- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАЙГАЛИЙН ГАМШГИЙН АЮУЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 1999 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
БАЙГАЛИЙН ГАМШГИЙН АЮУЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
БАЙГАЛИЙН ГАМШГИЙН АЮУЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
1.Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд манай гаригийн ихэнхи бүс нутаг, ялангуяа Ази тивд байгалийн гамшгийн давтагдал ихэсч, учруулж байгаа хор хөнөөл нь жилээс жилд нэмэгдсээр байна.
"Байгалийн гамшиг" гэдэг нь харьцангуй томоохон нутаг дэвсгэрийг хамарсан байгаль, цаг уурын аюулт үзэгдэл тохиолдсоны улмаас хүний амь нас осолдох болон материаллаг баялгийн ихээхэн хохирол учирч нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд ноцтой бэрхшээл учрахыг хэлнэ.
2.Бэлчээрийн мал аж ахуй бөгөөд усалгаагүй газар тариалан эрхэлдэг, дэд бүтэц сул хөгжсөн, далайд гарцгүй, өргөн уудам газар нутагтай монгол орны хувьд байгалийн гамшгийн болзошгүй аюулаас сэргийлэх, улмаар гамшигт үзэгдэл тохиолдох үед учирч болох хор хохирлыг багасгах талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тогтоох нь нэн чухал болж байна.
3.Байгаль-цаг уурын онцлогоос шалтгаалан монгол оронд ган, зуд, бороо, усны хийгээд уруйн үер, цасан шуурга, мөндөр, ой, хээрийн түймэр, хүн, малын гоц халдварт болон ургамлын өвчин, хөдөө аж ахуйн хөнөөлт хортон шавьж, мэрэгчдийн тархалт, газар хөдлөл зэрэг байгалийн гамшиг жилийн аль ч улиралд тодорхой давтамжтайгаар олонтаа тохиолддогоос гадна үйлдвэрийн болон зам тээврийн осол, химийн хорт бодис, цацраг идэвхжилийн аюул гэх мэтийн бага газар нутгийг хамардаг боловч хоромхон зуурын хугацаанд нитйгэмд ихээхэн сөрөг үр дагавартай аюул, гамшиг цөөнгүй бий. Байгалийн гамшгийн улмаас улс орны нийгэм, эдийн засагт жил тутам ойролцоогоор 5-7 тэрбум төгрөгийн хохирол учирч байна.Ган, зудын аюулын улмаас жилд дунджаар 200 гаруй мянган толгой мал хорогдож, усны үер, цасан шуурга, аянга цахилгаан, ой, хээрийн түймрийн улмаас жил бүр 25-40 хүн амь насаа алдаж байна.
4.Бэлчээрийн даац муудсан, хотжих явц идэвхжсэн, гол мөрний эх авсан болон гольдролын дагуухи ой модыг ихээр огтолж үерийн аюулыг ихэсгэх болсон зэргээс хүрээлэн буй орчин доройтож, уур амьсгалын өөрчлөлт болж байгаатай уялдан байгалийн гамшгийн давтагдал ойртох, эрчимжих хандлагатай боллоо. ХХi зуунд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор байгаль-цаг уурын аюултай болон гамшигт үзэгдлийн давтагдал улам ихсэх төлөвтэй байна.Нөгөө талаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжих явцад байгалийн гамшигтай тэмцэх эдийн засгийн бааз суларч, удирдлага, зохион байгуулалтын бүтэц задарч, шинэ бүтэц хараахан бүрэн гүйцэд төлөвшиж чадаагүй байна.Энэ нь байгалийн гамшгийн эрсдэлийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх бас нэг нөхцөл болж байна.
5.Дэлхий дахины хэмжээгээр байгалийн гамшгийн хөнөөл нэмэгдэж, түүний дотор хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнууд ихээхэн нэрвэгдэж байна.НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 42 дугаар чуулганаас ерээд оныг "Байгалийн гамшгийн аюулыг бууруулах олон улсын арван жил" болгон зарлаж, 1993 онд Иокохамийн, 1996 онд Кобегийн тунхаглал гарсан нь Монгол улсад "Байгалийн гамшгийн аюулыг бууруулах үндэсний хөтөлбөр" /цаашид "хөтөлбөр" гэнэ/ боловсруулахад түлхэц болж байна.
6.Энэхүү хөтөлбөрийг олон улсын байгууллагаас боловсруулан гаргасан удирдамжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрүүд, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс экологийн талаар баримтлах бодлого, бусад хууль тогтоомжуудад нийцүүлэн боловсруулав.
7.Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газраас байгалийн гамшгийн аюулыг бууруулах талаар ойрын 15 жилийн хугацаанд баримтлах бодлогын үндсэн чиглэл, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон баримт бичиг мөн.
