- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “НЭГ СУУРИН-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2005 оны 138 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
"НЭГ СУУРИН-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН" ХӨТӨЛБӨР
"НЭГ СУУРИН-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН" ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөдөлгөөнийг өрнүүлж, чанар сайтай, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүнийг шинээр бий болгож гадаад, дотоодын зах зээлд гаргахыг дэмжихээр заасны дагуу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд "Нэг сум-нэг бүтээгдэхүүн", "Нэг тосгон-нэг бүтээгдэхүүн" хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр тусгасныг үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулав.
2. "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөдөлгөөн анх 1970-аад оны сүүлчээр Японы Ойта мужид үүсэж багагүй амжилт олжээ. Энэхүү туршлагыг зөвхөн Японд төдийгүй Өмнөд Солонгос, Хятад, Тайланд, Филиппин, Малайз зэрэг дэлхийн 60 гаруй оронд нэвтрүүлсний 30 орчимд нь амжилттай хэрэгжиж тодорхой үр дүнд хүрч байгаа юм. Уг хөдөлгөөн нь улс бүрт өөр өөрийн онцлогтой нэвтэрч хэрэгжсэн байна. Манай улсын хувьд 2002 оноос эхлэн Баянхонгор аймагт ийм хөдөлгөөн өрнүүлж, үйл ажиллагаа явуулсан нь үр дүнд хүрэх боломжтойг харуулсан байна.
Манай улсад тухайн нэг бүтээгдэхүүнээрээ орон даяар алдаршиж нэрд гарсан газрууд олон бий. Тухайлбал: Булганы "Сайханы айраг", Өвөрхангайн "Уянгын гэр", Сүхбаатар аймгийн "Дарьганга хийцийн үнэт эдлэл", Хэнтийн "Галшарын адуу", Баянхонгорын "Шаргалжуутын рашаан-сувилал" зэрэг олон бүтээгдэхүүнийг нэрлэж болно.
3. Бүтээгдэхүүн гэдэгт материаллаг үйлдвэрлэлээс гадна аялал жуулчлал, ардын урлаг, уламжлалт эмнэлэг зэрэг үйлчилгээ байж болох бөгөөд тэдгээр нь тухайн орон нутаг, бүс, улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, ажлын байр шинээр бий болгосон байх шаардлагатай. Энэхүү хөтөлбөр нь иргэдийн үүсгэл санаачилгыг өрнүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, шинэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгож хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бөгөөд Засгийн газраас баталсан бусад хөтөлбөрүүд болон гадаад орон, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслүүдтэй нягт уялдаатайгаар хэрэгжих болно.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
4. Орон нутгийнхаа боломж, давуу талыг ашиглан оршин суугчдынхаа бахархал болохуйц чанар сайтай, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүс нутаг, улсын хэмжээнд борлуулан улмаар экспортод гаргах, гадаад, дотоодын иргэдийн сэтгэл татам шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэх замаар орон нутгаа сэргээн хөгжүүлэх, эдийн засгийн харьцангуй бие даасан мужлал, үйлдвэрлэл-нутаг дэвсгэрийн цогцолбор бий болж, төрөлжин хөгжихөд дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
5. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилт дэвшүүлж байна:
5.1. хөтөлбөрийн зорилго, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах;
5.2. иргэдийн санал, санаачилгыг дэмжих;
5.3. хамтын ажиллагааг хөгжүүлэх.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
6. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
6.1. иргэдийн бүтээлч санал, санаачилгад тулгуурлах;
6.2. дэлхийн хэмжээнд сэтгэж, орон нутгийн түвшинд бүтээх;
6.3. хүний хүчин зүйлийг үнэлэх, чадавхийг сайжруулах;
6.4. маркетингийн зарчмуудыг хэрэгжүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат
7. "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөтөлбөр нь дараахь үе шатаар хэрэгжинэ:
7.1. Нэгдүгээр үе шат-2005-2008 он: Хөтөлбөрийг сурталчлах, мэргэжил арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, үзэсгэлэн зохион байгуулах, туршлага солилцох, шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах үйл ажиллагаа зонхилон хэрэгжинэ.
7.2. Хоёрдугаар үе шат-2009-2012 он: Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх, татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, борлуулалтын сүлжээ бий болгох, сурталчлах, зарим бүтээгдэхүүнийг экспортод гаргах зэрэг үйл ажиллагаа явагдана.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
8. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагааг явуулна:
8.1. Хөтөлбөрийн зорилго, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах зорилтын хүрээнд:
8.1.1. "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөтөлбөрийн зорилго, ач холбогдол болон гадаад, дотоодын туршлага, сургамжийн талаар радио, телевизээр нэвтрүүлэг хийх;
8.1 .2. сонин, хэвлэлд "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" булан нээж, иргэдийн санаа бодол болон энэ чиглэлээр хийж байгаа ажлыг нийтэлж нийтийн хүртээл болгох;
8.1.3. орон нутгийн онцлог, давуу талаа ашиглан ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх боломжийн талаар төрөлжсөн ярилцлага зохион байгуулах;
8.1.4. шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн-худалдааг жил бүр сум, аймаг, бүс, улсын түвшинд үе шаттайгаар зохион байгуулах;
8.1.5. шалгуур хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээнд тусгай гэрчилгээ олгож, улс даяар зарлах;
8.1.6. улсын хэмжээнд жил бүр онцгой ач холбогдол бүхий 10-аас цөөнгүй бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулж урамшуулах;
8.1.7. "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" загвар төсөл боловсруулж сурталчлах;
8.1.8. улсын хэмжээнд шалгарсан бүтээгдэхүүний зар сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулах.
