A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР (Засгийн газрын 2005 оны 170 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 75 дугаар тогтоолын хавсралт


САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН  ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
(Засгийн газрын 2005 оны 170 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Оршил
 
Санхүү, эдийн засгийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /цаашид "Хөтөлбөр" гэх/-т Санхүү, эдийн засгийн сайд, Засгийн газрын Танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд чиглэсэн үндэсний хөгжил, эдийн засгийн аюулгүй байдал, төсөв, санхүүгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, хөтөлбөр, үндсэн чиглэл боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үнэлгээ өгөх, холбогдох арга хэмжээг зохицуулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын асуудлыг хамарсан Санхүү, эдийн засгийн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл,  бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Улсын Их Хурлын "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" 2000 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийн "Төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт, шинэчлэл" бүрэлдэхүүн хэсгийн МОН/94/102 төслийн хүрээнд боловсруулсан "Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий загвар" төслийн тайлан, "Санхүү, эдийн засгийн яамны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2000 оны 131 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Санхүү, эдийн засгийн яамны үйл ажиллагааны үндсэн зарчим нь Үндсэн хуульд заасны дагуу ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх явдал мөн. Санхүү, эдийн засгийн яам нь үйл ажиллагааныхаа үндсэн зарчимд тулгуурлан, төрийн захиргааны төв байгууллагын зорилт, чиг үүргийг нарийвчлан тодорхойлсон энэхүү хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
Монгол Улсын Үндсэн хууль,
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,                              Монгол Улсын Төрийн албаны тухай хууль,
Монгол Улсын Төсвийн тухай хууль,
Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль,
Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй                    
Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын шилдэг туршлага, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн зэрэг арга зүйг хэрэглэв.
1.5. Удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь
Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын нэг болох Санхүү, эдийн засгийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх талаар үүрэг хариуцлага хүлээж, Ерөнхий сайд, Санхүү, эдийн засгийн сайд, Засгийн газрын Танхимд  санхүү, эдийн засгийн талын зөвлөлгөө өгч, дэмжлэг үзүүлнэ.
Санхүү, эдийн засгийн яам нь Засгийн газрын стратегийн бодлого, нэгдсэн төлөвлөлт болон бодлого, төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газрын өндөрлөгөөс өргөн хүрээтэй хандаж,  зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.
Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Санхүү, эдийн засгийн яам нь Засгийн газрын санхүү, эдийн засгийн зөвлөхийн үүрэг хариуцлагыг хүлээнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Санхүү, эдийн засгийн  яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:


Санхүү, эдийн засгийн яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь  Санхүү, эдийн засгийн сайд, Засгийн газрын Танхим байна.  
Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн харилцааг зохицуулахад  чиглэнэ.
Санхүү, эдийн засгийн  яамны  стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
ХОЁР. САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Санхүү, эдийн засгийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, хөтөлбөр, Санхүү, эдийн засгийн  сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Санхүү, эдийн засгийн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө өгч, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Санхүү, эдийн засгийн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги, үндсэн чиглэл, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангах, Санхүү, эдийн засгийн  сайд, Засгийн газрын Танхимд үйл ажиллагаагаа үр нөлөөтэй, үр ашигтай явуулахад нь бүх талын дэмжлэг үзүүлэх,
Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, хөтөлбөрт тусгагдсан эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд бусад яам, газруудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, эдийн засаг, төсөв, санхүүгийн удирдлага, төлөвлөлт, зохицуулалтад шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангах,
Эдийн засаг, төсөв, санхүүгийн удирдлагын чадавхийг нэмэгдүүлж, бүтэц, үйл ажиллагааг өөрчлөн, боловсронгуй болгох,
Эдийн засгийн шинэчлэл, зохицуулалт, бүтцийн өөрчлөлтийн нэгдсэн бодлого явуулах, бодит салбар, салбар хоорондын болон бүс нутгийн хөгжлийн бодлого боловсруулах,
Улс орны хөгжлийн ерөнхий чиг хандлага, бодлоготой уялдуулсан төсөв, санхүү, татвар, хөрөнгө оруулалт, даатгалын удирдлага, зохицуулалтыг хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх,
Яамны хэмжээнд удирдлагын үр ашигтай арга барил, туршлага нэвтрүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах,
Гадаадын зээл, тусламжийн талаархи нэгдсэн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, гадаад, дотоод өрийн менежментийг жинхэнэ ёсоор бий болгож, чанд мөрдүүлэх.
Нягтлан бодох бүртгэл, магадалгаа, санхүүгийн хяналт шалгалтын нэгдсэн бодлого, удирдлагаар хангах.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрөгдсөн бодлогын баримт бичгийн 2.4, Засгийн газрын 1996 оны 205 дугаар тогтоолоор зөвшөөрөгдсөн хөтөлбөрт тусгагдсан арга зүйг үндэс болгож Санхүү, эдийн засгийн яамны эрхэм зорилгыг дараахь байдлаар томьёолж байна:

