A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨСВИЙН ОРЛОГЫГ БҮРДҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 91 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

ТӨСВИЙН  ОРЛОГЫГ  БҮРДҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
1.Төсвийн орлогыг бүрдүүлэхтэй холбоотой татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих орон тооны бус зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/ нь татвараа хугацаанд нь бүрэн төлдөггүй, татварын өрөө барагдуулах талаар санаачилга гаргадаггүй, татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрхээ санаатайгаар нуусан буюу бууруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хуулийн хүрээнд шийдвэртэй тэмцэл явуулж, улсын хэмжээнд татварын хууль тогтоомжийг адил тэгш, жигд сахиулах, төсвийн орлого бүрдүүлэх ажлыг зохион байгуулахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулна.
2.Зөвлөл нь Ерөнхий сайдын дэргэд ажиллах бөгөөд орон тооны бус байна. Зөвлөлийн ажлын аппаратын үүргийг Улсын татварын ерөнхий газар гүйцэтгэнэ.
3.Зөвлөл нь дор дурдсан тохиолдолд татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлыг зохион байгуулна.
а/татварын хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн нь мэдэгдэж байгаа болон ноцтой зөрчсөн байж болзошгүй татвар төлөгчийн талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс мэдээлэл ирүүлсэн;
б/татвар төлөгчийн үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллагын оролцоотойгоор хяналт, шалгалт хийх шаардлагатай байгаа талаар татвар, гаалийн байгууллагаас хүсэлт тавьсан;
в/хууль тогтоомжийн  дагуу төлөх ёстой татвараа хугацаанд нь бүрэн төлөөгүй буюу төлөхөөс зайлсхийсэн этгээдийн орлого, эд хөрөнгөөс татварын өр төлбөрийг хууль хяналтын байгууллагын оролцоотойгоор гаргуулах талаар гааль, татварын байгууллагаас хүсэлт ирүүлсэн.
4.Энэ журмын 3 дугаарт заасан мэдээлэл, хүсэлтийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь зөвлөлийн нарийн бичгийн даргад албан ёсоор ирүүлнэ.
5.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирүүлсэн мэдээлэл, хүсэлтийн дагуу татвар төлөгчийн үйл ажиллагаанд татварын хяналт, шалгалт хийх шаардлагатай бол зөвлөлийн нарийн бичгийн дарга татвар, гааль болон хууль хяналтын байгууллагуудын оролцох оролцоог нарийвчлан заасан хяналт, шалгалт хийх ажлын удирдамж, төлөвлөгөө боловсруулж зөвлөлийн хуралд танилцуулж, зөвлөлийн даргаар батлуулна.
6.Хяналт, шалгалт хийх ажлын удирдамжид шалгагдах татвар төлөгчийн нэр, хаяг, улсын бүртгэлийн дугаар, шалгалт хийх хугацаа, шалгалтанд хамаарах үйл ажиллагааны хугацаа, шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, зохион байгуулалт, шалгалтын дүнг гаргаж хэлэлцэн шийдвэрлүүлэх хэлбэрийн талаар тодорхой тусгана.
7.Хяналт, шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гааль, татварын байгууллагын төлөөлөгчдийг оруулах ба шаардлагатай гэж үзвэл хууль, хяналтын байгууллагын мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.
8.Хяналт, шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон хүмүүсийг хяналт, шалгалт хийх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлж хяналт, шалгалтын ажлыг хугацаанд нь бүрэн хийх нөхцөл боломжоор хангана.
9.Ажлын хэсэг нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх зарчим баримтлан "Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай" хуулийн хүрээнд ажиллана.
10.Ажлын хэсэг нь хяналт, шалгалттай холбогдсон шаардлагатай баримт, материалыг аж ахуйн нэгж, банк, санхүүгийн байгууллагаас гаргуулж авах эрхтэй.
11.Хяналт, шалгалтын ажлыг хугацаанд нь дуусгах боломжгүй бол ажлын хэсгийн ахлагчийн хүсэлтийг үндэслэн хугацааг нь сунгах шийдвэрийг зөвлөл гаргана.
12.Ажлын хэсэг нь хийсэн шалгалтын талаар дэлгэрэнгүй танилцуулга болон шалгалтын мөрөөр  авах арга хэмжээний талаархи саналын төсөл бэлтгэж зөвлөлд танилцуулна.
Хяналт шалгалтын материалыг зөвлөлд танилцуулахдаа шалгагдсан татвар төлөгч, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг заавал байлцуулна.
13.Зөвлөл нь ажлын хэсгээс гаргасан танилцуулга, авах арга хэмжээний талаархи саналыг 7 хоногийн дотор хэлэлцэж хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэнэ.
14.Хяналт, шалгалтын үйл ажиллагааны явц, шийдвэрийн талаар Зөвлөлөөс албан ёсны мэдээллийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаар дамжуулан олон нийтэд хүргэж байна.
15.Зөвлөл нь шаардлагатай гэж үзвэл татвар төлөлт, хураалттай холбогдсон асуудлыг тодорхой арга хэмжээ авахуулахаар Засгийн газарт танилцуулж болно.
16.Зөвлөл нь татварын өрийг барагдуулах, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар холбогдох байгууллагад хугацаатай үүрэг өгч, биелэлтэд нь хяналт тавина.
17.Зөвлөлийн шийдвэрийн дагуу татварын хяналт, шалгалт хийхэд шаардлагатай хөрөнгө зардлыг холбогдох байгууллагуудын төсөвт зардлаас, шаардлагатай тохиолдолд Засгийн газрын нөөц, холбогдох бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
 
---оОо---