A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 15 дугаар тогтоолын хавсралт


ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ
 /ЗГ-ын 2016 оны 268-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид "Хороо" гэнэ/ нь өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах үүрэг бүхий байгууллага мөн.
2. Харилцаа холбооны зохицуулах хорооны үндсэн зорилго нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, харилцаа холбооны талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, радио давтамжийн зурвасыг хуваарилах, дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, үйлчлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, үйлчлэгчийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
3. Хороо нь үйл ажиллагаандаа Харилцаа холбооны тухай, Шуудангийн тухай болон Радио долгионы тухай хууль, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
4. Хороо нь зохих журмын дагуу хийгдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
5. Хороо нь нийслэлд байрлах бөгөөд орон нутагт салбар зөвлөлтэй байж болно.
 

Хоёр. Хорооны удирдлага, зохион байгуулалт

6. Хороог Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу байгуулна.
7. Хорооны өдөр тутмын үйл ажиллагааг Хорооны даргаар удирдуулсан Зохицуулалтын; Радио давтамж зохицуулалт, хяналтын; Зах зээл, үнэ тарифын; Эрх зүй, мэдээлэл, захиргааны; Шуудангийн алба гүйцэтгэнэ.
8. Хорооны дарга дараахь бүрэн эрхтэй байна:
1/хорооны үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах, хэрэгжүүлэх;
2/хорооны хуралдааныг товлох, хэлэлцэх асуудлыг тогтоож хуралдааныг даргалах;
3/хороог итгэмжлэлгүйгээр төлөөлөх;
4/ажлын албаны ажилтныг томилох, чөлөөлөх, тэдгээрт хариуцлага хүлээлгэх, цалин хөлсийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоож хөдөлмөрийн гэрээ байгуулах;
5/хорооны дотоод асуудлыг дангаар шийдвэрлэж тушаал гаргах;
6/шаардлагатай бол дүгнэлт гаргах, магадлан шинжилгээ хийлгэх зорилгоор гадаад, дотоодын шинжлэх ухааны байгууллага, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах, тэдгээрт цалин, урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх;
7/хорооны ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлж, давтан сургах, тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах;
8/бүрэн эрхээ хорооны аль нэг гишүүнд шилжүүлэх;
9/тусгай зөвшөөрөлд гарын үсэг зурж баталгаажуулах;
10/батлагдсан төсвийг захиран зарцуулах;
11/хууль тогтоомжоор олгогдсон бусад бүрэн эрх.
 

Гурав. Хорооны хуралдаан

9. Хорооны үйл ажиллагаа явуулах үндсэн хэлбэр нь хорооны хуралдаан байна. Хорооны гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.
10. Хорооны хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
1/харилцаа холбооны талаар боловсруулж байгаа бодлогын асуудалд өгөх санал;
2/харилцаа холбооны талаар баримталж байгаа бодлогын хүрээнд тусгай зөвшөөрөл олгох, түтгэлзүүлэх, хүчингүй болгох, сэргээх асуудал;
3/харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөөнийг дэмжих, дангаар ноёрхолыг хязгаарлахтай холбоотой асуудал;
4/харилцаа холбооны салбарын зохицуулалтын асуудлаар баримтлах хөтөлбөр, холбогдох дүрэм, журмын төсөл;
5/хорооны төсвийн төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайлан;
6/хөрөнгө шилжүүлэх, худалдан авах, данснаас хасах асуудал;
7/ажлын албад болон салбар зөвлөлийн ажиллах журам, албадын даргыг томилох, чөлөөлөх, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх.
11. Хороо нь өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар дүрэм, журам болон хорооны хуралдааны дэгийг баталж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллана.
12. Хуралдааны шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд хуралдааны явцад тэмдэглэл хөтөлнө.
13. Хорооны тогтоолд хорооны дарга, гишүүд, хуралдааны тэмдэглэлд хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
14. Хорооноос гарсан шийдвэрийг холбогдох байгууллага, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
15.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
16. Хороо нь сард нэгээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд хорооны дарга ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.
17. Хорооны дарга, гишүүдийг дараахь тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
1/томилогдсон хугацаа дууссан;
2/өөрөө хүсэлт гаргасан;
3/эрүүл мэндийн хувьд цаашид ажиллах боломжгүй болсон нь эрүүл мэндийн байгууллагаар тогтоогдсон;
4/хорооны тухайн жилийн хуралдааны 50-иас илүү хувийг тасалсан;
5/хууль тогтоомж зөрчсөн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон. 
18. Хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн хорооны дарга, гишүүдийн оронд шинээр гишүүн томилохдоо өмнөх дарга, гишүүний үлдсэн хугацаагаар томилно.
19. Шийдвэр гаргахдаа хорооны дарга, гишүүд аль нэг талын болон хувийн ашиг сонирхолын үүднээс хандахгүй байх зарчмыг баримтална.
20. Хорооны хуралдаанаар асуудал хэлэлцүүлэхэд холбогдох албан тушаалтнаас гадна шаардлагатай бол төрийн бус байгууллагын төлөөлөгч, иргэдийг байлцуулж болно.
 

Дөрөв. Хорооны ажлын алба

21. Хорооны ажлын албадын дарга нь тухайн чиглэлээр мэргэшсэн, харилцаа холбооны салбарт 5-аас доошгүй жил ажилласан байна.
22. Албадын дарга нь хариуцсан ажлаа Хорооны даргад улирал тутам тайлагнана.
23. Зохицуулалтын алба дараахь эрх, үүрэгтэй байна:
1/зах зээлийг либералчлах талаар баримталж байгаа бодлогын хүрээнд үйлчилгээ эрхлэхийг хүссэн үйлчлэгчид тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар санал дүгнэлт гаргах, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлэх гэрээ байгуулах;
2/тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, тэдний үйл ажиллагааны талаархи баримт материалыг хадгалах, баяжуулах;
3/сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, шаардлага, зааглах цэгийг тогтоох, гэрээний дагуу хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавих;
4/харилцаа холбооны салбарт шинээр гарсан олон улсын стандарт, зөвлөмжийг судлан үндэсний стандарт, зөвлөмж боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулан, хэрэгжилтэд хяналт тавих;
5/олон улсын байгууллагын стандарт боловсруулах судалгааны хэсэгт өөрийн мэргэжилтнийг оролцуулах, ажлын болон судалгааны хэсэг ажиллуулах;
6/дэлхийн улс орнуудын болон өөрийн орны дугаарлалтын төлөв байдалд судалгаа хийж үндэсний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;
7/тусгай зөвшөөрөл эзэмшигч үндэсний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг хэрхэн мөрдөж байгааг хянан зохицуулах;
8/харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах;
9/шаардлагатай тохиолдолд харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжид дотоод, гадаадын байгууллагаар баталгаажуулалт хийлгэх.
24. Радио давтамж зохицуулалт, хяналтын алба нь дараахь эрх, үүрэгтэй байна:
1/радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшихэд тавих шаардлагыг тогтоож хэрэгжилтийг хянах;
2/радио төхөөрөмжийн баталгаажуулалтын техникийн нөхцөлийг тогтоох, судалгаа шинжилгээ хийх;
3/радио давтамжийн хуваарилалтын  улсын нэгдсэн бүртгэл хөтлөх; 
4/тусгай хэрэглээний ангилалд ашиглагдах радио давтамжийн зурвасын хэрэгцээ, шаардлагыг холбогдох байгууллагатай хамтран судалж тодорхойлох;
5/радио төхөөрөмж, радио давтамжийн ашиглалтын эрэлт хэрэгцээний судалгаа хийх, радио долгионы тархалт, цахилгаан соронзон зохицолдоо, түүнийг тооцоолох аргачлал, судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулах;
6/радио давтамжийн зурвасыг Үндэсний радио давтамжийн хуваарийн хүснэгтийн дагуу хуваарилах;
7/Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.10-т, Радио долгионы тухай хуулийн 20 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх зорилгоор дор дурдсан хяналт шалгалтыг явуулна:
а/радио хэрэгслийн давтамжийн тархац, цацралт, байршлыг тодорхойлох, шинжилгээ хийх, техникийн болон ашиглалтын стандарт, нормын шаардлагад нийцэж байгааг хянах, тогтоох;
б/олон улсын радио долгионы хяналтад оролцох;
в/радио долгион ашиглагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор хууль бус хэрэглэгчдийг илрүүлэх, үйл ажиллагааг нь зогсоох санал тавих, импортоор оруулж байгаа радио төхөөрөмж олон улсын болон үндэсний стандартад нийцэж байгаа эсэхэд хэмжилт шалгалт хийх;
г/радио долгионы тархалт нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчиж байгааг нотлох зорилгоор радио төхөөрөмжийн эх үүсвэрээс гарч буй чимээ шуугианы бичлэг хийж, судалгаа, шинжилгээ, үнэлэлт, дүгнэлт гаргах;
д/хэрэглэгчийн гомдлын дагуу хэмжилт хийж зохицуулах.
25. Зах зээл, үнэ тарифын алба нь дараахь эрх, үүрэгтэй байна:
1/харилцаа холбооны зах зээл дэх өрсөлдөөний байдал, хандлагад судалгаа шинжилгээ хийх;
2/зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, шинээр гарч байгаа техник, технологийг судалж мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