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
 
Санхүү, эдийн засгийн яам нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд стратегийн дор дурдсан зорилтуудыг хэрэгжүүлнэ:
 
Стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах,
Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах,
Бодлогын хэрэгжилтийг зохицуулах,
Бодлогын хэрэгжилтийн явц, байдалд хяналт-шинжилгээ /мониторинг/, үнэлгээ хийх.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Санхүү, эдийн засгийн яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
1.0. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
1.1.Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, үндсэн чиглэл боловсруулахад зөвлөлгөө өгч, дэмжлэг үзүүлэх;
1.2.Макро эдийн засгийн үндсэн тэнцвэрт харьцааг хангахад зөвлөлгөө өгөх,
1.3.Төсөв, санхүү, татварын бодлого боловсруулахад зөвлөлгөө өгч, дэмжлэг үзүүлэх,
1.4.Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого болон өмчийн бодлого боловсруулахад зөвлөлгөө өгч, дэмжлэг үзүүлэх,
1.5.Зах зээлийн харилцааны зарчимд нийцсэн нягтлан бодох бүртгэл, магадалгааны тогтолцоо бүрдүүлэх,
1.6.Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлогыг боловсруулахад зөвлөлгөө өгөх.
2.0. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.1.Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах,
2.2.Хүний нөөцийг зохистой ашиглахад зөвлөлгөө өгч, нийтлэг  үйлчилгээ үзүүлэх,
2.3.Сайдаас шийдвэр боловсруулан гаргахад эрх зүйн болон бусад  дэмжлэг үзүүлэх,
2.4.Яамны үйл ажиллагааны үр ашиг, нөлөөг дээшлүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох.
3.0. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
3.1.Улсын төсвийн хэрэгжилтийг  зохицуулах,
3.2.Эдийн засгийн гадаад хамтын ажиллагааг хэрэгжүүлэх,
3.3.Засгийн газрын бэлэн мөнгө, өрийн удирдлага, зохицуулалтаар       хангаж, санхүү бүртгэлийн тогтолцоог бүрдүүлэх,
3.4.Бодит салбарын үйл ажиллагааг удирдлага зохицуулалтаар   хангах,
3.5.Засгийн газрын санхүүгийн бүртгэлийн тогтолцоог бүрдүүлэх.
4.0. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
4.1.Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын боловсруулалт, хэрэгжилтийн явц, байдалд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх,
4.2.Мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Санхүү, эдийн засгийн яамны  үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус  яамны газар, хэлтсийн ажил үүргийн хуваариар тодорхойлж хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Санхүү, эдийн засгийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
 
 

 
ГУРАВ. САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН  ЯАМНЫ ҮЙЛ  АЖИЛЛАГААНЫ  БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН  БҮТЭЦ, ТЭДГЭЭРИЙН ЧИГ ҮҮРЭГ
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Санхүү, эдийн засгийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтална:
Засгийн газрын үйл ажиллагааны стратегитай уялдсан тухайн яамны стратегийн зорилтыг тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь тус яамны үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх),
Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүдийн нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх),
Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал, яамны зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь тус яамны үйл ажиллагааны стратегийг тусгасан байх),
Бүтцийн хувьд энгийн байх зарчим (тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл аль болох цөөн шат дамжлагатай байх),
Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (тухайн яамны үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар, шуурхай удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх),
Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь сайд, Засгийн газар /Танхим/, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөлгөө, дэмжлэг, үйлчилгээ үзүүлдэг байх),
Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн дүүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Санхүү, эдийн засгийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо доорхи загвартай байна:
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР
 

3.3. Зохион байгуулалтын бүтэц
Санхүү, эдийн засгийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас тус яамны зохион байгуулалтын бүтцийн дор дурдсан чиг үүрэг бүхий нэгж урган гарч байна:
1. Стратегийн удирдлага, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны нэгдүгээр зорилтын хүрээнд Санхүү, эдийн засгийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлоход чиглэгдсэн дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал, хэтийн бодлого боловсруулах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлогыг тодорхойлох,
- Макро эдийн засгийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, биелэлтийг нэгтгэн дүгнэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүсчилсэн болон салбарын хөгжлийн бодлого боловсруулах, макро эдийн засгийн үндсэн тэнцвэрт харьцааг хангахад зөвлөлгөө өгөх, эдийн засаг, нийгмийн бодлогын хүрээнд хийгдэх салбарын өөрчлөлтийн бодлогыг тодорхойлох,
- Эдийн засгийн макро түвшинд уялдуулсан төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэл, мөнгө зээл, улсын өрийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, улсын төсвийн жилийн болон хэтийн төлөвлөгөө боловсруулах,
- Эдийн засгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай харьцахад баримтлах зарчмыг тодорхойлох,
-Зах зээлийн харилцааны зарчимд нийцсэн санхүүгийн бүртгэл, магадалгааны тогтолцоог бүрдүүлэх,
- Аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүүгийн тайлан балансыг хүлээн авч нэгтгээд статистикийн үзүүлэлтийг гаргах,
      - Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлогыг олон улсын хөгжлийн хандлага, өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулах,
- "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай" хуулийн хэрэгжилтийг хангах зэрэг болно.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Санхүү, эдийн засгийн сайд, Засгийн газрын Танхимын эдийн засаг, нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нь Санхүү, эдийн засгийн сайд, Засгийн газрын Танхимаас улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын гишүүн, Санхүү, эдийн засгийн сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Тус нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Санхүү, эдийн засгийн сайд, Засгийн газрын Танхим байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь чиглэлийн яамд, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагууд, нутгийн захиргааны байгууллагууд байх болно.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад хэргийн  яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол банк, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
2. Төрийн захиргааны удирдлагад эрх зүйн дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах үндсэн үүргийг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх, Санхүү, эдийн засгийн сайд, захиргааны удирдлагад эрх зүйн дэмжлэг үзүүлэх үндсэн үүргийг хүлээж, эдийн засаг, санхүүгийн холбогдолтой хууль эрхийн баримт бичгийг боловсруулах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, санал боловсруулах, Санхүү, эдийн засгийн сайдын эрхлэх хүрээний асуудлыг зохицуулж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр тус яамнаас дангаар болон бусад яам, газруудтай хамтран боловсруулах хууль тогтоомжийн төсөл дээр хамтран ажиллах, Санхүү, эдийн засгийн сайдын эрхлэх асуудал, бүрэн эрхийн хүрээнд нийтээр дагаж мөрдүүлэх дүрэм, журам, заавар боловсруулах, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явц, биелэлтэд нь хяналт тавих, гүйцэтгэлийг гаргах, шинээр гарсан хууль тогтоомжид  эрх зүйн баримт бичиг нийцэж байгаа эсэхийг хянаж, зөрчлийг арилгах арга хэмжээ авах, Санхүү, эдийн засгийн сайдын  эрхлэх асуудлаар гадаад, дотоодын төр, засгийн байгууллага, хуулийн этгээдтэй хийх гэрээ, хэлэлцээрийн төсөлд эрх зүйн талаар зөвлөлгөө өгөх, хууль, эрх зүйн баримт бичгийн бүртгэл, лавламжийн санг хөтөлж, өөрчлөлт хөдөлгөөнийг тогтмол тусгах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь эдийн засаг, санхүүгийн холбогдолтой хууль, эрх зүйн баримт бичгийг боловсруулан гаргахад хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх цомхон, чадварлаг төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ.
