A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1995 оны 166 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт


ТӨРИЙН ХОЛБОО, ТООН МЭДЭЭЛЛИЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ
(Засгийн газрын 2008 оны 2008 оны 40 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг.Нийтлэг үндэслэл

 1.Улс  орны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар,  тэдгээрийн ажлын албад, төрийн захиргааны төв байгууллага, Монгол Улсыг гадаадад төлөөлж буй байгууллагын удирдлагыг нууцлал бүхий   болон  бусад  төрлийн  харилцаа холбоогоор хангаж үйлчлэх үүргийг  Төрийн холбооны газар (цаашид "Төрийн холбооны газар" гэх) хариуцан гүйцэтгэнэ.
2.Төрийн  холбооны газар нь төрийн нууцад хамаарах мэдээллийг   радио, телефон, телекс, факс, электрон болон ердийн шуудан,  тоон   мэдээллийн сүлжээгээр дамжуулах үйлчилгээг зохион байгуулж  хэрэгжүүлнэ.
З.Төрийн  холбооны газар нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
4.Монгол  Улсын  харилцаа холбооны байгууллага хэтийн бодлогоо хэрэгжүүлэхдээ Төрийн холбооны газрын саналыг харгалзан тусгана.
5.Төрийн  холбоо,  тоон  мэдээллийн  харилцааны хэвийн үйл ажиллагааг хангахад  шаардагдах  хөрөнгийг харьяалах төв  байгууллагын төсөвт жил бүр тусгаж санхүүжүүлнэ.
Төрийн холбооны газар нь банкинд бие даасан данстай байна.
 6.Төрийн холбоог хөгжүүлэх техникийн бодлогыг улсын харилцаа   холбооны хэтийн бодлоготой уялдуулах, түүний хэвийн ажиллах    нөхцөлийг  бүрдүүлэх,  хангалт үйлчилгээний  тулгамдсан асуудлыг  шийдвэрлэх, боловсон хүчний сургалт зохион байгуулах зэрэг  асуудлаар  бодлого боловсруулах зорилго бүхий техникийн зөвлөл ажиллана.  
Тус техникийн зөвлөлийг Төрийн холбооны техник технологийн нууцлалд  хяналт  тавих эрх бүхий орон тооны бус дарга удирдах бөгөөд зөвлөл дараахь бүрэлдэхүүнтэй байна:
 -Төрийн холбооны газрын дарга;
  -Дэд  бүтцийн  хөгжлийн  яамны холбооны газрын дарга;     
  -Гадаад   харилцааны   яамны  Тамгын  газрын  дарга;
 -Үндэсний   хөгжлийн   газрын  эдийн засгийн   хамтын ажиллагааны газрын дарга;  
 -Зэвсэгт хүчний холбооны цэргийн дарга;
 -"Монголын   харилцаа   холбоо"  компанийн   үйлчилгээ эрхэлсэн дэд захирал; 
 -"Монголын  харилцаа холбоо" компанийн холболтын байгууламж, ашиглалтын албаны дарга.
7.Техникийн  зөвлөлийн  даргыг  эрх  бүхий албан тушаалтны шийдвэрээр томилох  бөгөөд  Зөвлөлийн  ажлын  алба  нь Төрийн холбооны газар байна.
8.Төрийн  холбооны  газар нь төрийн холбоонд техник технологийн шинэчлэлт  хийх асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлд танилцуулан,  Засгийн  газраас  удирдамж авч шийдвэрлэнэ.
9.Төрийн холбооны газар нь өөрийн үйл ажиллагаатайгаа  холбогдсон төрийн  нууцыг  хамгаалах асуудлыг хариуцаж, мэдээлэл нууцлагч  техник хэрэгсэл,  тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх,  радио долгионы ашиглалт, үйлчилгээний чанар, стандартын мөрдөлтөд  хяналт  тавьж шалгах, шинэ техник технологи турших, инженер  техникийн  ажилтнуудын  мэдлэг, чадварыг  дээшлүүлэх зорилго бүхий лабораторитой байна.
10.Төрийн холбооны газрын үйл ажиллагаа нь холбогдох хууль эрхийн актад  зааснаар төрийн ба байгууллагын нууцад хамаарах бөгөөд тус газарт техникийн тодорхой мэргэжил, мэргэшил эзэмшсэн, зохих журмын дагуу шалгагдсан Монгол Улсын иргэн ажиллана.
 11.Төрийн  холбооны газар нь тогтоосон журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 Хоёр.Төрийн холбооны газрын үүрэг, эрх

