A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ КОМИССЫН ДҮРЭМ Энэ хавсралтыг 2008-07-29-ний 304-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979
Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралт

ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ КОМИССЫН ДҮРЭМ (Энэ хавсралтыг 2008-07-29-ний 304-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
 Нэг. Нийтлэг үндэслэл
 
1. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс /цаашид "комисс" гэнэ/-ын зорилго нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас /хэсэгчлэн/ алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацаа болон хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх асуудлыг магадлан шийдвэрлэхэд оршино. /1999 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./.
 2. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэд  эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, аймаг, нийслэлийн дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс ажиллана.
 Хүн амын нягтрал, аж ахуйн нэгж, байгууллагын төвлөрөл, эмнэлэг үйлчилгээний материаллаг бааз, нарийн мэргэжлийн эмч нарын хангамж зэрэгтэй уялдуулан суманд эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комисс байгуулан ажиллуулж болно. /1999 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/ .
 3. Комисс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Нийгмийн даатгалын тухай болон цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиуд, энэ дүрмийг мөрдлөг болгоно.
 4. Комисс нь тогтоосон журмаар хийсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 5. Комисс нь хуулийн дагуу эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах бөгөөд түүнийг даатгалын харилцаанд оролцогч талууд биелүүлэх үүрэгтэй.
Хоёр. Комиссын бүрэлдэхүүн
6. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст нарийн мэргэжлийн эмч, нийгмийн даатгалын болон ажил олгогч, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөгч орно.
 7. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд түүний дарга, гишүүдийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга томилно.
     Төв комисс нь орон нутгийн комиссыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны талаар гарсан маргааныг хянан шийдвэрлэнэ. Төв комиссын дарга, нарийн бичгийн дарга орон тооны байна.
 8. Аймаг, нийслэлийн дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд комиссын дарга, гишүүдийг тухайн Засаг дарга, эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисстой тохиролцсоны үндсэн дээр Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга томилно.
 9. Суманд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс байгуулах бол уг комиссын дарга, гишүүдийг аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, тухайн сумын Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга томилно.
 10. Аймаг, сум, дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга, нарийн бичгийн дарга орон тооны бус байна.
Гурав. Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох
     11. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас гэж ангилна.
     12. Хөдөлмөрийн чадвар алдаж тахир дутуу болсныг хөдөлмөрийн чадвараа бүрэн, хагас /хэсэгчлэн/ алдсан гэж ангилан тогтооно.
     13. Тахир дутуу болсныг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хэдэн хувиар хөдөлмөрийн чадвар алдсан болохыг энэ дүрмийн 11 дүгээр зүйлд заасан шалтгаан тус бүрээр тогтооно.
     14. Тахир дутуу болсон даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан байдлыг дор дурдсан хувь хэмжээг харгалзан тогтооно:
     а/хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд;
     б/хөдөлмөрийн чадвараа 10-70 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвараа хагас /хэсэгчлэн/ алдсанд тооцно.
