A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АЖИЛ ОЛГОГЧ, ДААТГУУЛАГЧ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХООРОНД ГАРСАН ЗӨРҮҮГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ГОМДЛЫН ШААРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

АЖИЛ ОЛГОГЧ, ДААТГУУЛАГЧ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХООРОНД  ГАРСАН ЗӨРҮҮГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ГОМДЛЫН ШААРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ Нэг. Нийтлэг үндэслэл
 1. Нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянаж шийдвэрлэх Гомдлын шаардлагын зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/-ийн үндсэн зорилго нь нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрүүг хууль тогтоомжид нийлүүлэн хянан шийдвэрлэж ажил олгогч, даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад оршино.
  2. Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд орон тооны бус зөвлөл ажиллана.
 3. Зөвлөл нь нийгмийн даатгалын холбогдолтой хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.
 4. Зөвлөл нь тогтоол, тэмдэглэл гаргах бөгөөд түүнийг даатгалын харилцаанд оролцогч талууд хэрэгжүүлэх үүрэгтэй.
 5. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх зөвлөл нь аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх зөвлөлийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
 6. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх зөвлөл нь Газрын даргын өмнө, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх зөвлөл нь тухайн шатны Засаг дарга, нийгмийн даатгалын хэлтсийн даргын өмнө тус тус ажлаа хариуцна.
 7. Зөвлөлийн гишүүнээр ажилладаг нийгмийн даатгалын бус байгууллагын хүмүүст зөвлөлийн хуралд оролцсон цаг, ажлын үр дүнг харгалзан шагнал олгоно. Шагналын хэмжээ, журмыг нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлтэй зөвшилцөн Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга батална.
 8. Зөвлөл нь тогтоосон журмаар хийгдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
  Хоёр. Зөвлөлийн бүрэлдэхүүн
9. Зөвлөл нь дарга, гишүүн бүгд 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлд нийгмийн даатгал, санхүү, эдийн засаг, хуулийн мэргэжлийн ажилтан орсон байна. Зөвлөл нь нарийн бичгийн дарга /орон тооны бус/-тай байна.
 10. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх зөвлөлийн дарга, гишүүдийг газрын дарга батална. Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын зөвлөлийн дарга нь тухайн шатны нийгмийн даатгалын хэлтсийн дарга байх бөгөөд тэдгээрийн бүрэлдэхүүнийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга тус тус батална.
Гурав. Зөвлөлийн хуралдаан
 11. Зөвлөл нь сард 1-2 удаа буюу ажлын шаардлага гарсан үед хуралдана. Зөвлөлийн хуралдааныг дарга удирдана. Зөвлөлийн дарга эзгүй тохиолдолд зөвлөлийн гишүүдийн аль нэг нь Зөвлөлийн даргын шийдвэрээр түүнийг орлоно.
  12. Зөвлөлийн дотоод ажлыг зөвлөлийн дарга эрхлэх бөгөөд хуралд оруулах асуудлын бүрдлийг хариуцан хянаж бэлтгэнэ.
 13. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтөлж, зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж албажуулна.
 14. Зөвлөл нь гомдол гаргагчаас ирүүлсэн материалыг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэнэ. Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүдийн олонхийн саналд үндэслэн тогтоол гаргана. Тогтоолд зөвлөлийн дарга гарын үсэг зурна.
 Санал зөрүүтэй байгаа гишүүн өөрийн саналыг зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд бичүүлэх буюу саналаа бичгээр гаргаж хуралдааны баримт бичигт хавсаргаж болно.
 15. Зөвлөлийн хуралдааныг гишүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдах бөгөөд зөвлөлийн хуралдаанд гомдол гаргагчийг шаардлагатай бол биеэр оролцуулна. Мөн холбогдох байгууллагын ажилтныг зөвлөлийн хуралдаанд оролцуулж болно.
Дөрөв. Зөвлөлийн үүрэг, эрх
     16. Зөвлөл нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
     а/ажил олгогч, даатгуулагчийн гомдлыг харъяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэх;
     б/зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг гомдол гаргагч /ажил олгогч, даатгуулагч/-д тайлбарлаж таниулах;
     в/ажил олгогч, даатгуулагч иргэдээс буцааж өгөхөөр авсан бичиг баримтын асуудал шийдэгдсэний дараа нэн даруй эргүүлж өгөх;
     г/зөвлөлийн гишүүд нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сайтар судалж мэдсэн байхын хамт тэдгээрийг хэрэгжүүлэх, ажил олгогч, даатгагч, даатгуулагчдад тайлбарлаж сурталчлах, гарсан шийдвэрийнхээ үндэслэлийг ойлгуулах, маргаантай асуудалд зарчимч шударгаар хандаж шийдвэрлэх.
