A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 36 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт

ТАХИР ДУТУУ ИРГЭНД ҮЗҮҮЛЭХ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЖУРАМ
 
1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас тахир дутуу хүнд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэхэд энэхүү журмыг баримтална.
2.Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолоор баталсан "Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 14 дүгээр зүйлийн "а"-д заасан хувь, хэмжээгээр хөдөлмөрийн чадвараа алдсан тахир дутуу хүнийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд тооцож дор дурдсан хөнгөлөлтийг тухайн иргэний оршин суугаа сум, дүүргийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас нөхөн олгоно:
а/хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу гишүүнтэй, амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой өрхийн эзэмшиж байгаа орон сууцны байрны /талбай, халаалт, цэвэр, бохир усны/ хөлсний 50 хувийг дор дурдсан баримт бичгийг үндэслэн сар бүр нөхөн олгоно:
-хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тухай эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
-өрхийн нэг гишүүнд ногдох орлогын тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
-орон сууцны хөлс төлсөн баримт;
-иргэний паспорт /иргэний үнэмлэх/.
б/хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу гишүүнтэй, амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой, гэр болон ердийн галлагаатай сууцанд амьдардаг өрхөд 2 шоо метр түлээ, 2 тонн нүүрсний үнэ /тээврийн хөлсийг оруулж тооцсон/-ийг жилд нэг удаа дор дурдсан баримтыг үндэслэн олгоно:
-тахир дутуу гишүүн нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тухай эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
-гэрт буюу ердийн галлагаатай сууцанд амьдардаг тухай болон өрхийн нэг гишүүнд ногдох орлогын тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
-түлээ, нүүрсний үнийг нэхэмжилсэн буюу төлсөн тухай зохих баримт;
Тайлбар:Мод нүүрсний тухайн үеийн зах зээлийн үнийг жишиг болгон орон нутгийн олдоц сайтай түлш, аргал, хөрзөнг олгож болно.
Түлээ, нүүрсний үнийг орон нутгийн тухайн үеийн зах зээлийн үнээр тооцох бөгөөд уг үнийн хөнгөлөлтөд түлээ, нүүрсийг бэлтгэсэн газраас борлуулах цэг хүртэлх тээврийн зардлыг оруулан тооцно.
3.Нийслэлээс 1000 ба түүнээс дээш километр алслагдсан газарт байнга оршин суудаг, нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх үүсээгүй нэн ядуу амьдралтай өрхийн тахир дутуу гишүүн өвчний улмаас аймгийн мэргэжлийн эмнэлгийн хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх зайлшгүй тохиолдолд дор дурдсан баримт бичгийг үндэслэн нэг талын унааны зардлыг орон нутгийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас жилд нэг удаа нөхөн олгоно:
-үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх үүсээгүй тухай оршин суугаа сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч;-ын тодорхойлолт;
-эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тухай аймгийн мэргэжлийн эмнэлгийн хяналтын комиссын шийдвэр;
-тахир дутуугийн үнэмлэх;
-өрхийн нэг гишүүнд ногдох орлогын тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
-унааны хөлс төлсөн тухай баримт буюу нэхэмжлэл;
-иргэний паспорт /иргэний үнэмлэх/.
4.Нэн ядуу амьдралтай өрхийн 16 хүртэлх насны /суралцаж байгаа бол 19 хүртэл/ тахир дутуу хүүхэд болон нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх үүсээгүй нэн ядуу амьдралтай тахир дутуу хүний протез, ортопедийн хэрэгсэл дотоодод хийлгэсний үнийг дор дурдсан баримтыг үндэслэн тухайн хүний оршин суугаа сум, дүүргийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас нэг удаа 100 хувь нөхөн олгоно:
-төрсний гэрчилгээ, сургуулийн захиргааны тодорхойлолт;
-тахир дутуугийн үнэмлэх;
-протез, ортопедийн хэрэгслийн үнийн нэхэмжлэл, эсвэл мөнгө төлсөн тухай баримт;
-үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх үүсээгүй тухай оршин суугаа сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-ын тодорхойлолт;
-өрхийн нэг гишүүнд ногдох орлогын тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
5.Энэ журмын 4-т заасан үнийг нь нөхөн олгох протезид хиймэл хөл, гар, сарвууны протезийг хамааруулна. Ортопедийн хэрэгсэлд 3-аас дээш см-ийн өндөрлөгтэй өвөл, зуны гутал, хөлийн аппарат, 2 суга таяг болон тохойн тулгууртай таягийг хамааруулна.