     15. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан байдалд байгаа хугацааг эхний удаад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол 6-24 сараар, хөдөлмөрийн чадвараа хагас алдсан бол 3-12 сараар тус тус тогтооно. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар нь нөхөн сэргээгдэх хүртэл дээрх хугацааны дотор хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг сунгаж болно. Харин даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар нь нөхөн сэргээгдэхгүй нь тогтоогдвол түүний тахир дутуу болсныг хугацаагүйгээр тогтоож болно.
Дөрөв. Комиссын үүрэг, эрх
     16. Комисс дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
     а/даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа бүрэн болон хагас /хэсэгчлэн/ алдсан шалтгааныг тогтоох;
     б/хөдөлмөрийн чадвараа бүрэн болон хагас /хэсэгчлэн/ алдсан хугацааг тогтоох;
     в/ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох;
     г/ажилтны эрүүл мэндэд харшлах байдлыг харгалзан хөдөлмөрийн нөхцөлийг эхний удаа 6 сар хүртэл хугацаагаар өөрчлөх, шаардлагатай бол уг нөхцөлийг бүрэн өөрчлөхөөр шийдвэрлэх;
     д/өвчин архагшин даамжрахаас сэргийлэх үүднээс ажлын ачааллыг багасгах шаардлагатай тохиолдолд даатгуулагчийн ажлын цагийг 6 сар хүртэл хугацаагаар богиносгож 6 цагаар тогтоох шийдвэр гаргах;
     е/иргэний бүрэн хараагүй, дүлий болон одой болохыг тогтоох;
     ж/төрөлхийн болон 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсныг тогтоох;
     з/төв комисс нь аймаг, нийслэлийн дүүрэг, сумын комиссын ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, тэдгээрийн ажлыг шалган зааварлах;
     и/төв комисс нь улсын хэмжээний эмнэлэг хөдөлмөрийн магадлалын ажлын тайлан, мэдээг нэгтгэн дүгнэлт гаргах.
             17. Комисс дор дурдсан эрх эдэлнэ:
     а/даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа бүрэн болон хагас /хэсэгчлэн/ алдсан хугацааг дуусахаас 14 хоногийн өмнө түүнийг комиссын хуралд орохыг шаардах;
     б/комиссын шийдвэрийг ажил олгогч, даатгуулагч хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;
     в/хүндэтгэх шалтгаангүйгээр хөдөлмөрийн чадвар алдсанаа тогтоолгоогүй даатгуулагчдад эмнэлэг хөдөлмөрийн магадлал явуулахаас татгалзах;
     г/комиссын ажилд нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулах болон эмнэлгийн багаж хэрэгслийг үнэ төлбөргүйгээр түр ашиглах;
     д/хүндэтгэх шалтгаанаар эмнэлэг хөдөлмөрийн магадалгаа тогтоолгож чадаагүй даатгуулагчийн тахир дутуу болсныг нөхөн тогтоох;
     е/төв комисс нь аймаг, дүүрэг, сумын комиссын гаргасан шийдвэр буруу байвал түүнийг өөрчлөх, хүчингүй болгох.
Тав. Комиссын ажиллах журам
18. Эмнэлэг хөдөлмөрийн магадалгаа тогтоох асуудлыг эмнэлгийн байгууллагын эмчилгээний чанарын хяналтын комиссын шийдвэрийг үндэслэн даатгуулагч, ажил олгогч хариуцна.
 19. Комисс нь долоо хоногт нэг удаа хуралдана.
 Комиссын хурлыг гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон нөхцөлд хийнэ.
 20. Комисс нь аймгаас алслагдсан сумдад нүүдлийн хурал хийж үйлчилж байна.
 21. Комисс нь эмнэлэг хөдөлмөрийн магадлал тогтоохдоо өвчний оношийн үндэслэлийг бүрэн гаргаж, эмчлэгч эмч, эмнэлгийн чанарын хяналтын комиссын саналыг харгалзан гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
 22. Орон нутгийн комиссын шийдвэрийг зөвшөөрөөгүй даатгуулагч нь дээд шатны комисст гомдлоо гаргаж болно. Тухайн комисс даатгуулагчийн гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шалгаж барагдуулна. Дээд шатны комиссын шийдвэрийг зөвшөөрөөгүй даатгуулагч гомдлоо шүүхэд гаргаж болно.
 23. Комиссын шийдвэрт комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж, тэмдэг дарна.
 24. Комисс нь үйл ажиллагааныхаа тайланг эмнэлэг хөдөлмөрийн магадлах дээд шатны комисст ирүүлнэ.
 25. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс нь Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт ажлаа тайлагнана.
 26. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв болон орон нутгийн комиссын гишүүдэд ажлын болон ажлын бус цагаар хуралдаж ажилласны хөлс олгох бөгөөд түүний хэмжээг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн яамтай тохиролцон тогтооно.
 
-------оОо--------
 
/1999 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаар тогтоолын өөрчллөлтийг тусгав./