- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦНЫ САЛБАРЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАРИЛЦААНД ШИЛЖҮҮЛЭХ ТАЛААР 1994-1996 ОНД ХИЙХ АЖЛЫН ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 1994 оны 55 дугаар тогтоолын хавсралт
ОРОН СУУЦНЫ САЛБАРЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАРИЛЦААНД ШИЛЖҮҮЛЭХ ТАЛААР 1994-1996 ОНД ХИЙХ АЖЛЫН ХӨТӨЛБӨР
ОРОН СУУЦНЫ САЛБАРЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАРИЛЦААНД ШИЛЖҮҮЛЭХ ТАЛААР 1994-1996 ОНД ХИЙХ АЖЛЫН ХӨТӨЛБӨР
Энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилго нь зах зээлийн зарчимд тулгуурласан орон сууцны салбарыг бий болгох үндсийг бүрдүүлэхэд оршино. Энэ хөтөлбөрийг газар өмчлөл, орон сууц ашиглалт, хот байгуулалт зэрэг орон сууцтай шууд холбогдол бүхий слбар болон улс орны эдийн засгийн салбарт хийгдэх нийтлэг шинэчлэлүүдтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
Орон сууцны салбарт 1994-1996 онд хийх шинэчлэл нь дараахь тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ. Үүнд:
1.Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний үнэ, тарифыг зах зээлийн нийтлэг зарчимд нийцүүлэх, шинэчлэх.
2.Орон сууцны салбарын удирдлага, зохион байгуулалтыг зах зээлийн нөхцөлд тохируулан өөрчлөх.
3.Орон сууцны засвар, үйлчилгээний ажлыг эрхлэх байгууллага, аж ахуйн нэгжүүдийг оновчтой хувилбараар хувьчлах, шинээр бий болгох үндсэн дээр өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх.
4.Зах зээлийн харилцаа төлөвшихийн хэрээр орон сууцны салбар дахь өмчийн харилцааг шинэчилж,төрийн өмчид үлдэх орон сууцнаас бусдыг аль болох хувийн секторт шилжүүлэх, хувьчлах.
5.Орон сууцанд оршин сууж буй бага орлоготой айл өрх,тахир дутуу, өндөр настай хүмүүс зэрэг хүн амын эмзэг хэсгийн нийгмийн хамгааллын тогтолцоог бүрдүүлэх.
6.Орон сууцны барилгыг барих, санхүүжүүлэх ажлыг шинэ журамд шилжүүлэх, үүнтэй уялдуулан орон сууц барих ажилд өрсөлдөх, төсвийн бус хөрөнгийн эх үүсвэр ашиглах нөхцөл бүрдүүлэх.
7.Орон сууцны салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, норм нормативыг шинэчлэх, орон сууцыг өмчлөх, хөлслөх, түрээслэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх.
8.Орон сууцны салбарын хүрээнд харилцагч бүх талуудын тухайбал, орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээ, барих ажлыг эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчид, оршин суугчид, өмчлөгчдийн сургалтыг зохион байгуулах.
Нэг.Орон сууцны талбай, үйлчилгээний үнэ, тарифыг зах зээлийн нийтлэг зарчимд нийцүүлэн шинэчлэх талаар
Орон сууцны талбай, засвар үйлчилгээний үнийг орон сууцны засвар үйлчилгээ, удирдлага, элэгдэл хорогдлын зэрэг бүх зардлыг багтаасан, орон сууцны хэвийн үйл ажиллагааг хангаж чадахуйц түвшинд тогтооход чиглүүлж өөрчилнө.
Хамгийн анхны алхам болгож орон сууц, нийтийн аж ахуйн үнэ тарифыг чөлөөт тогтолцоонд шилжүүлнэ. Ингэхдээ 1994 онд эдгээр үнэ, тарифын өөрчлөлтийн үндэслэлийг Засгийн газраас хянаж зохицуулна. Цаашдаа сууц, нийтийн аж ахуйн үнэ, тарифыг нэгдсэн байдлаар тогтоохоос татгалзаж, зөвхөн өмчлөгч /төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд/, оршин суугчдын хоорондын хэлцлийн үндсэн дээр тогтоодог зарчимд үндсэндээ шилжинэ.