8.Хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуульд" … хүн ард нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй…" гэж заасныг хэрэгжүүлэх үндсэн дээр байгалийн гамшгаас сэргийлэн хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн нийгэм, эдийн засаг, экологид учрах хохирлыг багасгах, гамшигт өртөх эмзэг байдлыг бууруулах, гамшгаас хүний амь нас, үндэсний материаллаг баялгийг хамгаалахад чиглэсэн төр засгийн бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний үндэслэл боловсруулах, улмаар улс орны тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
9.Хөтөлбөрийг дараахь хугацаанд хэрэгжүүлнэ:
-нэг дэх үеийг 1999-2000 онд;
-хоёр дахь үеийг - 2001-2005 онд;
-гурав дахь үеийг –2006-2015 онд.
10.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчим баримтална:
1/Монгол Улсын ХХI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, нийгэм, эдийн засгийг болон бүс нутгийг хөгжүүлэх бодлого, үндсэн чиглэл, үйл ажиллагаатай нягт уялдсан байх;
2/төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэдийг байгалийн гамшгаас сэргийлэх, түүний аюулыг бууруулах үйл ажиллагаанд өргөнөөр татан оролцуулах, иргэдийг өөрийгөө болон бусдыг, түүнчлэн эд хөрөнгөө хамгаалах дадлагатай, байгууллага, аж ахуйн нэгж бүрийг гамшгийн үед ажиллахад баримтлах чиглэлтэй болгож, нутгийн захиргааны байгууллагыг байгалийн гамшгаас сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах бүхий л үйл ажиллагаанд бие даан ажиллах чадавхитай болгох;
3/байгалийн гамшгийн аюулыг бууруулах эрх зүйн үндэс, эдийн засгийн механизмыг бүрдүүлж, гамшгийн аюулыг бууруулахад шаардагдах зардлын эх үүсвэрийг олж ашиглах;
4/байгалийн гамшгийн аюулыг бууруулахдаа гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулах;
5/байгалийн гамшгийн аюулыг бууруулах арга хэмжээ нь өөр хоорондоо нягт уялдаатай, иж бүрэн, хэтийн чиг зорилготой байх.
11.байгалийн гамшгийн аюулыг бууруулах бодлогыг дараахь хүрээнд хэрэгжүүлнэ:
1/ байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх;
2/байгалийн гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангах;
3/ байгалийн гамшигтай тэмцэх;
4/ байгалийн гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох.
12.Нийгэм, эдийн засгийн урт, дунд, богино хугацааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгах замаар Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг болоход чиглэсэн дараахь бодлогыг байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлын хүрээнд дэс дараатайгаар хэрэгжүүлнэ:
1/гамшгийн аюулыг бууруулах эрх зүйн орчин бүрдүүлэх;
2/гамшгийн аюулыг бууруулах эдийн засгийн механизмыг бүрдүүлэх;
3/гамшгийн өмнө болон гамшиг тохиолдох үед ажиллах иргэний хамгаалалтын мэргэжлийн ангиудын бэлэн байдлыг хангах, төр, эдийн засгийн төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн гамшгийн үед ажиллах бэлтгэлийг хангах, дадлага олгох сургалт зохион байгуулах;
4/инженерийн болон хамгаалалтын барилга байгууламж, хот төлөвлөлтийг гамшгийн эрсдэлийн үнэлгээнд хамруулах, норм, нормативийг шинэчлэн сайжруулах, тэдгээрт хяналт тавих тогтолцоог төгөлдөржүүлэх;
5/байгалийн гамшгийн болон эдийн засаг, нийгмийн эрсдэлийн үнэлгээ хийх;
6/болзошгүй байгалийн гамшгийн талаар урьдчилан мэдээлэх арга, технологи боловсруулах.
13.Байгалийн гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангах асуудлын хүрээнд дараахь бодлогыг хэрэгжүүлнэ:
1/байгалийн гамшиг үүсэж болзошгүй нөхцөл бүрдэх, гамшиг тохиолдох үеийн холбоо, зарлан мэдээллийн улсын хэмжээний тогтолцоог төгөлдөржүүлэх;
2/эрчимшил, хамрах хүрээгээрээ орон нутгийн мэргэжлийн албад, иргэдийн хүч боломжоос давсан байгалийн гамшгийн аюултай тэмцэх ажилд мэргэжлийн болон цэргийн ангиудын сургалт, бэлэн байдлыг хангуулах үндсэн дээр тэдгээрийг өргөнөөр оролцуулах арга хэмжээ авах.
