөн хавчсан, амь бие, эрүүл мэндэд нь халдаж хохирол учруулсан гэм буруутай этгээдэд зохих шийтгэл хүлээлгэх;
6/татварын өр төлбөрийг барагдуулах;
7/хууль тогтоомжид заасан бусад асуудал.
24.Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс нь дор дурдсан эрх үүргийг хэрэгжүүлнэ:
а/ тухайн нутаг дэвсгэрт байрладаг, өөрийн газар, хэлтэст харьяалагддаг татвар төлөгчийн хүрээнд татварын хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, хяналт шалгалтын явцад татварын бусад албаны харьяалалд байдаг татвар төлөгчөөс татварын хууль тогтоомж зөрчсөн нь илэрвэл тэр тухай уг татвар төлөгчийг харьяалсан татварын албанд мэдэгдэх, хойшлуулшгүй нөхцөл байдалд зөрчил гаргасан татвар төлөгчийг харьяалсан алба буюу түүний дээд шатны татварын албанд мэдэгдэн, зөвшөөрөл авсны дагуу түүнийг хянан шалгах, хариуцлага тооцох;
б/тухайн нутаг дэвсгэр дэх өөрийн харьяалсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн татварыг зохих хугацаанд нь төсөвт оруулж, төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
в/аймгийн татварын хэлтэс тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгэх, татварын албад татвар төлөгчдийн бүртгэл хөтлөх;
г/тухайн нутаг дэвсгэрийн татварын албаны үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж дутагдал зөрчлийг арилгах, ажлын тэргүүний арга туршлага болон татварын хууль, тогтоомжийг сурталчлах;
д/татварын хяналтын тайлан, мэдээ, аж ахуйн нэгжийн бүртгэлийн мэдээ зэрэг татварын холбогдолтой мэдээллийг тогтоосон журмын дагуу Ерөнхий газарт ирүүлэх;
е/татварын албыг үнэнч шудрага, санхүү, татвар, хууль, бүртгэлийн ажлын мэдлэгтэй, дадлага туршлагатай, чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлж тэдгээрийн мэргэшлийг дээшлүүлэх;
ж/аймаг, нийслэлийн татварын газар, хэлтэс нь энэ дүрмийн 23 дугаар зүйлийн "и"-д зааснаас бусад эрхийг эдлэхийн хамт дүүргийн татварын хэлтэс, сумын улсын байцаагчаас гаргасан шийдвэр болон шалгалтын актыг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх;
з/дүүргийн татварын хэлтэс, энэ дүрмийн 23 дугаар зүйлийн "а, б, г, д, е, ж, к, л"-д заасан эрхийг эдлэхийн хамт дүүргийн татварын байцаагчийн тавьсан шалгалтын актыг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх.
25.Татварын хууль тогтоомж, санхүү бүртгэлийн асуудлаар татвар төлөгчдөд сургалт явуулах, үйлчилгээ үзүүлэх.
26.Татварын улсын байцаагч нь дор дурдсан үүргийг хэрэгжүүлнэ:
а/татвар төлөгчөөс нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцлээ гаргах, орлого, татвараа тодорхойлох, татварын тооцоотой холбогдсон бусад баримт бичиг үйлдэх ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих;
б/татвар төлөгч нь татвар ногдох зүйлийг үнэн зөв тодорхойлж ногдсон татвараа төлсөн эсэхийг шалгах;
в/татварын хяналт шалгалт, татварын ногдуулалтаар тогтоогдсон татвар, хүү, торгуулийг хугацаанд нь төсөвт оруулах;
г/татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
д/татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн тэдэнд туслалцаа үзүүлж, татвар төлөгчийг төлөвшүүлэх;
е/нягтлан бодох бүртгэл хөтлөх, орлого, татварыг тодорхойлох, тайлан тэнцэл гаргах, татварын тооцоотой холбогдсон баримт бичиг үйлдэх зэрэг асуудлаар татвар төлөгчдөд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
ж/татвар ногдуулах, төлүүлэх, хяналт тавих, хураах зэрэг татварын үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар татвар төлөгчдөд зөвлөлгөө өгөх;
з/татварын хууль, тогтоомжийг зөрчсөн илрэл бүртэй хууль тогтоомжоор олгогдсон эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцож байх.
27.Татварын улсын байцаагч дор дурдсан эрх эдэлнэ:
а/татвар ногдуулалт, төлөлттэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл, төлөвлөгөө, төсөв болон санхүүгийн бусад баримтад шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах;
б/татварын хяналт шалгалтад шаардлагатай магадлагаа, баримтын хуулбарыг татвар төлөгчийн харилцагч аж ахуйн нэгж, банк, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
в/орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсвэл татвар ногдох зүйлтэй холбогдолтой эд хөрөнгийг хадгалж буй татвар төлөгчийн байр, агуулах /түүний байршлаас үл хамааран/-д нэвтрэн орж шалгалт, тооллого, ажлын зураг авалт, үзлэг хийх;
г/татвар ногдох зүйлээ нуусныг гэрчлэх баримтыг татвар төлөгчөөс түр хугацаагаар хураан авах, хуулбарлах;
д/аж ахуйн нэгж, байгууллагаас бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, орлогод татвар ногдуулан суутгаж аваад төсөвт төлөөгүй тохиолдолд түүнийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгөнөөс нөхөн төлүүлэх;
е/татвар төлөгчийн цалин хөлс, эд хөрөнгө, бусад орлогоос хуульд заасан үндэслэл журмын дагуу татварын төлбөр гаргуулах;
ж/хууль тогтоомж зөрчсөн иргэд, татвар төлөгчид Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай болон бусад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
28.Татвар төлөгч нь татварын байцаагчийн үйл ажиллагаатай холбогдуулж зохих шатны татварын алба болон шүүхэд гомдол гаргаж болно. Гомдол гаргах нь татвар төлөхийг зогсоох үндэслэл болохгүй. Гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор барагдуулна. Шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.
29.Татвар төлөгчийн хууль бус үйл ажиллагааг нуух, татварын орлогыг хувийн зорилгодоо ашиглах, хээл хахууль авах, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх болон урвуулан ашиглах, албан тушаалдаа хайнга хандаж хууль тогтоомжуудыг зөрчсөн татварын албаны ажилтанд сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
30.Татварын байцаагчид Төрийн албаны тухай хуульд заасан цалин, нэмэгдлүүд, Татварын ерөнхий хуулинд заасан ажлын үр дүнгийн шагнал олгоно.
31.Татварын улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын нөлөөгөөр хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон, амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт дараахь буцалтгүй тусламжийг олгоно:
а/хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;
б/тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;
в/амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь хохирогчийн 3 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж.
32.Энэ дүрмийн 31 дүгээр зүйлд заасан тэтгэвэр, цалингийн зөрүүг төсвөөс олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
_ оОо _
Текст томруулах
A
A
A