Төрийн өмчид байгаа орон сууцны үнэ, тарифыг хөлсний гэрээгээр сууж буй /нэг хүнд ногдох орон сууцны талбайн хэмжээ нь нийгмийн тогтоогдсон нормоор хязгаарлагдсан/ оршин суугчдын хувьд орон нутгийн засаг захиргааны байгууллагын хяналтад нийгмийн бодлогын хэсэг болгон хадгалах бөгөөд түрээсийн гэрээний үндсэн дээр /нэг хүнд ногдох орон сууцны талбайн хэмжээ нь аль нэг байдлаар хязгаарлагдахгүй/ оршин суугчдын хувьд зах зээлийн чөлөөт үнэд бүрэн шилжинэ.
Төрийн өмчид байгаа орон сууцны төлбөрийн тогтолцоог нэг загвараас гаргаж тухайн орон сууцны загвар, байршил, тохилог байдал, засвар, үйлчилгээний чанараас хамааруулсан ялгавартай үнэ, тарифын сүлжээг бий болгож мөрдүүлнэ.
Үүнтэй уялдуулан төрийн өмчийн орон сууцны санг хөлсний болон түрээсийн гэрээгээр ашиглуулах гэж хувааж ангилах бөгөөд нэг хүнд ногдох орон сууцны талбайн нийгмийн нормыг орон сууцны хангамж, эрүүл ахуйн шаардлагыг харгалзан тогтооно. Энэ ажлыг аймаг, хотын засаг захиргааны байгууллагууд өөрсдийн орон нутгийн онцлогийг харгалзан хийх бөгөөд Засгийн газрын зүгээс нэгдсэн арга зүйн удирдлагаар хангаж, нэг хүнд ногдох орон сууцны талбайн доод хэмжээг тогтоож, хяналт тавина.
Орон сууц өмчлөгчид нь засвар, үйлчилгээний зардлаа өөрсдөө /орон сууны байшинг хамтран өмчилсөн тохиолдолд эзэмшиж буй талбайтай харьцангуйгаар/ хариуцна.
Хоёр. Орон сууцны салбарын удирдлага, зохион байгуулалтын шинэчлэлийн талаар
Энэ хүрээнд хийгдэх шинэчлэл нь орон сууцны салбарт өмчлөгч, ашиглалт, мэргэжлийн удирдлагыг салган, тэдний эрх, үүргийг зааглах, харилцан хяналт тавих нөхцөл бий болгоход чиглэнэ.
Орон сууцыг өмчлөгч байгууллага, орон сууцны ашиглалт, хяналт, засвар, үйлчилгээний ажил гүйцэтгэгч байгууллагуудын үүргийг салгана.
Орон сууцны салбар төрийн байгууллага нь:
1. Төрийн өмчийн орон сууцыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу захиран зарцуулна.
2. Орон сууцны ашиглалт, засвар, үйлчилгээний стандарт, норм, нөхцөлийг тогтоож, холбогдох дүрэм, зааврыг гаргаж, тэдгээрийг өмчийн бүх хэлбэрт бүрдүүлж биелэлтэд нь хяналт тавина.
3. Орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээ хийх байгууллагуудыг өрсөлдүүлэх үндсэн дээр сонгож аван гэрээ байгуулж, төрийн өмчийн орон сууцны засвар, үйлчилгээг хийлгэж, түүний чанарт өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлж ажиллана.
4. Төрийн өмчийн орон сууцанд оршин суугчидтай гэрээ хийж, /хөлслөх болон түрээслэх/ өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлнэ.
5. Орон сууцны хороолол, барилга барих газар түүнтэй холбогдсон дэд бүтцийн асуудлыг судалж шийдвэрлэнэ.
Үүний зэрэгцээгээр орон сууцны ашиглалт, хяналтын албыг аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дэргэд бий болгоно.
Орон сууц хувьчилж эхлэхтэй уялдуулан орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг бий болгох, орон сууцны даатгалын тогтолцоог төлөвшүүлэх, орон сууц, үл хөдлөх хөрөнгийг барьцаалах хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлэх арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлнэ.
Орон сууцаа хувьчилж авсан орон сууц өмчлөгчдийн хамтран өмчлөх /хоршоолол/, хэсэгчилэн өмчлөх /кондоминум/ хэлбэрүүдийг бий болгож төлөвшүүлнэ.
Гурав. Орон сууц ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг эрхлэх байгууллагуудыг өөрчлөн байгуулах талаар
Орон сууцны ашиглалт, засвар, үйлчилгээг чөлөөтэй, өрсөлдөөний үндсэн дээр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхэд шинэтгэл чиглэгдэнэ.
Одоо байгаа орон сууц ашиглалтын конторуудыг аж ахуйн хувьд бүрэн бие даалгана.