14.Байгалийн гамшигтай тэмцэх хүрээнд дор дурдсан бодлогыг хэрэгжүүлнэ:
1/аж ахуйн нэгж, байгууллага, ялангуяа гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд шууд оролцон ажиллах мэргэжлийн болон төрийн захиргааны байгууллагуудын гамшгийн үед тогтвортой ажиллах нөхцөлийг үе шаттайгаар бүрдүүлэх;
2/байгалийн гамшгийн үеийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох;
3/байгалийн гамшгийн үүсэл, өрнөл, явцад хяналт-шинжилгээ хийх тогтолцоог боловсронгуй болгох;
4/байгалийн гамшиг, ослын үед үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах талаар бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
5/байгалийн гамшгийн аюулын эдийн засаг, экологийн үнэлгээ хийх.
15.Байгалийн гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох хүрээнд дараахь бодлогыг хэрэгжүүлнэ:
1/гамшигт нэрвэгдэгсэд, хүн, мал, эд хөрөнгийг аюулын бүсээс гаргах, аврах, хамгаалах арга хэмжээ авах;
2/гамшигт нэрвэгдэгсдэд эмнэлгийн болон бусад яаралтай тусламж үзүүлэх;
3/ гамшгийн бүсэд орсон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг сэргээх, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах арга хэмжээ авах.
16.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, мэргэжлийн байгууллагын хүч оролцоотойгоор төр, засгийн байгууллага дор дурдсанаар удирдан зохион байгуулна:
1/ байгалийн гамшгийн аюулыг бууруулах бодлого, чиглэлийг боловсруулж, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргийг иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэх бөгөөд Улсын байнгын онцгой комисс үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулна;
2/ байгалийн гамшгийн эрсдэлийн болон нийгэм эдийн засгийн үнэлгээ хийх, байгалийн гамшигт үзэгдлийн явцад хяналт-шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх мэдээлэл боловсруулж, дамжуулах үндэсний чадавхи бий болгох үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага өөрийн харьяа мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан гүйцэтгүүлнэ;
3/үйлдвэрийн томоохон осол, хүн малын гоц халдварт өвчин, цацраг-химийн хордолт зэрэг гамшгийн үед хяналт-шинжилгээ хийх үүргийг мэргэжлийн зохих албад гүйцэтгэнэ;
4/хөдөө аж ахуй, үйлдвэр, санхүү, эдийн засаг, хууль зүй, эрүүлийг хамгаалах, дэд бүтцийн болон бусад асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд тус тусын эрхэлсэн ажлын чиглэлээр байгалийн гамшгийн аюулыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж Улсын байнгын онцгой комисс уялдуулан зохицуулна;
5/нутгийн захиргааны байгууллагууд тус тусын байнгын онцгой комиссын хүрээнд байгалийн гамшгаас сэргийлэх, түүний аюулыг бууруулах урт, дунд, богино хугацааны хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулна;
6/Улсын байнгын онцгой комисс, төрийн захиргааны болон төрийн бус бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж бүр байгалийн гамшгийн аюулыг бууруулах үйл ажиллагааны шуурхай төлөвлөгөөтэй ажиллана;
7/байгууллага, аж ахуйн нэгж бүр байгалийн гамшгийн аюулыг бууруулах, хохирлыг арилгах хөрөнгө зардлыг жил бүрийн төсөвтөө тусгаж байна;
8/ байгалийн гамшгийн хяналт-шинжилгээ хийх, гамшиг ослын тухай зарлан мэдээлэх, хөнөөлийн голомтод аврах, сэргээн босгох үйл ажиллагааг мэргэжлийн холбогдох албад гүйцэтгэнэ;
9/ байгалийн гамшгийн аюулыг бууруулах, ялангуяа байгалийн гамшгаас сэргийлэх, байгалийн гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх, гамшгийн дараахь сэргээн босголт хийх, дээрх чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, чадавхи бүрдүүлэх үйл хэрэгт төрийн бус байгууллага, иргэд санаачлагатай оролцоно.
10.иргэд харьяалах төрийн захиргааны байгууллагын удирдлагын дор иргэний хамгаалалтын төлөвлөгөөний дагуу байгалийн гамшигтай тэмцэх ажилд оролцоно.
17.Байгалийн гамшигтай тэмцэх эрх зүйн болон бүтцийн өөрчлөлтийн хүрээнд дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ:
1/мал, тариалангийн гамшгийн даатгалын хууль, цахилгаан дамжуулах шугамын даатгалын хууль зэрэг байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх багц хууль боловсруулах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах;
2/байгалийн гамшигтай тэмцэх бүсийн төвүүдийг Ховд, Өвөрхангай, Орхон, Хөвсгөл, Дорнод аймаг, нийслэл хот дахь цэргийн мэргэжлийн ангиудын материаллаг бааз дээр тулгуурлан байгуулж, хүн хүч, техник хэрэгслээр ханган бэхжүүлэх.
