A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1996 оны 109 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

МАЛ ЭМНЭЛГИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
  НЭГ.Нийтлэг үндэслэл
1.Мал эмнэлгийн улсын хяналтын зорилго нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс мал эмнэлгийн хорио цээр, ариун цэвэр, эрүүл ахуйн талаар гарсан хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулахад оршино.
2.Мал эмнэлгийн хяналтыг мал эмнэлгийн улсын хяналтын алба, аймаг, нийслэлийн улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
З.Мал эмнэлгийн улсын хяналтын албаны дарга нь улсын ерөнхий байцаагч байна. Мал эмнэлгийн хяналтын улсын ерөнхий байцаагчийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлөх бөгөөд улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газраас олгоно.
4.Мал эмнэлгийн хяналтын албаны улсын ахлах байцаагч, улсын байцаагчдыг улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд томилж чөлөөлөн, тэдэнд улсын байцаагчийн эрх олгоно.       
Аймаг, нийслэлд ажиллах мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагчдыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээрт улсын байцаагчийн эрхийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд олгоно.
Сум, дүүргийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийг тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болгосноор аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө. Тэдгээрт улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.
5.Ажил төрлийн онцлог байдлаас зарим яам, тусгай газарт мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ажиллуулж болно. Яам, тусгай газарт ажиллах улсын байцаагчийг тухайн яам, газрыг тэргүүлэн удирдаж байгаа сайд, дарга нар нь томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээр байцаагчийн эрхийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд олгоно.
6.Улсын байцаагч нь мал эмнэлгийн хорио цээр, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлаар мэргэшсэн байна.
7.Мал эмнэлгийн улсын хяналтыг хэрэгжүүлэх алба, түүний байцаагчид үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
8.Мал эмнэлгийн хяналтын улсын ерөнхий болон ахлах, улсын байцаагчид /энэ дүрэмд "улсын байцаагч" гэх/ Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон албан шаардлага, дүгнэлт, акт, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
9.Аймаг, нийслэлд ажиллаж байгаа мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлыг нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар авах арга хэмжээний санал боловсруулж, шийдвэрлүүлэх асуудлыг Мал эмнэлгийн улсын хяналтын алба хариуцан хэрэгжүүлнэ.
  ХОЁР.Мал эмнэлгийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэл
10.Мал эмнэлгийн улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/мал эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт;
б/Монгол Улсаас олон улсын байгууллага, гадаад орнуудтай мал эмнэлгийн талаар хамтран ажиллахаар хоёр талын болон олон улсын түвшинд байгуулсан гэрээ, хэлэлцээрээр Монгол Улсын хүлээсэн үүргийн хэрэгжилт;
в/хорио цээр, хязгаарлалт тогтоосон бүс нутагт хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт;
г/мал, амьтны элдэв өвчин улсын хилээр дамжин нэвтрэхээс сэргийлэх, хилийн ойр орчмын нутгийн мал, амьтны шилжилт хөдөлгөөн;
д/импорт, экспортод бэлтгэгдсэн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлд мал эмнэлэг, ариун цэврийн үзлэг, шинжилгээ хийх, хорио цээр тогтоолгох, улсын хилээр нэвтрүүлэх, гадаад орны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхэд мал эмнэлэг, ариун цэврийн талаар аюулгүй болохыг баталгаажуулсан байдал;
е/халдвар тараах өвчтэй мал, амьтныг мал эмнэлгийн хяналтад авч тусгаарлах, нядлах, устгах, ариутган халдваргүйжүүлэх, эмчлэх, шинжлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохих журмын дагуу хэрэгжүүлж байгаа эсэх;
ж/мал, амьтан, тэдгээрийн мах, сүү, үр, үр хөврөл, түүхий эд, малын өвс, тэжээл зэргийг зах зээлд бэлтгэх, борлуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах үеийн үйл ажиллагаанд мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, мал, амьтны өвчин тархах, хүн, мал, амьтны нийтлэг халдварт өвчин мал, амьтнаас хүнд, хүнээс мал, амьтанд дамжин халдварлахаас сэргийлэх арга хэмжээний хэрэгжилт;
з/мал, амьтны эм, бэлдмэлийн үйлдвэрлэлт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт, хэрэглээ;
и/мал, амьтны арчилгаа, маллагаа, тэжээл, үржүүлгийн ажлын болон хашаа байр, тоног хэрэгсэл, бэлчээр, худаг усны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг хангуулах, мал, амьтны сэг, зэм устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт, мэрэгчид, шавьж устгалын ажил зохион байгуулсан байдал;
к/мал нядлах газар, мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд боловсруулах, хадгалах барилга, байгууламж нь мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, норм, нормативыг хангаж байгаа эсэх;
л/мал эмнэлгийн анхан шатны бүртгэл, судалгаа хөтлөлт, малын өвчний гаралт, тархалтын талаархи мэдээлэл;
м/мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд улсын төсвөөс санхүүжүүлэн олгож байгаа эм, био тарилга, угаалга, туулгалтын бодисын ашиглалт, зарцуулалтын байдал;
н/мал эмнэлгийн хорио цээр тогтоосон нөхцөлд мал, амьтны өвчинтэй тэмцэхэд шаардлагатай арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хэрхэн хэрэгжүүлж байгааг хянаж, дутагдлыг арилгуулах талаар шаардлага тавих, хориглосон үйл ажиллагааг зөрчсөн этгээдийн буруутай үйлдлийг яаралтай таслан зогсооход чиглэгдсэн арга хэмжээг төрийн захиргааны байгууллагаар авахуулах.
