A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 63 дугаар тогтоолын хавсралт

ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ 1997-2000 ОНД ХУВЬЧЛАХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
  Хувьчлалын зорилго
Монгол Улсад 1997-2000 онд явуулах хувьчлалын зорилго нь төр өмч, хөрөнгийнхөө зохистой хэсгийг хувийн өмчид шилжүүлж, шинэ эздэд нь өмч хөрөнгөө эзэмших, захиран зарцуулах эрхийг нь олгож, хуулийн дагуу хүлээх үүрэг, хариуцлагыг нь бүрэн хариуцуулснаар хувийн өмчийн харилцаанд хөндлөнгөөс хутгалдан орохгүй болж, эцсийн дүнд хувийн хэвшил улс орны эдийн засагт давамгайлах байр сууриа олж, үндэсний үйлдвэрлэлийн үр ашиг эрс дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
  Хувьчлалын үзэл баримтлалын үндсэн зарчмууд
1.Хувьчлалыг эрчимтэй, ил тод, нээлттэй хэрэгжүүлэх, өмчлөлийг тархай бутархай байдлаас багцалсан, төвлөрсөн эзэнтэй, хяналттай болгох нь хувьчлалын үзэл баримтлалын гол зарчим болно. Ингэхдээ зарим үйлдвэрийн газруудад гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зориулагдах тодорхой хэмжээний орлого олох явдлыг дээрх зарчимтай нийцүүлэн хэрэгжүүлэх болно. Хувьчлах үйл ажиллагааны явцад үүсэж болзошгүй зөрчлүүдийг урьдчилан судлан тооцож, нэн тэргүүнд хэрэгжүүлэх, зорилгоо оновчтой сонгон тодорхойлж, шаардлагатай тохиолдолд түүнд нэн чухал бус зорилтыг захируулах боломжийг хангана.
2.Хувьчлагдах эд хөрөнгө, үйлдвэрийн газруудын талаархи мэдээлэл бүрхэгээс гадаад, дотоодын худалдан авагч, хөрөнгө оруулагчдын саналаа гаргах, ирүүлэх боломж хязгаарлагдмал буйг харгалзан, түүнийг хэрэгжүүлэхдээ аль болох эрэлт, санаачилгыг нь хөхиүлэн дэмжих бодлого баримтална. Хувьчлагдах эд хөрөнгийн урьдчилсан жагсаалтад ороогүй, төрийн өмчид байгаа боловч ашиглалт муутай, хяналтад өртөгдөөгүй эд хөрөнгийг хувьчлан авах саналыг иргэд, аж ахуйн нэгжүүдээс гаргах боломжийг бүрдүүлнэ.
3.Хүнд суртал гаргах, танил тал харах, хардалт, будлиан маргаан үүсгэх болон авилгалд өртөх боломжийг хязгаарлахын тулд зах зээлийн зарчимд тулгуурласан, эдийн засгийн хүч уралдуулсан өрсөлдөөнт механизмыг ашиглана. Үүнд:
а/хувьчлах эд хөрөнгө, объектыг сонгох;
б/томоохон аж ахуйн нэгжүүдийн өмчлөлийн зохистой бүтцийг тодруулах;
в/хувьчлалд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах;
г/хувьцаа буюу эд хөрөнгийг худалдах үнийг тодорхойлох;
д/шинэ өмчлөгчийг тодруулах.
Худалдаж авахыг хүссэн аль ч этгээд оролцох боломжтой, олон нийтэд нээлттэй дуудлагын худалдаагаар аливаа эд хөрөнгө, үйлдвэрийн газрыг хувьчлах бөгөөд хувьчлагдах хөрөнгийг худалдах үнэ гагцхүү дуудлагын худалдааны явцад илрэх эрэлтээр тогтоогдох болно.
Хувьчлалын бүх үйл ажиллагааг Засгийн газрын хатуу чанд хяналтын дор явуулна.
Хувьчлалд хамрагдах бүх үйлдвэрийн газар өөрийн борлуулалтын орлого, зардал, ашиг, ажиллагчдын тоо, экспортын орлого, банкны болон татварын өрийг оролцуулсан  нийт өр төлбөр зэрэг мэдээллийг сүүлийн 3-5 жилээр, мөн үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжийн жагсаалтыг олон нийтэд мэдээлж, сонирхсон хөрөнгө оруулагчдад газар дээр нь ямар ч хориг саадгүйгээр танилцуулах үүрэг хүлээнэ.