18.Байгалийн гамшгаас сэргийлэх эдийн засгийн механизмыг боловсронгуй болгох хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
1/байгалийн гамшгаас хүн, мал, өмч хөрөнгийг хамгаалах ажилд амжилт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах тогтолцоо бүрдүүлэх;
2/хот суурин газарт үер үүсэхэд нөлөөлж болох газар, уулын эмзэг экосистемтэй нутагт газар, ой ашиглалтыг хязгаарлах, төлбөрийг ялгавартай тогтоох, түүнчлэн голын эхний ойг сэргээх, нөхөн сэргээлт хийсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах, нөөцийн төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх арга хэмжээ авах;
3/бэлчээрийг сэлгээтэй ашиглах, усжуулах зэргээр сэргээн сайжруулсан тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг боловсруулах, говийн бүсийн заган ойн ашиглалтыг хязгаарлах зэргээр цөлжилтийн аюулыг бууруулахад дэмжлэг үзүүлэх;
4/байгалийн гамшгийн аюулыг бууруулах ажлыг сайн зохион байгуулсан төр захиргааны байгууллагын албан тушаалтан, албан хаагч, аж ахуйн нэгжийг урамшуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
19.Ой, хээрийн түймрээс сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор дараахь арга хэмжээ авна:
1/ой, хээрийн түймэр гарах нөхцөлийн үнэлгээ хийх, энэ зорилгоор шаардлагатай газар нутгуудад ойн түймрийн судалгаа, хяналтын цэг нэмж байгуулах;
2/ой, хээрийн түймрийн хяналт-шинжилгээний газар-агаар-сансрын түвшний хяналтын систем тогтоох;
3/ойн түймэрээс эсэргүүцэх отрядуудыг Хэнтий,Хангай, Хөвсгөлийн районд байгуулан тоноглох;
4/үүлэнд зориудын аргаар үйлчлэх, үүлний микрофизикийн судалгааны ажилд зориулсан онгоц-лаборатори буй болгон тоноглох;
5/хээрийн бүсэд түймрээс хамгаалах зурвас татах;
6/ой, хээрийн түймрээс сэргийлэх, түймэртэй тэмцэх зорилгоор сум, багуудад морин эргүүл зохион байгуулж, тэдгээрийг гал унтраах, бие хамгаалах болон холбооны хэрэгслээр хангах;
7/ойн түймрээс сэргийлэх халз зурвас байгуулах, ойн арчилгаа цэвэрлэгээний огтлолт хийх.
20.Байгалийн гамшгийн талаар мэдээлэл дамжуулах холбоо, дохиоллын сүлжээ байгуулах хүрээнд дараахь арга хэмжээ авна:
1/томоохон хот суурин газар, сургууль, эмнэлэг, аж ахуйн нэгж, орон сууцны хороололд байгалийн гамшгийн тухай нийтэд мэдээлэх гэрлэн болон дуут дохиоллын систем тавих;
2/радио өргөн нэвтрүүлгийн сувгийг цаг агаарын аюултай үзэгдэл, байгалийн гамшгийн тухай мэдээлэл дамжуулахад ашиглах, алслагдсан нутгийн хүмүүст зориулан бага оврын хүлээн авагч үйлдвэрлэн тэжээлээр хангах арга хэмжээ авах;
3/малчид, хөдөөгийн хөдөлмөрчдөд байгалийн гамшгийн мэдээлэл, гамшигтай холбогдсон асуудлаар удирдлагаас гаргасан шийдвэрийг шуурхай дамжуулах ажлыг орон нутагт зохион байгуулах, улмаар улсын нэгдсэн сүлжээнд холбох асуудлыг судлан шийдвэрлэх;
4/байгалийн аюул гамшиг үүсэх нөхцөл бүрдсэн болон цагийн байдал хүндэрсэн тухай "аюул", "гамшиг" мэдээг холбооны болон мэдээллийн бүх төрлийн хэрэгслээр эхний ээлжинд үнэ төлбөргүй дамжуулах журамд шилжих.
