A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралт

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
 
Нэг. Зорилго
1.1. Энэхүү чиглэлийн зорилго нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Засгийн газрын 2002 оны 119 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, төрийн албаны болон төсвийн шинэчлэлийн хүрээнд төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх харилцааг зохицуулахад оршино.
 
Хоёр. Хамрах хүрээ
2.1. Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх арга хэмжээнд шаардлагатай төсвийн бүх шатны байгууллагыг хамруулна.
 
Гурав. Гэрээгээр гүйцэтгэх үйл ажиллагаа
3.1. Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрууд нь зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх заавар болон үлгэрчилсэн гэрээг харьяа байгууллагынхаа онцлогт тохируулж боловсруулан төсвийн ерөнхий менежерүүдэд чиглэл өгч ажиллаж, ажлын явцад хяналт тавина.
3.2. Гэрээгээр ажиллах ажилчдыг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор төрийн үйлчилгээний албан хаагчдыг эхний ээлжинд баг болгон зохион байгуулж төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үйлчилгээ  гүйцэтгэж болно.
3.3. Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийг мөрдөнө. Тендерт шалгарсан оролцогч нь одоо ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдыг баг болгон зохион байгуулах хэлбэрээр ажиллана.
3.4. Тухайн онд гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний чиглэлийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн ажил, үйлчилгээнд зарцуулахаар батлагдсан төсөв, гэрээгээр ажиллах ажилчдын цалингийн сан, шимтгэл, бусад хөнгөлөлт, тэтгэлэг, төрийн өмч, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, чанар байдлын үнэлгээ, эзэмшин үйл ажиллагаа явуулах ажлын байр болон материаллаг бусад зардал  зэргийг бүрэн нэгтгэж гэрээгээр ажиллах ажилчдын ажил, үйлчилгээг худалдан авах зардлыг бүрдүүлнэ.
3.5. Талуудын хүлээх үүргийг гэрээнд тодорхой тусгана. Талууд гэрээг жил бүр хамтран дүгнэж цаашид түүнийг сунгах, цуцлах эсэхийг шийдвэрлэнэ. Төсвийн ерөнхийлөн захирагч гэрээнд дурдсан төлбөрийг шилжүүлэх үүрэг хүлээнэ.
3.6. Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн төсвийн байгууллагын ажилтны цалинтай уялдуулан гэрээгээр ажиллах ажилчдын ажил, үйлчилгээг худалдан авах зардлыг гэрээгээр тохиролцоно.
3.7. Бүх шатны төсвийн байгууллага нь зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг түргэн шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулах ажлыг хариуцна.
3.8. Тухайн төсвийн байгууллагад ажиллаж байгаад үргэлжлүүлэн гэрээгээр ажиллах ажилчдын төрөөс эдлэж байсан хөнгөлөлт (байр, хоол, унааны зардал гэх мэт)-ийг хэвээр үлдээнэ. Харин 2005 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш их, дээд, сургуульд шинээр элсэн орсон нэг хүүхдийнх нь сургалтын зардлыг төлөх асуудлыг төр хариуцахгүй /Энэ заалтаас Засгийн газрын 2006 оны 55 дугаар тогтоолоор өгүүлбэр хассан/.
3.9. Гэрээгээр ажиллах ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн улсаас төлж байгаа хөнгөлөлтөд өөрчлөлт оруулахгүй.
 
