- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2001 оны 187 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
1. Засгийн газраас олгох мөнгөн шагналын зорилго нь Олимп, дэлхийн аварга, тивийн наадам, тивийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдыг урамшуулж, спортын амжилт үзүүлэх нөхцөлийг нь бүрдүүлэхэд оршино.
2. Олимп, дэлхийн аварга, тивийн наадам, тивийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд шалгарсан тамирчин, дасгалжуулсан бүрэлдэхүүнийг шагнахад энэ журмыг баримтална.
3. Засгийн газраас олгох мөнгөн шагналыг зөвхөн сонирхогчдын тэмцээнд олгоно.
4. Олимп, дэлхийн аварга, тивийн наадам, тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоо, клубүүдийн хоорондох нотариатаар баталгаажуулсан гэрээг тухайн тэмцээн эхлэхээс З сараас доошгүй хугацааны өмнө Биеийн тамир, спортын үндэсний төвд ирүүлэх бөгөөд уг гэрээнд журамд заасан шагналыг хуваарилах талаар тусгасан байна.
5. Шагнуулах тодорхойлолтыг тухайн тэмцээн дууссан өдрөөс хойш нэг сарын дотор Биеийн тамир, спортын үндэсний төвд ирүүлэх бөгөөд тус төв олимп, дэлхийн аварга, тивийн наадам, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагч, спортын холбоод, клубүүдийн хамтын ажиллагааны гэрээ, тэмцээнд оролцуулах зөвшөөрөл, сургалт дасгалжуулалтын төлөвлөгөө, тэмцээний албан ёсны протокол зэргийг шалган холбогдох материалыг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шагнал олгох шийдвэрийг биеийн тамир, спортын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар гаргана.
6. Тэмцээнд тухайн спортын төрлийн зай, оролдлого, жинд 10-аас доош орны тамирчид оролцсон тохиолдолд олгох мөнгөн шагналын хэмжээг 50 хүртэл хувиар багасгаж болно.
7. Олимпийн наадмын төрлөөр дэлхийн аваргын тэмцээн 3-4 жил тутамд болдог бол З дугаар хавсралтын ёсоор, 2 жил тутам болдог бол З дугаар хавсралтад заасны 80 хувиар, жил тутам болдог бол 60 хувиар тус тус бодож шагнал олгоно.
8. Цувралаар зохиогддог тэмцээний шагналыг тухайн тамирчны үзүүлсэн хамгийн өндөр амжилтаар жилд нэг удаа олгоно.
9. Дэлхийн цомын тэмцээнийг тивийн наадамтай; дэлхийн залуучуудын аварга, Пара олимп, дэлхийн дүлий иргэдийн спортын тоглолт, Универсиад, оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг олимпийн наадамд оролцдоггүй спортын төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй тус тус адилтган үзнэ.
10. Тивийн залуучуудын аварга, Дэлхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний медальт байрны шагналыг тивийн аваргын шагналын 50 хувьтай, тивийн өсвөр үеийн аваргыг тивийн аваргын шагналын 25 хувьтай тэнцэх хэмжээгээр тогтооно.
11. Оюуны спорт-шатар, зуун буудалт даамын төрлөөр өндөр амжилт үзүүлэн олон улсын их мастер (гроссмейстер)-ын норм биелүүлвэл шагналыг тивийн наадмын алтан медальтай адилтган нэг удаа олгоно.
12. Тэмцээн зохион байгуулагчид, улсын төсвөөс зардлыг нь дааж буй тохиолдолд мөнгөн шагналыг олгохгүй бөгөөд тухайн тэмцээнээс мөнгөн шагнал олгосон тохиолдолд шагналыг давхардуулан олгохгүй, зөвхөн зөрүүг олгоно.
13. Олимп, дэлхийн аварга, дэлхийн цом, тивийн наадам, тивийн аварга шалгаруулах тэмцээнд багийн тоглолтоор медальт байранд шалгарвал багийн гишүүн тус бүрт мөнгөн шагналын тавин хувьтай тэнцэх шагналыг олгоно.
----оОо-----
/Засгийн газрын 2003 оны 275 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
Текст томруулах
A
A
A