  Хувьчлалд хамрагдах эд хөрөнгө, хувьчлалын хэлбэр
Монгол Улсын Их Хурлаар батлагдах төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтад хамрагдаагүй аливаа эд хөрөнгийг хувьчлах боломжоор хангана. Төрийн өмчийн эд хөрөнгийн тооллогын мэдээллийг олон нийтэд ил тод зарлана.
Боловсрол, эрүүл мэнд, соёл, хэвлэл мэдээллийн зэрэг нийгмийн салбарын болон арилжааны банкны хувьчлалыг тусгай хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ.
Энэхүү үзэл баримтлалын дагуу хувьчлалд хамрагдах эд хөрөнгийг дараахь байдлаар ангилна.
1.Үл хөдлөх хөрөнгө, барилга,тоног төхөөрөмж
Үүнд хувьчлагдах үйлдвэр, аж ахуйн газруудын урьдчилсан жагсаалтад ороогүй төрийн өмчийн хуулийн этгээд, байгууллагын эд хөрөнгө хамаарагдана.
Өмчлөлийн эрхтэй холбогдсон ямар нэг маргаангүй /жишээлбэл зээлийн барьцаанд тавиад хураагдсан гэх мэт/, хялбархан салгаж тусгаарлаж болохуйц төрийн өмчийн аливаа эд хөрөнгийг /тоног төхөөрөмж, барилга байгууламж, дуусаагүй барилга, үйлдвэрийн салбар нэгж/ дуудлагын худалдаанд оруулан худалдаж авах санал хүсэлтээ гаргах боломжийг иргэд, хувийн аж ахуйн нэгжүүдэд /дотоод, гадаадын ялгаагүй/ олгоно.
Төрийн өмчийн дээрх төрлийн эд хөрөнгийг эзэмшигч түүнийгээ үйлдвэрийн үйл ажиллагааны "салшгүй хэсэг" болох эсвэл "үр ашигтай ашиглаж буй" гэдгээ нотолж, хувьчлахыг эс зөвшөөрсөн буюу эсвэл салгаж хувьчлахыг хүлээн зөвшөөрч байгаа бол энэ тухайгаа 3 долоо хоногийн дотор Төрийн өмчийн хороонд мэдэгдэнэ. Зөвшөөрсөн хариу ирүүлсэн тохиолдолд тэдгээр эд хөрөнгийг хувьчлах шийдвэрийг нийтэд зарлаж хуулиар тогтоосон журмын дагуу нийтийн дуудлагын худалдаанд оруулна. Хувьчлуулахаас татгалзсан хариу өгсөн тохиолдолд дуудлагын худалдаанд оруулан хувьчлах эсэхийг Төрийн өмчийн хорооны дэргэд ажиллах тусгай зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ.
Аливаа эд хөрөнгийг хувьчлах тухай саналыг анх гаргаж, дуудлагын худалдаанд оролцоод уг хөрөнгийг худалдан авсан этгээдийн төлөх төлбөрийг 5 хувиар хөнгөлнө.
Энэ хэсэгт тодорхойлогдсон төрлийн төрийн өмч, хөрөнгийг хувьчлах талаар санал гаргах, "салшгүй хэсэг" болохыг тодорхойлохтой холбогдсон журмыг Төрийн өмчийн хорооноос тусгайлан тогтооно.
Энэхүү санал хүсэлт гаргах журам нь урьдчилсан жагсаалтад орсон жижиг аж ахуйн нэгжид хамаарахгүй.
2.Жижиг аж ахуйн нэгжүүд
Үүнд 100-гаас доош ажиллагсадтай /1996 оны эцсийн байдлаар/ жижиг аж ахуйн нэгжүүд хамрагдах бөгөөд тэдгээрийг нэг эзэнтэй байхуйцаар дуудлагаар худалдана.
