- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 1997 оны 122 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХӨТӨЛБӨР
ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХӨТӨЛБӨР
Улс орон нийгмийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжиж байгаа шилжилтийн хугацаанд нийгэм, эдийн засгийн янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан гэмт хэргийн шинж чанар өөрчлөгдөж байгаатай холбогдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох явдал чухлаар тавигдаж байна.Манай улсад гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ахиц гаргахын тулд юуны өмнө бүх төрлийн хулгайн хэрэгтэй тэмцэх ажлыг тодорхой чиглэл, зорилготой, тусгай төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулах шаардлага гарч байна.
Нэг. Хөтөлбөрийн үндэслэл
Манай оронд сүүлийн жилүүдэд хулгайн гэмт хэрэг эрс өсч улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдал, иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд бодит бэрхшээл учруулж байна. Тухайлбал, 1990-1996 онд улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 48,4 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж улс, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 22,4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.
1996 онд улсын хэмжээнд 12883 хулгайн гэмт хэрэг гарсныг 1990 онтой харьцуулахад хулгайн гэмт хэрэг 5,5 дахин, учирсан хохирол нь 330,4 дахин өсчээ.
Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар төр, засгаас зохих арга хэмжээ авч байгаа боловч энэ төрлийн гэмт хэргийн тоо улам өсөж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд учруулсан хохирлын хэмжээ нэмэгдэж байгаа нь дараахь бодит шалтгаантай байна. Үүнд:
-хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажил улсын хэмжээний нэгдсэн бодлого, чиглэлгүй явагдаж ирсэн;
-иргэдийн цалгар назгай байдал болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын ажлын зохион байгуулалт сул, харуул манааны сонор сэрэмж хангалтгүй, дэг журамгүй байдал /энэ байдалтай хулгайн гэмт хэргийн 91,7 хувь нь шууд холбоотой байгаа/;
-гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо муу, цагдаагийн байгууллагын холбогдох албад хүн хүч, техник, тээврийн хэрэгслээр хангалтгүй байдал, гарч байгаа хулгайн гэмт хэрэг улам нарийн зохион байгуулалттай болж байгаа байдал;
-хулгайн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь ажилгүйчүүд байгаагийн дээр энэ төрлийн хэрэгт 14-өөс доош насны хүүхдийг шийтгэдэггүй зэрэг байдал /жил тутам дунджаар 400 гаруй насанд хүрээгүй хүн хулгайн хэрэг үйлддэг бөгөөд тэдний 80 орчим хувь нь хулгайг амьжиргааныхаа эх сурвалж болгож байна/;
-хулгайн гэмт хэрэг үйлчдэгчдэд ял оноож, учруулсан хохирлыг арилгах тухай шүүхийн шийдвэр гардаг боловч тэдгээрийн биелэлт шаардлагын хэмжээнд хүрч чадахгүй, учруулсан хохирлоо төлөөгүй, эсхүл төлж дуусаагүй байхад ялтанг суллах буюу ялаас чөлөөлж байгаа нь гэмт хэргийг давтан, удаа дараа үйлдэхэд ихээхэн нөлөөлж байна. Тухайлбал, 1990-1996 онд хулгайн гэмт хэрэг үйлдээд батлан даалтад өгөх хэлбэрээр таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1121 хэрэгтэн, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 849 хүн давтан гэмт хэрэг үйлдсэн байна.
Хоёр. Хөтөлбөрийн дагуу хийх ажлын чиглэл
Энэхүү хөтөлбөрөөр дараахь зорилтыг шийдвэрлэхээр дэвшүүлж байна:
1.Яам, агентлаг, нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд уялдуулан чиглүүлсэн зорилготой, үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
2.Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх хамтын үйл ажиллагааг сайжруулж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого чиглэлтэй ажиллах;
3.Гэмт хэрэг, түүний дотор хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг судлах, түүнтэй тэмцэх бодлого боловсруулах үүрэг бүхий нэгжийг Хууль зүйн сайдын дэргэд байгуулж ажиллуулах;
4.Аж ахуйн нэгж, байгууллагын дотоод дэг журам, сонор сэрэмж, удирдах ажилтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх замаар хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах;
5.Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг бүрэн төлж дууссаны дараа гэм буруутай этгээдийг ялаас чөлөөлөх эрх зүйн үндсийг судлан боловсруулах.
Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах;
6.Насанд хүрээгүй хүүхдийг хулгайн гэмт хэрэгт татагдан орохоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн арга хэмжээг төр, засгийн бодлого болгон хэрэгжүүлэх:
7.Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх арга тактикийг боловсронгуй болгох, гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий цагдаагийн албадын холбоо, мэдээллийн техник, тээврийн хэрэгслийн хангамжийг сайжруулах, шинэчлэх;
8.Цагдаагийн байгууллагын хүч хэрэгслийг хулгайгаас урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд иргэдтэй хамтран ажиллах боломжтойгоор шинэчлэн зохион байгуулах;
9.Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар семинар, онол-практикийн бага хурал, хуулийн байгууллагуудын ажилтны зөвлөлгөөнийг тухай бүр зохион байгуулж, энэ ажилд гарч байгаа хүндрэл, бэрхшээл, сөрөг үр дагавар зэргийг судлан эрх зүйн болон практик ажиллагааны үндэс, аргыг тодорхойлох;
10.Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн биелэлтийг энэхүү хөтөлбөртэй уялдуулах.
Гурав. Хөтөлбөрийн санхүүжилт
1.Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх ажлыг зохион байгуулна.
2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан төсвийн 40-өөс багагүй хувийг хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд зарцуулна.
3.Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий цагдаагийн албыг техник хэрэгсэл, боловсон хүчнээр хангахад зориулсан хөрөнгийн эх үүсвэрийг Цагдаагийн ерөнхий газрын жил бүрийн төсөвт тусгана.
4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламж болон бусад нөөц бололцоог ашиглан хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх санг энэ ажлыг эрхэлсэн бүх шатны зөвлөлийн дэргэд байгуулж,энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулна.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
1.Энэ хөтөлбөрийг 1997-2001 онд хэрэгжүүлнэ.
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх жил бүрийн ажлын төлөв-лөгөөг Засгийн газар батална.
1.Улсын хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх Засгийн газрын дэргэдэх зөвлөл эрхэлнэ.
2.Зөвлөлийн ажиллах журмыг Хууль зүйн сайд батална.
3.Зөвлөл хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын явц, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаархи мэдээ, тайланг улсын хэмжээнд нэгтгэн дүгнэж, Хууль зүйн яам, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хагас жил тутам танилцуулж байна.
4.Аймаг, нийслэл, сум, дүүрэгт Засаг даргаар ахлуулсан Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх салбар зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна.
5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх дэд хөтөлбөрийг боловсруулан тухайн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна.
6.Салбар зөвлөл нь энэхүү хөтөлбөр болон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллана.
7.Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөл нь энэ хөтөлбөр болон дэд хөтөлбөрийнхөө биелэлтийг улирал тутам гаргаж дээд шатны зөвлөлд хүргүүлнэ.
8.Зөвлөл нь энэ хөтөлбөр болон гэмт хэрэгтэй тэмцэх талаар төр, засгаас явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч яам, агентлаг, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж,бусад байгууллагын үйл ажиллагааг уялдуулан хамтарч ажиллана.
9.Яам, агентлагууд нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаархи хууль тогтоомж болон энэхүү хөтөлбөрийн биелэлтийг хангах арга хэмжээ авч, байнгын хяналт тавин ажиллах үүрэгтэй. Үүний дотор:
а/Хууль зүйн яам
-хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, бусад яам, агентлаг, хууль хяналт, нам, төрийн бус, нутгийн захиргаа болон өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, бусад байгууллага, иргэдийг энэ ажилд жигд татан оролцуулах;
-хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, хулгайн гэмт хэргээс нийгэм, иргэд, байгууллагад учирсан хохирол болон гарсан хэргийн хор уршгийн талаар мэдээлэх, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын талаархи гарын авлагаар салбар зөвлөлүүдийг хангах;
-хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх болон бусад байгууллагын ажлыг уялдуулах арга хэмжээ авах.
б/Гэгээрлийн яам
-бусдын эд зүйлийг хулгайлах явдлыг жигшин үзэх хүмүүжил олгох асуудлыг хүүхэд, залуучуудын сэтгэл зүй, насны онцлогтой уялдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын болон тусгай мэргэжлийн коллежийн оюутан, сурагчдад хичээлийн болон хүмүүжлийн ажлын хүрээнд тусгай хөтөлбөрийн дагуу сургалт тогтмол явуулж үр дүнг тооцон дүгнэж, боловсронгуй болгох талаар арга хэмжээ авч байх;
-бүх шатны сургуулийн хичээлийн болон дотуур байранд хулгайн гэмт хэрэггүй орчин бүрдүүлэх;
-ерөнхий боловсролын сургууль, тусгай мэргэжлийн коллеж, их, дээд сургуулиудын оюутан, сурагчдын дундаас хулгайн гэмт хэрэгт холбогдсон байдалд судалгаа хийж ярилцлага зохиох, дүгнэлт хийх үндсэн дээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулах;
-хулгайн хор уршгийг харуулсан урлагийн бүтээл, нийтлэл, нэвтрүүлгийг олшруулах.
в/аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар
-хулгайтай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, тухайн нутаг дэвсгэрийнхээ онцлогт тохирсон дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
-хариуцсан нутаг дэвсгэртээ хулгайн гэмт хэргийн түвшинд судалгаа хийж, түүний шалтгаан нөлөөллийг илрүүлж, арилгах иж бүрэн арга хэмжээг төлөвлөн,түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж биелэлтэд хяналт тавих;
-гудамж, хэсэг, байр, орцны эргүүл, жижүүрийг оршин суугчид, иргэдийн хүчинд тулгуурлан хулгайтай тэмцэх, аюулгүй орчин бий болгох, нийтийн эд аж ахуйг хамгаалах чиглэлээр зохион байгуулж, тэдгээрийг дохио, холбооны хэрэгслээр хангах, урамшуулах эх үүсвэрийг оршин суугчдаас гаргуулах арга хэмжээ авах;
-хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх,түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг хил залгаа аймаг, сум, дүүрэгтэй хамтран явуулах, энэ ажилд иргэд, олон нийтийн оролцоог өргөтгөхөд байнга анхаарах;
-байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өгсөн хандив, тусламж болон бусад нөөц бололцоог ашиглан хулгайтай тэмцэх санг салбар зөвлөлийн дэргэд байгуулан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд ашиглах;
-нутаг дэвсгэртээ байгаа аж ахуйн нэгж, байгууллагад үзлэг шалгалт хийж хулгай гарах бүх нөхцөл шалтгааныг илрүүлэн арилгуулах арга хэмжээ авах;
-хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй ажил зохиож байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг урамшуулах, арга туршлагыг нь дэлгэрүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах.
г/хэвлэл, мэдээллийн байгууллага
-хүн ам, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд нийгмийн сөрөг үзэгдэл болсон хулгайн гэмт хэргийг жигших үзэлтэй болгох, түүнээс урьдчилан сэргийлэхэд нийтлэл, нэвтрүүлгийн бодлогыг чиглүүлж, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг тодорхой хөтөлбөрөөр тогтмол явуулж байх;
-хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр болон орон нутгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиож буй ажлын ололт, дутагдлыг тухай бүр нийтэд сурталчилж байх;
-ард иргэдийг хулгайн гэмт хэргээс сэрэмжлүүлэх зорилгоор цуврал сурталчилгааг тогтмол хийж байх.
