A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛОН ТӨРИЙН ӨМЧ ДАВАМГАЙЛСАН ХУВЬЦААТ КОМПАНИД АЖИЛЛАГЧДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 1995 оны 90 дүгээр тогтоолын хавсралт

УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛОН ТӨРИЙН ӨМЧ ДАВАМГАЙЛСАН ХУВЬЦААТ КОМПАНИД АЖИЛЛАГЧДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Улсын үйлдвэрийн газар болон төрийн өмч давамгайлсан хувьцаат  компани  (цаашид "аж ахуйн нэгж" гэх) ажилтнуудынхаа хөдөлмөрийн хөлсний тогтолцоог бүрдүүлэх, тэдний хөдөлмөрийн хөлсийг  хийсэн  ажлынх нь  үр дүнд тохируулан олгоход энэхүү журмыг баримтална.
Монгол  Улсын Хөдөлмөрийн  хуульд заасан зарчмуудыг үндэс болгон ажилтны хөдөлмөрийн хөлсийг тэдний гүйцэтгэж буй ажлын түвэгшил, онцлог шинж чанар, хариуцлагын түвшин, үр дүн, ажилтны   ажлын  дадлага туршлага, мэдлэг мэргэшлийн өсөлт болон хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлтөөс хамааруулан тогтоож тухайн аж ахуйн нэгжийн санхүү-эдийн засгийн бололцоо, үр ашгийн байдалтай уялдаатайгаар ажилтны хөдөлмөрийг шударгаар үнэлэхүйц хөдөлмөрийн хөлсний тогтолцоог бүрдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.Аж ахуйн нэгж нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан "Мэргэжил, албан тушаалын нэрийн  нэгдсэн жагсаалт"-д нийцүүлэн мэргэжил, албан тушаалын нэрийг шинэчлэн тогтоож, "Тариф мэргэшлийн лавлах зохиох аргачилсан  заавар"-ын  дагуу ажиллагчдын тариф мэргэшлийн лавлах, албан тушаалын заавар гаргаж мөрдөнө.   
Тариф мэргэшлийн  лавлах, албан тушаалын заавар нь ажилтнуудын хөдөлмөрийн хөлсийг албан тушаал, ажлын хариуцлага, түвэгшил,  хөдөлмөрийн нөхцөлөөр ялгавартай  тогтоох  үндэслэл болно.
 2.Аж  ахуйн нэгж нь Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн  дотоод нэгждээ мөрдөх  хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээг хөрөнгийн боломж, үйлдвэрлэлийн  үр ашгийн үзүүлэлтүүдийн түвшинг харгалзан тогтооно.
 З.Аж  ахуйн нэгжид мөрдөхөөр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээ нь тухайн аж ахуйн нэгжийн энгийн хөдөлмөр эрхэлдэг ажилтан (үйлчлэгч болон 1 дүгээр зэргийн ажилчин гэх мэт)-ы хөдөлмөрийн үндсэн хөлсний хэмжээ болно.
 4.Аж  ахуйн  нэгжид мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон Засгийн газраас тогтоосон удирдлагын хөдөлмөрийн хөлсний жишгийг үндэслэн нийт ажилтнуудын хөдөлмөрийн үндсэн хөлсийг тэдний  албан  тушаал, гүйцэтгэх ажлын хариуцлага, түвэгшлээс хамааруулан ялгавартай тогтооно.
 5.Ижил албан тушаалын ажил гүйцэтгэж буй ажилтны хөдөлмөрийн үндсэн хөлс адил байна.Харин тэдний хөдөлмөрийн хөлс нь тухайн ажилтны ажилласан хугацаа, ажлын дадлага туршлага, ажил гүйцэтгэх  чадвар,  ажлын  чанар, үр дүнгээс хамааран ялгаатай байж болно.
 6.Үйлдвэрлэл, үйлчилгээг шууд гардан явуулдаг ажилчдын  хөдөлмөрийн хөлсний сүлжээг тариф мэргэшлийн лавлахын дагуу  боловсруулахдаа үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний технологийн  онцлог шинж чанараас хамааруулан тарифын зэргийн тоог тогтооно.
 7.Тарифын зэрэг нь ажлын түвэгшлийн хэмжээг илэрхийлсэн тарифын коэффициенттой  байна.Тарифын  коэффициент  нь  зэрэг хоорондын хөдөлмөрийн хөлсний ялгааг харуулна.
 8.Тарифын зэрэг, коэффициентыг  үндэслэн ажилчдын нэг цагт гүйцэтгэх хөдөлмөрийн хөлсний хэмжээг илэрхийлсэн хөдөлмөрийн хөлсний сүлжээг боловсруулна.
 9.Ажилчдын тухайн ээлжинд болон ажлын өдөр, цагт гүйцэтгэх ажлын хэмжээ (хөдөлмөрийн норм, норматив)-г тэдний ажиллаж буй суурь машин, техникийн хүчин чадлыг үндэслэн тогтоож болно.
 10.Удирдах болон захиргааны гүйцэтгэх,туслах албан тушаалтан, ажлыг нь  нормчлох  боломжгүй бусад ажилтны хөдөлмөрийн хөлсийг  цагаар тооцож, эл журмын З, 4 дүгээр зүйлд заасны дагуу  тогтооно.
 11.Ажилтнуудад  хөдөлмөрийн үндсэн хөлснөөс гадна Хөдөлмөрийн хуульд заасны дагуу төрөл бүрийн нэмэгдэл хөлсийг хамтын болон  хөдөлмөрийн гэрээнд тусган эдгээр гэрээний хэрэгжилтийн явц, түүний үр дүнг харгалзан олгож байна.
12.Ажилтанд  сард  олгох  нэмэгдэл хөлсний нийт хэмжээ нь хэрэв  хууль  тогтоомжид өөрөөр  заагаагүй бол тухайн ажилтны сарын хөдөлмөрийн хөлсний 40 хувиас илүүгүй байвал зохино.
1З.Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр дүн, хөдөлмөрийн бүтээмжийн дээшлэлтээс хамааруулан ажилтнуудад шагнал урамшил олгоно.
14.Аж ахуйн нэгжийн цэвэр ашгийн болон хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй холбон хөдөлмөрийн хөлсийг нэмж болно.Тэгэхдээ энэхүү өсөлтийн хувь нь цэвэр ашгийн өсөлтийн хувиас түрүүлэхгүй  байна.
15.Аж  ахуйн  нэгжид  мөрдөж  буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон  сүлжээг  Засгийн  газраас  тогтоох  хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээний өөрчлөлттэй уялдуулан шинэчлэн тогтоож болно.
 16.Улсын  үйлдвэрийн  газар  болон төрийн өмч давамгайлсан хувьцаат компани нь энэхүү нийтлэг журмыг үндэслэн хөдөлмөрийн хөлсний талаар журам гаргаж дотооддоо мөрдөнө.
 17.Энэхүү журмыг бусад компани, хоршоо, хувиараа эрхлэх аж ахуй ажилтныхаа хөдөлмөрийн  хөлсний  тогтолцоог бүрдүүлэхэд ашиглаж болно.
 
------оОо------