21. Байгалийн гамшгийн эрсдэлийн болон түүний улмаас эдийн засаг, нийгэмд учрах хохирлын үнэлгээг дор дурдсан хэлбэрээр хийнэ:
1/агаар мандлын гаралтай байгалийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ;
2/газар хөдлөл, ой, хээрийн түймэр, биологийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ;
3/ган, цөлжилтийн эрсдэлийн үнэлгээ;
4/байгалийн гамшгийн эрсдэлийн иж бүрэн үнэлгээ;
5/хөдөө аж ахуйд учрах эрсдэлийн үнэлгээ;
6/дэд бүтцэд учрах эрсдэлийн үнэлгээ;
7/нийгэмд учрах эрсдэлийн үнэлгээ;
8/байгалийн гамшгийн мэдээллийн сан байгуулах
22.Байгалийн гамшгийн хяналт-шинжилгээний сүлжээг өргөжүүлэн хөтөлбөрийн хугацаанд дэс дараатай хэрэгжүүлж хяналтын тогтолцоог шинээр бүрдүүлэх арга хэмжээ авна:
1/агаар мандлын гаралтай байгалийн гамшгийн хяналт-шинжилгээний сүлжээг дараахь байдлаар өргөтгөнө:
-цаг уурын өртөөний тоог нэмэгдүүлж, цаг уурын харуулын тоог цөөрүүлэх;
-цаг уурын өртөөний тоог 2004 онд 300 хүртэл, 2015 онд 400 хүртэл нэмэгдүүлэх;
-аэрологийн өртөөг бүрэн шинэчлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж, 2015 он гэхэд 3-5 өртөөг шинээр байгуулах;
-цаг уурын радарын өртөөний тоог 1999 онд 1-ээр, 2004 он хүртэл 1-ээр, 2015 он хүртэл 2-3-аар нэмэгдүүлж, улмаар монгол орны нутаг дэвсгэрийг радарын хяналтын сүлжээнд бүрэн хамруулах;
-усны харуулын тоог 2004 онд 150, 2010 онд 200 болгон өргөтгөх;
-ой, хээрийн түймэр, таримал болон бэлчээрийн хөнөөлт шавьж, мэрэгчид, ургамлын өвчин судлал, цөлжилт, гидробиологи, орчны ажиглалт судалгааг цаг уурын өртөөнүүд дээр хийх;
-нарны хэт ягаан туяа, агаар мандлын нийлбэр озон, газар орчмын озон, хүлэмжийн хийн хяналт-шинжилгээний сүлжээг шинээр байгуулах;
-газар хөдлөл, соронзон судлал, орчны цацраг идэвхжил, хил дамжсан агаарын бохирдол, хүчиллэг тунадас, агаарын булингаршлын ажиглалтыг ус цаг уур, орчны хяналт-шинжилгээний сүлжээний хүрээнд хийх;
2/хүрээлэн буй орчны биологийн хяналт-шинжилгээний тогтолцоог 2010 он гэхэд бүрдүүлнэ.Энэ зорилгоор дархан болон тусгай хамгаалалттай газар нутгуудад биогеоценозын 10 орчим өртөө байгуулах ба хүнс тэжээл, хүний бие дэх хүнд металл, химийн хорт бодисын байнгын хяналт-шинжилгээ хийнэ.
23.Байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх арга зүй, технологийг дор дурдсанаар боловсронгуй болгоно:
1/өөрийн орны нөхцөлд тохирсон цаг агаарын тоон анализ, тоон прогнозын загвар боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
2/28 м/с-ээс дээш хурдтай салхи, 30 мм-ээс их бороо, 10 мм-ээс их цас, 2 хэмээс илүү эрчтэй цочир хүйтрэл, 1 см-ээс их голчтой мөндөр, 6 цагаас удаан үргэлжлэх цасан шуурга зэрэг цаг агаарын үзэгдлийг 72 цаг хүртэл хугацааны өмнөөс урьдчилан мэдээлэх шинэ арга технологи боловсруулах;
3/ган, зудыг 2 сараас 1 жил хүртэлх хугацааны өмнөөс урьдчилан мэдээлэх шинэ арга нэвтрүүлэх;
4/уруйн үерийг урьдчилан мэдээлэх шинэ арга нэвтгүүлэх;
5/ой, хээрийн түймэр гарах цаг агаарын нөхцөлийг тодорхойлох шинэ арга боловсруулах;
6/ой, бэлчээр, таримлын хөнөөлт шавьж огцом олшрох явцыг тодорхойлох арга, технологи боовсруулах;
7/ургамлын гол гол өвчний гаралтыг урьдчилан таамаглах арга боловсруулах;
8/ус, цаг уурын мэдээлэл боловсруулах техник хангамжийг сайжруулж, орон нутагтай харилцах холбооны хиймэл дагуулын сүлжээнд шилжих, зайнаас тандан судлах аргыг нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх;
9/ХХI зууны уур амьсгалын өөрчлөлтийн прогнозын хувилбар боловсруулж, улс орны нийгэм, эдийн засгийг уур амьсгалын өөрчлөлтөд зохицуулан хөгжүүлэх, эрсдэлээс хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлттэй уялдан экосистемд гарах өөрчлөлтийг үнэлэх, дасан зохицох хувилбар боловсруулах;
10/үүлний бичил физикийн судалгаа хийж, мөндөр сарниулах, хур тунадас нэмэгдүүлэх үндэсний технологи боловсруулах.