Дөрөв. Гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын чиглэл
4.1.Тагнуулын байгууллага, батлан хамгаалах салбарын анги, байгууллагаас бусад байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулж тэдгээрийн зардлыг бараа, үйлчилгээ худалдан авах зардал хэлбэрээр гэрээний үндсэн дээр өгнө.
      4.1.1. Цөөн хүнтэй байгууллагын хувьд үйл ажиллагаа, байршлыг ойр байх нөхцөлийг харгалзан багийг 10-аас доошгүй ажилчидтай байхаар зохион байгуулах боломжийг судлан хэрэгжүүлэх. Тухайлбал: Боловсролын салбарт бүх шатны сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээ, сантехникийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх хэлбэрт шилжүүлнэ. Нийслэл, аймгийн төвд хэд хэдэн сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагыг хамруулсан багуудыг зохион байгуулах. Эрүүл мэндийн салбарт байршил ойр байх нөхцөлийг харгалзан хэд хэдэн эмнэлэг болон эрүүл мэндийн салбарын бусад байгууллагуудад хамтран цэвэрлэгээ, үйлчилгээ, сантехникийн ажил гүйцэтгэх багуудыг ажиллуулах хэлбэрээр зохион байгуулах. Сумдад төсвийн байгууллагын ажилчид цөөхөн тул сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын байгууллага болон Засаг даргын Тамгын газар зэрэг бүх төсвийн байгууллагыг хамруулан 1 баг байгуулж болно. Төрийн захиргааны бусад байгууллага мөн адил байршил ойр байх нөхцөлийг харгалзан цэвэрлэгээ, үйлчилгээ, сантехникийн ажлыг гүйцэтгэх баг байгуулан ажиллуулах. Энэ тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч тухайн байгууллагуудын ерөнхий менежерүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр уг багтай гэрээ байгуулан ажиллана.
      Хамтран баг байгуулан ажиллуулах боломжгүй хэт цөөн ажилчидтай байгууллагууд ажил, үйлчилгээг гэрээт ажилтан буюу хувь хүмүүстэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж болно. 
      4.1.2. Цэвэрлэгээ, үйлчилгээнд зарцуулах зардлыг байгууллагын нийт талбайн хэмжээ болон одоо уг үйлчилгээг үзүүлж байгаа ажилчдын цалин, бусад зардлыг тусган тооцож хуваарилах тогтолцоонд шилжүүлэх бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн хувьд дунд, ахлах ангиудын ангийн талбайг хасч тооцно. 
4.2. Эмнэлэг, сургуулиуд, сургуулийн дотуур байр болон бусад төсвийн байгууллагын халаалтын зуух, гал тогооны ажлыг орон тооны ажилчид гүйцэтгэж байгаа байгууллага уг ажлаа түрээсээр гүйцэтгүүлэх хэлбэрт шилжиж цалин, шимтгэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, хөнгөлөлт, хоолны материал, цахилгаан эрчим хүч, түлш халаалт, төрийн өмч, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, чанар байдлын үнэлгээ, эзэмшин үйл ажиллагаа явуулах ажлын байр болон бусад зардлыг бараа, үйлчилгээ худалдан авах зардалд тусган санхүүжүүлнэ.
      4.2.1. Эмнэлэг, сургууль, сургуулийн дотуур байр зэрэг төсвийн газрын халаалтын зуухны галч, механикч, слесарийг гэрээгээр ажиллуулах. Уг үйлчилгээг хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэн зохион байгуулах ажлыг төсвийн ерөнхий менежер хариуцна.
4.3 Төсвийн байгууллагад ажиллаж байгаа малчин, моторчин, жолооч, слесарь, жижүүр, харуул,  манаач, сахиул, худагчин зэрэг бусад төрлийн туслах чанарын болон хугацаа зааж ажиллуулдаг ажилтныг мөн адил гэрээгээр ажиллуулах ажлыг зохион байгуулна.
 
Тав. Гэрээг цуцлах
5.1. Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээгээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн болон хууль, тогтоомжид заасан бусад үндэслэлээр гэрээг цуцална.
 
Зургаа. Гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ,  албан тушаалын жагсаалт
6.1.Гэрээгээр гүйцэтгэх  албан тушаал:
Эмч /байгууллагын/, үйлчлэгч, зөөгч, түгээгч, зарлагач, ердийн хөсөгчин, хувцас өлгөгч, билет шалгагч, ачигч, угаагч, индүүдэгч, хатаагч, амьтан маллагч, хувцас хадгалагч, лифтчин, ариутгах, шатаах зуухны ажилчин, мужаан, хэвлэлийн форм бэлтгэгч /байгууллагын/, сантехник, слесарь, малчин, жолооч /сургууль/, жижүүр, манаач, сахиул, галч, моторчин, бусад.
6.2.Гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ:
Санхүү, бүртгэлийн үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ /байгууллагаас/, ном, хэвлэл бэлтгүүлэх, худаг, ус, хоолны газрын үйлчилгээ, цэвэрлэгээ, үйлчилгээ, дулаан, сантехникийн үйлчилгээ, цахилгаан хангамжийн үйлчилгээ, усан, хангамжийн үйлчилгээ, холбооны үйлчилгээ, эрүүл ахуй, ариутгалын үйлчилгээ, барилга засвар, мужааны үйлчилгээ, мод, зүлэг, ногоон байгууламжийн үйлчилгээ, мал маллах, харуул, хамгаалалтын үйлчилгээ, галын аюулгүй байдлын үйлчилгээ, үсчин, гоо сайхны үйлчилгээ, хувцас өлгүүрийн үйлчилгээ, биеийн тамир, урлаг соёлын нийтлэг арга хэмжээ, авто гараашийн болон авто зогсоолын үйлчилгээ, бусад.
 
 
 
 
 
----оОо----