A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 138 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ТЭНЭМЭЛ АМЬДРАЛТАЙ ИРГЭДИЙГ  НИЙГЭМШҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР
 
Нэг. Дэд хөтөлбөр боловсруулах үндэслэл
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 1990 оноос хойш хүн амын орон сууцны асуудлыг хот, суурин газарт шийдвэрлэхэд төвөгтэй боллоо.
2000 оны хүн ам, орон сууцны тооллогоор орон гэргүй хүмүүсийн тоо улсын хэмжээнд 4300 байна. Энэ байдал хот, суурин газарт нэлээд ажиглагдаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын дулааны цооног, орц хонгилд 425 хүн амьдарч байна. Түүнчлэн 1990 оноос Хүүхдийн хаяг тогтоох тасаг болон хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад төвүүдэд хүмүүжиж байсан, одоо траншей, орц хонгил, бусад газраар тэнүүчилж яваа 17-24 насны 115 залуучууд шийдвэрлэвэл зохих хурц асуудал болж байна. Асрамжийн газар, халамжийн төвүүдэд хүмүүжиж байгаа хүүхдүүдийг 17 нас хүрмэгц асрахаа больдог учир эдгээр иргэдийн тоо цаашид ч өсөх хандлагатай.
Тэнэмэл амьдралтай иргэдийн дийлэнхи  нь нийгмийн  халамж, үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй, нийгмээс үндсэндээ тусгаарлагдсан, гэмт хэрэгт холбогдох магадлал өндөртэй хүмүүс  байна.
Иймд тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг гэр,  сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх, энэ ажилд тухайн орон нутгийн захиргааны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг харгалзан "Тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх дэд хөтөлбөр"-ийг боловсруулав. 
Хоёр. Дэд хөтөлбөрийн зорилго
Тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэм, хамт олны дунд төлөвшүүлэх,  тэднийг  гэр, сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх,  энэ ажилд орон нутгийн захиргааны болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүч анхаарлыг төвлөрүүлж, шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд гадаад, дотоодын хандивлагчдын анхаарлыг хандуулахад дэд хөтөлбөрийн зорилго оршино.
 