 12.Төрийн холбооны газар дор дурдсан үүрэг хүлээнэ:
         а/төрийн  холбооны  ба тоон мэдээлэл дамжуулах сүлжээ, техник хэрэгсэл,  шугамын ашиглалт, засвар, үйлчилгээг эрхлэн гүйцэтгэхээс  гадна төрийн  холбоо, тоон мэдээллийн харилцааг хөгжүүлэх  нэгдсэн  бодлогыг боловсруулан  хэрэгжүүлэх  ажлыг зохион байгуулах;
         б/төрийн холбооны суурь сүлжээгээр дамжиж буй бүх төрлийн мэдээллийн нууцлалыг хангах арга хэмжээ авах;
         в/Монгол  Улсын Ерөнхийлөгч,  Улсын  Их Хурал, Засгийн газар, тэдгээрийн ажлын албад  болон  төрийн  захиргааны  төв болон нутгийн захиргааны байгууллагын  мэдээллийн  дотоод  сүлжээний  техник, технологийн  нэгдмэл ажиллагааг хангах замаар төрийн  холбооны  тоон мэдээллийн нэгдсэн сүлжээг зохион  байгуулах;
         г/төрийн  холбооны  хэрэглэгчдийг  найдвартай, шуурхай бөгөөд нууцлалын баталгаатай холбоогоор байнга хангаж үйлчлэх;
         д/батлан хамгаалах, эдийн засаг, шинжлэх ухаан-техник, технологи, олон улсын харилцаа, экологи, түүнчлэн дайчилгааны бэлэн  байдлын  талаар төр, засгийн удирдах төв байгууллагаас гаргасан  шийдвэрийг  хэрэгжүүлэхэд шаардагдах төрийн холбоог зохион байгуулах;
         е/өөрийн  үйл  ажиллагааны  хүрээнд төрийн нууцыг  хамгаалах, хадгалах,  алдагдахаас  урьдчилан сэргийлэх ажлыг  зохион байгуулах;
         ж/онц  байдал, дайны ба дайн бүхий байдлын нөхцөлд  төрийн холбоог зохион байгуулж, техник хэрэгслийг бэлэн байлгах, ийм бэлтгэлийг тайван цагт хангаж ажиллах;
         з/төрийн  захиргааны төв болон нутгийн захиргааны  байгууллага, Монгол  Улсыг гадаадад төлөөлж буй байгууллагуудтай хамтран нууц мэдээлэл боловсруулах, хадгалах, дамжуулах,техник хэрэгслийг  байрлуулах,  ашиглах, техник  хэрэгсэлд үйлчилгээ хийх;
и/мэдээлэл  нууцлах, дамжуулах холбооны техник хэрэгслийн   ажиллах  хөтөлбөр,  түлхүүрийг  эрх бүхий байгууллагатай хамтран  боловсруулах, тэдгээрийн ашиглалт, хадгалалтад хяналт тавих.
 13.Төрийн  холбооны газрын ажилтнууд нь төрийн тусгай алба хааж  байх хугацаандаа  болон ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан, тэтгэвэрт  гарсан  үедээ төрийн нууц задруулбал хууль тогтоомжийн  дагуу хариуцлага хүлээнэ.
  14.Төрийн   холбооны  газар  дор  дурдсан  эрхийг  эдэлнэ:
         а/Монгол  Улсын  нутаг  дэвсгэрт  болон  Монгол  Улсыг гадаадад төлөөлж  буй  байгууллагуудын  ашигладаг төрийн холбооны   ба  тоон мэдээлэл  дамжуулах  сүлжээ, техник хэрэгсэл, шугамын  ашиглалт,  засвар, үйлчилгээний ажлыг зохион байгуулж эрхлэн явуулах;
         б/төрийн  холбооны хэрэглэгчдийг шуурхай холбоо харилцаагаар хангах,  төрийн  нууцыг  хадгалж хамгаалах шаардлагад нийцсэн долгионы зурвасыг дангаар эзэмших;
         в/төрийн  холбоо,  тоон  мэдээллийн харилцааны хэвийн, найдвартай, шуурхай ажиллагааг хангах зорилгоор дангаар эзэмшиж   буй  долгионы зурваст  саад учрахаас урьдчилан сэргийлэх техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах;
         г/төрийн  холбоо,  тоон  мэдээллийн сүлжээ, шуудангийн ашиглалт, үйлчилгээний хөлсийг Сангийн яамтай тохиролцож  тогтоосон  хэмжээгээр  нийт  хэрэглэгчид,  үйлчлүүлэгчдээс  авах;
         д/эрдэм  шинжилгээ,  туршилт,  зохион бүтээх, барилга, үйлдвэрлэлийн  ажлыг  бие  дааж буюу бусад байгууллага, үйлдвэрийн газартай гэрээ байгуулан гүйцэтгэх;
         е/төрийн  холбооны байгууллагын хэвийн үйл ажиллагаанд харшлахгүй бол  бусад  байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрийн газруудад захиалга, гэрээний үндсэн дээр мэргэжлийн болон  техникийн туслалцаа үзүүлэх;
         ж/төрийн  харилцаа  холбооны  зориулалтаар ашиглаж буй тээврийн болон  бусад хэрэгсэлд тусгай таних тэмдэг хэрэглэх;
з/Монгол  Улсын  нутаг  дэвсгэрт  болон хилийн чанадад төрийн холбооны  ба тоон мэдээлэл дамжуулах систем, сүлжээний нэгдмэл  үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах телефон суваг,  байр, барилга зэрэг үл хөдлөх хөрөнгийг түрээслэх, олж авах, ашиглах.
  15.Төрийн  нууцын  тухай  хуулийн 17 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн нууцын ажилтны нэмэгдлийг төрийн  холбооны  газрын зарим ажилтанд Тагнуулын төв газрын даргын  шийдвэрээр олгоно.
   16.Төрийн  холбооны хэвийн ажиллагааг санаатай буюу  санамсаргүй үйлдлийн улмаас саатуулсан, тасалдуулсан инженер, техникийн  ажилтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу  хариуцлага хүлээлгэнэ.

 Гурав.Төрийн холбооны газрын үйлчилгээний хүрээ

 17.Төрийн  холбооны  газрын үндсэн үйл ажиллагаа нь төрийн нууцтай шууд холбоо бүхий дараахь хэрэглэгчдийг үйлчилгээндээ хамруулна:
         а/Монгол  Улсын  Ерөнхийлөгч,  Монгол  Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Үндэсний аюулгүй   байдлын  зөвлөл,  Засгийн газрыг хуулиар  хүлээсэн үндсэн үүрэг, бүрэн эрхээ  хэрэгжүүлэхэд шаардагдах төрийн нууцлалтай холбоо, тоон мэдээллийн харилцааны бүх төрлөөр шуурхай  хангаж үйлчлэх;
         б/төр,  засгийн  удирдах  болон  төрийн захиргааны төв байгууллагуудын  удирдлагын  үрэлдэхүүнийг  нууцлал бүхий  төрийн холбоогоор хангаж үйлчлэх;
         в/төрийн   захиргааны  төв  болон  нутгийн захиргааны байгууллагуудын  зарим  алба,  албан тушаалтныг нууцлал бүхий болон бусад төрлийн холбоогоор үйлчлэх.
 
------оОо------