A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨДӨӨГИЙН АЙЛ ӨРХИЙН ЦАХИЛГААНЫ ЭХ ҮҮСВЭР, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ХАНГАЛТЫГ САЙЖРУУЛАХ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979
Засгийн газрын 49 дүгээр тогтоолын хавсралт

ХӨДӨӨГИЙН АЙЛ ӨРХИЙН ЦАХИЛГААНЫ ЭХ ҮҮСВЭР, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ХАНГАЛТЫГ САЙЖРУУЛАХ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР
Нэг.Хөтөлбөрийн зорилго
1.Хөдөөгийн айл өрхийн цахилгааны эх үүсвэр, мэдээллийн хэрэгслийн хангалтыг сайжруулснаар малчдын амьдрал ахуйн нөхцөл, соёлжилтыг дээшлүүлэхийн хамт төр, засгийн  бодлого, зах зээлийн эдийн засгийн тогтолцооны талаар мэдээлэл авах, байгалийн гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлнэ.
2.Манай оронд шинээр эхлэл нь тавигдаж буй сэргээгдэх эрчим хүчний болон мэдээллийн хэрэгслийн үйлдвэрлэлийг өргөтгөн хөгжүүлэх, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршино.
Хоёр.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага
Манай орны эдийн засгийн нэг чухал салбар болох мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхэлдэг хөдөөгийн хөдөлмөрчдийн нийгмийн соёлын түвшинг дээшлүүлэхийн тулд юуны өмнө цахилгааны үүсвэр, мэдээллийн техник төхөөрөмжөөр хангах  шаардлагатай байна.
Судалгаагаар манай оронд мал аж ахуй эрхлэн нүүдэллэн амьдардаг 167,3 гаруй мянган малчин айл өрхөөс 11,4 хувь буюу 19,2 мянга орчим нь цахилгааны ямар нэг эх үүсвэртэй /12 Вт-ын нарны дэнлүү, "Хонда", "Ямаха" зэрэг бензинээр ажилладаг генератор, 50 Вт-ын салхин генератор гэх мэт/, 6 хувь буюу 10 мянга орчим малчин айл өрх телевизийн нэвтрүүлэг үздэг, 68,2 хувь нь буюу 114,1 мянган айл өрх радио хүлээн авагчтай боловч зай тэжээлийн хангамжаас шалтгаалан ихэнх радио өргөн нэвтрүүлэг хүлээн авч сонсож чадахгүй байна.
Хөдөөгийн айл өрхийн гэрэлтүүлэгч, мэдээллийн хэрэгсэл шаардлагатай цахилгааныг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглан хангах боломж байна. Үүний тулд манай улсад нэгэнт бий болсон үйлдвэрлэлийн чадавхийг ашиглах, дотоодын үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжих ажлыг зах зээлийн эдийн засгийн харилцааны зарчимд нийцүүлэн улсын захиалгын үндсэн дээр зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Манай улсад бага чадлын салхин генератор, нарны зайн систем, биохий үйлдвэрлэн ашиглах судалгаа туршилт хийгдэж үйлдвэрлэлийн зохих бааз бий болж эхэлж байна."Монмар"ББХК 50 Вт-аас доошгүй чадалтай салхин генератор угсрах, "АБЭ"ББХК 50 Вт-ын чадалтай нарны зайн систем угсарч үйлдвэрлэх технологи эзэмшжээ.
Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь хөдөөг цахилгаанжуулах, мэдээлэлжүүлэх асуудлыг шийдвэрлэх үндсэн арга мөн бөгөөд энэ асуудалд Засгийн газраас тэргүүлэх ач холбогдол өгч байгаа юм.
Гурав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага
1.Эрчим хүч, геологи, уул уурхайн яам;
2.Хүнс, хөдөө аж ахуйн яам;
3.Дэд бүтцийн хөгжлийн яам;
Дөрөв.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат
Хөтөлбөрийг дараахь үе шаттайгаар дэс дараатай хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шат /1995 он/
Засгийн газрын 1994 оны 210 дугаар тогтоолд тусгагдсан бага чадлын салхины цахилгаан станц, нарны эрчим хүчийг ашиглан хөдөөгийн жижиг хэрэглэгчдийг цахилгааны эх үүсвэрээр хангахаар 50 Вт-ын чадалтай салхин генератор 1000-аас доошгүй ширхэг, нарны зайн систем 500-гаас доошгүйг малчин айл өрхөд зориулж үйлдвэрлэхийн хамт, дөрөв хүртэл сумын төвд зориулсан бага чадлын салхины цахилгаан станц ашиглалтад  оруулна.
Малчин айл өрхөд зориулж радионы хуурай зай 1 сая ширхэг үйлдвэрлэх, радио хүлээн авагч 8000 ширхэг, хар цагаан телевизор 3500 ширхгийг тус тус угсарч үйлдвэрлэх ажлыг зохион байгуулна. Цахилгааны эх үүсвэрт тохирсон мэдээллийн хэрэгслийн иж бүрдлийг бий болгож хөдөөгийн хөдөлмөрчдийг цогцолбороор хангах эхлэл тавина.
Хоёрдугаар үе шат /1996-2000 он/
Салхин генератор, нарны зайн системийг ашиглаж буй малчин айл өрхийн санал хүсэлтийг судлан, тэдгээрийн үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлж эхэлнэ. Салхин генераторын чадлыг 150Вт-д хүргэж, угсралт үйлдвэрлэлийн хэмжээг тогтвортой байлгахын хамт 50 Вт-ын нарны зайн системийн угсралт үйлдвэрлэлийн хэмжээг жилд дунджаар 25000 ширхэгт хүргэнэ. 2000 оны түвшинд малчин айл өрхийн 90 орчим хувийг гэрэлтүүлэгч, мэдээллийн хэрэгслийг ажиллуулах цахилгааны эх үүсвэртэй болгох зорилт тавина.
Цахилгааны эх үүсвэрийн чадалд тохирсон хэрэглээний иж бүрдэн систем бүрдүүлж хэрэгцээг хангахын зэрэгцээ мал аж ахуйн үйлдвэрлэлийг механикжуулах алхам хийнэ.
Радио хүлээн авагчийн хуурай зайны хэрэгцээний 50-иас доошгүй хувийг хангах, радио хүлээн авагчгүй малчин айл өрхийн тоог эрс бууруулахын  зэрэгцээ хөдөөгийн малчин өрхийн 90-ээд хувийг телевизийн нэвтрүүлэг  үзэх боломжоор хангана.
Цахилгааны эх үүсвэр, мэдээллийн хэрэгслийг үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлэх тоо хэмжээ
                                                /мянган ширхгээр/
 