3.Томоохон аж ахуйн нэгжүүд
Жижиг гэж ангилагдсанаас дээш хэмжээний /100-гаас дээш ажиллагсадтай/ аж ахуйн нэгж, компаниуд хамрагдах бөгөөд тэдгээрийн хувьцааг дуудлагаар худалдана.
  Хувьчлах арга Үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж
Өмчлөлийн талаар ямар нэг маргаангүй, салгаж болохуйц эд хөрөнгө, барилга байгууламж, тоног төхөөрөмжийг хувьчлахдаа оролцогчид нь үнийн саналаа хэлж дуудах нийтийн дуудлага худалдааны хэлбэрийг ашиглана.
Дуудлагын анхны үнэ нь тайлан тэнцлийн үнэ байна.
Дуудлагын худалдаанаас эд хөрөнгө худалдаж авсан Монгол Улсын иргэд төлбөр хийхдээ 10 хүртэл хувийг хөрөнгө оруулалтын баталгаажсан эрхийн бичгийн ягаан тасалбараар хийж болно.
Үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжийн дуудлагын худалдааг улсын хэмжээнд нэгдсэн журмаар нийтэд зарлан, нийслэл хот, аймгуудад явуулна.
Жижиг аж ахуйн нэгжүүд
Жижиг аж ахуйг бүхлээр нь нэг багц болгон дээрхтэй адилаар дуудлагын худалдаагаар хувьчилна.
Жижиг аж ахуйн нэгжүүдийн дуудлагын худалдааг улс орон даяар нэгдсэн журмаар зарлаж нийслэл хотод явуулна.
Томоохон аж ахуйн нэгжүүд
Томоохон аж ахуйн нэгжүүдийг хувьчлах үндсэн арга нь битүүмжилсэн санал авах дуудлага худалдаа байна. Дуудлага худалдаанд оролцогчид авах хувьцааны тоо, нэгж хувьцааны үнийн талаар саналаа битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ.
Ирүүлсэн бүх саналыг дуудлагын худалдааг явуулахаар урьдчилан зарлагдсан өдөр нэгэн зэрэг задална.Ирүүлсэн бүх санал шалгаруулах үнэлгээний дагуу эрэмбэлэгдэнэ.Тэнцүү үнэлгээ бүхий саналуудаас аль олон хувьцаа авахаар ирүүлсэн саналд хувьцаа түрүүлж хуваарилагдана.Тухайн оролцогчийн авахаар санал болгосон хувьцааны тоонд үлдсэн хувьцааны тоо хүрэхгүй байвал тэдгээрийг авах эсэхээ оролцогч тэр даруй шийдэх бөгөөд хэрэв татгалзвал хувьцаа худалдаж авах эрх дараагийн оролцогчид шилжинэ.
Томоохон багц хувьцаа худалдан авах эрэлтийг нэмэгдүүлэх үүднээс шалгаруулах үнэлгээ /ШҮ/-г дуудлагын худалдаанд оролцогчоос нэгж хувьцаанд санал болгож буй үнэ /СҮ/ ба худалдаж авахаар санал болгож буй хувьцааны тоо хэмжээнээс /ХТ/ шууд хамааралтайгаар дараахь байдлаар тодорхойлно:
       ШҮ=СҮ х /1+0,5 х ХТ/
      ХТ-худалдаж авахаар санал болгосон хувьцааны тоо хэмжээ /хувиар/
      СҮ-нэгж хувьцаанд санал болгосон үнэ
Жишээлбэл: 200 ажиллагчидтай нэгэн компанийн хувьцааны 20 хувийг нэг бүрийг нь 100 төгрөгөөр худалдан авах А саналын шалгаруулах үнэлгээ 110=[100х/1+0,5х0,2/] болох ба харин 80 хувийг нь нэгж хувьцааг 100 төгрөгөөр үнэлж авах Б саналын шалгаруулах үнэлгээ 140=[100х/1+0,5х0,8/] болно. Хэрэв ийм хоёр санал л ирсэн гэж үзвэл Б саналыг гаргагч компанийн хувьцааны 80 хувийг эхлээд худалдан авах  бөгөөд  дараа  нь  А  саналыг  ирүүлэгч 20 хувийг худалдаж авна.
Гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүд 200-гаас доош ажиллагчидтай аж ахуйн нэгжийг худалдан авбал санал болгосон үнийнхээ 150 хувиар, 201-ээс 300 хүртэл ажиллагчидтайг худалдан авсан тохиолдолд 120 хувиар, 301-ээс дээш ажиллагчидтай аж ахуйн нэгж худалдан авбал санал болгосон үнийнхээ 100 хувиар тус тус тооцож төлбөрийг төлнө.
Битүүмжилсэн хэлбэрээр дуудлагын худалдаа явуулах нарийвчилсан журмыг Төрийн өмчийн хороо тогтооно.
Дуудлагын худалдаагаар арилжаалагдах аливаа үйлдвэрийн газрын нийт /100 хувь/ хувьцааны доод үнэ нь тухайн компанийн бүх ажиллагчдын 3 сарын цалингийн сантай тэнцүү байна. Хэрэв арилжаалагдах хувьцаа 100 хувиас бага байвал доод үнийг тухайн компанийн бүх ажиллагчдын 3 сарын цалингийн сангаас арилжаалагдах хувьцааны хувь хэмжээгээр бууруулж тогтооно.
Ингэж тооцсон доод үнээс давсан үнийн санал ирээгүй бөгөөд уг компанийн хугацаа хэтэрсэн өр төлбөр 3 сарын цалингийн сангаас илүүгүй байх тохиолдолд дуудлагын худалдаанд оруулсан тухайн компанийн нийт хувьцааг ажиллагчдад нь цалингийнх нь хэмжээгээр хувь тэнцүүлэн хувьчилна.
Дээрх журмаар 3 сарын цалингийн сантай тэнцэхүйц доод үнэд хүрч зарагдаагүй, тэгэхдээ хугацаа хэтэрсэн өр төлбөр нь 3 сарын цалингийн сангаас хэтэрсэн үйлдвэрийн газрын асуудлыг дараахь зарчмыг баримтлан шийдвэрлэнэ. Хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа тухайн үйлдвэрийн газрын хувьцааг хүчингүй болгож, уг үйлдвэрийн газрын бүх өрийн хэмжээтэй тэнцүү өртөг бүхий хувьцаа шинээр гаргаж нэхэмжлэгчдэд хувь тэнцүүлэн шилжүүлнэ. Төрийн өмчийн банк болон төрийн өмчийн бусад нэхэмжлэгч байгууллагуудад шилжсэн бүх хувьцааг 3 сарын дараа дахин дуудлагын худалдаанд оруулна. Ингэж өрөнд шилжүүлэн авсан хувьцааны дуудлагын худалдаанаас орох орлогыг өр нэхэмжлэгчдэд дараалал үл харгалзан нэхэмжлэлийн хувь хэмжээг нь харгалзан хуваарилна.
Ирээдүй сайтай байж болох компаниудыг тодруулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд тэдгээрийн санхүүгийн мэдээллийг олон улсын стандартад тохируулах, танилцуулга бэлтгэх үйл ажиллагаанд гадаадын хөрөнгө оруулалтын банк буюу зөвлөлгөө өгөх компаниудыг сонгон шалгаруулалтаар оролцуулна.
Гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулагчдыг хувьчлалд татан оролцуулж, дуудлагын худалдаа амжилттай болсон тохиолдолд түүний орлогын тодорхой хувийг хүртэх нөхцөлтэйгээр зөвлөлгөө өгөх компани гэрээ байгуулж ажиллаж болно. Тэдгээр компанийн сонгож авах үйлдвэр, аж ахуйн газрын тоог Засгийн газраас урьдчилан тохиролцож гэрээ байгуулна.
Ямар ч этгээд 200-гаас дээш ажиллагчидтай том компаниудын зарим нэгж хэсгийг тусад нь салгаж хувьчлан авах талаар санал гаргаж болно. Саналыг хүлээж авсан тохиолдолд дуудлагын худалдаагаар худалдана. Санал гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг Төрийн өмчийн хороо тогтооно.
  Хувьчлалыг хэрэгжүүлэх үе шат
Энэхүү хувьчлалын үзэл баримтлал нь хувьчлалыг хэрэгжүүлэх хөтөлбөр болон батлагдаж улмаар Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжинэ.
                                                                ----оОо----