- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ УЛСЫН САНД ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ
Засгийн газрын 1998 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ УЛСЫН САНД ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ УЛСЫН САНД ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ
1.Орчин цагийн дүрслэх урлагийн шилдэг бүтээл (хөшөө дурсгалын цогцолбор, тайз, дэлгэцийн чимэглэх урлагаас бусад) сонгон шалгаруулах, үнэлэх, улсын санд худалдан авах үйл ажиллагааг зохицуулахад энэ журмыг мөрдлөг болгоно.
2.Худалдан авсан дүрслэх урлагийн бүтээлүүдийг Гэгээрлийн яамны харьяа Уран зургийн галерейд хадгална.
Хоёр. Дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг сонгох,үнэлэх, худалдан авах
3.Зураач урчуудын жил бүрийн "Намар", "Хавар" болон бие дааж зохион байгуулсан уран бүтээлийн үзэсгэлэнгээс Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу зохиогчтой нь тохиролцсоны үндсэн дээр улсын санд бүтээл худалдаж авна.
4.Дүрслэх урлагийн бүтээлийг шинжлэн үзэж, зохиогчийн үнэлсэн үнэлгээнд тулгуурлан тохиролцох замаар улсын санд худалдан авах эсэх талаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлийг (цаашид "зөвлөл" гэнэ) Гэгээрлийн сайдын тушаалаар томилон ажиллуулна.
5.Зөвлөл нь 7-гоос цөөнгүй гишүүнтэй байх бөгөөд дүрслэх урлаг, урлагийн өндөр боловсролтой мэргэжлийн зураач, урчуудаас гадна музей, Урчуудын эвлэлийн хороо, Гэгээрлийн яамны төлөөлөгчөөс бүрдсэн байна.
6.Улсын санд худалдан авах бүтээлүүдийн талаар зөвлөл хэлэлцэн тэмдэглэл хөтөлж, санал гаргана. Уг саналд тухайн бүтээлийг худалдан авах тухай тодорхой үндэслэлийг тусгана. Зөвлөлийн саналыг үндэслэн Гэгээрлийн сайд шийдвэр гаргана.
7.Зөвлөл нь 70-аас доошгүй хувийн ирцтэй зөвлөлдөж, тухайн бүтээлийг улсын санд худалдан авах эсэхийг тэр бүтээлийн уран сайхны ололтыг харгалзан ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
8.Зөвлөлийн гишүүн бүтээлээ худалдаж байгаа бол тухайн асуудлыг хэлэлцэхэд санал хураалтад оролцохгүй.
9.Улсын санд худалдаж авах дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улиралд нэг удаа буюу жилд 4 удаа зөвлөлдөн сонгож, худалдан авна.
Гурав.Сонголт хийсэн бүтээлийг санхүүжүүлэх, хөрөнгийг зарцуулах
10.Улсын санд худалдан авах зорилгоор сонгосон бүтээлийг улсын төсвөөс тухайн жилд хуваарилсан хөрөнгөд багтаан санхүүжүүлнэ. Төсвөөс олгосон хөрөнгийн 10 хувийг дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг сурталчлах, зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгоход зарцуулна.
11.Дүрслэх урлагийн шилдэг бүтээл худалдан авсан тухай Гэгээрлийн сайдын тушаал нь хөрөнгийг захиран зарцуулах үндэслэл болно.
12.Энэ журмын биелэлтэд Гэгээрлийн яам, Сангийн яам хяналт тавьж ажиллана.
---оОо---
Текст томруулах
A
A
A