3/харилцан холболтын хөлс тогтоох аргачлал, орлого хуваарилах журам боловсруулах;
4/харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа компаниудын харилцан холболтын хөлс, орлогын хэмжээнд судалгаа шинжилгээ хийж үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах;
5/тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардлагатай мэдээллийг гаргуулах;
6/харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлал боловсруулж, зах зээлд давамгайлж байгаа үйлчилгээний тарифыг хянаж, зохицуулах санал боловсруулах;
7/харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа үйлчлэгчийн үйлчилгээний үнэ тарифын хэмжээнд судалгаа шинжилгээ хийх;
8/тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олон улсын жишигт нийцсэн аргачлал, журмын дагуу үйл ажиллагааныхаа зардлыг тодорхойлох, бүртгэх шаардлага тавих;
9/бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах.
26. Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба нь дараахь эрх, үүрэгтэй байна:
1/хорооноос гарах шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлж  эрх бүхий байгууллагын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
2/тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлт, техникийн ашиглалт үйлчилгээ, технологийн горимын мөрдөлтөд хяналт тавих;
3/тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргаан болон хэрэглэгчийн эрх ашгийг хөндсөн маргаантай асуудлыг судлан шийдвэрлэх, санал боловсруулж хорооны хуралд оруулах;
4/тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйлчилгээний чанарт шалгалт, хэмжилт хийх, холбогдох арга хэмжээ авах;
5/харилцаа холбооны асуудлаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон төрийн бус бусад байгууллагатай хамтран ажиллах;
6/хорооны шийдвэр, харилцаа холбооны салбарын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, салбарын хөгжлийн талаар тогтмол сурталчлах;
7/тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа, техник, эдийн засгийн талаар дотоод мэдээллийн сан бий болгох, холбогдох байгууллагыг мэдээллээр хангах;
8/хорооны жилийн төсвийн болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах, төсвийг бүрдүүлж хяналт тавих, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг хорооны хуралдаанд оруулах;
9/нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан тэнцэл гарган аудитаар баталгаажуулж нийтлэх;
10/хорооны ажилтнуудыг сургалтад хамруулан мэргэшүүлэх, тэдний нийгмийн асуудлын талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх;
11/олон улсын болон бүс нутгийн цахилгаан холбоо, шуудан холбооны байгууллага, гадаад улсын ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллах санал боловсруулж, тэдгээрийн туршлагыг судлан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;
12/хорооны ажилтнуудыг олон улсын болон бүс нутгийн цахилгаан холбоо, шуудан холбооны байгууллагаас зохион байгуулж байгаа хурал зөвлөлгөөнд оролцуулах ажлыг зохион байгуулах;
13/хорооны хэмжээнд архив, бичиг хэргийг зохих дүрэм, журмын  дагуу хөтлөх.
27. Шуудангийн алба нь дараахь эрх, үүрэгтэй байна:
      1/давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн талаар санал боловсруулж хорооны хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах;
      2/шуудангийн нэгдсэн кодыг боловсруулж хэрэгжилтэд нь хяналт тавих;
      3/тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн гомдол, маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар санал боловсруулж хорооны хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх;
      4/аймаг, нийслэл, хот хооронд шуудангийн илгээмж хүргэх хуваарь, чиглэлийг боловсруулах;
      5/шуудангийн зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх арга хэмжээ авах;
      6/хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
 
----оОо----
 
/Засгийн газрын 2003 оны 259 дүгээр тогтоолоор оруулсан нэмэлт тусгагдсан/