8.2. Иргэдийн санал, санаачилгыг дэмжих зорилтын хүрээнд:
8.2.1. тухайн орон нутагт урьд нь хийж байгаад орхигдсон бүтээгдэхүүнийг сэргээн хөгжүүлэх боломжийг судлах;
8.2.2. шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон борлуулах, зах зээлээ өргөжүүлэх сүлжээ бий болгоход туслалцаа үзүүлэх;
8.2.3. аймаг бүрт эхний ээлжинд нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжиж бусдад нь загвар болгон хөгжүүлэх;
8.2.4. импорт орлох буюу экспортод гаргах бололцоотой бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлчилгээг өргөтгөх чиглэлээр хөнгөлөлттэй зээл олгох;
8.2.5. одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
8.2.6. орон нутгийнхаа онцлог, түүхий эдийн нөөц, уламжлал, давуу талаа ашиглан олон нийтийн таашаалд нийцсэн шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэх;
8.2.7. Засгийн газраас тогтоосон тэргүүлэх чиглэлд хамаарах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг эхний 3 жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэх;
8.2.8. "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төслийг "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөрөнгө оруулалт, хөгжлийн сан"-гаас болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр дэмжлэг үзүүлэх.
8.3. Хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд:
8.3.1. уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн улс, орны туршлагыг газар дээр нь очиж судлах, сургалтад оролцох;
8.3.2. "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөдөлгөөнийг санаачлагчид болон энэ чиглэлээр мэргэшсэн гадаад, дотоодын хүмүүсийг урьж лекц уншуулах, туршлагыг нь түгээх;
8.3.3. "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөдөлгөөнийг бүтээлчээр хэрэгжүүлж байгаа зарим улс, мужийн туршлагыг өөрийн орны тодорхой бүс нутагт туршиж нэвтрүүлэх;
8.3.4. "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газраас баталсан бусад хөтөлбөр болон гадаад орон, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөлтэй уялдуулах;
8.3.5. хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагыг өргөнөөр оролцуулах;
8.3.6. шинэ бүтээгдэхүүнийг бусад суурин, аймаг, бүс нутагт борлуулах, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэхэд аймаг, сум дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх;
8.3.7. бүс нутаг, улсын хэмжээнд шалгарсан брэндийн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх.
Зургаа. Бүтээгдэхүүн, үйлчилгээний шалгуур үзүүлэлт
9. Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байна:
9.1. бүтээгдэхүүн нь тухайн орон нутгийн түүхий эдэд тулгуурласан байх;
9.2. онцлог үйлчилгээ нь бусдаас ялгарах давуу талтай байх;
9.3. шинэ болон шинэчилсэн бүтээгдэхүүн нь стандартаар баталгаажсан, чанарын тэмдэг, бүтээгдэхүүний тэмдэг /лого/-тэй байх;
9.4. бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тухайн сумаас гадна бусад сум аймаг, бүсийн хэмжээнд борлогдсон байдал;
9.5. тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлснээр орон нутагт ажлын байр нэмэгдсэн байх;
9.6. орон нутгийн төсөвт татвар төлж тодорхой хэмжээний орлого оруулсан байх;
9.7. бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ нь байгаль орчинд халгүй байх.
Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
10. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
10.1. Хөтөлбөрийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах бөгөөд бүс нутаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд тухайн шатны салбар зөвлөлүүд тус тус ажиллана.
10.2. Хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Шадар сайд ахлах бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газрын зарим гишүүд, дэд сайд, яамдын холбогдох албан тушаалтнууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл орсон байна.
10.3. Салбар зөвлөлийг тухайн шатны Засаг дарга ахлаж, гишүүдэд орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл тус тус орсон байна.
10.4. Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд жил бүр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Үндэсний зөвлөл; орон нутгийн түвшинд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг тухайн шатны Засаг дарга батална.
10.5. Арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг улсын хэмжээнд Үндэсний зөвлөл; салбарын хүрээнд тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; орон нутгийн түвшинд салбар зөвлөл, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар хангаж ажиллана.
10.6. Сум, суурин бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний тухайн оны үр дүнг оны эцэст шалгуур үзүүлэлтийн дагуу сум, суурингийн Засаг даргын Тамгын газар дүгнэж аймаг, нийслэлийн салбар зөвлөлд тайлагнана. Сум, суурингийн тайланг аймаг, нийслэлийн салбар зөвлөл нэгтгэж, тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчийн Хуралд танилцуулж Хөтөлбөрийн үндэсний зөвлөлд оны эхний 2 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ.
11. Хөтөлбөрийн санхүүжилт
11.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
11.1.1. иргэдийн өөрийн хөрөнгө;
11.1.2. аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө;
11.1.3. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
11.1.4. хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, техникийн болон буцалтгүй тусламж, хандивын хөрөнгө;
11.1.5. бусад.
Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
12. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр хэмжинэ:
12.1. хөтөлбөрийн хүрээнд бий болсон үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, тоо хэмжээ, түүний өсөлт;
12.1.2. дотоодод борлуулсан бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ, борлуулсан орлогын өсөлт;
12.1.3. экспортод гаргасан бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ, борлуулсан орлогын өсөлт;
12.1.4. шинээр бий болсон ажлын байрны тоо, өсөлт.
13. Тухайн жил хөтөлбөрийн хүрээнд хүрэх шалгуур үзүүлэлтийг бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, түүний өсөлт, бий болгосон ажлын байр, борлуулалтын хэмжээ, сурталчилгааны нэр төрөл, тоо хэмжээ зэргээр оны эхэнд Үндэсний зөвлөл; сум, суурин бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний тухайн оны шалгуур үзүүлэлтийг аймгийн салбар зөвлөл тус тус батална.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A