Гурав. Дэд хөтөлбөрийн зорилтууд
Зорилт 1. Тэнэмэл иргэдийг нийгмийн халамж,  үйлчилгээнд хамруулна.
Үр дүн 1.1. Тэнэмэл амьдралтай иргэдийн иргэний үүргийн биелэлт сайжирч, нийгмийн халамж, үйлчилгээнд хамрах боломж бүрдэнэ. 
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
1.1.1. Тэнэмэл амьдралтай иргэдийн судалгааг гаргах;
1.1.2. Тэнэмэл амьдралтай иргэдэд нийгмийн үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх;
1.1.3. Тэнэмэл амьдралтай иргэдийн иргэний бичиг баримтыг бүрдүүлж, зөрчилгүй болгох, тухайн орон нутгийн засаг захиргаанд нь хүлээлгэн өгөх;
1.1.4. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас тэнэмэл амьдралтай иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх талаар гаргасан санал, санаачлагыг дэмжих;
1.1.5. Тэнэмэл амьдралтай иргэд, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтад хамруулах тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
Зорилт 2. Тэнэмэл амьдралтай иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх замаар орлоготой болгох орчинг бүрдүүлж, тэднийг жижиг төслүүдэд хамруулна.
Үр дүн 2.1. Тэнэмэл амьдралтай иргэд, ялангуяа залуучуудыг нийгэм, хамт олны дунд төлөвшүүлж амьдрах арга ухаанд суралцуулснаар тэднийг нийгэм, гэр бүлийн өмнө хариуцлага хүлээх чадвартай болгоно.   
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
2.1.1. Амьдрах ухаан-сургалт, үйлдвэрлэлийн тусгай төв байгуулж, эхний ээлжинд 1990 оноос хойш тэнүүчилсэн, одоо насанд хүрч хүүхдийн асрамжийн газраас хасагдсан 100 гаруй залуучуудыг шилжүүлэн амьдрах ухааны чадвар, дадлага олгох;
2.1.2. Тэнэмэл амьдралтай иргэдэд мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлүүлэх, орлогын эх үүсвэртэй болоход Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх;
2.1.3. Тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэм, хамт олны дунд төлөвшүүлэх ажилд өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах, энэ талаар гаргасан аливаа санал, санаачлагыг дэмжиж ажиллах.
Зорилт 3. Сэтгэцийн эмгэгтэй тэнэмэл иргэдийн талаар  арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Үр дүн 3.1. Сэтгэцийн эмгэгтэй, архидах, мансуурах донтой тэнэмэл иргэдийн тоо буурна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.1.1. Сэтгэцийн эмгэгтэй, архидах, мансуурах донтой тэнэмэл иргэдийн судалгааг гаргах;
3.1.2. Сэтгэцийн эмгэгтэй тэнэмэл иргэдийг сэтгэцийн эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;
3.1.3. Архидах, мансуурах донтой тэнэмэл иргэдийг эмчилгээнд хамруулах асуудлаар зохих байгууллагуудын шийдвэрийг гаргуулах;
3.1.4. Архидах, мансуурах донтой тэнэмэл иргэдийг албадан эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах.
Зорилт 4. Тэнэмэл амьдралтай  иргэдийг гэр, сууцтай болоход нь дэмжлэг үзүүлнэ.
Үр дүн 4.1. Тэнэмэл амьдралтай иргэдийн тоо буурна. 
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
4.1.1. Нийслэлд Түр хоноглох байр бий болгон тэнэмэл амьдралтай иргэдийг байрлуулж бүх траншейг хаах;
4.1.2. Гэр эзэмшин амьдрах чадвартай иргэдэд гэр олгож, ажлын байраар хангах;
4.1.3. Тэнэмэл амьдралтай иргэдийг гэр, сууцтай болгох ажилд  гадаад, дотоодын байгууллагын анхаарлыг хандуулах ажлыг зохион байгуулах;
4.1.4 Орон нутгийн нөөц бололцоог ашиглан тэнэмэл амьдралтай иргэдэд гэр, сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх.
 
Дөрөв. Дэд хөтөлбөрийн хугацаа, санхүүжилт
Дэд хөтөлбөрийг 2003-2006 онд хэрэгжүүлнэ.
Дэд хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ. Үүнд:
Тусгай сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах зориулалтаар 2003 оны улсын  төсөвт тусгадсан хөрөнгө
Орон сууц хөгжүүлэх сангаас олгох хөрөнгө
Гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламж, хандивын хөрөнгө
Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл, санаачилгаар бүрдүүлэх хандивын хөрөнгө.
 
Тав. Дэд хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, шалгуур үзүүлэлт
Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын зорилго нь хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хангах үйл ажиллагааны туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг тайлагнах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Дэд хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд
 
 
Шалгуур үзүүлэлт
Суурь үзүүлэлт
(2002 он)
Завсрын үзүүлэлт
 

2005 он
Эцсийн үзүүлэлт
(2006 он)
1.Мэргэжил эзэмшсэн тэнэмэл  иргэдийн тоо
 
0
200
350
2.Ажилтай болсон тэнэмэл иргэдийн  тоо
 
0
100
200
3.Дулааны цооногт амьдардаг хүний тоо
400 орчим
 
Дулааны цооногт амьдардаг иргэдийн тоо 80 хувиар буурсан байна.
 
0
4.Сэтгэцийн эмчилгээнд хамрагдсан тэнэмэл иргэдийн тоо
Улсын хэмжээгээр нэгтгэсэн судалгаа байхгүй
Архидах, мансуурах донтой тэнэмэл иргэдийн 80 хувийг албадан эмчилгээнд хамруулсан байна.
Архидах, мансуурах донтой тэнэмэл  бүх иргэд хамрагдсан байна.