Төрийн байгууллагын зүгээс орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээний ажлын стандарт, норм, нөхцөлийг гаргаж мөрдүүлэх бөгөөд үүний биелэлтийг төрийн байгууллага болон оршин суугчдын зүгээс хянах тогтолцоог бий болгоно.
Орон сууцны ашиглалт, засвар, үйлчилгээний байгууллагуудыг оновчтой хэлбэрээр хувьчлах ажлыг аймаг, нийслэл, хотын өмч хувьчлалын комиссууд хэрэгжүүлэхийн зэрэгцээ энэ салбарт хувийн өмчийн аж ахуйн нэгжүүд бий болох явдлыг бүр талаар нь дэмжинэ.
Ийм төрлийн ажил эрхлэх аж ахуйн байгууллагуудын тоо олшрох хэрээр ажил, үйлчилгээний чанарт тавих стандарт, шаардлагыг өндөржүүлж, тэдний дунд тендер зарлан сонгон шалгаруулж, гэрээ байгуулах замаар өрсөлдөөнийг бий болгоно.
Орон сууцны ашиглалт, засвар, үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжүүд нь тодорхой хугацаагаар /1-2 жилээр/ өмчлөгчид /төрийн байгууллага, орон сууцны хоршоолол, кондоминум/-тай гэрээ байгуулж, биелэлтийг нь дүгнэж, сунгах эсэхээ шийдвэрлэх журамд шилжинэ.
Орон сууцны засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжүүдийг ерөнхий менежментийн болон тусгайлсан чиглэлийн хэмээн төрөлжүүлнэ.
Орон сууцны нийтийн эзэмшлийн аж ахуйн засвар, үйлчилгээг мэргэжлийн болон үйлчилгээний байгууллагаар төлбөртэйгээр хийлгэж зардлыг өмчлөгчид бүрэн хариуцна. Төрийн болон хувийн өмчийн орон сууц бүхий байшингийн засвар, үйлчилгээг хийлгэх, үйлчлэгч байгууллагыг сонгож гэрээ байгуулах, биелэлтийг хянаж төлбөр тооцоог хийх ажлыг хөрөнгийн дийлэнх хэсгийг өмчлөгч тал нь хариуцна.
Дөрөв.Орон сууцны салбарын өмчийн харилцааг шинэчлэх, хувьчлах талаар
Орон сууцны салбарт хувийн өмчийн хэвшлийг бий болгож, зах зээлийн харилцаанд шилжихийн хэрээр орон сууцыг аль болох их хэмжээгээр хувьчлах нөхцөлийг бүрдүүлэхэд шинэтгэл чиглэгдэнэ.
Орон сууцны хувьчлал нь дараахь хэлбэрүүдээр явагдана. Үүнд:
-одоо хөлсний гэрээгээр оршин сууж байгаа оршин суугчид зохих дүрэм, журмын дагуу орон сууцаа хувьчлан авах;
-шинээр ашиглалтад орж буй орон сууцны тодорхой хэсгийг төрийн байгууллагын мэдэлд үлдээн төсвийн байгууллагын ажиллагчид болон өндөр настан, тахир дутуу хүмүүс зэрэг хүн амын эмзэг хэсгийн хэрэгцээг хангахад зориулах бөгөөд үлдсэн хэсгийг байгууллага, аж ахуйн нэгж, хувийн компани, иргэдэд дуудлагын худалдаагаар худалдана;
-аймаг, нийслэл, хотын төрийн байгууллагын мэдэлд бусад өмчлөгчдөөс хууль зүйн дагуу шилжиж ирсэн орон сууцыг нийтэд худалдах;
-орон сууцны дуусаагүй барилгуудыг чиглэлийг нь хадгалах нөхцөлтэйгээр дуудлагын худалдаанд оруулах;
Эдгээр хэлбэрүүдийг хэрэгжүүлэх дүрэм, журмыг Монгол Улсын Өмч хувьчлах тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 1994 оны эхний хагас жилд багтаан гаргана.
Гадаадын болон харьяалалгүй иргэдэд орон сууц хувьчлан өмчлүүлэхгүй.
Өмчлөгч нь орон сууцаа эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа бусдын эрх ашгийг хохироохгүй байх нөхцөлийг бүрдүүлж, үүнтэй холбогдсон дүрэм, эрхийн актыг гаргаж мөрдүүлнэ.
Одоо ашиглагдаж байгаа орон сууцыг хувьчлахдаа оршин суугчдын саналыг харгалзах бөгөөд тодорхой зарчмаар үнэлж худалдана.
