A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1994 оны 227 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

УРГАМАЛ ХАМГААЛАЛ ХОРИО ЦЭЭРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ /ЗГ-ын 1999 оны 150 тогтоолоор хүчингүй болсон/
 Нэг.Нийтлэг үндэслэл
     1.Ургамал  хамгаалал  хорио цээрийн улсын хяналтын зорилго нь байгууллага, аж ахуйн нэгжээс ургамал хамгаалал, хорио цээрийн  талаархи хууль,  тогтоомж болон эрх бүхий байгууллагаас тогтоосон захиргааны журмын биелэлтийг хангуулахад оршино.
     2.Улсын  хяналтыг  ургамал хамгаалах алба, аймаг, нийслэлд ажиллах улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
     3.Ургамал  хамгаалах  албаны  дарга  нь ургамал хамгаалал, хорио цээрийн  улсын  хяналтын ерөнхий байцаагч байна. Ургамал хамгаалал,  хорио цээрийн  улсын хяналтын ерөнхий байцаагчийг хөдөө  аж  ахуйн асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлөх бөгөөд түүнд улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газраас олгоно.
     4.Ургамал  хамгаалал,  хорио цээрийн хяналтын улсын албаны ахлах байцаагч,  улсын  байцаагчдыг  ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын ерөнхий байцаагчийн санал болгосноор хөдөө аж ахуйн  асуудал  эрхэлсэн сайд томилж, чөлөөлнө. Аймаг, нийслэл, гүний  болон  хилийн  хорио  цээрийн улсын байцаагчдыг аймаг, нийслэлийн  засаг  дарга  томилж чөлөөлөх бөгөөд тэдгээрт  байцаагчийн эрхийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд олгоно.
      5. Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид нь ургамал хамгаалал, хорио цээрийн асуудлаар мэргэшсэн байна.
     6.Ургамал  хамгаалах  алба,  улсын байцаагчид нь үйл  ажиллагаандаа Монгол  улсын  холбогдох  хууль  тогтоомж,  Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
     7.Ургамал  хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ерөнхий байцаагч болон улсын ахлах байцаагч, улсын байцаагчид /цаашид энэ  дүрмэнд "байцаагч"  гэх / нь Засгийн газраас загварыг нь баталсан  үнэмлэх,  хувийн  дугаар  бүхий  тэмдэг  болон албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
     8.Аймаг, нийслэл, хилийн болон гүний хорио цээрийн салбарт ажиллаж байгаа  байцаагчийг  мэргэжил,  арга зүйн удирдлагаар хангах,  ажлыг  нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах,  шаардлагатай  асуудлаар авах арга хэмжээний санал боловсруулж  шийдвэрлүүлэхийг  ургамал хамгаалал,  хорио   цээрийн хяналтын алба хэрэгжүүлнэ.
     5.Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид  нь ургамал  хамгаалал, хорио цээрийн асуудлаар мэргэшсэн байна.