24.Байгалийн гамшигтай тэмцэх бүх нийтийн сургалтыг дор дурдсан хэлбэрээр явуулна:
1/бүх шатны сургуулийн сургалтын хөтөлбөрт байгалийн гамшгийн дохио, зарлан мэдээллийн дагуу ажиллах, өөрийгөө болон бусдыг хамгаалах анхны тусламж үзүүлэх, байгалийн гамшгаас сэргийлэх үйл ажиллагааны талаар жилд 20-50 цагийн хичээл оруулдаг болгох;
2/эмнэлгийн мэргэжил эзэмшүүлэх сургуулиудын сургалтын хөтөлбөрт гамшигт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх дадлага олгох;
3/цэргийн албан хаагчид, үүний дотор цэргийн дүйцүүлэх алба хаагчдад байгалийн гамшиг, ослын үед ажиллах дадлага олгох, техник хэрэгсэлтэй ажиллах талаар сургалт зохион байгуулж дадлагажуулах;
4/байгалийн гамшгийн зарлан мэдээлэл, дохиогоор ажиллах дэг журмын талаар видео кино, зурагт хуудас,теле нэвтрүүлэг бэлтгэхээс гадна байгалийн гамшгаас мал сүрэг, амь насаа хамгаалах ардын уламжлалт аргыг судлан сурталчлах, сургалт семинар зохион байгуулах;
5/байгалийн гамшигтай тэмцэх мэргэжлийн багуудыг аж ахуйн нэгж, байгууллага, сум, дүүрэг, баг, хороогоор зохион байгуулан, жилд 1-ээс доошгүй удаа иргэний хамгаалалтын шугамаар сургууль, дадлага хийлгэж байх;
6/аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллага бүрээр шуурхай ажиллагааны төлөвлөгөө боловсруулуулан хэрэгжүүлж, гамшиг, осол тохиолдсоны дараа байнга шинэчлэн тодотгож байх.
25.Норм, нормативыг боловсронгуй болгох зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүнэ:
1/барилгын зураг төсөл зохиох норм, нормативуудыг 2004 оноос өмнө хянан үзэж шаардлага хангахгүйг нь шинэчлэх арга хэмжээ авах;
2/хамгаалалтын барилга байгууламжийн зураг төслийн норм, нормативуудыг шинэчлэн мөрдүүлэх;
3/ой, хээрийн түймрээс хамгаалах зурвас гаргах, ойд арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийх зэрэг түймрээс сэргийлэх ажиллагаа явуулах нормативуудыг батлан гаргаж мөрдүүлэх;
4/орон нутгийн байгаль цаг уурын онцлогтой уялдсан малын хашаа, саравчны зураг төслийн норм, нормативийг батлан гаргаж мөрдүүлэх;
5/услалтын барилга, байгууламжийн зураг төслийн норм, нормативийг шинэчлэх;
6/Барилга техникийн хяналтын улсын албанаас барилга байгууламжийн зураг төсөл бүрт хөндлөнгийн болон төрийн хяналт тогтоох ажлыг сайжруулах;
26.газар тариалан байгалийн гамшгийн эрсдэлээс хамгаалж, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, хөрсний үржил шим доройтох, хөрс давсжих, намагжихаас сэргийлэх асуудлыг шийдвэрлэх хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
1/тариалангийн талбай хамгаалах ойн зурвас байгуулах ажлыг эрчимжүүлж, улмаас хамгаалалтын ойн зурвасгүйгээр шинээр хөрс боловсруулах явдлыг таслан зогсоох арга хэмжээ авах;
2/усалгаатай тариаланг хөгжүүлж, хөтөлбөрийн хэрэгжилтийн төгсгөлийн үе шатанд үр тарианы 50 хувь, төмс, хүнсний ногооны 70 хүртэл хувийг усалгаатай талбайгаас авах;
3/хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, хот орчмын ногоон аж ахуйн ургацын 70 хүртэл хувийг хүлэмжийн аж ахуйгаас хангах;
4/таримал ургамлыг мөндрөөс хамгаалах, хур тунадас зориудын аргаар нэмэгдүүлэх отрядуудыг газар тариалангийн гол бүсүүдэд байгуулах;
5/монгол орны хөрс-уур амьсгалын нөхцөлд тохирсон /ганд тэсвэртэй, салхи бороонд налдаггүй/ үр тарианы нутагшсан, шинэ сорт буй болгох.
27.Байгалийн гамшгийн эрсдэлээс мал аж ахуйг хамгаалах зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
1/малын тэжээлийн баазыг бэхжүүлэх арга хэмжээг дэс дараатай авч, шаардлагатай үед мал сүргийн зохих хэсгийг 2 сар хүртэл хугацаанд тэжээх тэжээлийн нөөцтэй болох;
2/улсын болон аймаг дундын тэжээлийн нөөцийн санг бүсчлэн байгуулах;
3/энгийн болон өрөмдмөл худгийг хүрэлцээтэй болгох, цас борооны усыг нөөцлөх, булаг шандыг задгайлах зэргээр малын усан хангамжийг сайжруулах;
4/жилийн дулаан улиралд отрын малыг зөөврийн хөнгөн хашаагаар хангахад дэмжлэг үзүүлэх;
5/малчид, тариаланчид, хээрийн нөхцөлд ажиллагсдыг ус үл нэвтрэх дулаан хувцас, калорилог аяны хүнсээр хангах үйлдвэрлэлийг өргөжүүлэх ажил зохион байгуулах;
6/малчид, тариаланчидыг байгалийн авюул, гамшгийн дохио хүлээн авах тогтмол долгионтой пейжер маягийн хүлээн авагчаар хангахад анхаарах;
7/хөдөөгийн холбооны найдвартай ажиллагааг хангах.