1994 оны эцсийн байдлаар
11995
11996
11997
11998
11999
22000
Бүгд

 
Салхин генератор
3
1
1
1,2
1,2
1,5
1,5
7,4
Нарны зайн систем
-
5
25
25
25
25
25
125,5
Р-20, Р-6 хуурай зай
64,8
1000
1000
1200
1200
1600
1600
7600
Радио хүлээн авагч
114,1
8
8
8
8
8
8
48
Телевизор
10
3,5
7
10
30
40
50
140,5
 
Хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх асуудлаар тодорхой төсөл уралдуулан шалгаруулж Засгийн газрын төсөл болгон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган дэмжлэг үзүүлнэ.
Тав.Санхүүгийн эх үүсвэр
Хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны арга хэмжээнд заасан төслүүдийг төвлөрсөн төсвийн зээлээр санхүүжүүлнэ.
Хоёрдугаар шатны арга хэмжээнд туссан төсөлд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсвийн зээл, тухайн үйлдвэрлэл эрхэлсэн аж ахуйн нэгжүүдийн өөрийн хөрөнгө, банкны болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх бодлого баримтална.
Зургаа.Төслийн гүйцэтгэгч байгууллагын шалгаруулах
Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн төслүүдийг гүйцэтгэгч байгууллагыг Засгийн газрын 1995 оны 38 дугаар тогтоолоор баталсан "төсөл уралдуулан шалгаруулах /тендер зохион байгуулах/ журам"-ын дагуу сонгон шалгаруулна.
 
--------оОо--------