 Хоёр.Ургамал хамгаалал, хорио цээрийн улсын хяналтын чиглэл
     9.Ургамал  хамгаалал,  хорио  цээрийн  улсын  хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
     а/ургамал  хамгаалал, хорио  цээрийн  талаар  гарсан хууль тогтоомж болон  түүнтэй  нийцүүлж  гаргасан дүрэм, журмын  хэрэгжилт;
     б/ургамал  хамгааллын зориулалт бүхий техник, тоног төхөөрөмж,  бодисын  ашиглалт,  хэрэглээ,  хадгалалт,  хамгаалалтын байдал;
     в/ургамал  хамгаалал,  хорио  цээрийн талаар бусад оронтой байгуулсан гэрээ, хэлэлцээрийн биелэлт;
     г/ургамлын  гаралтай  бүтээгдэхүүний  үйлдвэрлэлт, тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалт, борлуулалтын үеийн хорио цээрийн  шаардлагын биелэлт;
     д/ургамлын  хориотой,  гоц  хөнөөлт өвчин, хортон, хог ургамлын хөнөөлийн  голомт илэрсэн нөхцөлд тодорхой нутаг дэвсгэр,  бүс   нутагт хорио  цээр  тогтоох,  дүгнэлт    гаргах;
     е/үр,  ургамал,  ургамлын  гаралтай хүнсний бүтээгдэхүүний зөвшөөрөл олголт;
     ж/ургамал,  үр,  ургамлын гаралтай бусад бүтээгдэхүүн тээвэрлэсэн   бүх  төрлийн тээврийн хэрэгслийн эрүүл ахуйн байдал;
     з/мөөг,  ян,  хорууны өсгөвөр, амьд шавьж, ургамлын хатаадас,  ургамлын  өвчин, хортны цуглуулгын хорио цээрийн байдал;
     и/байгууллага,  аж  ахуйн  нэгж,  иргэдийн  эдэлбэр газар, зоорь агуулах,  түүнд байгаа бүтээгдэхүүний өвчин хортон, хог ургамлын халдваргүй байдал.
 Гурав.Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн үүрэг, эрх
     10.Байцаагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
     а/энэ  дүрмийн 9 дүгээр зүйлд заасан чиглэлийн дагуу улсын хяналтыг зохион байгуулж явуулах;
     б/олон  улсын  эрх  бүхий  байгууллагаас  баталж  улс бүрт нийтлэг мөрдөж байгаа ургамал хамгаалал, хорио цээрийн холбогдолтой  конвенци,  эрх  зүйн  бусад  актууд Монгол улсын нутаг дэвсгэр дээр хэрхэн хэрэгжиж байгааг шалгах;
     в/хяналт  шалгалт  хийсэн  байгууллага,  аж  ахуйн нэгжийн үйлдвэрлэл, технологийн нууцыг чанд хадгалах;
     г/хууль  тогтоомжийг чанд сахиж, хөндлөнгийн нөлөөнд автахгүй  байх, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
     д/хийсэн  шалгалт,  гаргасан  дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага,  тоо  баримтын  үндэслэл,  нотолгооны  үнэн зөвийг бүрэн хариуцах.
     11.Байцаагч дор дурдсан эрх эдэлнэ:
     а/холбогдох  байгууллагатай  тохиролцож  зохих  мэргэжлийн хүмүүсийг хяналт,  шалгалтын  ажилд  татан оролцуулах, шаардлагатай  асуудлыг магадлах  зорилгоор  лабораторийн   задлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
     б/хориотой  болон  ургамлын онц аюултай өвчин, хортон, хог ургамал шалгалтаар  илэрсэн  нь цаашид хүн, мал, амьтны эрүүл ахуйд  муугаар нөлөөлж хохирол, гэм хор учруулж болзошгүй байвал  уг зөрчлийг арилгах хүртэл хугацаанд байгууллага, аж ахуйн нэгж,  албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн  түр  зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, цэвэршүүлэх,  холбогдох бүтээгдэхүүнийг худалдах борлуулахыг хориглох,  устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах,энэ тухайгаа олон нийтэд мэдээлэх. Энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол  тухайн  үйлдвэрлэлийг бүрмөсөн  зогсоох  шийдвэр гаргах;
     в/ургамал  хамгаалал,  хорио цээрийн нөхцөл болон хөдөлмөр хамгааллын хэрэгсэл ариутгах, угаах бодисын технологийн шаардлага  хангаагүй  ажлын хувцас, бие хамгаалах хэрэгслийг ажилтан,  ажилчдад олгохыг хориглох;
     г/ноцтой  аюул,  осол  гарсан,  хүний  амь нас, эрүүл мэнд хохирсон, учруулсан  хохирол  нь  нийгмийн хор аюул ихтэй бол шалгалтын  акт, материалыг  хуулийн  байгууллагад  шилжүүлэх;
     д/албан  үүргээ гүйцэтгэж яваа үедээ үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа  ажлын  байр,  талбайд  саадгүй  нэвтрэн  орох;
     е/хяналт  шалгалтаар илэрсэн дутагдал зөрчлийг таслан зогсоох,  арилгах  талаар  байгууллага,аж ахуйн нэгж, албан тушаалтан,  иргэдэд  хугацаатай албан  шаардлага,  үүрэг  даалгавар өгч биелэлтийг хангуулах;
     ж/гадаадад  гаргах, гадаадаас авах, тус улсын нутгаар дамжин  өнгөрөх ургамал,  үр,  ургамлын  гаралтай  бүтээгдэхүүнд лабораторийн  задлан шинжилгээ хийж мэргэжлийн дүгнэлт гаргах;
     з/шалгалтаар  илэрсэн дутагдал хорио цээрийн болон ургамал хамгаалалтын  арга хэмжээний шаардлагыг биелүүлээгүйгээс учирсан  хохирлыг нөхөн төлүүлэх;
     и/хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
     к/бүтээгдэхүүний дээж, загварыг тэмдэглэл үйлдэн захиргааны  хяналтын эрх бүхий байгууллагаас тогтоосон тоо хэмжээгээр үнэ төлбөргүй авах, шинжлүүлэх.
    12.Байцаагч  нь  ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын талаар хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, зөрчлийг арилгуулах  талаар  өгсөн  албан шаардлагыг биелүүлээгүй байгууллага, аж  ахуйн  нэгж, гэм буруутай этгээдэд Төрийн хяналт шалгалтын тухай,  Захиргааны  хариуцлагын  тухай хуулиуд болон холбогдох бусад   хууль   тогтоомжийн  заалтыг  үндэслэн  дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:
     а/ургамлын  хортонтой  тэмцэх  технологи зөрчсөн, түүнчлэн хортон устгах  ажил  гүйцэтгэсэн талбайд хорионы хугацаа дуусаагүй  байхад аж ахуйн болон бусад үйл ажиллагаа явуулах зэргээр  ургамал, хорио цээрийн дэглэм зөрчсөн бол зөрчил гаргасан байгууллага,  аж ахуйн нэгжийг 120000, албан тушаалтныг 40000, иргэнийг 20000 хүртэл төгрөгөөр торгох;
     б/улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-10000, шаардлагатай гэж үзсэн  баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс  санаатайгаар  зайлсхийсэн албан тушаалтныг 15000 хүртэл төгрөгөөр торгох;
     в/хяналт,  шалгалтын байгууллага, байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй, шаардлагын   биелэлтийг гаргаж   ирүүлээгүй  албан тушаалтныг 5000-25000,  хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах  дүгнэлт шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 35000 хүртэл,  хяналт  шалгалтын  холбогдолтой  баримт  бичгийг гаргаж өгөхөөс  үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч бичиг  баримт  гаргаж өгсөн албан тушаалтныг 30000-50000 төгрөгөөр торгуулах саналаа шүүгчид тавьж шийдвэрлүүлэх.
 Дөрөв.Бусад зүйл
     13.Ургамал  хамгаалал,  хорио цээрийн улсын хяналтын алба, байцаагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж,албан тушаалтан,  иргэд хугацаанд нь биелүүлж хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
     14.Шалгуулсан  байгууллага,  аж  ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан  хяналт  шалгалтын  явцад хууль тогтоомж  зөрчигдсөн,  гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо  шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор хяналт шалгалт хийсэн  байгууллагын  эрх баригчид гаргаж болно.Уг гомдлыг хүлээж авснаас хойш  30 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.Гомдол гаргах нь ноцтой зөрчлийг арилгахгүй байх үндэслэл болохгүй.
     15.Байцаагч  үүрэгт  ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн  бол түүнд холбогдох хууль, тогтоомжид заасны  дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
-------оОо------