- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Засгийн газрын 1996 оны 162 дугаар тогтоолын хавсралт
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
1.Геодези, зураг зүйн улсын хяналтын зорилт нь Монгол Улсын хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгжийн харьяалал, өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр Геодези, зураг зүйн талаархи Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэр, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон заавар, дүрэм, журмын биелэлтийг хангуулахад оршино.
2.Геодези, зураг зүйн улсын хяналтыг Геодези, зураг зүйн улсын хяналтын алба, аймаг, нийслэлд ажиллах геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
3.Улсын геодези, зураг зүйн газрын дарга нь Геодези, зураг зүйн улсын хяналтын албаны дарга бөгөөд улсын ерөнхий байцаагч байна. Түүнийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлөх ба улсын ерөнхий байцаагчийн эрхийг нь Засгийн газар олгоно.
4.Геодези, зураг зүйн улсын хяналтын албаны улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг Улсын геодези, зураг зүйн газрын дарга томилж, чөлөөлөх ба улсын байцаагчийн эрхийг нь геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн сайд олгоно.
Орон нутагт ажиллах геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга томилж чөлөөлөх ба улсын байцаагчийн эрхийг нь геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн сайд олгоно.
5.Геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч нь тухайн асуудлаар мэргэшсэн байна.
6.Геодези, зураг зүйн улсын хяналтын алба, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
7.Геодези, зураг зүйн хяналтын улсын ерөнхий болон ахлах байцаагч, улсын байцаагч /энэ дүрэмд "Байцаагч" гэх/ нь Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
8.Аймаг, нийслэлд ажиллаж байгаа геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлыг нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар авах арга хэмжээний талаар санал боловсруулж шийдвэрлүүлэхийг Геодези, зураг зүйн улсын хяналтын алба хариуцан хэрэгжүүлнэ.
Хоёр.Геодези,зураг зүйн улсын хяналтын чиглэл
9.Геодези, зураг зүйн улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/геодези, зураг зүйн ажилд холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэр, геодези, зураг зүйн үйлдвэрлэлийн холбогдолтой заавар, дүрэм, стандарт, техникийн баримт бичгийн мөрдөлт;
б/геодези, зураг зүйн ажил гүйцэтгэх техникийн төсөл, аргачлал, технологи, тайлан нь стандартын нөхцөл, шаардлага, орчин үеийн техникийн түвшинд нийцэж байгаа байдал;
в/геодези, зураг зүйн хэмжлийн багаж хэрэгслийг шалгах, баталгаажуулалт хийлгэсэн, түүний хугацаа дууссан эсэх;
г/геодези, зураг зүйн үйлдвэрлэлийн ажил эрхлэн явуулах, байр зүйн зураг, геодезийн цэг, тэмдэгтийн тоон өгөгдөл, газар нутгийн загвар, дүрс болон зураг материалыг нийтэд хэвлэх, олшруулах, үзэсгэлэнд тавих, гадаадад бүр буюу түр хугацаагаар гаргах, радио телевизээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан эсэх;
д/улсын геодезийн байнгын цэг, тэмдэгтийг тогтоосон журмын дагуу арчлан хамгаалж, зүй зохистой ашиглаж байгаа эсэх;
е/газрын зураг, атлас зохиож хэвлэх талаар тогтоосон журмын хэрэгжилтийн байдал, хэвлэн гаргаж байгаа газрын зураг, атласт улс, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, гадаад орны хил, хот, суурин газар болон газар зүйн объектын нэр, галиглалыг зөв тусгасан эсэх;
ж/геодези, зураг зүйн бүх төрлийн ажлын үндсэн материалын фондлолт, нууц материалын хадгалалт, хамгаалалт, ашиглалт, геодезийн сангийн бүрдүүлэлт, баяжилт, фондоос материал олгох дүрэм, заавар,журмын хэрэгжилт;
з/хот, суурин газрын геодези, байр зүйн ажлын судалгаа, солбицол, өндрийн сүлжээний холболт,түүний нарийвчлал шаардлага хангасан эсэх;
и/геодези, зураг зүйн ажлын мэргэжлийн ур чадварын түвшинг хангасан эсэх;
к/геодези, зураг зүйн ажил гүйцэтгэх зөвшөөрөл /лиценз/, агаар мандлаас газрын зураг авах зөвшөөрөл авсан эсэх.
Гурав.Геодези,зураг зүйн хяналтын улсын байцаагчийн үүрэг,эрх.
10.Байцаагч нь дор дурдсан үүргийг гүйцэтгэнэ.
