A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1996 оны 109 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

МАЛ АЖ АХУЙН ҮРЖЛИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
  НЭГ.Нийтлэг үндэслэл
1.Мал аж ахуйн үржлийн улсын хяналтын зорилго нь өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс малын удмын санг хамгаалах, шинжлэх ухааны үндэстэй үржлийн ажлыг зохион байгуулах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр гарсан Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулахад оршино.
2.Мал аж ахуйн үржлийн улсын хяналтыг үржлийн улсын хяналтын алба, аймаг, нийслэл, сум, дүүргийн үржлийн улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
З.Мал аж ахуйн үржлийн улсын хяналтын албаны дарга нь улсын ерөнхий байцаагч байна. Мал аж ахуйн үржлийн улсын ерөнхий байцаагчийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлөх бөгөөд улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газраас олгоно.
4.Мал аж ахуйн үржлийн хяналтын албаны улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг мал аж ахуйн үржлийн хяналтын ерөнхий байцаагчийн санал болгосноор хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлөн, тэдэнд улсын байцаагчийн эрхийг олгоно.
5.Аймаг, нийслэлд ажиллах улсын байцаагчийг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх бөгөөд улсын байцаагчийн эрхийг хүнс,хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд олгоно.      
Сум, дүүргийн мал аж ахуйн үржлийн хяналтын улсын байцаагчийг тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болгосноор аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээрт байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.
6.Ажил төрлийн онцлог байдлаас зарим яам, тусгай газарт мал аж ахуйн үржлийн хяналтын улсын байцаагч ажиллуулж болно. Яам, тусгай газарт ажиллах улсын байцаагчийг тухайн яам, газрыг тэргүүлэн удирдаж байгаа сайд, дарга нь томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээрт хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд улсын байцаагчийн эрх олгоно.
7.Улсын байцаагчид нь мал аж ахуйн үржлийн асуудлаар мэргэшсэн байна.
8.Мал аж ахуйн үржлийн улсын хяналтын алба, байцаагчид нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
9.Мал аж ахуйн үржлийн хяналтын ерөнхий болон ахлах байцаагч, улсын байцаагч /энэ дүрэмд "байцаагч" гэх/ нь Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон албан шаардлага, дүгнэлт, акт, шийтгэвэр, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
10.Аймаг, нийслэл, сум, дүүрэгт ажиллаж байгаа мал аж ахуйн үржлийн хяналтын улсын байцаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлыг нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар авах арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэх үүргийг Мал аж ахуйн үржлийн улсын хяналтын алба хариуцан хэрэгжүүлнэ.
  ХОЁР.Мал аж ахуйн үржлийн улсын хяналтын чиглэл
11.Үржлийн улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/мал аж ахуйн үржлийн ажил, үйлчилгээтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт;
б/Монгол Улсаас олон улсын байгууллага, гадаад орнуудтай мал аж ахуйн үржлийн ажлын талаар хамтран ажиллахаар хоёр талын болон олон улсын түвшинд байгуулсан гэрээ, хэлэлцээрээр Монгол Улсын хүлээсэн үүргийн хэрэгжилт;
в/тухайн нутаг дэвсгэрийн малын удмын сангийн хамгаалалт, түүний зохион байгуулалт;
г/бог малын хээлтүүлэгчийн ялгалт, нийлүүлэгт ашиглаж байгаа байдал, бог малын төллөлтийн талаар баримтлах дүрэм, зааврын мөрдөлт;
д/мал бүхий иргэн, байгууллага, аж ахуйн нэгж үржлийн албанаас зохиож буй арга хэмжээнд хамрагдсан байдал;
е/сүргийн зохистой бүтцийн мөрдөлт, баталгаажуулсан хээлтүүлэгчийг үржилд ашиглаж байгаа байдал;
ж/цөм, торгон сүрэг, гойд ашиг шимт малын үржлийн бүртгэл хөтлөлт;
з/цөм, торгон сүргийн ашиг шимийн чиглэлийн мөрдөлт, үржлийн мал, түүний үр, үр хөврөлийг гадаадад гаргах, оруулах журмын мөрдөлт;
и/цөм, торгон сүрэг, гойд ашиг шимт малыг илрүүлэх, сонголт хийж баталгаажуулах, тэдгээрийн ашиглалт, хамгаалалт, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах талаар хийж байгаа ажил;
к/малын генийн санд үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн малын үр, үр хөврөлийг нөөцлөх, түүний хадгалалт, хамгаалалт, нөхөн сэлбэлт, зарцуулалт;
л/шинэ үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн мал буй болгосон байдал, баталгаажуулалт, үржилд ашиглах зөвшөөрөл олголт.