  ГУРАВ.Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн үүрэг, эрх
11.Улсын байцаагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/энэ дүрмийн 10 дугаар зүйлд заасан чиглэлийн дагуу мал эмнэлгийн хяналтыг зохион байгуулж явуулах;
б/хилийн сумд дахь мал эмнэлгийн улсын байцаагч нь хилийн боомтын мал эмнэлгийн тусгай хяналтаас бусад хяналтыг давхар хэрэгжүүлэх;
в/хяналт шалгалт хийсэн байгууллага, аж  ахуйн нэгжийн үйлдвэрлэл, технологийн нууцыг чанд хадгалах;
г/хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автах, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
д/хийсэн шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;
е/мал эмнэлгийн ариун цэврийн хяналтад байлгах үйлдвэрлэл, үйлчилгээний бүх нэгжийн жагсаалтыг гаргасан байх.
12.Улсын байцаагч дор дурдсан эрх эдэлнэ:
а/хяналт, шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүйгээр гаргуулах авах;
б/хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох;
в/хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд шаардлага тавьж хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах;
г/ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, мал, амьтны гоц халдварт өвчнийг дамжуулан тараасан, их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд болон илэрсэн зөрчил гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
д/мал эмнэлгийн шүүх магадлан шинжилгээ хийлгүүлэх, холбогдох байгууллагатай тохиролцон шинжээчийн хэсэг томилох, шаардлагатай асуудлыг мэргэжлийн лабораториор шинжлүүлэн дүгнэлт гаргуулах;
е/хүний амь нас, эрүүл мэнд, мал амьтан, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, барилга байгууламжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд мэдээлэх. Энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай шийдвэр гаргах.
13.Улсын байцаагч нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар өгсөн албан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Төрийн хяналт шалгалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомжийн заалтыг үндэслэн дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:
а/мал эмнэлгийн албадаас явуулж байгаа арга хэмжээнд мал сүргээ тогтоосон хугацаанд нь бүрэн хамруулаагүй, мал, амьтны өвчнийг эмчлэх дүрэм, зааврыг зөрчсөн иргэн, албан тушаалтныг 1000- 20000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-80000 төгрөгөөр торгох;
б/шинээр бий болгосон болон гадаадаас авсан мал, амьтны эм, бэлдмэл, өвчин үүсгэгчийн омгийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэлд ашигласан иргэн, албан тушаалтныг 10000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох;
в/ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, нөхцөл  хангаагүй байр орчинд мал, амьтныг нядалсан, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэсэн, боловсруулсан, тээвэрлэсэн, хадгалснаас гарсан үр дагавар, хохирлын хэмжээг харгалзан иргэн, албан тушаалтныг 50000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 250000 хүртэл төгрөгөөр торгох;
г/халдвар тараах өвчтэй малыг үржилд ашигласан иргэн, албан тушаалтныг 5000-50000, байгууллага,аж ахуйн нэгжийг 50000-200000 төгрөгөөр торгох;                                                                   
д/мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, гэнэт олноор хорогдсон тухай мал эмнэлгийн алба буюу баг, хорооны удирдлагад Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, мал, амьтан, хүнд халдварлах өвчтэй нь мал эмнэлгийн албаны шинжилгээгээр тогтоогдсон мал, амьтныг зохих зааврын дагуу нядлаагүй, устгаагүйгээс гарсан үр дагавар, хохирлын хэмжээг харгалзан иргэн, албан тушаалтныг 50000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 200000 хүртэл төгрөгөөр торгох;
е/мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмийг зөрчсөн иргэн, албан тушаалтныг 50000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 200000 хүртэл төгрөгөөр торгох;
ж/мал, амьтны гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн албаны шинжилгээ, зөвшөөрөлгүй нийтийн хэрэгцээнд бэлтгэсэн, нийлүүлсэн, хүлээн авсан, хүний эрүүл мэндэд хор учруулах мал амьтны өвчин тараах нь тогтоогдсон түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг ариутгаагүй, халдваргүйжүүлээгүй худалдсан, эдгээр зүйлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, иргэн, албан тушаалтныг 20000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-200000 төгрөгөөр торгох;
з/мал,амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг тухайн болон өөрийн орны мал эмнэлгийн албаны гэрчил- гээгүй, халдварт өвчний шинж тэмдэгтэй мал, амьтан, гэмтэж муудсан түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан буюу нэвтрүүлсэн иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 20000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-250000 төгрөгөөр торгох;
и/улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-10000, шаардлагатай баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн албан тушаалтныг 15000 хүртэл төгрөгөөр торгох;
к/улсын мал эмнэлгийн хяналтын байгууллага, улсын байцаагчдын албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг 5000-25000, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 35000 хүртэл, хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч баримт бичиг гаргаж өгсөн албан тушаалтныг 30000-50000 төгрөгөөр торгуулах саналаа шүүгчид тавьж шийдвэрлүүлэх.
  ДӨРӨВ.Бусад зүйл
14.Мал эмнэлгийн хяналтын алба улсын байцаагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд хугацаанд нь биелүүлж хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
15.Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо 10 хоногийн дотор хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана.Уг гомдлыг хяналт шалгалтын байгууллагын эрх баригч түүнийг хүлээн авснаас хойш З0 хоногийн дотор хянаж шийдвэрлэх арга хэмжээ авна.Хэрэв гомдол гаргасан этгээд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохих журмын дагуу гомдлоо шүүхэд гаргаж болно. Гомдол гаргах нь ноцтой зөрчлийг арилгахгүй байх үндэслэл болохгүй.
16.Байцаагч нь үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---------OOO---------