            17. Зөвлөл нь дор дурдсан эрх эдэлнэ:
     а/маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай бичиг баримт, мэдээ, судалгааг холбогдох ажил олгогч болон даатгуулагч, даатгагчаас гаргуулж авах;
     б/гомдол гаргагч болон холбогдох байгууллага, иргэдээс тайлбар, тодорхойлолт гаргуулж авах, санал, хүсэлтийг нь сонсох, мэргэжилтэн урьж зөвлөлгөө авах;
     в/нийгмийн даатгалын байгууллагын болон байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэстэй гэж үзвэл ажил олгогч, даатгуулагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгоно. Хэрэв гомдол гаргагчийн гомдол нь хууль зүйн үндэстэй нь нотлогдвол түүнд оногдуулсан шимтгэл, хүү, торгуулийг чөлөөлөх, буруу тогтоож олгосон тэтгэвэр, тэтгэмжийг шинэчлэх, гаргасан зардлыг нь олгуулах асуудлыг нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагад тавих;
     г/тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн эрх үүсэх үндсэн нөхцөл, болзол болон тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн хэмжээний талаар гарсан маргааныг холбогдох бичиг баримтыг үндэслэн зохих хууль тогтоомжид нийцүүлэн хянаж шийдвэрлэх;
     д/тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн олгох, түдгэлзүүлэх, зогсоох, ажил олгогч, даатгуулагчийн буруутай үйл ажиллагаанаас болон хуурамч бичиг баримт бүрдүүлснээс шалтгаалан буруу тогтоогдсон тэтгэвэр, тэтгэмжийг өөрчлөн тогтоож олгох, суутгал хийх;
     е/хөдөлмөрийн болон даатгалын дэвтэр нь зохих журмын дагуу хөтлөгдөөгүй тохиолдолд нотлох баримтыг хянаж түүний ажилласан хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээг тогтоох;
     ж/ зөвлөлөөр хэлэлцэж буй асуудал гэмт хэргийн шинжтэй бол түүнийг хууль тогтоомжийн дагуу шүүхэд шилжүүлж хянуулах.
            18. Ажил олгогч, даатгуулагч дор дурдсан эрх, үүрэгтэй байна:
     а/ажил олгогч, даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэсгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гомдлоо зөвлөлд гаргах;
     б/гарсан гомдолтой холбогдох акт, бичиг баримттай танилцах;
     в/ зөвлөлийн хуралдаанд биеэр оролцож санал хүсэлтээ гаргах;
     г/ зөвлөлийн хуралдаан болохоос өмнө санал зөрүүтэй асуудлынхаа талаар амаар буюу бичгээр тайлбар тодорхойлолт гаргаж өгөх;
     д/зөвлөлийн хуралдааны тогтоол, тэмдэглэлтэй танилцах;
     е/ зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд гомдлоо гаргах;
     ж/нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн тавьсан акт, оногдуулсан хүү, торгуулийг зөвлөлийн хуралдаанаас хүчингүй болгосон тохиолдолд гомдол гаргагч хүү, торгуульд төлсөн зардлыг буцааж олгохыг шаардах;
     з/ зөвлөлийн дарга, гишүүдийн аль нэг нь шалгагч, гомдол гаргагчийн төрөл садан байгаа буюу эсвэл уг гомдлын талаар шалгаж акт, хүү, торгууль тавьж байсан бол түүгээр маргааныг шалгаж шийдвэрлүүлэхээс татгалзах;
     и/ажил олгогч, даатгуулагч нь зөвлөлд хянан хэлэлцэгдэж байгаа асуудлын талаар нотлох баримт материал болон зөвлөлийн дарга, гишүүд, түүнчлэн асуудлыг шалган магадлаж байгаа хүмүүст шаардлагатай тайлбар, тодорхойлолт гаргаж өгөх үүрэгтэй.
 
------оОо-----