Орон сууц хувьчлахад дараахь хөнгөлөлт үзүүлнэ:
-байр хөлслөн авсан өрхийн гишүүн бүрт 5 хавтгай дөрвөлжин метр талбайг үнэгүй хувьчилна;
-партизан, хоёр дайнд оролцож тахир дутуу болсон хүмүүст түүний хөлслөн сууж байгаа сууцыг нь үнэгүй хувьчлан олгоно;
-орон сууц хувьчлах үед сууж байгаа сууцныхаа үнийг бэлэн мөнгөөр /хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн ялгаан тасалбар оролцуулан/ нэг удаа бүрэн төлөх тохиолдолд төлөх бэлэн мөнгөний хэмжээг бууруулж хөнгөлөлт үзүүлнэ;
-амьжиргааны баталгаажих доод түвшингээс бага орлоготой айл, өрхийн орон сууцыг тэднийн саналаар хувьчлахгүйгээр төрийн өмчид үлдээж, орон сууцны нийгмийн хамгааллын тогтолцоонд хамааруулна.
Хувьчлагдсан орон сууцны төлбөрт бэлэн мөнгө, хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн ялгаан тасалбар /нэрлэсэн үнээр нь/ хөнгөлөлттэй зээлийг хэрэглэнэ.
Хувьчлагдах орон сууцны нэг хавтгай дөрвөлжин метр ашигтай талбайн үнэ болон хувьчлагдсан орон сууцны төлбөрт авах хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн ягаан талбарын хэмжээг Засгийн газар тогтооно.
Орон сууцны хувьчлалаас орох орлогыг тусад нь сууцны санд төвлөрүүлж хуримтлуулна.
Орон сууцны сан нь Улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байж түүнийг цаашид зөвхөн орон сууц, түүний дагалдах барилга, байгууламжийг барих, түүнд олгох зээлийн эх үүсвэрт ашиглана.
Дараахь орон сууцыг хувьчлалд хамааруулахгүй:
-төр, засгийн мэдлийн тусгай үйлчилгээний орон сууц;
-оюутан, сурагчдын дотуур байр;
-цэргийн анги, байгууллагын эзэмшлийн орон сууц;
-орон нутгийн тусгай зориулалтын орон сууц /багш, эмч нарын гэх мэт/.
Хамтарсан үйлдвэр, олон нийтийн байгууллага хоршооллын болон хувьчлагдсан байгууллага нь мэдлийн орон сууцаа хувьчлах асуудлыг өөрсдөө шийдэж, энэ талаар гарсан эрхийн актуудыг мөрдөнө.
Тав. Орон сууцны салбарт нийгмийн хамгааллын тогтолцоог бүрдүүлэх талаар
Орон сууцны салбарт үйлчлэх нийгмийн хамгааллын тогтолцоог байр сууцаа биш тэнд оршин сууж байгаа хүнээ дагасан болгон өөрчлөхөд шинэтгэл чиглэгдэнэ.
Орон сууц, нийтийн аж ахуйн үйлилгээний үнэ, тариф цаашид өсвөл бага орлоготой айл өрх, тахир дутуу иргэд, өндөр настан зэрэг хүн амын эмзэг хэсэгт төрийн зүгээс нийгмийн хамгаалал үзүүлэх шаардлага зайлшгүй гарна.
Энэхүү нийгмийн хамгааллын арга хэмжээг орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний үнэ, тарифын тодорхой хэсэгт улсын зүгээс зөрүүг нөхөн олгох хэлбэрээр хэрэгжүүлнэ.
Улсаас олгох нөхвөрийн хэмжээг өрхийн ам бүлийн тоогоор тооцсон нийгмийн нормт талбайд оногдох орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний хөлс болон өрхийн төлж чадах мөнгөний нормативт хэмжээг үндэслэн тогтооно.
Нөхвөр олгох эх үүсвэр нь нийгмийн халамжийн сан байна.
Орон сууцны нөхвөрийг зарим орны жишгээр орон сууцны төлбөрийн эрхийн бичиг /ваучер/ ашиглан олгох нь зүйтэй гэж үзнэ.
Хүн амын орлого багатай, эмзэг хэсгийн орон сууцны хангамжид төрөөс онцгойлон анхаарч төсвийн хөрөнгөөр тэдэнд зориулсан тусгай сууц /ядуу хүмүүс, өнчин хүүхдийн асрамжийн байр, өндөр настан, тахир дутуу хүмүүст зориулан дотроо ажил, үйлчилгээний байр бүхий орон сууц/ барина.