а/энэ дүрмийн 9 дүгээр зүйлд заасан чиглэлийн дагуу геодези, зураг зүйн улсын хяналтыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
б/байгууллага, аж ахуйн нэгжээс улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геодези, зураг зүйн ажлыг улсын нэрийн өмнөөс хүлээн авах, акт тогтоох, орон нутгийн төсөв болон байгууллагын хөрөнгөөр хийгдсэн ажилд чанарын дүгнэлт гаргаж, хяналт явуулах.
11.Байцаагч нь дор дурьдсан эрх эдэлнэ:
а/хяналт, шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох;
б/холбогдох байгууллагатай нь тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт, шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
в/хяналт, шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа,тайлбар, тодорхойлолт, геодези, зураг зүйн ажил гүйцэтгэхтэй холбогдсон жилийн болон хэтийн төлөвлөгөө, техникийн болон бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
г/байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж, улсын орлогод оруулах, мөн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
д/хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах;
е/геодези, зураг зүйн ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн, техникийн заавар, дүрэм, нөхцөлийн дагуу хийгээгүй нь хяналт, шалгалтаар нотлогдвол уг ажлыг түр зогсоох, эсвэл актлах, энэ тухай холбогдох захиалагч, санхүүжүүлэх байгууллагад мэдэгдэх;
ж/геодези, зураг зүйн ажил гүйцэтгэсэн байгууллага, аж ахуйн нэгжээс холбогдох материалыг улсын төвлөрсөн санд цаг хугацаанд нь тушаалгах;
з/ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хохирол учирсан, гэмт хэргийн шинжтэй зөрчил илэрсэн тохиолдолд шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх.
12.Байцаагч нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлага биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомжийн заалтыг үндэслэн дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:
а/эрх бүхий байгууллагаас баталсан заавар, дүрэм, журмыг зөрчсөнөөс учруулсан хохирлыг харгалзан байгууллага, аж ахуйн нэгжийг 50.000-200.000 төгрөгөөр, иргэнийг 30.000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 5000-40.000 төгрөгөөр торгох;
б/геодези, зураг зүйн хэмжлийн багаж хэрэгслийг баталгаажуулаагүйгээр ашигласан буюу хэмжилт хийхдээ стандарт зөрчсөн иргэнийг 25.000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 10.000-20.000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 50.000-100.000 төгрөгөөр торгох;
в/эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр геодези, зураг зүйн ажил гүйцэтгэсэн, эсвэл тогтоосон журам зөрчиж геодези, зураг зүйн үйлдвэрлэл явуулсан, геодези, зураг зүйн үндсэн ба тоон материалыг төвлөрсөн санд тушаагаагүй иргэнийг 30.000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 5000-40.000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 50.000-200.000 төгрөгөөр торгох;
г/геодезийн байнгын цэг, тэмдэгтийг гэмтээсэн, устгасан, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчил гаргасан иргэнийг 10.000-40.000 төгрөгөөр, албан тушаалтныг 20.000-50.000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 100.000-200.000 төгрөгөөр торгох;
д/геодези, зураг зүйн хяналтын улсын ерөнхий байцаагч,ахлах байцаагч нар хяналт, шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-10.000 төгрөг, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн албан тушаалтныг 15.000 хүртэл төгрөгөөр торгох;
е/хяналт, шалгалтын байгууллага, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг 5000-25.000, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 35.000 хүртэл төгрөг, хяналт, шалгалтанд холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч бичиг баримт гаргаж өгсөн албан тушаалтныг 30.000-50.000 төгрөгөөр тус тус торгуулах асуудлыг шүүгчид тавьж шийдвэрлүүлэх.
13.Геодези,зураг зүйн улсын хяналтын алба, улсын байцаагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, холбогдох хүмүүс хугацаанд нь биелүүлж,хариуг мэдэгдэх үүрэгтэй. Геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаас ногдуулсан торгуулийн мөнгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 15 хоногийн дотор улсын орлогод оруулаагүй бол хэтэрсэн хоног тутамд хууль тогтоомжид заасан хүүтэйгээр өсгөн нэмэгдүүлж төлүүлэх арга хэмжээ авна.
14.Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, албан тушаалтан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор тухайн шалгасан байгууллагын эрх баригчид гаргана. Байгууллагын эрх баригч уг гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хянаж шийдвэрлэнэ. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно. Гомдол гаргах нь ноцтой зөрчлийг арилгахгүй байх үндэслэл болохгүй.
15.Геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
--------оОо--------
Текст томруулах
A
A
A