- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- 2002-2004 ОНД БҮРТГЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2002 оны 11 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
2002-2004 ОНД БҮРТГЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
2002-2004 ОНД БҮРТГЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр бүртгэлийн тогтолцоо 1990-ээд оноос бүртгэлийн шинэ системд шилжсэн. Улсын Их Хурал 1993 онд "Нягтлан бодох бүртгэлийн тухай", 1996 онд "Аудитын тухай" хуулийг тус тус баталснаар Монгол Улсад нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн бүртгэл хөтлөх асуудлыг хуульчлан баталгаажуулсан болно. Өнгөрсөн хугацаанд дээрх хуулиудыг хэрэгжүүлэх, бүртгэл, аудитын шинэ тогтолцоог цаашид боловсронгуй болгож төлөвшүүлэх талаар нэлээд ажлыг хийж гүйцэтгэсэн болно.
Улсын Их Хурлаас 2001 оны 12 дугаар сард "Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан "Бүртгэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2001 оны 100 дугаар тогтоол гарч 2002 оныг улсын хэмжээнд "Бүртгэлийн ажлыг сайжруулах жил" болгон зарлаж, тусгай хөтөлбөр боловсруулж ажиллахыг Засгийн газарт даалгасан.
"Бүртгэл бол бизнесийн хэл" гэж нэрлэдэг бөгөөд зах зээлийн нөхцөлд бүртгэл хөтлөхгүйгээр аж ахуйн нэгж, байгууллага оршин тогтнох үндэсгүй, татварыг тооцож төвлөрүүлэх, хяналт, шалгалт хийх боломжгүй байдаг.
2001 онд улсын хэмжээнд явуулсан бүртгэл хөтлөлтийн улсын үзлэгийн дүнгээс үзэхэд нийт аж ахуйн нэгж, байгууллагын 61 хувь нь буюу 17678 нь үзлэгт хамрагдаж, 39 хувь нь үзлэгт бүрэн хамрагдаагүй байна. Эдгээр байгууллага улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч үйл ажиллагаа нь бүрэн зогссон, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй, хаяг, байршил нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, татварын албанд бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан нийт аж ахуйн нэгж, байгууллагын 30 гаруй хувь нь үйл ажиллагаа явуулдаггүй, ямар нэгэн мэдээ тайлан гаргадаггүй гэсэн дүгнэлт гарч байна.
Үзлэгийн дүнгээр улсын хэмжээгээр анхан шатны бүртгэл хөтлөлт 70.9 хувьтай, нягтлан бодох бүртгэл хөтлөлт 70.3 хувьтай, нийт аж ахуйн нэгж, байгууллагын 66.5 хувь нь санхүүгийн тайлан, 72.4 хувь нь татварын тайлан гаргадаг бусад нь санхүү, татварын тайлан гаргадаггүй; нийт аж ахуйн нэгжийн 27.1 хувьд нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт бүрэн, 32.1 хувьд нь хагас дутуу, 40.8 хувьд нь огт нэвтрээгүй, төсвийн байгууллагын бүртгэл шинэчлэгдээгүй байгаа нь тогтоогджээ. Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүү, татварын тайлангийн гаргалт, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлсэн байдал төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид зохих түвшинд байхад хувийн хэвшилд энэ асуудал хангалтгүй байгаа нь үзлэгийн дүнгээс харагдаж байна.
Улсын хэмжээнд 15000 гаруй нягтлан бодогч ажиллаж байгаагийн 7.1 хувь нь мэргэжлийн бус, 70 гаруй хувь нь бүртгэлийн хуучин системээр төгссөн тул тэдгээрийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах зайлшгүй шаардлага гарч байна.
Бүртгэл сайн хөтөлдөг, орлого, татвараа үнэн зөв тодорхойлж бүрэн төлдөг бүртгэлийн ажилтныг ажлаас нь халах, нэр хүндийг нь унагаах, зарим аж ахуйн нэгжийн удирдлага бүртгэлийн ажилтантайгаа хуйвалдан орлого, татвараа нуун дарагдуулах, бүртгэл хөтлөхөөс зайлсхийх хандлага газар авч байгаа нь ажиглагдаж байна. Иймд Засгийн газрын зүгээс энэ ажилд өндөр ач холбогдол өгч, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, үе шат, хамрах хүрээ
Хөтөлбөрийн зорилго:
Хөтөлбөрийн үндсэн зорилго нь өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүү, татварын тайлан, мэдээ гаргах ажлыг сайжруулах, нягтлан бодогчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэдгээрийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд оршино.
Хөтөлбөрийн үе шат:
Бүртгэл хөгжүүлэх хөтөлбөрийг 2002-2004 онд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
1 дүгээр үе шат /2002 он/-Нягтлан бодох бүртгэлийн стандартыг боловсруулж нэвтрүүлнэ. Улсын хэмжээнд бүртгэлийн ажлыг сайжруулж нийт аж ахуйн нэгж, байгууллагын 50 хувийн санхүүгийн тайланг стандартын дагуу болгоно.
2 дугаар үе шат /2003 он/-Нягтлан бодогчдын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын талаархи мэдлэг, чадварыг дээшлүүлж нийт аж ахуйн нэгж, байгууллагын 70 хувьд нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлнэ.
3 дугаар үе шат /2004 он/-Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг боловсруулан нэвтрүүлнэ.
Хөтөлбөрийн хамрах хүрээ:
Энэ хөтөлбөрийн хүрээнд нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйг боловсруулах, түүнийг практикт нэвтрүүлэх, нягтлан бодогчдын мэдлэг, чадвар, хариуцлагыг дээшлүүлэх ажлыг бүх шатны төсвийн байгууллага, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад нэвтрүүлнэ.