6.Энэ журмын 4-т заасан иргэн мэргэжлийн /гэмтлийн/ эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу зайлшгүй шаардлагаар протез, ортопедийг гадаадад хийлгэх тохиолдолд үнийг тэдгээрийг дотоодод хийх үнийн жишгээр тооцож олгоно.
7.Нэн ядуу амьдралтай өрхийн 16 хүртэлх насны /суралцаж байгаа бол 19 хүртэл/ тахир дутуу хүүхдийн зориулалтын тэргэнцрийн үнийг төрсний гэрчилгээ, сурч байгаа тухай сургуулийн захирлын тодорхойлолт, тэргэнцэр зайлшгүй шаардлагатай тухай мэргэжлийн эмнэлгийн хяналтын комиссын шийдвэр, дотоодын зах зээлийн дундаж үнэ болон нийгмийн халамжийн байгууллагатай урьдчилан тохирсон үнэ, мөнгө төлсөн тухай баримтыг үндэслэн тухайн хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас нэг удаа 100 хувь нөхөн олгоно.
8.Байнгын асрамжид байдаг тахир дутуу хүүхдээ /16 хүртэл насны/ асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд нэн ядуу амьдралтай өрхийн гишүүн асран хамгаалагч /нэг хүн/-д хүүхдээ асрахад нь зориулж Засгийн газраас тогтоосон хэмжээний мөнгөн тусламжийг дор дурдсан баримт бичгийг үндэслэн тухайн иргэний оршин суугаа сум, дүүргийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас сар бүр олгоно:
-төрсний гэрчилгээ;
-тухайн тахир дутуу хүүхдийг байнга асрах шаардлагатай болох тухай мэргэжлийн эмчийн магадлагаа;
-өрхийн нэг гишүүнд ногдох орлогын тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
-хөдөлмөр эрхэлдэггүй тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
9.Арваас доошгүй жил хөдөлмөр эрхэлсэн бүрэн хараагүй хүнд магнитофон /чихэвчний/-ыг нэг удаа 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, мөн хугацаанд хөдөлмөр эрхэлсэн сонсгол султай хүнд мэргэжлийн эмч нарын магадлагааг үндэслэн сонсголын аппаратыг эхний удаа үнэгүй, хоёр дахь удаад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр дор дурдсан баримтыг үндэслэн олгоно:
-хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэр;
--магнитофон болон сонсголын аппарат худалан авсан тухай баримт, эсвэл нэхэмжлэл;
-бүрэн хараагүй болохыг тодорхойлсон эмнэлэг, хөөдлмөрийн магадлах комиссын шийдвэр;
-сонсгол султай болохыг тодорхойлсон мэргэжлийн эмчийн магадлагаа;
-иргэний паспорт /иргэний үнэмлэх/.
10.Тусгай сургуулийн /мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хамаарагдана/ санхүүгийн баримт бичгийг үндэслэн тэдгээр сургууль /төв;/-д орон нутгаас ирж суралцдаг хараагүй, хэлгүй, дүлий сурагчийн анх ирэх болох амралтаараа орон нутагтаа буцах, ирэх, сургуулиа төгсөөд буцах унааны зардлыг сумын нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас гүйцэтгэлээр нь тооцож жилд нэг удаа олгоно.
11.Хөдөлмөрийн насанд хүрсэн бүрэн хараагүй хүн тухайн үеийн амьжиргааны доод түвшингээс доогуур орлготой бол телефон утасны сар бүрийн хөлсний 50 хувийг дараахь баримтыг үндэслэн тооцож тухайн хүн оршин суугаа сум, дүүргийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас сар бүр нөхөн олгоно:
-тахир дутуугийн үнэмлэх;
-өрхийн нэг гишүүнд ногдох орлогын тухайн оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
-телефон утасны хөлс төлсөн баримт.
