A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 157 дугаар тогтоолын хавсралт

СУМЫН ХӨГЖЛИЙН САН БАЙГУУЛАХ, ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ, АШИГЛАЛТАД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Суманд жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх, орон нутгийн төсвийн орлогын баазыг нэмэгдүүлэх зорилгоор сумын хөгжлийн сан (цаашид хөгжлийн сан гэж нэрлэнэ) байгуулах, зарцуулах, хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. Хөгжлийн сангийн эх үүсвэр
2.1. Хөгжлийн сан нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
      а/төсвөөс  нэг удаа  олгох  сумын хөгжлийн сангийн зээлийн хөрөнгө;
      б/иргэд, гадаад улс, олон улсын байгууллага болон дотоодын төрийн өмчийн оролцоогүй аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн сумыг хөгжүүлэхэд зориулан хандивласан мөнгөн болон бусад эд  хөрөнгө;
      в/сумын хөгжлийн санд олгосон зээлийн хүү;
      г/хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр.
2.2. Хөгжлийн санд  аймаг, сумын төсвийн хөрөнгө болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын төрийн өмчид ногдох хэсгийн хөрөнгөөс хандивлахыг хориглоно.
Гурав. Хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах
3.1. Сумандаа жижиг, дунд үйлдвэр байгуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, түүнийг  өргөтгөх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын боловсруулсан тодорхой төслийг  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулагдсан ажлын хэсэг ил тод, шударга шалгаруулж, тухайн Хурлаар хэлэлцүүлэн батлуулна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төсөлд хөнгөлөлттэй зээл олгоход  хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулна.
3.2 Хөгжлийн сангаас хөнгөлөлттэй зээл олгох төслийг сонгон шалгаруулах орон тооны бус ажлын хэсгийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  тухайн сумын Засаг даргаар ахлуулан таваас доошгүй хүний бүрэлдхүүнтэйгээр  нэг жилийн хугацаатай байгуулж ажиллуулна.
3.3. Хөгжлийн сангаас зээл авч төсөл хэрэгжүүлэх этгээд нь дор дурдсан шаардлагыг хангасан байна:
      а/иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн суманд бүртгэлтэй, цаашид тогтвортой оршин суух, ажиллахаа баталгаажуулсан байх;
      б/зээлийн хөрөнгийн баталгааг зохих журмын дагуу гаргасан байх;
      в/иргэд, байгууллагагад  хөгжлийн сангийн зээлийн өргүй байх;
      г/ зээл авсны дараа зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах үүрэг хүлээх,  зээлээ хугацаанд нь төлөх чадвартай байх.
3.4 Хөгжлийн сангаас олгох зээлийн гэрээний үлгэрчилсэн загварыг аймгийн Засаг дарга батлана.  Гэрээнд зээлийн зориулалт, хэмжээ, хүү, эргэж төлөгдөх хугацаа, талуудын хүлээх үүрэг хариуцлага, маргаан гарсан тохиолдолд түүнийг шийдвэрлэх журам  зэргийг тодорхой тусгаж, зээлийн хөрөнгийн баталгааг  хавсаргасан байна.
3.5 Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн шалгаруулсан төслийг сумын Засаг дарга тухайн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэн батлуулж, уг төсөл батлагдсанаас хойш 10 хоногт багтаан  зээлийн гэрээний хамт аймгийн Засаг даргын Тамгын газарт  хүргүүлнэ.
3.6  Шалгарсан төслийн дагуу хэрэгжүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогийг харгалзан зээлийн хэмжээ, түүний хүүг тогтоох боловч хугацаа нь 1 жилээс илүүгүй, хүүгийн хэмжээ сар тутам 5  хувиас илүүгүй байх бөгөөд  давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж үзвэл Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүүг  50  хүртэл хувиар бууруулж болно.
3.7 Аймгийн Засаг дарга зээлийн гэрээг  баталгаажуулснаар уг төсөлд олгох хөрөнгийг тухайн сумын  хөгжлийн санд шилжүүлнэ.
3.8 Сумын хөгжлийн санд  хуваарилсан зээлийн хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд аймгийн төсөвт эргүүлэн төлөх бөгөөд түүний хүүгийн орлогыг  нь тухайн сумын хөгжлийн санд үлдээнэ.
3.9 Хөгжлийн сан нь тусгай данстай байх бөгөөда орлого, зарлагын гүйлгээ нь банкны байгууллагаар дамжин хийгдэнэ.
3.10 Хөгжлийн сангийн хөрөнгийг энэхүү журмын 3.1-д зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хатуу хориглоно.
Дөрөв. Хөгжлийн сангийн зарцуулалтад хяналт тавих
4.1 Хөгжлийн сангийн үйл ажиллагааг нийтэд ил тод явуулна. Хөгжлийн сангийн үйл ажиллагаанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын иргэд шууд хяналт тавина. Хяналт тавих ажлын хэсгийг сумын   Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр байгуулна. Тус ажлын хэсэг нь жилд  2-оос доошгүй удаа хөгжлийн сангийн үйл ажиллагаанд шалгалт хийж, дүнг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж байна.
4.2 Хөгжлийн сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг цаг алдалгүй арилгах үүргийг сумын  Засаг дарга  биечлэн хариуцна.
4.3 Сумын хөгжлийн сангийн үйл ажиллагаанд тавих давхар хяналтыг аймгийн Засаг даргын Тамгын газар гүйцэтгэх бөгөөд илэрсэн зөрчил дутагдлыг хугацаа алдалгүй арилгах, гэм буруутай хүмүүст холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллана.
4.4 Сумын Засаг дарга хөгжлийн сангийн орлого, зарлагын мэдээ болон зарцуулалтын тайланг улирал, жилээр гаргаж, дараа улирал, жилийн эхний сарын 10-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газарт албан ёсоор хүргүүлж байна.
 
 
 
 
_ _ оОо _ _