A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 159 дүгээр тогтоолын хавсралт

"ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ" ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Даланзадгадын дулааны цахилгаан станц (цаашид "станц" гэнэ) нь хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангах үүрэг бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар мөн.
2. Станцын үндсэн зорилт нь эрчим хүчний  үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл, хуваарилалтыг оновчтой хийж, хэрэглэгчдийг эрчим хүчээр найдвартай хангахад оршино.
3. Станц нь Эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгон үйл ажиллагаагаа бие даан явуулна.
4. Станц нь тогтоогдсон журмаар хийлгэсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 
Хоёр. Станцын үүрэг
5. Даланзадгадын дулааны цахилгаан станц нь үндсэн зорилгоо хэрэгжүүлэхээр дараахь үйл ажиллагааг явуулна:
а/хэрэглэгчдийг эрчим хүчээр жигд, найдвартай хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
б/эрчим хүчний салбарын бодлогыг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
в/станцын мэргэжлийн ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг зохион байгуулж шийдвэрлэх;
г/станцын ашиглалт, засвар үйлчилгээний түвшинг байнга дээшлүүлэх;
д/эрчим хүчний хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжих техникийн шинэчлэл, тэргүүний техник, технологийг нэвтрүүлэх;
е/эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, хуваарилалт, хэрэглээнд хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх;
ж/тоног төхөөрөмжийн найдвартай, эдийн засгийн үр ашигтай ажиллагаанд хяналт тавьж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрмийг мөрдөж ажиллах.
 
Гурав. Станцын эрх
6. Даланзадгадын дулааны цахилгаан станц нь үндсэн зорилгоо хэрэгжүүлэхдээ дараахь эрхтэй байна:
а/эрчим хүчний үнэ, тарифыг тогтоох санал боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулах;
б/үйл ажиллагааныхаа чиглэлээр бие даан гадаад худалдаа эрхлэх, эрхэлсэн асуудлаараа гадаад орон, олон улсын болон мэргэжлийн байгууллагатай харилцаж тогтоосон журмын дагуу гэрээ байгуулах, мэдээлэл солилцох;
в/Засгийн газрын болон Засгийн газрын бус байгууллагатай гэрээ байгуулах;
г/өөрт олгогдсон үл хөдлөх хөрөнгийг энэхүү дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах;
д/"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-д заасан эрх хэмжээний дотор үндсэн хөрөнгийг захиран зарцуулах;
е/өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зохих журмын дагуу зээл авч ашиглах;
ж/үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас эрх бүхий байгууллагаас баталсан нормативт хэмжээгээр өөртөө үлдээж захиран зарцуулах;
з/үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах.
 
Дөрөв. Станцын эд хөрөнгө
7. Станцын эд хөрөнгө нь үндсэн болон эргэлтийн хөрөнгө, санхүүгийн бусад нөөцөөс бүрдэнэ.
Станцын хөрөнгийг бүрдүүлэх эх үүсвэр нь:
а/зээл, төсвийн хөрөнгө;
б/хууль ёсоор олж авсан бусад хөрөнгө;
в/өөрийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас эрх бүхий байгууллагаас баталсан нормативт хэмжээгээр өөрт үлдэх ашиг.
9. Станцын эд хөрөнгийг "Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль"-ийн  7 дугаар зүйлд заасан журмаар үнэлж бүртгэнэ.
 
Тав. Удирдлага
10. Станцын даргыг Төрийн өмчийн хороо Дэд бүтцийн яамтай зөвшилцөн томилж, чөлөөлнө.
11. Станцын дарга нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шууд удирдлагаар хангаж, түүний зорилт, үүргийг хэрэгжүүлэх, үр ашигтай ажиллуулахаар Төрийн өмчийн хорооны даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллана.
12. Станцын дарга нь станцын захиргааны бүтэц, орон тоог тогтоон, ажиллагсдыг томилж, чөлөөлөх бөгөөд батлагдсан цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох, ажиллагсдад олгох буцалтгүй тусламжийн хэмжээ, олгох нөхцөл журмыг баталж мөрдүүлнэ.
13. Станцын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдолтой асуудлыг станцын дарга бие даан шийдвэрлэнэ. Станцын дарга хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан эрх зүйн актад нийцүүлэн тушаал гаргана.
14. Зохих хуульд заасны дагуу даргын (захирлын) зөвлөл байгуулж ажиллуулж болно.
15. Станцын ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогчийг станцын даргын саналыг үндэслэн Эрчим хүчний удирдах газрын даргын тушаалаар томилж, чөлөөлнө.
 
Зургаа. Эдийн засгийн үйл ажиллагаа
16. Станцын эдийн засгийн үйл ажиллагаа нь жил бүрийн үйлдвэрлэл, түүний үр ашиг, орлогыг тодорхой тусгаж, зохих газруудаар батлуулсан  бизнес төлөвлөгөөний дагуу явагдана.
17. Хууль тогтоомжийн дагуу орлогын болон бусад татвар, хураамжийг төлнө.
18. Эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу ногдол ашгийг төсөвт оруулна.
19. Зохих журмын дагуу тайлан тэнцлийг улирлаар гаргаж Төрийн өмчийн хороо, холбогдох татварын алба, санхүүгийн байгууллагад хүргүүлнэ.
20. Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, хөдөлгөөнд бүртгэлээр тавих хяналтыг үйлдвэрийн захиргаа хариуцна.
 
Долоо. Хариуцлага
21. Станцын удирдлага нь Монгол улсын хууль тогтоомж, энэхүү дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
 
Найм.  Станцыг өөрчлөн байгуулах, татан буулгах
22. Станцыг холбогдох яам болон Төрийн өмчийн хорооны санал болгосноор Засгийн газар өөрчлөн байгуулж, татан буулгана. Станц нь зохих журмын дагуу улсын бүртгэлд  бүртгүүлнэ.
 
 
 
----оОо----