Гурав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Хөтөлбөрийн зөвлөл ажиллана. Хөтөлбөрийг улсын хэмжээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлыг Санхүү, эдийн засгийн яамны Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс хариуцан зохион байгуулна.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах асуудлын хүрээнд аймаг, нийслэл, дүүрэгт тодорхой төлөвлөгөө боловсруулан тухайн шатны Засаг дарга батлан мөрдүүлнэ. Төлөвлөгөөний хэрэгжилтийг тухайн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэс хариуцна.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Санхүү, эдийн засгийн яам болон аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэс хагас жилд нэг удаа Хөтөлбөрийн зөвлөлд, Хөтөлбөрийн зөвлөл жилд нэг удаа Засгийн газарт тайлагнана.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
1. Нягтлан бодох бүртгэлийн стандарт
1. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /НББОУС/-ыг орчуулах, орчуулгыг хянан зөвшөөрөх, тэдгээрээс улсын хэмжээнд дагаж мөрдөх стандартыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр батлуулна.
2. Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж дагаж мөрдөх анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн маягт, аргачлалыг батлан мөрдүүлнэ.
3. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг Монгол Улсад мөрдөх онцлогийн талаар тайлбар боловсруулж батлан мөрдүүлнэ.
Нягтлан бодох бүртгэлийн стандартыг 2002 онд нийт аж ахуйн нэгж, байгууллагын 50 хувьд, 2003 онд 70 хувьд, 2004 онд 90 хувьд нь нэвтрүүлсэн байхад чиглэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ авна.
4. Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн улсын үзлэгийг төв, орон нутагт жил бүр явуулж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Улсын үзлэгээр амжилттай дүн үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагад "Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн тэргүүний байгууллага" гэсэн гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулна.
2. Сургалт
Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогчдын сургалтыг дараахь байдлаар зохион байгуулна:
1. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, сургагч нарын сургалтыг 2002 оны 3 дугаар улиралд багтаан явуулах.
2. Нийслэлд байрлаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогчдын сургалтыг 2002 оны 4 дүгээр улиралд багтаан явуулах.
3. Аймагт байрлаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогчдод зориулан сургагч нарын хүчээр 2002-2003 онуудад сургалт явуулна.
4. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зарим ажилтныг гадаад орнуудад сургалтад хамруулах буюу туршлага судлуулна.
3. Бүх нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчилгаа
Нягтлан бодох бүртгэлийн бүх нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчилгаа явуулах талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
1. Нягтлан бодох бүртгэлийн бүх нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн теле хичээлийг долоо хоног бүр 10-15 минут, радио хичээлийг долоо хоногт 30 минутаар явуулна.
2. Нягтлан бодох бүртгэлийн стандартыг шинэчилсэн, бүртгэл нэвтэрсэн үр дүнгийн талаархи мэдээллийг сард 2-оос доошгүй удаа радио, телевизээр явуулж байна.
3. Бүртгэлийн стандарт нэвтрүүлсэн байгууллага, ажилтны туршлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байна.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарах зардлын тооцоо
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 550.0 сая төгрөг зарцуулна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлын тооцоо
/сая төгрөгөөр/
¹
|
Үзүүлэлтүүд
|
2002 онд
|
2003 онд
|
2004 онд
|
Дүн
|
1
|
Төв орон нутгийн бүртгэлийн мэргэжилтэн, сургагч нарыг бэлтгэх
|
7.4
|
|
|
7.4
|
2
|
Орон нутгийн нягтлан бодогчдод сургалт зохион байгуулах
|
42.6
|
87.9
|
40.1
|
170.6
|
3
|
Улаанбаатар хотын нягтлан бодогчдод сургалт зохион байгуулах
|
52.8
|
105.0
|
53.7
|
211.5
|
4
|
Нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудыг гадаад сургалтад хамруулах, туршлага судлах
|
40.9
|
22.8
|
|
63.7
|
5
|
Монгол Улсын онцлогт нийцсэн нягтлан бодох бүртгэл, аудитын стандартыг боловсруулж хэвлэн нийтлэх
|
48.4
|
48.4
|
|
96.8
|
|
ДҮН
|
192.1
|
268.7
|
93.8
|
550.0
|
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
Санхүү, эдийн засгийн яамны санхүүгийн төвлөрсөн арга хэмжээний жил бүрийн төсөвт тусгасан хөрөнгө
Олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаадын бусад байгууллагаас үзүүлэх техникийн туслалцаа
Аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгө
Зургаа. Гарах үр дүн
Дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлснээр бүртгэл, тайлангийн ажил дараахь үр дүнд хүрнэ:
анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлт, мэдээ, тайлан гаргалтын улсын дундаж түвшин эрс дээшилнэ.
нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарттай нийцсэн Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн стандарттай болж нягтлан бодогчдын мэдлэг мэргэшил дээшилнэ.
аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэл хөтлөлт сайжирснаар татварын орлого нэмэгдэж, төсвийн орлогын бүрдүүлэлтэд эерэг нөлөө үзүүлнэ.
нягтлан бодогчдын мэргэшлийн болон нийт хүмүүсийн бүртгэлийн талаархи мэдлэгийн түвшин дээшилнэ.
улсын хэмжээнд бүртгэл, тайлан тооцооны талаар арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ.
аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд бүртгэлээр тавих хяналт шалгалт нэмэгдэж, хариуцлага тооцох тогтолцоо бүрдэнэ.
нягтлан бодох бүртгэл, мэдээллийг шинэ техник, технологиор боловсруулах нөхцөл бололцоо хангагдана.
---оОо---
Текст томруулах
A
A
A