28.Дэд бүтцийн салбарыг байгалийн гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
1/цахилгаан болон холбооны шугамыг ой, хээрийн түймэр, салхи шурга, цанталт, мөстөлтөөс хамгаалах ажлыг зураг төсөл зохиохоос эхлэн ашиглалтын явцад хэрэгжүүлэх, салхины чиглэл, ачааллыг бүс нутгийн онцлогт тохируулан /20 жилд 1 удаа тохиолдох дээд ачааллаар/ тооцох аргад шилжих, аянга цахилгааны аюулын үед аянга зайлуулагч хэрэглэх, цанталт, нойтон цасны нөлөөг ашиглалтын явцтай уялдуулах технологи боловсруулж мөрдөх, түймрийн аюултай бүс нутагт төмөр бетонон тулгуур ашиглуулах;
2/авто болон төмөр замыг уруйн үерээс хамгаалах, гүүр хамгаалалтын далангийн гидрологийн тооцоог сайжруулах, уул давааны замд цас арилгах хүч хэрэгсэл бий болгох;
3/орон нутгийн шуудан, түргэн тусламж болон байгалийн гамшигтай тэмцэх ажилд нисдэг тэрэг ашиглах явдлыг өргөжүүлэх, цаг агаарын хүнд нөхцөлд ажиллаж чадах эдийн засгийн хэмнэлттэй нисдэг тэрэгний парк буй болгох;
4/хот суурин газрыг хөлдөхөөс хамгаалахын тулд цахилгаан-дулааны шугам хоолойн найдвартай ажиллагааг хангах, дулааны алдагдлаас хамгаалах шинэ арга хэрэглэх;
5/химийн хорт бодис, цацраг идэвхт бодис ашигладаг үйлдвэр болон хүнд даацын автомашины паркийг хотын захад, зонхилох салхины доод чиглэлд байршуулах, том хотуудад нүхэн болон хурдны зам барих, монгол гэр, ердийн галлагаатай байшинд утаагаар бохирдуулдаггүй түлш ашиглуулах зэргээр хотын агаарын бохирдлыг жил дараалан бууруулах арга хэмжээ авах.
29.Гадаад орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор дараахь асуудлыг шийдзвэрлэнэ:
1/байгалийн гамшгийн болон байгалийн гамшигтай тэмцэх арга, технологийн тухай мэдээлэл солилцох, байгалийн гамшигтай хамтран тэмцэх талаар ОХУ, БНХАУ, Япон, ХБНГУ болоод сонирхсон бусад оронтой холбоо тогтоон, хоёр болон олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
2/байгалийн гамшгийн аюулыг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн экологийн сан, Дэлхийн цаг уурын байгууллага, НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр хүрээнд хоёр болон олон талын төсөл санаачлан хэрэгжүүлэх;
3/байгалийн гамшгийн тухай мэдээлэл солилцох, гамшгийн үед хамтран ажиллах тухай ОХУ, БНХАУ-тай хоёр талын Засгийн газрын түвшинд байгуулсан гэрээг шинэчлэх;
4/НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагын Женев дэх тусламж зохицуулах хэлтэстэй байнгын холбоотой ажиллах;
5/байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, зарлан мэдээлэх, тэмцэх чиглэлээр зэвсэгт хүчний болон иргэний мэргэжлийн ангийн удирдлага, техникийн ажилтнууд, эрдэмтэн мэргэжилтнүүдийг гадаадад бэлтгэх, давтан сургах арга хэмжээ авах;
6/олон улсын сайн санааны байгууллагууд, түүний дотор Улаан загалмай, Улаан хавирган сар байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх;
7/байгалийн гамшгийн аюулыг бууруулах Азийн бүсийн төвийн гишүүн орны хувьд хамтын үйл ажиллагаагаа хөгжүүлэн бэхжүүлэх.
