A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЙ,ХЭЭРИЙГ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭГ ҮР ДҮНД ХҮРГЭСЭН АЙМАГ, СУМААС ГАРГАСАН ЗАРДЛЫГ НӨХӨН ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 55 дугаар тогтоолын хавсралт

ОЙ,ХЭЭРИЙГ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТҮЙМЭРТЭЙ  ТЭМЦЭХ  АРГА ХЭМЖЭЭГ ҮР ДҮНД  ХҮРГЭСЭН АЙМАГ, СУМААС ГАРГАСАН ЗАРДЛЫГ НӨХӨН ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг сайн зохион байгуулан, тодорхой арга хэмжээ авч үр дүнд хүрсэн аймаг, сумаас гаргасан зардлын зохих хэсгийг нөхөн олгоход энэ журмыг дагаж мөрдөнө.
2.Ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан түймрийн голомтыг томруулалгүйгээр шуурхай унтрааж, хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, экологид учруулах хохирлыг багасгахад дэмжлэг үзүүлэхэд журмын зорилго оршино.
 
Хоёр.Зардлыг нөхөн олгох болзол
3.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэр унтраах зардлыг төлөвлөгөө, төсөвтөө тусган, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг сайн зохион байгуулан үр дүнд хүрсэн аймаг, сумыг дараахь үзүүлэлтээр дүгнэн зардлын зохих хэсгийг нөхөн олгоно:
1/нутаг дэвсгэртээ түймэр гаргаагүй;
2/тухайн жилд гарсан түймрийн тоог өмнөх таван жилийн дунджаас 50-иас доошгүй хувиар бууруулсан;
3/илэрсэн түймрийг ойд 200 га-гаас, хээрт 10000 га-гаас дээш талбайд тархуулалгүйгээр унтраасан.
4.Энэ журмын 3 дугаар зүйлд заасны дагуу аймаг, сумыг дүгнэхдээ дараахь үзүүлэлтийг харгалзан үзнэ:
1/нутаг дэвсгэртээ гарсан ой, хээрийн түймрийн голомтыг хөрш аймаг, сумын нутаг дэвсгэрт оруулалгүй унтраасан байдал;
2/хөрш аймаг, сумын нутгаас дамжин орж ирсэн түймрийг ойд 200 га, хээрт 10000 га-гаас дээш талбайд тархуулалгүйгээр шуурхай унтраасан байдал;
3/өнгөрсөн оны ойжуулалтын төлөвлөгөөг биелүүлсэн, шатсан ойг сэргээсэн байдал.
 
Гурав.Болзлыг дүгнэх бүсчлэл
5.Ой, хээрийн түймэр гарах магадлал, эрсдэл, тэдгээрийн давтамж зэргийг харгалзан аймгуудын нутаг дэвсгэрийг дараахь бүсчлэлд хамруулан болзлыг дүгнэнэ:
1/түймрийн магадлал, эрсдэл ихтэй бүсэд Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Хэнтий, Архангай, Дорнод, Төв аймгийн нутаг дэвсгэрийг;
2/түймрийн магадлал, эрсдэл багатай бүсэд Увс, Орхон, Дархан-уул, Сүхбаатар аймгийн болон Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймгийн ой бүхий нутаг дэвсгэрийг;
3/түймрийн магадлал, эрсдэлгүй бүсэд энэ зүйлийн 1,2-т зааснаас бусад нутаг дэвсгэрийг.
6.Тухайн жилийн байгаль, цаг уурын нөхцөл, цасан бүрхүүлийн төлөв байдлыг жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний дотор ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас  аймаг бүрээр өндөр, дунд, бага гэсэн үнэлгээгээр тодорхойлон гаргах бөгөөд энэ нь болзлыг дүгнэхэд харгалзах үндсэн нөхцөл болно.
 
Дөрөв.Болзлыг дүгнэх, зардлыг нөхөн олгох
7.Байгаль орчны яам аймгуудаас ирүүлсэн материалд магадлан шинжилгээ хийж, аймагт нөхөн олгох зардлын талаархи саналаа жил бүрийн 12 дугаар сард багтаан  Улсын байнгын онцгой комисст оруулна.
8.Оруулсан саналыг үндэслэн Улсын байнгын онцгой комиссын тогтоолоор болзлыг хангасан аймагт гаргасан зардлын зохих хэсгийг нөхөн олгох асуудлыг шийднэ.
9.Аймгаас ирүүлэх материалыг жил бүрийн 11 дүгээр сард багтаан Байгаль орчны яам хүлээн авах бөгөөд түүнд дараахь бичиг баримт багтсан байна:
1/түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар зохиосон ажлын тайлан, гарсан үр дүн, харьцуулсан тоон үзүүлэлт /журамд заасан болзлын дагуу/;
2/ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх талаар тухайн жилд гаргасан хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлт;
3/төсөвлөсөн хөрөнгө, түүний ашиглалт, зардлын тооцоо, нотлох бусад баримт бичиг.
10.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг сайн зохион байгуулж, тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэн үр дүнд хүрсэн аймагт нөхөн олгох зардал нь дор дурдсан хэмжээтэй байна:
1/энэ журмын 3 дугаар зүйлийн 1-д заасныг болон харгалзах үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн бол 13,0 сая хүртэл төгрөг;
2/энэ журмын 3 дугаар зүйлийн 2,3-т заасныг болон харгалзах үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн бол 6,5 сая хүртэл төгрөг.
11.Аймгийн Засаг даргын Тамгын газрын саналыг үндэслэн Засаг даргаас гаргасан шийдвэрийн дагуу шалгарсан сумдад дор дурдсан хэмжээгээр зардлыг нөхөн олгоно:
1/энэ журмын 3 дугаар зүйлийн 1-д заасныг болон харгалзах үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн бол 3,0 хүртэл сая төгрөгөөр;
2/энэ журмын 3 дугаар зүйлийн 2,3-т заасныг болон харгалзах үзүүлэлтийг биелүүлсэн бол 1,5 сая хүртэл төгрөгөөр.
 
Тав.Санхүүжилт
12.Энэ журмын дагуу шалгарсан аймагт нөхөн олгох зардлыг улсын төвлөрсөн төсвөөс, сумдад олгох зардлыг тухайн аймгийн төсвөөс санхүүжүүлнэ.
13.Аймаг, сумд нөхөн олгосон  мөнгийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх арга хэмжээ, энэ ажилд идэвх зүтгэл гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулахад зориулан зарцуулна.
 
Зургаа.Нөхөн олгох зардлын хэмжээг тодорхойлох аргачлал
14.Болзлыг биелүүлсэн аймаг, сумдад нөхөн олгох зардлын хэмжээг дараахь томъёогоор тодорхойлно:
З= К1*К2*Зд
К1- ой, хээрийн түймрийн давтамж,түймэрт өртөх байдлыг харгалзсан коэффицент
Түймрийн магадлал, эрсдэл ихтэй бүс нутагт К1=1, түймрийн магадлал, эрсдэл багатай бүс нутагт К1=0,5 байна.
К2- тухайн жилийн байгаль, цаг уурын нөхцөл, цасан бүрхүүлийн төлөв байдлыг харгалзсан коэффицент
Түймэр гарах нөхцөл өндөр жилд К2=1, түймэр гарах нөхцөл дунд зэрэг жилд К2=0,5, түймэр гарах нөхцөл бага жилд К2=0,1 байна.
 
      Зд- журамд заасан зардлын дээд хэмжээ.
 
 
                                                                                ---оОо---