A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 149 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ           
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл (цаашид "үндэсний зөвлөл" гэнэ)-ийн үйл ажиллагааг энэхүү  журмаар  зохицуулна.
1.2. Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаандаа Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, Эрүүл мэндийн тухай хууль, холбогдох хууль тогтоомж, нийгмийн эрүүл мэндийн талаархи үндэсний хөтөлбөрүүдийг удирдлага болгон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, салбар хоорондын хамтын ажиллагааны зохицуулалтыг улсын хэмжээнд хариуцна.
1.3. Үндэсний зөвлөл нь Монгол Улсын Ерөнхий сайдын   дэргэд ажиллана.
Хоёр. Удирдлага, зохион байгуулалт
2.1. Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд  тэргүүлэх бөгөөд орлогч дарга нь Эрүүл мэндийн сайд байна. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Эрүүл мэндийн яамны тухайн асуудлыг хариуцсан ажилтан байна.
2.2. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох яам, Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын ажлын алба, төрийн бус байгууллагуудын төлөөлөл байна.
2.3. Үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.
2.4. Үндэсний зөвлөл нь аймаг, нийслэлд салбар  зөвлөлтэй  байх бөгөөд салбар зөвлөлийн дарга нь аймаг, нийслэлийн Засаг дарга байна. Орон нутгийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмын үлгэрчилсэн загварыг Үндэсний зөвлөлөөс баталж өгнө.
2.5. Зөвлөлийн даргын шийдвэрээр үндэсний зөвлөлийн гишүүд тухайлсан асуудлаар ажлын бүлэг байгуулан ажиллуулж болно. 
2.6. Ажлын бүлэг нь Үндэсний зөвлөлд ажлаа тайлагнана.
2.7. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан байна. Үндэсний зөвлөл хэлэлцсэн асуудлаараа зөвлөмж гаргана.
2.8. Хуралдааны дэгийг Үндэсний зөвлөл батална. Үндэсний зөвлөл улиралд 1-ээс доошгүй  хуралдах бөгөөд шаардлагатай үед зөвлөлийн дарга ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж болно.
2.9. Үндэсний зөвлөлийн хуралдаан гишүүдийн ердийн олонхи хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөрт тооцогдох бөгөөд асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
2.10. Үндэсний болон салбар зөвлөл нь тогтоосон журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас  хэрэглэнэ.
2.11. Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн яамны жил бүрийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
Гурав. Үндэсний зөвлөлийн эрх, үүрэг
3.1. Үндэсний Зөвлөл дараахь эрх эдэлнэ:
      3.1.1. Ажлын бүлгийн илтгэл, сонсголыг хэлэлцэж, удирдамж, чиглэл өгөх;
      3.1.2. Нийгмийн эрүүл мэндийн асуудлаар холбогдох  байгууллагуудаас ажлын тайлан, мэдээ, судалгаа, дүгнэлт  гаргуулах;
      3.1.3. Холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж чиглэл, зөвлөлгөө өгөх;
      3.1.4. Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд зарцуулах  хөрөнгө санхүүгийн нөөцийг дайчлах;
      3.1.5. Нийгмийн эрүүл мэндийн талаархи Засгийн газрын  төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт,дүгнэлт өгөх, холбогдох тодотгол, өөрчлөлт оруулах санал боловсруулах;
      3.1.6. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд олон улсын хандив тусламж, төсөл,  хөтөлбөрийг чиглүүлэн зохицуулах, гэрээ, хэлэлцээрийн төсөлд санал өгөх, салбарын яамдын бодлоготой үйл ажиллагаагаа уялдуулах;
      3.1.7. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд  онцгой амжилт  гаргасан,  дэмжлэг  үзүүлсэн  төрийн болон төрийн бус байгууллага,  аж  ахуйн нэгж,  иргэдийг  шагнаж урамшуулах талаар эрх бүхий байгууллагад санал гаргах;
      3.1.8. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд эрдэмтэн, мэргэжилтэнг татан оролцуулах;
      3.1.9. Нийгмийн эрүүл мэндийн  асуудлаар  олон  улс,  орон  нутгийн чанартай  хурал зөвлөлгөөн,  семинар,  ярилцлага  зохион байгуулах.
3.2. Үндэсний зөвлөл дараахь үүрэг хүлээнэ:
      3.2.1. Ажлын бүлгүүдийн үйл ажиллагааг удирдан  чиглүүлэх;
      3.2.2. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогод тусгагдсан арга хэмжээний санхүүжилтийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
      3.2.3. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг жил бүр дүгнэн хэлэлцэж, холбогдох арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
      3.2.4. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн талаархи тайланг жил бүрийн IҮ улиралд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид  өргөн  мэдүүлэх;
      3.2.5. Нийгмийн  эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлгээ өгөх, шуурхай удирдлагаар хангах;
      3.2.6. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллага, хамт олон, иргэдийн хамтын  ажиллагааг дэмжих;
      3.2.7. Нийгмийн эрүүл мэндийн талаар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, үйл ажиллагааг өргөжүүлж,  харилцан мэдээ мэдээлэл солилцох;
      3.2.8. Орон  нутгийн  салбар зөвлөлийн үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах, дэмжлэг үзүүлэх.
Дөрөв. Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөлийн дарга, орлогч даргын үйл ажиллагааны чиглэл
4.1. Үндэсний зөвлөлийн дарга нь зөвлөлийн ажлын төлөвлөгөө болон хуралдаанаас гарсан бодлогын удирдамжийг баталж шаардлагатай гэж үзсэн зарим асуудлыг Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх, чиглэл өгнө.
4.2. Үндэсний зөвлөлийн дарга зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулж, хуралдааныг удирдана.
4.3. Үндэсний зөвлөлийн дарга гишүүдэд үүрэг, даалгавар өгч биелэлтэд нь хяналт тавина.
4.4. Үндэсний зөвлөлийн даргын эзгүйд Зөвлөлийн орлогч дарга түүнийг орлон ажиллана.
4.5. Үндэсний зөвлөлийн орлогч дарга ажлын албаны үйл ажиллагааг удирдан зохицуулна.
4.6. Ажлын алба нь үндэсний зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулна.
Тав. Нарийн бичгийн даргын үйл  ажиллаганы чиглэл
5.1. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг боловсруулан зөвлөлийн даргаар батлуулж, хуралдааны  бэлтгэлийг хангана.
5.2. Хуралдааны тэмдэглэл хөтөлж гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
5.3. Салбар зөвлөлийн тайланг нэгтгэн Үндэсний зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.
5.4. Үндэсний зөвлөлийн архив, бичиг хэргийг хөтлөн явуулна.
 
 
----оОо----