Эдгээр үзэл санааг баримтлан холбогдох байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг орон сууцны нийгмийн хамгааллыг хэрэгжүүлэх журам, зааврыг боловсруулан гаргаж мөрдүүлнэ.
Зургаа. Орон сууцны барилгыг барих, санхүүжүүлэх шинэ тогтолцоо бүрдүүлэх талаар
Орон сууцны барилгыг барих ажилд өрсөлдөөн бий болгох, орон сууцны зах зээлийг бүрдүүлэх, орон сууцны санхүүжилтэд төсвийн бус хөрөнгийг өргөнөөр ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд шинэчлэл чиглэгдэнэ.
Зах зээлийн тогтолцоонд ялангуяа шилжилтийн үед орон сууцыг аль болох зардал багатай барихдаа суугчдын тохитой амьдрах нөхцөл, эрүүл ахуйн шаардлагыг хангахад онцлон анхаарч, амины орон сууцыг түлхүү барина. Үүнтэй уялдуулан орон сууцны эрүүл ахуйн нормуудыг /агаарын эзэлхүүн, температур, урсгалын хурд болон өрөөний дулаан, чийгшилт/ тогтоож мөрдөнө.
Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн болон зээлийн хөрөнгөөр ажиллагсдынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэхийг дэмжинэ.
Орон сууцны төлөвлөлтийг боловсронгуй болгож, орон сууцны төрлийг хүн амын бодлого, өрхийн бүтэц, орлогын хэмжээнд тохируулж олшруулна. Орон сууцны санхүүжилтийн тогтолцоог үйлдвэрлэгч хэрэглэгчид шууд үйлчлэхээр өөрчилнө. Орон сууцны банкийг байгуулж, хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв, орон сууцны хувьчлалын орлого, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өөрийн хөрөнгө, орон сууцны даатгал, түүнийг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад орон сууц шинээр барихад зориулж хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл, санхүүжилт олгоход хэрэглэнэ.
Долоо. Орон сууцны салбарын хууль тогтоомжийг шинэчлэх талаар
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр орон сууцны салбарт бий болох шинэ харилцааг зохих хууль тогтоомжид тусгахад шинэчлэл чиглэгдэнэ. Юуны өмнө иргэний хуулийн орон сууцны хэсэгт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна.
Дараахь хууль, дүрэм, журмыг шинээр боловсруулж гаргана:
-орон сууцны бодлогын тухай хууль;
-орон сууцыг хамтран өмчлөх /хоршоолол/, хэсэгчлэн өмчлөх /кондоминум/ хэлбэрүүдийн тухай хууль, эрхийн акт;
-орон сууцыг барьцаалах тухай хууль, эрхийн акт;
-орон сууцны ашиглалтын дүрэм;
-орон сууц хувьчлах дүрэм;
-хувьчлах орон сууцыг үнэлэх журам;
-орон сууцны сан байгуулж, зарцуулах журам.
Орон сууцтай холбоотой хууль, дүрэм, журмыг боловсруулахдаа Монгол Улсын бусад хууль, тогтоомжийн актуудад нийцүүлэн боловсруулна.
Найм. Орон сууцны салбарын хэмжээнд хийх сургалтын талаар
Орон сууцны хувьчлал нь нийт ард иргэдийн эрх ашгийг хөндсөн эмзэг асуудал учраас тус салбарын хэмжээнд харилцагч талуудын тухайлбал, орон сууцны ашиглалт, засвар, үйлчилгээг эрхлэх, барих аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчид, оршин суугч иргэд, өмчлөгчдийн дунд явуулах сургалтыг аль болох өргөн хүрээтэй зохион байгуулна.
Орон сууц хувьчилсны ач холбогдол, эерэг, сөрөг үр дагавар, зах зээл хөгжсөн орнуудын туршлага, орон сууцны салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх зайлшгүй шаардлага, энэ талаар гарах хууль тогтоомж, дүрэм, журмыг сайтар сурталчлан ойлгуулна.
Ингэснээр уг ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх сэтгэл зүйн бэлтгэл болох төдийгүй, ард иргэдийн хяналт, туслалцааг өргөн ашиглах боломжийг хангана.
Сургалт, сурталчилгааны ажлыг сайн зохион байгуулснаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад ямар нэгэн алдаа, сөрөг үр дагавар гаргахаас урьдчилан сэргийлнэ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН КОМИСС
Текст томруулах
A
A
A