д/иргэд, олон нийтийн оролцоо
-иргэн бүр хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эд хөрөнгийнхөө хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр зохих мэдлэгтэй болох;
-иргэн бүр сонор сэрэмжтэй байж өөрийн хариуцсан болон хувийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, хулгайн хэрэг үйлдэгдэх нөхцөл, бололцоог гаргахгүй байх;
-хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар явуулж байгаа арга хэмжээнд иргэн бүр биечлэн идэвхтэй оролцох;
-үр хүүхдийнхээ хүмүүжилд онцгой анхаарч тэднийг хараа хяналттай байлгах, үнэнч шударга иргэн болгон хүмүүжүүлэх үүргээ үлгэр жишээч биелүүлэх;
-төрийн бус байгууллага, нам, холбоо бүр өөрийн гишүүдийн дунд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тодорхой ажил төлөвлөн хэрэгжүүлэх;
-буяны байгууллагыг бий болгож, гэр оронгүй буюу тэнэмэл хүмүүсийг хооллох, хоноглох байртай болгох ажлыг зохион байгуулах.
е/цагдаагийн байгууллага
-хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын явцын тухай мэдээ, тайланг улсын хэмжээнд улирал тутам нэгтгэн дүгнэж Хууль зүйн сайдад танилцуулж байх;
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шатны ажлын төлөвлөгөөний төслийг хийж жил бүрийн эхэнд Засгийн газарт оруулж батлуулан мөрдөх;
-цагдаагийн байгууллагын хулгайтай тэмцэх үүрэг бүхий нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож тэдний мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролын түвшинг дээшлүүлэх, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг хангах;
-хуулийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөнд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд гарч байгаа бэрхшээл, эерэг болон сөрөг үр дагаврын талаар мэдээлж, энэ ажлын ололт, туршлагыг дэлгэрүүлэх, дутагдлыг арилгах чиглэл баримтлан ажиллах;
-хуульч, эдийн засагч, нийгэм судлаач, сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч нарыг хамруулан "Хулгайн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, түүнтэй тэмцэх арга зам" сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал, ярилцлагыг тухай бүр зохион байгуулж, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн онолын болон практик ажиллагааны үндэслэлийг боловсруулах;
-гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан, нөхцөл болон тэмцлийн арга зүйг судалдаг тусгай нэгжийг бий болгож ажиллуулах.
Зургаа. Хөтөлбөрийн үр дүн
1.Энэ хөтөлбөрийг 1997-1998, 1999-2001 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Нэгдүгээр үе шат: 1997 онд Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрийг төв, орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, бүх шатанд энэ ажлыг жигд эхлүүлэх, хулгайн гэмт хэрэг их гардаг аймаг,сум,дүүрэгт урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээ авна.
1998 онд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, тэмцлийн аргыг шинэчлэн тодорхойлж, боловсронгуй болгох, энэ талаар зохиох ажлыг тогт-молжуулна.Цагдаагийн албаны зохион байгуулалтыг боловсронгуй болгон, холбоо техникжилт, тээврийн хэрэгслээр хангаж, ажилтныг сургаж мэргэшүүлэх талаар тодорхой арга хэмжээ авна.
Хоёрдугаар үе шат: 1999-2001 онд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хулгайн гэмт хэргийн өсөлтийн хурдцыг сааруулах арга хэмжээ авна.
Хулгайн гэмт хэрэгтэй цаашид тэмцэх нөхцөл болон холбоо, техник хэрэгсэл, мэдээллийн бааз суурийг иж бүрэн бүрдүүлнэ.
2.Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх энэхүү хөтөлбөр нь ард иргэдийн өмч хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах, тэдний амгалан тайван аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, улсын хэмжээнд хулгайн гэмт хэргийн өсөлтийг сааруулж, улмаар бууруулах, хулгайн гэмт хэрэгтэй цаашид тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх бүх талын нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A