  ГУРАВ.Мал аж ахуйн үржлийн хяналтын улсын байцаагчийн үүрэг, эрх
12.Улсын байцаагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/энэ дүрмийн 11 дүгээр зүйлд заасан чиглэлийн дагуу мал аж ахуйн үржлийн хяналтыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
б/илрүүлсэн зөрчлийг арилгах, таслан зогсоох арга хэмжээ авахдаа хяналт шалгалт хийсэн байгууллага, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, технологийн нууцыг чанд хадгалах;
в/хууль тогтоомж чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автах, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
г/хийсэн шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах.
13.Улсын байцаагч дор дурдсан эрх эдэлнэ:
а/хяналт шалгалтаар илэрсэн дутагдал зөрчлийг арилгах талаар байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдэд хугацаатай албан шаардлага өгч биелэлтийг хангуулах;
б/холбогдох байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр шинжээчийн хэсэг томилох, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
в/мал аж ахуйн үржлийн улсын хяналттай холбогдсон мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдээс үнэ төлбөргүйгээр гаргуулан авах;
г/үржлийн ажилд учруулсан хохирол нь нийгмийн хор холбогдол ихтэй бол шалгалтын акт, материалыг хуулийн байгууллагад шилжүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
д/улсаас баталгаажуулаагүй чанар муутай хээлтүүлэгч, үр, үр хөврөлийг үржилд ашигласан нь мал сүргийн чанарт шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа, хохирол учруулж болох нь зохих ёсоор нотлогдвол тухайн үржлийн үйл ажиллагааг уг зөрчлийг арилгах хүртэл бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох, баталгаажуулаагүй үр хөврөлийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх. Энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн үржлийн ажил, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай шийдвэр гаргах;
е/албан үүргээ гүйцэтгэх зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжид саадгүй нэвтрэн орох.
14.Улсын байцаагч нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, илэрсэн дутагдал зөрчлийг арилгуулах талаар өгсөн албан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Төрийн хяналт шалгалтын тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомжийн заалтыг үндэслэн дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:
а/цөм, торгон сүрэг, гойд ашиг шимт малын бүртгэл хөтлөөгүй, бүртгэгдсэн малыг худалдах, арилжих, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлсэн тухайгаа зохих шатны мал үржлийн албанд мэдэгдээгүй иргэн, албан тушаалтныг 10000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000 хүртэл төгрөгөөр торгох;
б/баталгаажуулаагүй хээлтүүлэгчийг нийлүүлэгт оруулсан, цөм, торгон сүрэгт мал үржлийн албаны зөвшөөрөлгүй өөр чиглэлийн хээлтүүлэгч ашиглан удам угсааг доройтуулсан, хээлтүүлгийн нас гүйцээгүй малыг зориуд нийлүүлэгт оруулсан, бэлчээрийн маллагаатай бог малыг жилд дахин төллүүлсэн иргэн, албан тушаалтныг 20000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох;
в/үржлийн албанаас явуулж байгаа арга хэмжээнд мал сүргээ тогтоосон хугацаанд нь бүрэн хамруулаагүй, мал төллүүлэх, хээлтүүлэх ажилд баримтлах дүрэм, зааврыг зөрчсөн иргэн, албан тушаалтныг 1000-20000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-80000 төгрөгөөр торгох;
г/шинээр бий болгосон болон гадаадаас авсан үржлийн мал, малын үр, үр хөврөлийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэлд ашигласан иргэн, албан тушаалтныг 10000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох;
д/мал аж ахуйн үржлийн хяналтын улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч нь хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-10000, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэж өгөхөөс зайлсхийсэн албан тушаалтныг 15000 хүртэл төгрөгөөр торгох;
е/шалгалтын явцад шалгуулагч байгууллага, иргэд, албан тушаалтан мал аж ахуйн үржлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг 5000- 25000, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 35000 хүртэл, хяналт шалгалтад холбогдолтой баримт бичиг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч бичиг баримт гаргаж өгсөн албан тушаалтныг 30000-50000 төгрөгөөр торгуулах асуудлыг шүүгчид тавьж шийдвэрлүүлэх.
  ДӨРӨВ.Бусад зүйл
15.Мал аж ахуйн үржлийн хяналтын улсын алба, улсын байцаагчийн шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан хугацаанд нь биелүүлж хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
16.Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргаж болно. Уг гомдлыг хүлээн авсан хяналт шалгалтын байгууллагын эрх баригч түүнийг хүлээж авснаас хойш З0 хоногийн дотор хянаж шийдвэрлэх арга хэмжээ авна. Хэрэв гомдол гаргасан байгууллага энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно. Гомдол гаргах нь ноцтой зөрчлийг арилгахгүй байх үндэслэл болохгүй.
17.Байцаагч үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-------оОо------