Энэ нь Санхүү, эдийн засгийн  сайдад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дотоод үйлчилгээ үзүүлэх, яамны газар, хэлтэс хоорондын ажлын уялдааг хангах, дотоод дэг журам, ажил хэрэгч шуурхай байдлыг хангах, эдийн засаг, санхүүгийн салбарын бүх шатанд ажиллах мэргэжилтэнг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний нийгмийн баталгааг бий болгоход дэмжлэг үзүүлэх, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, аппаратыг албан хэргийн техник хэрэгсэл, бусад шаардлагатай зүйлээр хангаж үйлчлэх замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Санхүү, эдийн засгийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид, холбогдох тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагууд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бүх шатны санхүү, татвар, гааль, санхүүгийн хяналт шалгалтын байгууллага, нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн удирдлага байна.
Үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, салбарын яамд, агентлагууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, гадаадын зарим улс, олон улсын байгууллагууд байна.
3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд Санхүү, эдийн засгийн сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлогын хэрэгжилтийг зохицуулахтай холбогдсон дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Улс орны эдийн засгийн болон төсөв, санхүү, татвар, мөнгө зээл, хөрөнгө оруулалт, бүтцийн өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулахтай холбогдсон арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хөгжлийн төлөв байдлыг үнэлэх,
- Төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах, төсвийн урсгал тэнцлийг хангах, төсвийн алдагдал нөхөх эх үүсвэрийг тогтоох, улс орны санхүүгийн нөөцийг гадаад, дотоод эх үүсвэрээс арвижуулах, түүнийг оновчтой зөв хуваарилж зохицуулах,
- Засгийн газрын дансуудыг хөтлөх, тэдгээрийн урсгал зарцуулалтад хяналт тавих, төсвийн гүйцэтгэлийн тайланг хүлээн авах, нэгдсэн тайланг гаргах, төсөвт байгууллагуудын санхүү бүртгэлийг хөтлөх, Засгийн газрын нягтлан бодох бүртгэлийн асуудлаар арга зүйн зөвлөлгөө өгөх, тайлан тэнцлийн маягт, аргачлалыг боловсруулах, улсын өрийн хэрэгжилтийг зохицуулах, бэлэн мөнгөний төлөвлөлт хийх, Засгийн газрын зээл, бонд, үнэт цаас гаргах, хэрэгцээг тогтоох, хэвлэх үйл ажиллагааг гүйцэтгэх, Засгийн газрын зээлийн баталгаа гаргах,
- Салбарын өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, төрийн өмч, өмч хувьчлалын бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засаг, нийгмийн бүсчилсэн болон салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг зохион байгуулж, хяналт тавих, банк, санхүүгийн салбарын нийтлэг асуудлыг зохицуулах,
- Эдийн засгийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа, түүний хэрэгжилт, гадаад орон, олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах хөтөлбөр болон зээл, тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах эдгээр болно.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах, төсвийн зарлагын оновчтой бүтцийг бий болгох, төсвийн тэнцэл, Засгийн газрын дансны хөрөнгийн урсгал зарцуулалтыг хангах болон хөрөнгийн ашиглалтын тайлан, мэдээллийг цаг тухайд нь гаргуулах замаар төсвийн хөрөнгийг үр ашигтай ашиглах, гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах болон зээл, тусламжийн асуудлаар бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулахтай холбогдсон шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, Санхүү, эдийн засгийн сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Санхүү, эдийн засгийн сайд, Засгийн газрын Танхим байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яамд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагууд, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, улсын төсвөөс санхүүжилт авдаг газрууд, иргэд, бусад хэрэглэгчид  байна.
Үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад хэргийн  яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол банк, Төрийн өмчийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
4. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх үндсэн үүргийг хүлээж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн боловсруулалт, хэрэгжилтийн явц байдал, Санхүү, эдийн засгийн сайдаас харьяа агентлагийн дарга нартай байгуулах үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, шаардлагатай мэдээлэл, зөвлөлгөө, дэмжлэгээр хангах, мэдээллийн сүлжээ, сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нь Санхүү, эдийн засгийн сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгж, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагт бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг сайжруулахтай холбогдсон зөвлөлгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Санхүү, эдийн засгийн сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагууд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яамд, аж ахуйн нэгж, байгууллагууд байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
                                                        -------о О о-------