30.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, дүгнэх ажлыг улсын хэмжээнд Улсын байнгын онцгой комисс дээр төвлөрүүлэн, холбогдох яам, агентлагууд эрхлэх бөгөөд аймаг, нийслэл, сум дүүргийн түвшинд орон нутгийн байнгын онцгой комисс, хариуцсан хэлтэс, агентлагууд эрхлэн гүйцэтгэнэ.Байгалийн гамшиг тохиолдсон үед авсан арга хэмжээ, зохиосон ажлын дүн, гамшгийн дараахь судалгааны тайланг сумаас аймагт 10 хоногийн дотор, аймгаас Улсын банйгын онцгой комисст 20 хоногийн дотор ирүүлэхээр зохион байгуулна.
31.хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
1/байгалийн гамшгийн аюулыг бууруулах арга хэмжээнд зориулан улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс жил бүр олгох хөрөнгө;
2/.байгалийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах зориулалтаар үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагаас төсөвлөсөн хөрөнгө;
3/байгалийн гамшгийн даатгалын сан;
4/хандивлагч орон, гадаад, дотоодын байгууллага, иргэдийн тусламжийн хөрөнгө, хандив.
32.хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгалийн гамшгийн аюулыг бууруулах эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын нэгдсэн тогтолцоо буй болгож, байгалийн гамшгийн аюулын хэмжээ ихээхэн буурч дараахь үр дүнд хүрнэ;
1/хөтөлбөрийн эхний үе шатыг хэрэгжүүлснээр дор дурдсан үр дүнд хүрнэ.
-байгалийн гамшгийн аюулыг бууруулах эрх зүй, эдийн засаг, удирдлага, бүтэц зохион байгуулалтын тогтолцоог өөрчлөн шинэчлэх эхний хувилбарыг боловсруулж, байгалийн гамшгийн хяналт-шинжилгээний тогтолцоог бүрдүүлэх эхлэл тавигдан, байгалийн аюул гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийнэ;
-байгалийн гамшигтай тэмцэх бүсийн төвүүдийг байгуулж эхэлнэ.
2/хөтөлбөрийн хоёр дахь үе шатанд дараахь үр дүнд хүрнэ:
-байгалийн гамшгийн аюулыг бууруулах эдийн засгийн механизм төгөлдөржиж, гамшгийн даатгалын системд шилжинэ.Энэ нь цаашид байгалийн гамшигтай тэмцэх стратеги боловсруулах үндэслэл болно;
-байгалийн гамшгаас сэргийлэх, түүний аюулыг бууруулах бүх нийтийн боловсролын тогтолцоо бүрдэнэ;
-байгалийн гамшгийн аюулыг урьдчилан мэдээлэх, үнэлэх шинжлэх ухаан, технологийн үндэс сайжирч, агаар мандлын гаралтай байгалийн гамшгийг аймаг, сумын нутгаар урьдчилан мэдээлэх боломжтой болно;
-байгалийн гамшгийг зарлан мэдээллийн системийг томоохон хот суурин газарт зохион байгуулж дуусгах ба хөдөөгийн хөдөлмөрчдөд зарлал мэдээлэл хүргэх үйл явц боловсронгуй болно;
-байгалийн гамшгийн мэдээллийн санг бүрэн хэмжээгээр байгуулж эхэлнэ;
-биологийн гамшгийн хяналт-шинжилгээний тогтолцооны эхлэлийг тавина;
-биогеоценозын станцуудыг байгуулж, биологи, экологийн аюул гамшгийн үнэлгээ, прогнозын эхний хувилбар гарна;
-монгол улсын нутгийг радарын сүлжээнд хамруулах ажил үргэлжилнэ;
-байгалийн гамшгийн аюулаас сэрэмжлүүлэх дохиоллын системийг хот суурин газарт байгуулж дуусгах бөгөөд бүх нутгийг хамарсан радио болон теле сувгийн тусгай нэвтрүүлэгтэй болох эхлэл тавигдана;
байгалийн гамшигтай тэмцэх бүсийн төвүүдийг байгуулж дуусгах бөгөөд мөндөр сарниулах, зориудын аргаар хур тунадас нэмэгдүүлэх ажлыг томоохон хэмжээний газар нутгийг хамруулан хийнэ.
3/хөтөлбөрийн гуравдахь үе шатанд дараахь үр дүнд хүрнэ:
-байгалийн гамшигтай тэмцэх чадавхийг хөгжүүлнэ;
-байгалийн гамшгийн менежмент боловсронгуй болж, байгууллага, аж ахуйн нэгжийн тогтвортой ажиллагаа дээшилнэ;
-нийгэм, эдийн засгийг байгалийн гамшгийн эрсдэлээс хамгаалах материаллаг бааз улам бэхжиж, гамшгийн улмаас учрах хохирол эрс буурна;
-улс орон тогтвортой хөгжлийн замд орохын хэрээр байгалийн гамшгийн нөлөөлөл ихээхэн багасч, гамшгийн улмаас учрах хохирлыг боломжтой доод түвшинд хүртэл бууруулах үндсэн нөхцөл бүрдэнэ.
---оОо----
Текст томруулах
A
A
A