A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Нийгмийн халамжийн сан /цаашид "сан" гэнэ/-г бүрдүүлэх, түүнийг зарцуулах, сангийн хөрөнгөд хяналт тавих, хөрөнгийг бүртгэх, сангийн зарцуулалтыг тайлагнах үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
2.Сан нь мөнгөн хөрөнгийн сан байх бөгөөд төвлөрсөн болон орон нутгийн салбар сангаас бүрдэнэ. Төвлөрсөн сан нь нийгмийн халамжийн төв байгууллагад, орон нутгийн салбар сан нь аймаг, сум, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний төвд байна.
3.Нийгмийн халамжийн төвлөрсөн болон орон нутгийн салбар санд хөрөнгө хуримтлуулах, түүнийг зориулалтын дагуу зарцуулах, хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавьж мэдээ тайланг хугацаанд нь гаргуулж мэдээлэх үүргийг төвлөрсөн сангийн хувьд нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн салбар сангийн хувьд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хариуцан зохион байгуулна. Аймаг, сум, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний төв, байцаагч нь сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Засаг даргын удирдлагын дор эрхэлнэ.
Хоёр. Сан бүрдүүлэх, зарцуулах
4.Сан нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн сан, нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сан гэсэн төрөлтэй байна.
5.Сан дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
а/нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, халамж, асрамжийн арга хэмжээнд зориулан тухайн төсвийн жилд зарцуулахаар төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс олгохоор хуулиар тогтоосон хөрөнгө;
б/сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банкинд зохих гэрээний дагуу хадгалуулсны хүү;
в/олон улсын байгууллага, гадаад улс, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс санд халамжийн зориулалттайгаар олгосон хандивын орлого болон тусламжийн хөрөнгө;
г/бусад эх үүсвэр.
6.Тухайн жилийн төсвийн хуулиар улсын төвлөрсөн төсвөөс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид зориулан олгох хөрөнгийг нийгмийн халамжийн төвлөрсөн санд, нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд зориулан орон нутгийн төсвөөс олгохоор тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хөрөнгийг нийгмийн халамжийн салбар санд тус тус хуримтлуулан зарцуулна.
7.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд санхүүгийн холбогдох байгууллагатай хамтран төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс олгох хөрөнгийг улирал, сараар хуваарилж олгоно.
8.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу дор дурдсан зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна:
а/нийгмийн халамжийн тэтгэвэр;
б/жирэмсний болон амаржсаны, хүүхэд асарсны, олон хүүхэдтэйн, нярай хүүхдийн арчилгааны, ихэр хүүхдийн болон бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсний тэтгэмж;
в/хууль тогтоомжид заасан бусад зардал.
9.Хүүхэд асарсны, нярай хүүхдийн арчилгааны тэтгэмжийг тухайн эхийн ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага олгож дараа нь аймаг, сум, үүргийн нийгмийн халамж, үйлчилгээний төв, халамжийн байцаагчтай тооцоо хийнэ.
10.Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан нөхцөл, журмыг баримтлан дор дурьдсан зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна:
а/ахмад настанд үзүүлэх халамж, асрамжийн үйлчилгээний зардал;
б/тахир дутуу хүн үзүүлэх халамж, асрамжийн үйлчилгээний зардал;
в/гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг 4 нас хүртэл төрөөс асрамжлан өсгөж хүмүүжүүлэх зардал;
г/нэн ядуу иргэний халамжийн үйлчилгээний зарал;
д/нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны зарал;
е/хууль тогтоомжид заасан буса зардал.
11.Энэхүү дүрмийн 4-т заасан сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйл ашиглахыг хориглоно. Үлдэгдэл хөрөнгийг хөрөнгө дутагдалтай нөгөө санд 6 сараас дээшгүй хугацаагаар шилжүүлэн ашиглаж болно.
Гурав.Сангийн орлого, зарлагын төсөв зохиох, батлах, тайлан тэнцэл гаргах, тайлагнах, хяналт тавих
12.Нийгмийн халамжийн төв, орон нутгийн байгууллага нь нийгмийн халамжийн арга хэмжээнд хамрагдах хүний тоо, нэг хүнд олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний зарлын хэмжээ болон зардлын норм, нормативыг үндэслэн нийгмийн халамжийн сангийн орлого, зарлагын жилийн төсвийн төслийг зохиож, Төсвийн тухай хуульд заасан хугацааны дотор холбогдох санхүүгийн байгууллага ирүүлнэ.
13.Нийгмийн халамжийн орон нутгийн байгууллага энэ дүрмийн 8, 10-т заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг нарийвчлан төлөвлөж тухайн шатны санхүүгийн байгууллагаар хянуулан орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг тохиролцсон байна. Хөрөнгө хүрэлцэхгүй байгаа тохиолдолд төвлөрсөн санд тусгуулж хэрэгжүүлэх арга хэмжээний санал болон түүний үндэслэл, шаардагдах хөрөнгийн тооцоог нийгмийн халамжийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад төсвийн төлөвлөлтийн хугацаанд ирүүлнэ.
14.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн болон нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангуудын орлого, зарлагын улирлын тайланг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын дарга тухайн улирлын дараа сарын 25-ны дотор, жилийн эцсийн нэгсдэн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор нийгмийн халамжийн төв байгууллагад тус тус гаргаж ирүүлнэ.
15.Нийгмийн халамжийн төв байгууллага нь нийгмийн халамжийн сангийн улирлын нэгдсэн тайланг  дараа улирлын 2 дахь сарын 20-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны 3 дугаар сёарын 01-ний дотор тус тус гаргаж, санал дүгнэлтийн хамт Сангийн яаманд тайлагнана.
16.Сангийн анхан шатны бүртгэл, тэнцлийн маягт, тэдгээрийн заавар, журмыг санхүүгийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
17.Сангийн хөрөнгийн зарцуулалтад нийгмийн хамгааллын хяналтын болон санхүүгийн хяналт шалгалтын байгууллага, нийгмийн халамжийн улсын байцаагч хяналт шалгалт хийнэ.
18.Сангийн бүртгэл тооцоог будлиантуулсан, хөрөнгийг буруу олгосон, зориулалтын бус зүйлд зарцуулсан гэм буруутай албан тушаалтанд нийгмийн халамжийн болон санхүүгийн улсын байцаагч хууль тогтоомжид заасан шийтгэл ногдуулна.   
------оОо--------