A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 36 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

АХМАД НАСТАНД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг.Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, түүний нөхцөл, хамрах хүрээ
1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, "Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай" хуулийн 6 болон 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөлөлтийг үзүүлэхэд энэ журмыг мөрдөнө.
2.Гавъяат цолтон, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон, төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан ахмад настан болон амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой ахмад настны эзэмшиж байгаа орон сууцны байр /талбай, халаалт, цэвэр, бохир усны/-ны хөлсний 50 хувийг, хэрэв гэр, ердийн галлагаатай сууцанд амьдардаг бол жил нэг удаа 2 шоо метр түлээ, 2 тонн нүүрсний үнэ /тээврийн хөлсийг оруулж тооцсон/-ийг тус тус нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас нөхөн олгоно.
3.Орон сууцны хөлсний хөнгөлөлтийн төлбөрийг орон сууц ашиглалтын байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр бэлэн бусаар хийж болно.
4.Түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлтийг сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр төлбөрийн нэхэмжлэл, мөнгө төлсөн баримтыг үндэслэн шилжүүлэх буюу бэлнээр олгохоос гадна түлээ, нүүрсийг биет байдлаар олгож болно. Түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлтөд түлээ, нүүрсийг бэлтгэсэн газраас борлуулах цэг хүртэлх тээврийн зардлыг оруулан тооцно.
5.Доорхи албыг хашиж байсан ахмад настныг төрийн өндөр албан тушаалд ажиллаж байснаар тооцож энэ журмын 2-т заасан хөнгөлөлтөд хамруулна:
-Монгол Улсын Ерөнхийлөгч;
-Монгол Улсын Их Хурлын дарга;
-Монгол Улсын Ерөнхий сайд;
-Монгол Улсын Их Хурлын дэд дарга;
-Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч;
-Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга;
-Монгол Улсын Их Хурлын гишүүн;
-Монгол Улсын Засгийн газрын гишүүн, шадар сайд;
-Монгол Улсын сайд;
-Монгол Улсын Ерөнхий прокурор;
-Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нөрийн бичгийн дарга, Төрийн захиргааны албаны зөвлөлийн дарга;
-Аймаг, нийслэлийн Засаг дарга;
-Төрийн хянан шалгах хорооны дарга;
-Монгол банкны ерөнхийлөгч;
-Үнэт цаасны хорооны дарга.
6.Монгол Улсын шинэ Үндсэн хууль гарах хүртэлх хугацаанаас өмнө доорхи албан тушаалыг хашиж байсан ахмад настныг энэ журмын 2-т заасан хөнгөлөлтөд хамруулна:
-Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүн;
-МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчооны гишүүн, орлогч гишүүн;
 -МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга;
-МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч;
-Сайд нарын Зөвлөлийн дарга, орлогч, тэргүүлэгч, гишүүд;
-Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд;
-Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, Сайд нарын Зөвлөлийн хэлтсийн дарга;
-Ардын хянан шалгах хорооны дарга;
-БНМАУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга;
-Улсын прокурор, Дээд шүүхийн дарга;
-Аймаг, хотын МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга;
-Аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга.
7.1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад настан болон дайны үед амь үрэгдсэн дайчны эхнэр, нөхөрт Засгийн газраас тогтоосон хэмжээний тусламжийг дайнд оролцогчдын үнэмлэх, баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн жилд 2 удаа; гавъяат цолтон ахмад настанд гавъяатын үнэмлэх, баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн жилд 1 удаа нийгмийн халамж, асрамж үйлчилгээний сангаас тус тус олгоно.
8.Гавъяат цолтон, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад настан болон эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр рашаан сувилалд сувилуулах шаардлагатай болсон амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой ахмад настанд эх орны рашаан сувилалд явах унааны нэг талын зардал, зар бичгийн үнийн 50 хувийг зорчигчийн тасалбар, тийз, зар бичгийг үндэслэн сум, дүүргийн  нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас жилд нэг удаа нөхөн олгоно.
9.Нийслэлээс 1000 ба түүнээс дээш км-т алслагдсан газар байнга оршин суудаг ахмад настан аймгийн мэргэжлийн эмнэлгийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд унааны нэг талын зардлыг уг хяналтын комиссын шийдвэр, зорчигчийн тасалбар, тийзийг үндэслэн орон нутгийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас жилд нэг удаа олгоно.
10.Ахмад настанд шаардагдах хөл, гар, шүд /үнэт металлаар хийхээс бусад/, сонсох, харах эрхтэний протезийг дотооддоо хийлгэсэн тухай нэхэмжлэл буюу баримтыг үндэслэн уг зардлыг сум, дүүргийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас нэг удаа олгоно.
Тайлбар:Хэрэв ахмад настан мэргэжлийн эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу зайлшгүй шаардлагаар хөл, гар, шүд, сонсох, харах эрхтэний протоезийг гадаад оронд хийлгэсэн бол зардлыг холбогдох баримтыг үндэслэн дотоодын жишгээр тооцож олгоно.
Хоёр.Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын цолтон ахмад настанд үзүүлэх нэмэлт хөнгөлөлт
11.Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Ардын цолтон ахмад настанд дор дурдсан нэмэлт хөнгөлөлт үзүүлнэ:
а/эзэмшиж байгаа орон сууцны байр /талбай, халаалт, цэвэр, бохир ус/-ны хөлс, гэр болон ердийн галлагаатай сууцанд амьдардаг бол жилд нэг удаа 4 шоо метр түлээ, 4 тонн нүүрсний үнийг тус тус орон нутгийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас нөхөн олгоно. Энэ хөнгөлөлтийг олгохдоо улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын цолтны үнэмлэх, байрны ордер, гэр болон ердийн галлагаатай байранд амьдардаг бол баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэс болгоно;
б/Засгийн газраас тогтоосон хэмжээний тусламжийг улиралд нэг удаа нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас олгоно;
в/жилд нэг удаа эх орны рашаан сувилалд явах замын зардал /ирэх, буцах/, зар бичгийн үнийг нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас холбогдох баримтыг үндэслэн олгоно;
г/нийслэлээс аймаг, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас холбогдох баримтыг үндэслэн олгоно.
Гурав..Бусад асуудал
12.Энэ журамд заасан ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, халамж асрамжийн үйлчилгээг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага /байцаагч/ эрхлэн гүйцэтгэнэ.
13.Сум, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага /байцаагч/-нь ахмад настанд энэхүү журамд заасан хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлсэн тухай бүртгэл хөтөлнө.
14.Хөнгөлөлт, үйлчилгээнд хамрагдаж байсан ахмад настан өөр газар шилжин суурьшсан тохиолдолд тухайн жилд ямар хөнгөлөлт, үйлчилгээнд хамрагдсан тухай тодорхойлолтыг урьд нь харъяалагдаж байсан нийгмийн халамжийн байгууллага шинээр харъяалагдаж буй нийгмийн халамжийн байгууллагад гаргаж өгнө.
15.Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга энэ журамд заасан хөнгөлөлт, үйлчилгээнд хамруулах иргэдийн талаар үнэн зөв тодорхойлолт гаргах үүрэгтэй.
16.Энэ журамд заасан тодорхойлолт, магадлагааг хуурамчаар үйлдсэн албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
17.Энэ журмын хэрэгжилтэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын болон нийгмийн халамжийн улсын байцаагч, бүх шатны Засаг дарга нар хяналт тавина..
 
 
 
_ _ оОо_ _
 
/Энэ тогтоолд 2002 оны 262 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав./