- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХААЛТТАЙ /ХОРИО ЦЭЭРИЙН/ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ
Засгийн газрын 1994 оны 165 дугаар тогтоолын хавсралт
ХААЛТТАЙ /ХОРИО ЦЭЭРИЙН/ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ
Нэг Нийтлэг үндэслэл
ХААЛТТАЙ /ХОРИО ЦЭЭРИЙН/ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ
1. Энэхүү журмаар мал, амьтан, тэдгээрээс хүнд халдварлах өвчний үүсгэгчээр үйлдвэрлэл, туршилт явуулдаг хаалттай /хорио цээрийн/ бүсэд орших аж ахуйн нэгж, байгууллага, ажиллагчдын болон хаалттай бүсэд орж, гарахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.
2. Хаалттай бүс нь хашаатай, харуултай байх бөгөөд уг бүсэд хүн, машин техник оруулах, гарахдаа заавал ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгээр дамжуулна.
Хоёр. Нутагт нь хаалттай бүс тогтоосон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хаалттай бүсэд орших байгууллага, мэргэжлийн алба, ажилтны хүлээх үүрэг
3. Нутагт нь хаалттай бүс тогтоосон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга, түүний Тамгын газар дараахь үүрэг хүлээнэ:
а/ халдварт өвчний хор хөнөөл, хаалттай бүсэд мөрдөх журмын талаар өөрийн харьяалах нутаг дэвсгэрт яриа таниулга хийх;
б/ хаалттай бүс бүхий нутаг дэвсгэрийн хилийн заагт хаалттай бүсэд орших байгууллагын хүч хөрөнгөөр анхааруулгын тэмдэг тавиулж, харуул, хамгаалалт ажиллуулах;
в/хаалттай бүсэд мөрдөх журмын биелэлтийг шалгаж хангуулах;
г/хаалттай бүсэд орших байгууллагын эзэмшилд өгсөн газрын хэмжээ, байршилд хяналт тавих;
д/ хаалттай бүсээс халдвар алдсан тохиолдолд хорио цээр тогтоон, хүн хүч, хөрөнгө гаргаж халдвар тархаахгүй байх, сэргийлэх арга хэмжээг хүн, мал эмнэлгийн холбогдох бусад байгууллагатай хамтран авч хэрэгжүүлэх, шаардлагатай үед зохих журмын дагуу дайчилгаа явуулах.
4. Нутагт нь хаалттай бүс тогтоосон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн мал эмнэлгийн байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
а/энэхүү журмын биелэлтэд дангаар буюу харьялагдах засаг захиргааны нэгжийн Засаг даргын Тамгын газар, хаалттай бүсэд оршдог байгууллагын удирдлагатай хамтарч хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах;
б/халдварт өвчний хор хөнөөл, хаалттай бүсийн онцлогийн талаар нийтэд мэдээлж, халдвараас сэргийлж хамгаалах арга хэмжээ авахуулах;
в/хаалттай бүстэй хил залгаа нутаг дэвсгэрт оршдог болон хаалттай бүсийн аж ахуйн нэгж, байгууллагатай байнгын харилцаатай байдаг байгууллага, иргэдийн мал, тэжээвэр амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад жил бүр бүрэн хамруулах;
г/хаалттай бүсээс халдвар алдсан тохиолдолд энэ талаар харьяалагдах засаг захиргааны нэгжийн Засаг дарга, түүний Тамгын газар, дээд шатны мал эмнэлгийн байгууллагад 12 цагийн дотор мэдээлсэн байхын зэрэгцээ хорио цээрийн арга хэмжээ авахуулах үндэслэл, шаардлагыг гаргаж, халдвар тархаахгүй байх, сэргийлэх арга хэмжээ авах.
5. Хаалттай бүсэд орших аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага дараахь үүрэг хүлээнэ:
а/албан ажлаар яваа хүмүүсийг болон үйлдвэрлэл, туршилтын ажилд хэрэглэгдэх тээврийн хэрэгслийг хаалттай бүсэд оруулах зөвшөөрөл олгох;
б/хөдөлмөрийн нөхцөлийн болон нянтай ажиллах журам тогтоож, байгууллагадаа сахиулж мөрдүүлэх;
в/хаалттай бүсийн онцлог, тэнд мөрдөх журмын талаар ажиллагчдад албан ёсоор таниулах, хаалттай бүстэй хил залгаа нутагт оршин суугчид, ажил төрлийн харилцаатай хүмүүсийн дунд сурталчилгаа явуулах;
г/хаалттай бүсээс халдвар алдсан тохиолдолд тухайн шатны Засаг дарга, мал эмнэлгийн зохих байгууллагад 12 цагийн дотор мэдэгдсэн байхын хамт хүн хүч, хөрөнгийг зохих журмын дагуу гаргаж, холбогдох байгууллагатай хамтран халдвар тархаахгүй байх, сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;
д/хаалттай бүсэд орсон мал, амьтныг нядлуулж, зохих журмын дагуу бутлан боловсруулах, эсвэл булж устгуулах арга хэмжээ авч, учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх;
е/хаалттай бүсийн хилийн зааг, уг бүсэд нэвтрэх цэг, зурвасын дагуу анхааруулсан тэмдэг тавихын хамт хамгаалалтын найдвартай хашаа бариулж, түүний бүрэн бүтэн байдлыг хангуулах;
ж/хаалттай бүсэд орох хаалганы дэргэд байнгын ажиллагаатай харуул хамгаалалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулах;
з/хаалттай бүсэд ажиллагчдыг эмнэлгийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулж эмчийн хяналтад байлгах;
и/халдварт өвчний үүсгэгчийн үйлдвэрлэлийн болон туршилтын омгуудыг тусгай томилсон хүнд хариуцуулж, омог хадгалах байрыг мэргэжлийн комиссын онцгой хяналтад байлгах;
к/ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийн болон нянтай ажиллах журмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад арга хэмжээг авах.
6. Хаалттай бүсийн харуул дараахь үүрэг гүйцэтгэнэ:
а/хаалттай бүсэд тусгай үнэмлэх, зөвшөөрөлтэй хүмүүсийг нэвтрүүлэх;
б/автомашин, тээврийн бусад хэрэгслийг хаалттай бүсэд оруулах, гаргахдаа байгууллагын удирдлагаас өгсөн албан ёсны зөвшөөрөл байгаа эсэхийг шалган ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгээр дамжуулах бөгөөд ялангуяа гадагш гарах тээврийн хэрэгсэл, бусад тоног төхөөрөмж, эд зүйлийг заавал ариутгал халдваргүйжүүлэлтэд оруулах;
в/албан үүргээ гүйцэтгэж яваа мал эмнэлгийн улсын байцаагч, хүн эмнэлгийн түргэн тусламж, гал сөнөөгч, цагдаагийн болон иргэний хамгаалалтын байгууллагын ажилтан нарыг унаа, машинтай нь саадгүй оруулах;
г/хаалттай бүсийн хилээр зөвшөөрөгдсөнөөс бусад мал, амьтан нэвтрүүлэхгүй байх асуудлыг бүрэн хариуцаж, хаалттай бүсэд нэвтэрч орж ирсэн мал, амьтныг буцааж гаргахгүйгээр заавал ариутгал халдваргүйжүүлэлтэд оруулах, зохих журмын дагуу нядалж устгуулахад хяналт тавих.
7. Хаалттай бүс бүхий нутаг дэвсгэрт дор дурдсан зүйлийг хориглоно:
а/тусгай үнэмлэх, зөвшөөрөлгүйгээр хүн, машин, техник нэвтрүүлэх;
б/үйлдвэрлэл, туршилтад хэрэглэж байгаагаас бусад мал, амьтан оруулах, дамжин өнгөрүүлэх;
в/мал, амьтны гаралтай түүхий эд бэлтгэх;
г/нийтийн хэрэглээний зориулалтаар хүнс болон бусад төрлийн үйлдвэрлэл, худалдаа зохион байгуулах;
д/үйлдвэрлэл, туршилтын байранд тэнд үүрэг гүйцэтгэхээс бусад хүнийг тусгай хувцас, халдвар хамгааллын хэрэгсэлгүйгээр оруулах, ажиллуулах;
е/үйлдвэрлэл, туршилтад хэрэглэж буй мал, амьтны байр, хашаа, саравч, тоног төхөөрөмжийг өөр зориулалтаар ашиглах;
ж/16-гаас доош насны хүүхдийг хаалттай бүсэд оруулах;
з/нийтийн тээврийн болон бусад үйлдвэрлэл, туршилтын зориулалттай техник хэрэгслийг ариутгаж, халдваргүйжүүлэлгүйгээр гадагш гаргах;
и/хаалттай бүсийн хамгаалалтын хашааг зөвшөөрөлгүйгээр томсгох буюу багасгах, байрлалыг өөрчлөх.
8. Хаалттай бүсэд ажиллагчид дараахь журмыг мөрдөж ажиллана:
а/тусгай үнэмлэхтэй байх бөгөөд хаалттай бүсэд нэвтрэхдээ түүнийгээ харуулын албанд заавал шалгуулж байх;
б/мал, амьтнаас хүнд халдварладаг өвчний үүсгэгч, хор, халдвартай материалтай ажилладаг хүмүүс мэргэжлийн диспансерийн үзлэг, шинжилгээнд жил бүр орж урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн байх;
в/халдвартай материалтай ажиллаж буй үед ажлын байрнаас гарч явах, бусадтай уулзахыг цээрлэх.
9. Хаалттай бүсэд байгаа лабораторид ажиллагчид дараахь журмыг мөрдөж ажиллана:
а/ халдварт өвчний үүсгэгчийн омог, түүний өсгөврийг хадгалах, зөөвөрлөх, бүртгэх, шалгах, тэдгээртэй ажиллахдаа хамгаалах хувцас, хэрэгсэл хэрэглэж лабораторийн ажиллагааны горим болон нянтай ажиллах журмыг чанд биелүүлэх;
б/гоц халдварт өвчний үүсгэгчтэй ажилладаг лаборатори, цех, тасаг бүр осол гарсан үед яаралтай тусламж үзүүлэхэд хэрэглэх иж бүрэн эмийн сантай байх;
в/холбогдох бүртгэл, судалгааг зохих шаардлагын дагуу хөтлөх;
г/осол гарсан тохиолд энэ тухай цех, тасаг лабораторийн эрхлэгч болон байгууллагын захиргаанд мэдэгдэн шуурхай арга хэмжээ авахуулах;
д/мал, амьтныг үйлдвэрлэл, туршилтын зориулалтаар халдварлуулах, халдварлуулсан мал, амьтныг маллах, тэжээх, нядлах, устгах, үхсэн мал, амьтны сэг зэм, тэдгээрт хэрэглэж байсан ус, тэжээлийн үлдэгдлийг хийж зөөвөрлөхөд зориулалт бүхий төмөр хайрцаг, бусад тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис зэргээр хангасан байхын дээр уг ажлыг тусгайлан бэлтгэсэн байр, тасалгаанд зохих хамгаалах хувцас, хэрэгсэл бүхий мэргэжлийн хүмүүсээр гүйцэтгүүлэх;
е/цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохих шаардлагын дагуу хийх.
10. Аж ахуйн нэгж, байгууллага, ажиллагчдын хүлээх үүрэг:
а/хаалттай бүсэд мөрдөх журмыг сахин биелүүлэх;
б/хаалттай бүсэд зөвхөн харуулын байраар дамжиж, зохих зөвшөөрөлтэйгээр нэвтрэх;
в/засаг захиргаа, мал эмнэлэг, хаалттай бүсийн байгууллагын удирдлага, мал эмнэлгийн улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх;
г/хаалттай бүсэд мал, амьтан оруулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх.
11. Хаалттай бүсэд мөрдөх журмын биелэлтэд тухайн шатны Засаг дарга болон хаалттай бүсэд орших байгууллагын удирдлага, мал эмнэлгийн улсын байцаагчид хяналт тавина.
Дөрөв. Хариуцлага
12. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол уг этгээдэд Монгол Улсын малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
------оОо------
Текст томруулах
A
A
A