A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ (Засгийн газрын 2006 оны 22 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 101 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт


ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ
 
Энэхүү ёс зүйн хэм хэмжээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явцад аливаа төрийн албан хаагчийн зүгээс холбогдох дүрэм, журмыг зөрчиж гажуудал гаргахгүй байх, тэдний нэр төрийг хамгаалах, үйл ажиллагааг нь олон нийтэд нээлттэй, ил тод байлгахад чиглэгдэнэ.
Тендерийн үйл ажиллагаанд оролцож буй төрийн албан хаагч /цаашид "төрийн албан хаагч" гэх/ нь ёс зүйн хэм хэмжээний дараахь шаардлагыг мөрдөж ажиллана: 
1.Сонирхлын зөрчилдөөн байгааг мэдэгдэх
Төрийн албан хаагч өөрийн хариуцсан аливаа ажлыг чин шударгаар гүйцэтгэхэд нөлөөлөх буюу нөлөөлсөн гэж үзэж болох, тухайлбал, тендерт оролцогчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн өмчилдөг, гэр бүлийн этгээд нь энд ажиллаж цалин урамшуулал авдаг гэх мэт ямар нэгэн хувийн сонирхол, шалтгаан байвал энэ талаар өөрийн шууд удирдлага болон тендерийн хорооны даргад бичгээр заавал мэдэгдэнэ.
2.Мэдээллийн нууцлал ба үнэн зөв байдал
Төрийн албан хаагч нь өөрийн ажил үүргийн хуваарь, албан тушаалын дагуу авсан мэдээллийнхээ нууцыг чандлан хадгалж, түүнийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлын үүднээс ашиглаж болохгүй. Төрийн албан хаагчаас тендерт оролцогчдод хуулийн хүрээнд өгөх мэдээлэл үнэн зөв, бүрэн, тэдгээрийг санаатайгаар төөрөгдөлд оруулахгүй байвал зохино.
3.Бизнесийн нууцыг хадгалах
Төрийн албан хаагч нь тендерт оролцогчдын ирүүлсэн тэдгээрийн бизнесийн аливаа нууцлалыг бусдад задлах болон ашиглуулж болохгүй.
4.Тендерийн бичиг баримтыг бэлтгэх, гаргах
Төрийн албан хаагч тендерийн бичиг баримтыг аль нэгэн этгээдийн үйл ажиллагааны онцлогт тохируулан бусдын оролцоог хязгаарлах байдлаар бэлтгэж болохгүй бөгөөд боломжит бүх оролцогчдыг хамруулж, тэдгээрийг шударга, чөлөөтэй өрсөлдөх бүхий л нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
5.Шан харамж
Төрийн албан хаагч нь аливаа этгээдийн өмнө ямар нэг үүрэг хүлээх байдалд түүнийг оруулж болзошгүй аливаа шан харамж авах, тэдгээрийн зардлаар цайллага, дайллага, аялал, жуулчлал болон бусад арга хэмжээнд оролцохыг хориглоно. Хэрэв ийм санал ирсэн бол энэ тухай шууд удирдах албан тушаалтанд мэдэгдэх бөгөөд удирдлагын зүгээс энэ талаар бичгээр үүрэг даалгавар өгсөн тохиолдолд түүнээс үүдэн гарах сөрөг үр дагавар, хариуцлагыг  төрийн албан хаагч хариуцахгүй.
6.Үнэлгээний явцад тендерт оролцогчтой харьцах
Тендер шалгаруулалтын шударга байдлыг хангах үүднээс Тендерийн хороо болон үнэлгээний хэсгийн ажилтнаас тендерт оролцогчтой харилцах аливаа харьцаа нь зөвхөн албан ажлын хүрээнд байна.
Төрийн албан хаагч нь тендерт оролцогчийн хүсэлтээр түүнтэй албан ажлын уулзалт хийхдээ гуравдагч этгээдийг байлцуулж ярианы тэмдэглэлийг хөтөлж худалдан авах ажиллагааны хавтаст хэрэгт хавсарган хадгалах бөгөөд хувийг бүх оролцогчдод албан ёсоор хүргүүлж байна.
7.Тендерт оролцогчийг шалгаруулах
Тендерийг харьцуулахад шаардлагатай бүх асуудлыг техникийн тодорхойлолтод тусгасан эсэх, үнэлгээ нь гадны нөлөөгүй явагдсан эсэхийг баталгаажуулах үүднээс техникийн тодорхойлолт болон үнэлгээг Тендерийн хорооны болон үнэлгээний хэсгийн гишүүн бүр давхар хянана.
8.Зөвлөхийг хөлслөх
Захиалагч байгууллага тендер шалгаруулалтыг зөвлөхийн туслалцаатайгаар явуулж байгаа тохиолдолд зөвлөх дээр дурдсан зарчмуудыг мөн адил баримтална. Энэ тухай заалт болон тендер шалгаруулалтын явцад олж авсан мэдээллийг үнэлгээ хийгдсэнээс хойш задруулахгүй хадгалах хугацааг зөвлөхтэй байгуулсан гэрээнд заавал тусгана.
 
 
 
 
--------оОо---------