12.Нөхөр, эхнэр хоёулаа хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу, хараагүй буюу өрхөд нь бүрэн хараагүй, дүлий хоёр ба түүнээс дээш хүн амьдардаг бол тухайн өрхийн эзэмшиж байгаа орон сууцны байрны хөлс /талбай, халаалт, цэвэр, бохир усны/-ийг, гэр болон ердийн галлагаатай сууцанд амьдардаг бол жилд нэг удаа 4 тонн нүүрс, 4 шоо метр түлээний үнэ /тээврийн хөлсийг оруулж тооцсон/-ийг сум, дүүргийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас дараахь баримтыг үндэслэн тус тус нөхөн олгоно:
-хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болон бүрэн хараагүй, дүлий болохыг тодорхойлсон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
-гэр бүлд нь хэдэн хараагүй, дүлий хүн байдаг тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
-байрны хөлс төлсөн баримт;
-гэрт болон ердийн галлагаатай сууцанд амьдардаг тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
-түлээ, нүүрс худалдан авсан тухай баримт, эсвэл нэхэмжлэл.
13.Нийтдээ 10-аас доошгүй жил хөдөлмөр эрхэлсэн бүрэн хараагүй, дүлий хүнийг эх орны рашаан сувилалд сувилуулбал аймгийн төв хүртэлх унааны болон зар бичгийн үнийн 50 хувийг дараахь баримт бичгийг үндэслэн сум, дүүргийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас жилд нэг удаа олгоно:
-хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэр;
-унааны болон зар бичгийн үнэ төлсөн тухай баримт, эсвэл нэхэмжлэл;
-бүрэн хараагүй, дүлий болох тухай эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр.
14.Тахир дутуу иргэдийг үнэмлэхийг нь үндэслэн нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн /таксинаас бусад/ хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулна.
15.Хараагүй хүний үнэмлэхийг нь үндэслэн брайлын үсгээр бичсэн захидал, ил захидал, 10 кг-аас доош илгээмжийг дотоодод /жилд 2 удаа/ үнэ төлбөргүй явуулж төлбөрийг зохих баримтыг үндэслэн нийгмийн халамжийн сангаас нөхөн олгоно.
16.Өрхөд нь хөдөлмөрийн чадвартай гишүүн байхгүй болох тухай оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хараагүй хүнийг радио цэгийн хураамжаас чөлөөлж нийгмийн халамжийн сангаас нөхөн олгоно.
17.Хөдөлмөрийн чадвартай гишүүнгүй өрхийн хараагүй, дүлий хүний 4 хүртэлх насны хүүхдийг тухайн иргэний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн цэцэрлэг, яслид үнэ төлбөргүй асарч хүмүүжүүлнэ.
18.Энэ журамд заасан хөнгөлөлтөд хамрагдах өрх, иргэд нь өрхийн орлогыг тогтооход шаардагдах тодорхойлолт /хөдөлмөрийн гэрээгээр болон хувиараа хөдөлмөр эрхлэн авч байгаа хөдөлмөрийн хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хувьцаа эзэмшигчийн орлого, хувийн мал, туслах аж ахуйгаас олсон орлогын хэмжээ, арилжаа наймааны орлого гэх мэт/-ыг өөрсдөө үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.
19.Сум, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага /байцаагч/-нь иргэдэд энэхүү журамд заасан хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлсэн тухай бүртгэл хөтөлнө.
20.Хөнгөлөлт, үйлчилгээнд хамрагдаж байсан өрх ба иргэн өөр газар шилжин суурьшсан тохиолдолд тухайн жилд ямар хөнгөлөлт, үйлчилгээнд хамрагдсан тухай тодорхойлолтыг урьд нь харъяалагдаж байсан нийгмийн халамжийн байгууллага шинээр харъяалагдаж буй нийгмийн халамжийн байгууллагад гаргаж өгнө.
21.Сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга энэ журамд заасан хөнгөлөлт, үйлчилгээнд хамруулах өрх, иргэдийн орлого, ам бүлийн талаар үнэн зөв тодорхойлолт гаргах үүрэгтэй.
22.Энэ журамд заасан тодорхойлолт, магадлагааг хуурамчаар үйлдсэн албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
23.Энэ журмын хэрэгжилтэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын болон нийгмийн халамжийн улсын байцаагч, бүх шатны Засаг дарга нар хяналт тавина.
 
........ оОо........
 
 
/Энэ тогтоолд 2002 оны 262 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав./